| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0105/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2019-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | 166/2019/0105/Э |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 101
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Б.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ч-эд холбогдох эрүүгийн 1918000620082 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Ч-, 1968 оны 02 дугаар сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, зээ охин, хүү, охины хамт урьд 3 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:
1.Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 581 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар,
3.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Ч- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ч- нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, 13-р байрны 8-р орцны подвальд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Е.С-ийн эрүүл мэндэд нь хуйхны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Ч-ийн шүүх хуралдаанд өгсөн: 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 16 цагийн орчим би гэртээ эхнэр Е.С-, М- нарын хамт Түмний хишиг нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Тэгээд би нэг мэдсэн тасраад уначихсан байсан. Тэгсэн чинь Е.С- намайг татаж босгоод хэрүүл хийх гээд янз бүрээр доромжлоод байсан. Тэр үед М- гэрт орж ирээд хоол хийх гээд нөгөө талын өрөөнд орчихсон байсан. Тэгээд Е.С- намайг доромжлоод байхаар нь би тэсэхгүй хажуу талд байсан ус буцалгагч аваад толгой руу 2 удаа цохисон. Тэгсэн чинь Е.С-ийн толгойноос цус гараад тэгээд нэг мэдсэн чинь манай гэрт цагдаа ирчихсэн байсан. Тэгээд би эрүүлжүүлэх рүү явсан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Е.С-ийн өгсөн: 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим манай гэрт Манлайбаатар, Б.Ч- бид 3 нийлээд 2 шил 1 литртэй Түмний хишиг архи хувааж уусан. Тэгээд би тасарчихсан байсан. Нэг сэргэсэн чинь орой болчихсон миний толгойноос цус гарчихсан байхаар нь эргэн тойрноо ажигласан чинь манай нөхөр Б.Ч- байхаар нь миний толгой яачихсан юм бэ гэсэн чинь сая би цохичихлоо гэхээр нь яаж байгаа юм бэ гэсэн чинь ус буцалгагчны саваар цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Ч-эд чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэсэн чинь есөн шидээр хэлээд доромжлоод байхаар чинь цохичихсон юм гэж хэлэхээр нь 13 настай хүү Д- цагдаа дууд гэж хэлээд гэрээс гаргасан. Тухайн үед манай гэрт Б.Ч-, М-, манай хүү Д- байсан. Тэгээд цагдаа ирээд би эмнэлэг рүү явж толгойдоо 6 оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч Л.М- өгсөн: 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 15 цагийн орчимд Б.Ч- ах над руу залгаад ярьсан чинь Б.Ч- ах мах шөлний юм байвал аваад ирээч гэхээр нь би за гээд ганц шил архины бололцоо байна уу гэхээр нь би байна гэсэн чинь тэгвэл аваад ирээч гэсэн. Тэгээд би 1 литртэй Түмний хишиг архи нэг шилийг аваад очсон чинь Б.Ч- ах, Ц- ах, С- гурав 1 литртэй нэг шил Түмний хишиг архи дөнгөж задлаад байж байсан. Тэгээд бид 4 тэр архийг нь уугаад миний авч ирсэн архийг уугаад жоохон үлдсэн байхад 17 цагийн орчимд би гараад хээтэй хороолол орчихоод ирсэн чинь Ц- ах байхгүй явчихсан байсан. Тэгээд би шууд унтаад өгсөн. Унтаж байгаад босоод ирсэн чинь Б.Ч- ах, Соёлоо 2 нэлээн согтчихсон хоорондоо маргалдах маягтай байхаар нь би хоол хийсэн юм уу гэсэн чинь хийгээгүй гэхээр нь би тэгвэл сайхан лапша хийгээдхье гэж хэлээд нөгөө өрөө рүү ороод гурил зуурах гээд байж байсан чинь тас гэсэн чимээ гарахаар нь эргээд ороод ирсэн чинь С- толгойны баруун талаас нь цус гарчихсан газар ус буцалгагч уначихсан байсан. Тэр үед Б.Ч- ахын хүүхэд Ж- байхаар нь би цагдаа дуудчих гээд тэгээд Ж- гарч яваад удалгүй цагдаа орж ирээд, удалгүй эмнэлэг ирсэн. Тэгээд цагдаа Б.Ч- ах бид 2-г эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хх 20/,
Насанд хүрээгүй гэрч С.Д- өгсөн: Би 2019 оны 01 сарын 15-ны өдөр гэртээ байж байхад аав, ээж 2 хүмүүстэй архи ууж байсан. Тэгээд 20 цагийн орчим гэрээсээ гараад бильярд тоглож байгаад 21 цагийн орчим гэртээ ирсэн чинь аав, ээжийн толгойг нь ус буцалгагчаар цохисон гээд ээжийн толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгсэн чинь ээж намайг цагдаа дууд гэхээр нь би гараад цагдаа дээр гүйж ирээд дуудлага өгчихөөд гэртээ очсон чинь ээж байхгүй, аавыг цагдаа аваад гарч байсан. Тэгэхээр нь би ээжийг яасан юм бэ гэж асуусан чинь ээжийг чинь эмнэлэг рүү аваад явчихсан гэж аав надад хэлсэн гэх мэдүүлэг /хх 24/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 118 дугаартай шинжээчийн дүгнэлт:
"1.Е.С-ийн биед хуйхны шархнууд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Е.С-ийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх 28/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-10/, Хэргийн газрын схем зураг /хх 11/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх 12/, Аюулын зэргийн үнэлгээ /хх 17-18/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Б.Ч-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Е.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хохирогч Е.С-, шүүгдэгч Б.Ч- нарын мэдүүлгээр хамтран амьдрагч болох нь тогтоогдож байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд бөгөөд шүүгдэгч Б.Ч- нь архидан согтуурсан үедээ хохирогч Е.С-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хуйхны шархнууд бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон хэдий ч дээрх гэмтлийг учруулахдаа байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нь хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгох тул Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ч-эд зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ч- нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б.Ч- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Ч- нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 591 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар /хх 59-60, 70, 71-72/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56/ зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Б.Ч-эд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ч-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ч-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Ч-эд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ч- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ