Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 183/2024/00422/И |
Дугаар | 210/МА2024/01167 |
Огноо | 2024-05-31 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2024/01167
2024 05 31 210/МА2024/01167
М.Ч ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01348 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч М.Ч ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Н.Ч т холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг, хариуцагч Н.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. М.Ч нь Н.Ч той 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр 2018 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Мазда СХ 8 маркийн суудлын автомашиныг 55,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.
1.2. Хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр буюу гэрээ хийх өдөр нэхэмжлэгчийн дүү Б.М-гийн дансанд 13,000,000 төгрөгийг шилжүүлж, 2,000,0000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээн дээр төлбөр тооцоо бүрэн дууссан гэж бичигдсэн байж улсын бүртгэл хүсэлтийг хүлээж авдаг гэсэн тул гэрээний 2.2-т төлбөр тооцоо дууссан гэсэн нөхцөлийг бичиж, бичгэн хэлцэл дээр төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулсан.
Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Н.Ч нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нотариат дээр очиж хэлцэл хийсэн зүйл байхгүй. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд хэлцэл гэрчлэхдээ талууд хамтдаа байхыг шаарддаг. Хэрэв хуулбар бол хуулийн 49 дүгээр зүйлд анхны хуулбар нотариатаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд үнэн зөвийг нотолсон тохиолдолд гэрчилнэ гэж заасан. Тиймээс уг гэрчлэл нь хууль зөрчиж хийгдсэн.
2.2. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2.2-д төлбөр тооцоо бүрэн дууссан гэж заасан байна. Төлбөр тооцоо дууссан гэрээний үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэхь заалтыг баримтлан тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөгийг хариуцагч Н.Ч оос гаргуулж нэхэмжлэгч М.Ч ад олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хэрэгт авагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээнд төлбөр тооцоо бүрэн дууссан гэж заажээ. Хэрэв уг гэрээний бодит байдлаас зөрүүтэй бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл байх тул тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.
4.2. Мөн шүүгчийн туслах Ц.Ц нь шүүх хуралдааны товыг урд нь мэдэгдэлгүйгээр 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өглөө мэдэгдэх үед миний бие Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд 09.00 цагаас шүүх хуралдаантай байсан. Тэр шалтгаанаар бичгээр хойшлуулах хүсэлт гаргахад шүүх эрх зүйн байдлаа хамгаалах, нотлох баримт гаргах боломж олголгүйгээр эзгүйд шийдвэрлэсэн. Тус явдалд мөн гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Гэрээ хүчин төгөлдөр бус эсэх асуудлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М.Ч нь хариуцагч Н.Ч т холбогдуулан тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. М.Ч , Н.Ч нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч М.Ч нь 2018 онд үйлдвэрлэсэн, Мазда Си Икс 8 маркийн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Н.Ч нь үнэ 55,000,000 төгрөгийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
3.2. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг шүүх зөв тогтоосон боловч эрх зүйн харилцааны төрлийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж алдаатай тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулна. Учир нь талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох хүү төлөх талаар тохиролцоогүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэнэ.
3.3. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 42.4 дэх хэсэгт Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэж заасан бөгөөд тээврийн хэрэгслийн худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийх, нотариатаар гэрчлүүлэх шаардлага хуулиар тавигдаагүй тул тус гэрээг нотариатчаар гэрчлэхэд Нотариатын тухай хууль зөрчсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
3.4. Үүний зэрэгцээ гэрээний 2.2-т төлбөр тооцоо дууссан гэж тусгасан нь бодит байдлаас зөрүүтэй буюу дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх хариуцагчийн давж заалдах гомдол мөн хангагдахгүй. Учир нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцлийг дүр үзүүлсэн гэж үздэг. Гэвч нэг талаас нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас хариуцагч нь үнийг төлж тээврийн хэрэгслийг шилжүүлэн авах хүсэл зоригоо бодитой илэрхийлсэн тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр юм. Харин гэрээний дээрх нөхцөл буюу төлбөр тооцоо дууссан эсэх нь хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болно.
Иймээс талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй.
4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг өмчлөх эрх бүхий этгээд болох нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдож байх ба нэхэмжлэгчээс тухайн тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч гэрээ хийсэн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13,000,000 төгрөгийг дансаар, 2,000,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.
5. Гэрээний 2.2-т төлбөр тооцоо дууссан гэж тусгасан байх боловч талууд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулахын зэрэгцээ Хэлцэл хийх тухай баримт үйлдэж, уг баримтад ...автомашины нэр шилжүүлэхийн тулд төлбөр тооцоо дууссанаар гэрээг хийж нэр шилжүүлэв. Төлбөрийн нөхцлийг урьдчилгаа 15,000,000 төгрөг, 2021.08.30-нд 10,000,000 төгрөг, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2022.04.30-ны дотор барагдуулахаар харилцан тохиролцсон нь үнэн болно гэжээ. Анхан шатны шүүх эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талууд тээврийн хэрэгслийн үнийг хэсэгчлэн төлөхөөр буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон гэж зөв дүгнэжээ.
6. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнэ төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
7. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцүүлэхээр товлосон бөгөөд уг шүүх хуралдаанд хариуцагч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулжээ. Тус шүүх хуралдаанд хариуцагч нь Замын-Үүд сумын эрүүгийн хэргийн шүүхэд оролцож байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх ба хүсэлтэд дурдсан шалтгааныг нотлох баримт ирүүлээгүй, хурал давхардсан нь тогтоогдохгүй гэж анхан шатны шүүх дүгнэж хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймээс хариуцагчийн гаргасан шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчаас 40,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй тул хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдааг залруулсан өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 262 дугаар зүйлийн 262.1 дэхь заалтыг гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ЗОЛЗАЯА