Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 91

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Хохирогч С.А-,

Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Д-т холбогдох эрүүгийн 1918000120031 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.Д-, 1990 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт иргэн С.А-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамарт шарх, баруун, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, дээд уруул, хүзүүнд зулгаралт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Д.Д-ын өгсөн: Тухайн үед манай найз М- жолоо барьчихсан, би хажуу талд нь зорчигчийн суудалд сууж явсан. Тэгээд Засаг дарга гэх залуу намайг ойрхон хямд буудалд буулгаад өг гэхээр нь “Номгон” буудал руу явж байхад “за яах юм залуу хүмүүс гурвуулаа шоудъя би машинд чинь газ хийгээд өгье, ганц юм ууя” гээд “S супермаркет” ороод Хараа нэртэй 0.75 гр архи, ундаа, хиам, огурцы гэх зүйл аваад миний 3924 ДАХ улсын дугаартай саарал өнгийн Соната-6 маркийн машинд ууж эхэлсэн. Тэгээд архи ууж байхдаа эвтэйхэн юм яриад, би юм асуугаад болж л байсан. Би байшин шатчихсан халамжаас 1 200 000 төгрөг авсан, одоо толаны бараа яаж авах вэ гэж асуухад мөнгө авчихсан байж толаны бараагаар яах гээд байгаа юм бэ гээд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би нүүрээ бариад тонгойход миний ар дагз хэсэгт цохисон. Тэгэхээр нь би уурлаад нүүр рүү мөргөсөн. Тэгээд хамарнаас нь цус гарсан. Гэтэл С.А- машинаас буугаад цусаа арчиад уучлаарай ах нь цагдаа гэж явахгүй манай ажил руу очъё гээд ажлаасаа миний машинд будаа, гурил, тос зэрэг зүйл өгөөд “Надь” даргын өмнөөс өгч байгаа шүү ахыгаа уучлаарай гэхээр нь би Цэрэннадмид гээд 7-р багийн засаг даргыг хэлж байна гэж ойлгосон. Түүний дараа манай найз, С.А- бид 3 манай гэрт очоод С.А- цусаа цэвэрлээд гарсан. Тэгээд манай найз М- нь С.А-ийг машинаараа хүргэж өгсөн гэх мэдүүлэг,

Хохирогч С.А-ийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай ёолк болох гээд надад бэлдэх ажил байсан. Тэгээд ажил руу явсан. Ажил дээрээ очоод нэг их удаагүй ганц нэг юм бэлдчихээд гараад нэг буудал орж унтъя гэж бодоод гараад таксины буудлаас такси хүлээгээд зогсож байсан чинь Соната 6 маркийн авто машин ирээд зогссон. Ороод суусан чинь жолоочоос гадна энэ залуу байсан бөгөөд урд нь сууж байсан. Би тухайн үед архи гараагүй ерөнхийдөө халамцуу байсан. Тэгээд тэр жолооч залууд хандаад намайг нэг зочид буудал руу дөхүүлээд өг гэсэн. Тэр 2 ямар буудалд оруулах уу гээд ярьж байснаа Д.Д- та буудал орж яах юм бэ та ганц юм авчих, манай машин буудал гэсэн үг гээд байсан. Тэгэхээр нь би S супермаркет руу буцаад явчих гээд дэлгүүр ороод нэг шил Хараа архи авсан. Тэгээд машинд нь суугаад Д.Д-тай хамт уугаад ойр зуурийн юм ярьж эхэлсэн. Тэгээд би хаана ажилладагаа хэлсэн чинь Д.Д- надаас “өө тэгвэл таниас асуух юм байна” гээд манай гэр шатчихсан, багаас ямар нэг тусламж байдаг уу гэсэн. Тэгэхээр нь би “чи материалаа бүрдүүлээд халамжаас 1 200 000 төгрөгийг буцалтгүй тусламжаа авсан уу” гэсэн чинь авчихсаан гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөр ямар нэг юм байхгүй ээ, тэгээд болоо гэсэн чинь гэр шатаад хэцүү байна, багийн дарга нар тусламж үзүүлэхгүй байна гэхээр нь манай ажил руу явъя гээд ажил руугаа яваад Түвшин сэтгэл гээд Хаянхярваа гишүүний тусламжийн сангийн зорилтот бүлгийн айлд тараадаг зүйлээсээ 10 кг гурил, 5 кг будаа, 1 литрийн наран цэцгийн тос өгсөн. Тэр зүйлээ тухайн үед жижүүрт гарч байсан Г- гээд ахаар түлхүүрээ өгч оруулаад авахуулсан. Тэгээд машинд нь сууж байгаад нөгөө юмнуудаа авчихаад хөдөлсөн. Тэгсэн чинь надад гурил будаа өглөө доромжиллоо гээд над руу дайраад нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн нөгөө жолооч залуу нь боль, боль гээд байсан. Тэр залуу угаасаа эрүүл даруухан залуу байх шиг байсан. Тэгэхээр нь би зөрүүлээд биеэ хамгаалах гээд түлхээд ганц нэг цохисон асуудал байгаа. Тэр үед бид 2 машинаас буучихсан байсан. Тэгээд би боль ахын дүү гэчхээд явах гэсэн чинь миний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөсөн бас боосон. Тэгээд нөгөө залуу боль гээд болиулаад салгасан. Тэр үед чи муу ямар хөгийн залуу вэ гээд машинд нь буцаж суугаад энэ цус угаах газар олж өг гэсэн чинь намайг гэрлүүгээ аваад явсан. Тэгээд цусаа арилгачхаад тэдний гэрээс гарч яваад ажил руугаа очсон чинь Б- гээд байгаль орчны улсын байцаагч залуу намайг хараад яасан бэ юу болсон эмнэлэг явъя гээд бид 2 эмнэлэг рүү хамт явсан. Тэгээд үзүүлж харуулаад Цагдаагийн байгууллагад хандсан. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Гэрч Д.О- өгсөн: Би гэрээсээ гараад хашааны гадаа гарсан чинь манай машин байсан. Харин Д.Д- нөгөө Засаг дарга гэх залуутай машины хажууд юм ярьчихсан зогсож байсан. Тухайн үед засаг дарга гэх залуугийн хамарнаас нь цус гарсан байсан. Тэгээд би Д.Д-ыг архи уулаа гээд уурлаж байгаад машиныхаа түлхүүрийг аваад гэрлүүгээ орчихсон. Удалгүй тэд нар манай гэрт орж ирсэн. Тэгсэн тэр Засаг дарга гэх залуу нь намайг “залуу хүмүүс байж ингэж арчаагүй амьдарч болохгүй” гэсэн. Тэгснээ манай гэрт нус шүлсээ хаяад байхаар нь би уурлаад “бид нарын яаж амьдрах танд хамаагүй, нялх нойтон хүүхэдтэй айлд нус, цэрээ битгий хаяад бай” гэсэн чинь М- тэр Засаг дарга гэх залууг “наад нүүр, амаа угаачих аа” гэсэн чинь угаалтууранд угаачихаад Д.Д- руу хандаад “за за ах нь явлаа цагдаа сэргийлэх гээгүйд баярлалаа” гээд 5 кг будаа, 10 кг гурил, 1 савтай наранцэцгийн тос, “Н-” даргын өмнөөс өглөө шүү гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд Д.Д- унтаж байсан чинь 30, 40 орчим минутын дараа нөгөө Засаг дарга гэх залуу нэг цагдаа дагуулаад орж ирээд Д.Д-ыг аваад явсан гэх мэдүүлэг /хх 12/,

            Гэрч Э.М- өгсөн: Д.Д-ын машиныг бариад найз маань урд талд нь суучихсан явж байсан. Тэгсэн 06 цагийн үед S супермаркетын тэнд нэг намхандуу, туранхай пальтотой хүн зогсож байсан. Тэр хүн гараа өргөхөөр нь би машиндаа суулгахад нэлээн согтуу байсан бөгөөд хаашаа явах вэ гэж асуусан чинь “хаашаа ч яадаг юм, хурдан ямар ч хамаагүй буудалд хүргээд өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь "Ок" гээд буудал руу хүргэж өгье гэж бодоод явж байсан чинь тэр ах “архи уух уу дүү нар" гэсэн чинь манай найз Д.Д- архи жоохон уух дуртай болохоор "тэгье” гэж хэлсэн. Тэгсэн чинь Д.Д- “ах тэгвэл буудал гэж байхаар манай машинд газ хийгээд 2-уулаа архи ууя” гэж хэлсэн. Тэгээд тэр ах "тэгье тэгье" гээд намайг "S супермаркет руу" эргэчих гэсэн. Дэлгүүр орж архи аваад "Манай дугуй" засвар гээд Толгойтын тэнд байдаг нэг дугуй засварын гадаа очиж зогсоод архиа ууж эхэлсэн. Би бол огт архи уугаагүй. Тэгээд нэг мэдсэн би унтчихсан байсан. Тэр 2 юм яриад л архиа уугаад байсан. Д.Д- хойшоо суучихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь л маргалдаад дуу нь чангараад эхэлсэн. Тэр үед Д.Д-ыг тэр өчөөд хөдөлгөхгүй байсан. Тэгсэнээ ажил руу Сумын захиргаа руу яв гэж хэлсэн. Замдаа тэр 2-ын ярьж байгааг сонсоход Д.Д- манай байшин шатсан мэдээлэл авъя, тусламж юу байна гээд л яриад байх шиг байсан. Тэгсэнээ нөгөө Засаг дарга гээд байсан ах ажлынхаа гадаа зогсоод нэг жижүүр ахыг надаар дуудуулаад өрөөнөөсөө шуудай гурил, тос, будаа гаргуулж ирээд май муу гуйлгачин минь чи ийм юм хүсээд байгаа биздээ гэж хэлсэн. Тэгсэн Д.Д- би гуйлгачин биш ээ, ийм юм надад хэрэггүй гээд уурлаж эхэлсэн. Тэгээд 2-уулаа хэрэлдээд машиндаа суучихаад Д.Д- газ авахаар яв гээд харин нөгөө ах нь төв рүү яв гээд л тэр 2 орилолдоод байсан. Тэгсэнээ машин дотор тэр 2 барьцалдаад тэр ах Д.Д-ыг "энд чинь чамайг алчихъя, чам шиг муу бацаан юу юм бэ, манай найз нар бүгд эмнэлэг, гал команд, цагдаагийн дарга хийдэг чамайг бол яавал ч яана" гээд байсан. Тэгээд тэр 2 зодолдоод эхэлсэн. Тэр ах Д.Д-ыг үснээс нь татаад өччихсөн толгойны хойд тал орой чихнийх нь ар хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод байсан. Тухайн үед Д.Д- бол цохиж чадахгүй байсан. Д.Д-ын гэрийнх нь гадаа очоод Д.Д-ын эхнэрт нь хэлсэн. Гараад ирсэн чинь нөгөө засаг дарга гэх ахын хамарнаас цус гарчихсан, нүүр нь цус болчихсон, Д.Д-ын нүүрэн дээр нь бас цус наалдчихсан машины хойно 2-уулаа сууж байсан. Тэгсэн эхнэр нь уурлаад машиныхаа түлхүүрийг аваад гэр лүүгээ орчихсон. Би урьд шөнө нь Д.Д-ын хашаанд машинаа тавьчихсан байсан болохоор машинаа асаах гээд байж байсан чинь гаднаас Д.Д- нөгөө ахтай хамт ороод ирсэн. Тэгсэн эхнэр нь уурлаад Д.Д- тэр 2-ыг хөөгөөд гаргасан. Харин би тэр ахыг гэр лүү нь хүргэж өгье гэж бодоод аваад өөрийнхөө машинд суулгаад явсан. Тэгсэн тэр ах ажил руугаа явна гээд би ажлынх нь гадаа буулгаж өгөөд явсан гэх мэдүүлэг /хх 14-15/,

            Гэрч Б.Г- өгсөн: Би тэр өдөр ээлжинд гараад буух гэж байсан. Тэгсэн өглөө 06 цаг өнгөрч байхад Алтөнхөлөг нэлээн халамцуу орж ирсэн. Тэгээд ямар нэг зүйл яриагүй өрөө рүүгээ ороод 30 гаруй минут сууж байгаад гараад явчихсан. Би тухайн үед хөдөө ажлаар явах гэж байгаа юм болов уу л гэж бодсон. Тэгээд 08 цагийн үед нэг өндөр залуу орж ирээд таныг гадаа хүн дуудаж байна гэхээр нь гарсан чинь С.А- нэг машинд сууж байсан ямархуу машин гэдгийг нь сайн санахгүй байна. Тэгсэн С.А- надад өрөөнийхөө түлхүүрийг өгөөд та миний өрөөнөөс гурил будаа наран цэцгийн тос аваад ир гэж хэлсэн. Тэгээд би өрөө рүү нь орж авчирч өгсөн. Тэр өндөр залуу машиндаа хийсэн шиг санаж байна. Тэгээд С.А- юм яриагүй яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 16/

            Гэрч Б.А- өгсөн: С.А- нь Малчин багийн Засаг дарга ажилтай. Бид 2 ажил хэргийн харилцаа холбоотой өөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. 2018 оны 12-р сарын 28-ны өглөөний рапорт тарсны дараа над руу залгасан. С.А- хүнд зодуулчихлаа гэж над руу утсаар ярьсан. Тэгээд сумын захиргаан дээр С.А- хэнд зодуулсан бэ яасан талаар асуухад таксинд явж байгаад нэг залууд зодуулчихлаа гэхдээ би гэрийг нь мэднэ гээд С.А- бид 2 тэр зодсон гэх залуугийн гэр лүү явсан. Очиход тэр залуу нь унтаж байсан. Тэгээд босгоод цагдаа руу авч явсан гэх мэдүүлэг /хх 17/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.С.А-ийн биед хамар ясны хугарал, хамарт шарх, баруун, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, дээд уруул, хүзүүнд зулгаралт, нүүрний эдийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно.

4.С.А-ийн биед үүссэн хамар ясны хугарал, хамрын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа ГЗТ журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн нүдний зовхи, хүзүүний цус хуралт, дээд уруул, хүзүүний зулгаралт нь ГЗТ журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх 20/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Д.Д- хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж  шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Д.Д-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.А-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамарт шарх, баруун, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, дээд уруул, хүзүүнд зулгаралт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

            Хохирогч С.А-ийн шүүх хуралдаанд өгсөн “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг минь төлж барагдуулсан” гэх тайлбараар шүүгдэгч Д.Д-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Д.Д- нь хэрэг хариуцах чадвартай байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг мөн хавтаст хэргийн 38-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудсаар шүүгдэгч урьд ял шийтгэлгүй болохыг дурдах зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Д-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Д-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Эрүүгийн 1918000120031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ