Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 97

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Б-Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б-Э-д холбогдох эрүүгийн 191800000099 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б-Э-, 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, 21-р цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б-Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Б-Э- нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багт үйл ажиллагаа явуулдаг 21-р цэцэрлэгт иргэн Э.О-гийн хүлээлгийн танхимд тавьж орхисон IPhone 6 plus загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч Б-Э-ы шүүх хуралдаанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн 21 дүгээр цэцэрлэгийн бага ангийн Б бүлэгт туслах багшаар түр ажилд орсон. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 07:40 цагийн алдад цэцэрлэгтээ ирээд хүүхдүүдээ хүлээж авсан. Ажилдаа ирэхдээ би ажлынхаа хормогч хувцсаа гэртээ уутанд хийж тавиад мартсан байсан тул нөхөр Д- ажлын хувцсаа ажил дээрээ авчруулсан. Ингээд би 09 цаг өнгөрч байхад ангийнхаа хүүхэд авдаг хүлээлгийн өрөөг цэвэрлээд байж байхад хэнийх нь мэдэгдэхгүй IPhone 6 plus загварын алтлаг өнгийн гадартай гар утас байхыг нь олж авсан. Ингээд тэр гар утсыг дуугараад байхаар нь унтраагаад халаасандаа хийсэн. Гэтэл манай цэцэрлэг дээр дадлага хийж байгаа Э.О- манай ангид орж ирээд манай ангийн үндсэн багш Б- бид хоёроос гар утсыг маань харсан уу гэж асуухад нь би гар утсыг нь олж авсан байгаа мөртлөө хараагүй, мэдэхгүй гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр 09 цаг өнгөрч байхад манай цэцэрлэг дээр ууттай ажлын хувцсыг авчирч өгөхөөр нь би ажлын хувцсаа сольж өмсөөд зөрүүлээд зузаан хувцсаа нөхөртөө өгч явуулахдаа олсон гар утсаа хувцасныхаа дотор хийж боогоод гялгар уутанд хийгээд явуулсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн байсан. Цагдаа нар шалгаж байгаад намайг авсныг мэдсэн. Цагдаа намайг гар утсыг нь аваад цагдаа дээр ир гэсэн. Ингээд би гэрээсээ очиж Э.О-гийн гар утсыг авч цагдаад авчирч хураалгасан. Муухай зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Миний буруу. Э.О-г анх надаас гар утсаа асуухад нь би гаргаж өгдөг байж яах гэж унтрааж мэдэхгүй гэж хэлээд нөхөртөө өгч явуулав даа гэж харамсаж байна гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

            Хохирогч Э.О-гийн өгсөн: Би Дархан дээд сургуульд сургуулийн өмнөх боловсролын багш  мэргэжлээр суралцаж байгаа ба дадлагаа Дархан-Уул аймгийн 21-р цэцэрлэгийн бага Б бүлэгт 2019 оны 02-р сарын 18-наас 2019 оны 3-р сарын 05-ны өдрийн хооронд хийсэн. Энэ хугацаанд буюу 2019 оны 02-р сарын 18-ны өдрийн өглөө тус цэцэрлэг дээр би 09:05 цагт ирээд хувцсаа солихдоо дадлага хийж байгаа ангийнхаа хүлээлгийн танхимд сандал дээр нь утсаа тавьж үлдээгээд дээшээ өөр анги руу гарчихаад ирсэн чинь гар утас маань байхгүй болсон байсан. Тухайн үед би гар утсаараа бичлэг хийхээр санаад хайтал байхгүй болсон байсан. Тэгээд би бага Б бүлгийн үндсэн багш Б- болон туслах багшаар түр ажиллаж байгаа Б-Э- нараас гар утсаа асуухад 2-уулаа хараагүй мэдэхгүй гэсэн. Б-Э- нь надад гар утас байгаагүй гээд байсан. Тэгээд би Б-Э-оос чи миний гар утсыг гаргаад өгчих би яах аргагүй гар утсаа энд үлдээгээд явсан гэхэд мэдэхгүй гээд мэдэн будлиад байсан. Тэгээд би дээд анги руу гараад өөр багшийн гар утаснаас өөрийнхөө 993***347 дугаар луу залгахад холбогдох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Өглөө ирэхэд миний гар утас 80 орчим хувийн цэнэгтэй байсан. Дэлгэц нь кодтой өөрөө унтрах ёсгүй гэж бодож байсан боловч холбогдох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тухайн үед эцэг, эхчүүд хүүхдээ хүлээлгэж өгөөд хөл хөдөлгөөн тасарсан байсан. Ингээд би Б- багшаас асуухад би мэдэхгүй байна гээд байсан. Б-Э-оос асуухад царай нь сонин болчихоод мэдэхгүй гээд байсан. Баярмагнай багш надад Б-Э-ы нөхөр ирээд явсан гэсэн. Ингээд асуугаад гуйгаад байхад Б-Э- миний гар утсыг гаргаж өгөхгүй байсан тул би цагдаа дуудсан. Гэтэл миний гар утсыг Б-Э- унтраагаад нөхөртөө сольсон хувцсан дотроо хийгээд гэр лүүгээ өгөөд явуулсан байсан. Цагдаа дээрээс намайг ирж та гар утсаа аваарай гэхээр нь ирж утсаа авсан. Одоо миний гар утас хэвийн ажиллагаатай хохирол барагдсан гэх мэдүүлэг /хх 8-9/,

 

            Гэрч О.Д- өгсөн: Намайг өглөө унтаж байхад над руу залгаад би хувцсаа орхиод ирсэн байна аваад ирээч гэж хэлсэн. Тухайн үед хэдэн цаг болж байсныг мэдээгүй. Тэгээд би босоод эхнэр өглөө явахдаа торон дотор нимгэн өмд, хормогч хоёроо хийгээд орхисон байсныг аваад ажил дээр нь аваачиж өгсөн. Тэгээд манай эхнэр эргүүлээд нэг тортой хувцас өгөөд явуулсан. Тэгээд би гэртээ харьсан. Намайг гэртээ хариад байж байхад манай эхнэр ажил дээр хүрээд ирээч нэг асуудал болоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цэцэрлэг дээр яваад очиход нэг багшийн гар утас алга болсон гээд байж байсан. Тэгээд цагдаагийн ажилтан ирээд асууж тодруулж байгаад Цагдаагийн байгууллага руу явъя гэх үед манай эхнэр чамд өгч явуулсан тортой хувцас дотор энэ багшийн гар утас байгаа аваад ирээч гэж хэлсэн. Тэгэхэд би манай эхнэр энэ багшийн гар утсыг авсан юм байна гэж мэдсэн гэх мэдүүлэг /хх 12/,

 

            Эд  мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 13-15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 16/, "Капитал зууч" ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 18-19/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Шүүгдэгч Б-Э-ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

     Шүүгдэгч Б-Э- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 550 000 төгрөгийн үнэлгээ бүхий IPhone 6 plus загварын гар утсыг буцаан өгсөн болох нь хохирогчийн мэдүүлэг /хх 8-9/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.    

 

            2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б-Э- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.  

Шүүгдэгч Б-Э-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

                                                                                                                             

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б-Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б-Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б-Э-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б-Э- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Эрүүгийн 1918000000099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ