Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  05  31  210/МА2024/01166

 

 

Ц.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00889 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Ш-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ц-ад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 64,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.Ц- нь Солонгос Улсаас оруулж ирж байгаа барааны гаалийн татвар төлөхөд мөнгө дутаад байна, 50,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлээч гэсний дагуу 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 50,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, Хаан банк ХК дахь Д.Ц-ын *** тоот дансанд цувуулан шилжүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч Д.Ц- өнөө, маргааш өгнө гэж хэлж нэг ч төгрөгийг эргүүлэн төлөхгүй өнөөдрийг хүрсэн.

1.2. Зээлийн гэрээний 3.7-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон тул үндсэн зээл, түүний хүү 52,500,000 төгрөгт 0.5 хувийн алдангийг тооцвол нэг өдрийн 262,500 төгрөг болох ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2023 оны 08 дугаар сарын 11 хоног, 09 дүгээр сарын 30 хоног, 10 дугаар сарын 05-ны өдрөөр 5 хоног нийт 46 хоногоор тооцож үзвэл нийт алданги 12,075,000 төгрөг болж байна.

Иймд Д.Ц-аас зээлийн гэрээний үүрэгт зээл 50,000,000, түүний хүү 2,500,000 төгрөг, алданги 12,075,000 төгрөг, нийт 64,575,000 төгрөгийг гаргуулан Ц.Ш-т олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Ц-аас 41,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ш-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-аас 365,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Д.Ц- нь Ц.Ш-аас 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн. Зээлээ төлөхгүй байсан тул зээл, хүү, алданги нийт 64,575,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Д.Ц- нь 50,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн ба төлж барагдуулах талаар өөрийн гараар бичсэн тодорхойлолт, зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг шүүхэд өгсөн. Тэгтэл анхан шатны шүүх 32,500,000 төгрөгийг зээлсэн болох нь депозит дансны хуулгаар тогтоогдсон гэж дүгнэн хүү, алдангийг шүүх өөрөө тооцож нийт 41,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 64,750,000 төгрөг гэж тодорхойлж хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг үндэслэн шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Ц-аас 41,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ш-т олгож нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн ба зөрүү болох 22,975,000 төгрөгийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж, хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй ба давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Ш- нь хариуцагч Д.Ц-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

3. Ц.Ш-, Д.Ц- нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ц.Ш- нь 50,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Д.Ц- нь тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ. Мөн хүүний талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

4. Нэхэмжлэгч нь Хаан банк ХК дахь өөрийн ****тоот данснаас 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нийт 27,500,000 төгрөг гэрээний дагуу шилжүүлэг Шинээ 1, Ш гэрээний дагуу 6 гэсэн утгаар, Төрийн банк ХК дахь А ХХК-ийн 261100215596 тоот данснаас 4 удаагийн гүйлгээгээр тус бүр 5,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг Ш аас гэрээний дагуу 2, 3, 4, 5 гэсэн утгаар тус тус Хаан банк ХК дахь хариуцагчийн *** тоот дансанд шилжүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь Миний бие Д.Ц- нь Ц.Ш-аас, түүгээр дамжуулан ээж нь болох Б.Тунгалагаас 8-р сарын 05- өдөр 50 сая төгрөг авсан нь үнэн болно. 2023 оны 9-р сарын 05- өдөр барагдуулж дуусна. Өргөдөл гаргасан Д.Ц- гэсэн гар бичмэл баримтыг нэхэмжлэлдээ хавсаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно, 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх нотлох баримтуудыг үгүйсгэж маргаагүй, нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтын эсрэг өөрийн тайлбар, нотлох баримтаа гаргаж мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх гар бичмэл баримтыг огноо дугааргүй, хэзээ бичсэн нь тодорхойгүй, эргэлзээтэй гэж дүгнэсэн нь дээрх мэтгэлцэх зарчимд нийцээгүй, мөн дансны шилжүүлгүүдийг буруу тооцоолсон байх ба уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

Иймээс нэхэмжлэгчийг зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө 50,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

5. Зээлийн гэрээнд хүүг сарын 5 хувь, хугацааг 15 хоног гэж тодорхойлсон тул зээлийн хүүнд 1,250,000 төгрөг (50,000,000*5%/30*15) тооцогдоно.

6. Түүнчлэн зээлийн гэрээний 3.7-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 46 хоногийн хугацаанд алданги нэхэмжилсэн тул алдангид 11,787,500 төгрөг (51,250,000*0.5%*46) тооцогдох үндэслэлтэй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 1,250,000 төгрөг, алданги 11,787,500 төгрөг, нийт 63,037,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангах нь зүйтэй.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлийг баримтлаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа хэрэгсэхгүй болгосон хэсгийг тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй, мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг 282 дугаар зүйлийн 281.1 гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг тус тус залруулах, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үнийн дүнг давж заалдах шатны шүүхээс өөрчилсөнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00889 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц-аас 63,037,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ш-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,537,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 365,950 гэснийг 473,137 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА