Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01168

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  05  31  210/МА2024/01168

 

 

Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01304 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Хд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 289,740,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч.Ц- нь Э.Хтай 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ, байгуулж, уг гэрээгээр 180,000,000 төгрөгийг нэг сарын 1.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Э.Хы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Стадион Оргил ** дугаар байр 203 тоот хаягт байршилтай, ** м.кв талбайтай, ** өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний 3.7-д 0.5 хувиар алданги төлөхөөр заасан.

1.2. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Э.Х нь зээлийн хүүнд нийт 16,200,000 төгрөг төлсөн. Э.Хы хүсэлтийн дагуу зээлийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан. Үүнээс хойш зээлдэгч нь зээлийн гэрээний хүүнд 9,000,000 төгрөгийг төлж, гэрээний хугацаа дуусахад үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд энэ талаар шаардлага тавьсан боловч биелүүлээгүй.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт зээл 180,000,000 төгрөг, хүү 13,160,000 төгрөг, алданги 96,580,000 төгрөг, нийт 289,740,000 төгрөгийг гаргуулж, барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Э.Х нь Ч.Ц-той байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 180,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн гэрээний үүрэгт 180,000,000 төгрөгийн зээлийн үндсэн үүрэг, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүүгийн үлдэгдэл 13,160,000 төгрөгийн асуудлаар маргахгүй. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй. Харин алдангид 96,580,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хэт их хэмжээтэй байх тул алдангийг бууруулах, багасгуулах боломжтой тул алдангийн хэмжээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Хаас 283,160,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,580,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Х төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Э.Хы өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, Стадион Оргил /*** байр, ** тоот хаягт байрлалтай, *** м.кв, ** өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх дээрх хэргийг хянахдаа хуулийг зөрүүтэй тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Ч.Ц- шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 283,160,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан байхад шүүх иргэний хэрэг үүсгэхдээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага дээр иргэний хэрэг үүсгээгүй орхигдуулж улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, даргалагч томилох, хэргийн хугацаа сунгах зэрэг эрхийн актыг алдаатай гаргаж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон журмыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна. Энэ нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

4.2. Өмгөөлөгчид шүүх хуралдааны өмнө эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хавтас хэргийн материалтай нэг өдөр танилцуулж, тэр өдрөө шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдлүүлээгүй, мэтгэлцэх боломжийг хангаагүй нь шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмын хэрэгжүүлээгүй болно.

4.3. Шүүх анзын хэмжээ багасгах хүчин зүйл, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй. Тодруулбал манай улсад нийтийг хамарсан цар тахал /Ковид-19/ гарснаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээр, хөл хорионы хязгаарлалт тогтоосон энэ цаг хугацааг нийтэд илэрхий, гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээний хугацаа хэтрэхэд нөлөөлсөн хүчин зүйл нь Э.Хаас үл хамаарах гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, шалтгааныг бодитоор үнэлж дүгнээгүй. Хэдийгээр дээрх зүйл нөлөөлсөн боловч Э.Х зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж хүүгийн дийлэнх хэсэг болох 32,200,000 төгрөг төлсөн зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд алдангийн хэмжээг багасгаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй оролцсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Өмгөөлөгч Ч.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мөн хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан ч хэргийн материалтай танилцаагүй байж байгаад шүүх хуралдааны өмнө гарын үсэг зурж орсон.

5.2. Алдангийг хэт өндөр байгаа талаарх баримтаа гаргаж өгөөгүй.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ч.Ц- нь хариуцагч Э.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 289,740,000 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.

3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 289,740,000 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/17422 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэгт 289,740,000 төгрөг гаргуулах шаардлагыг тусгаж, харин барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг орхигдуулсан, түүнчлэн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулах үүрэгтэй. Тодруулбал иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлагын хүрээнд зохигчийг мэтгэлцүүлэх бөгөөд иргэний хэрэг үүсгээгүй асуудлаар зохигчийг мэтгэлцсэн гэж дүгнэх боломжгүй.

3.3. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт Анхан шатны шүүх хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 115.2.1. нэхэмжлэлийн шаардлагыг хангах, 115.2.2. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, 115.2.3. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасан бөгөөд шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2024/01304 дугаар шийдвэрт хариуцагч Э.Хд холбогдох барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц-ы нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй орхигдуулж, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, даргалагч томилох, хэргийн хугацаа сунгах зэрэг эрхийн актыг алдаатай гаргаж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон журмыг ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлтэй. Харин шүүх өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулах талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

 

4. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хуульд зааснаар алдангийн хэмжээг багасгуулах агуулгаар гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01304 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1,643,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА