Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01174

 

 

 

 

 

 

2024 06 03 210/МА2024/01174

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/01258 дугаар шийдвэртэй

Б.А-ын нэхэмжлэлтэй

Э.Т.Т ХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А-а, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэгмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.А-а нь 2018 оноос эхлэн Э.Т.Т ХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан. Ажил олгогчийн зүгээс Б.А-ыг ажлаас халах болсон үндэслэл нь уурхайн Б талбайд 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр компанийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан осолд дөхсөн тохиолдлыг нуун дарагдуулсан, тухайн зөрчилд холбогдох хариу арга хэмжээг авч ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3.1 дэх заалтыг зөрчсөн, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзсэн. Ажлаас халсан тушаал нь хуульд нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч заалтыг дурдаагүй. Үйлдвэрлэлийн осол гарахад хүргэсэн гэх боловч яг ямар осол гарсан, ямар үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь тодорхойгүй, тушаалаас харагдахгүй байна.

Тухайн үед тээвэр зохицуулагч Н.М миний зөвшөөрөлгүй автомашиныг унаж, нүүрс тээврийн автомашинуудыг ачилтад оруулах зохицуулалт хийж байхдаа ухрах үйлдэл хийж, гадны байгууллагын автомашиныг мөргөсөн тохиолдол гарсан. Би газар дээр нь танилцаад, гэрээт замын цагдааг дуудаж, хамтарч үзлэг хийхэд автомашинд хохирол учраагүй байсан. Хоёр жолооч гомдол саналгүй гэсэн учраас ажлаа хэвийн үргэлжлүүлсэн бөгөөд энэ талаар дараагийн ээлжийн ажилтан Д.А-д утсаар мэдэгдсэн. Миний хувьд цааш шуурхай удирдлагад мэдэгдэх үүрэг байхгүй бөгөөд ямар нэгэн арга хэмжээ аваагүй, нууж дарагдуулсан зүйл байхгүй.

1.2. Мөн хариуцагч нь хүчингүй болсон 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчин төгөлдөр мэтээр ашиглаж, ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн учир хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлийг тушаалд баримтлах учиртай. Улмаар хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтны гаргасан зөрчлийн талаар өөрт нь танилцуулах, тайлбар авах зэрэг ажиллагааг огт хийсэнгүй. Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх хэмжээнд хүрсэн ноцтой зөрчил гаргаагүй, журмыг зөрчөөгүй, ажил саадгүй үргэлжилсэн байгаа.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай А/683 дугаар тушаал, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай А/89 дугаар тушаалыг тус тус баталж, хэрэгжүүлж ажиллахыг нийт ажилтан, албан хаагчид үүрэг болгосон. Энэ тушаалуудтай Б.А-а танилцсан бөгөөд өөрийн үйл ажиллагаанд удирдлага болгон ажиллах үүрэгтэй.

2.2. Б.А-ыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд компанийн уурхайн Б талбайд 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр компанийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан осол дөхсөн тохиолдлыг нуун дарагдуулсан, тухайн зөрчилд холбогдох хариу арга хэмжээ авч ажиллаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3.1 дэх заалтыг зөрчиж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлийг заасан бөгөөд энэ зөрчил нь баримтаар тогтоогдсон. Тухайн өдөр компанийн ажилтан Н.М нь нэхэмжлэгчийн ажлын хэрэгцээнд ашигладаг автомашиныг түүний зөвшөөрөлгүй унаж яваад автомашин мөргөж, осолд дөхсөн тохиолдол гаргасан, үүний улмаас компанийн автомашинд 100,000 төгрөгийн хохирол учирсан, мөн нөгөө автомашинд хохирол учирсан. Энэ осолд дөхсөн тохиолдлыг Б.А-а очиж үзсэн, цагдаа дуудаж арга хэмжээ авсан гэх боловч энэ талаарх баримт байдаггүй, Шуурхай удирдлагын газарт мэдэгдээгүй. Манай байгууллага энэ талаар Дотоодын цэргийн 810 дугаар ангийн цагдаагийн тасгийн ахлах зохицуулалгч, цагдаагийн ахмад П.Нанчинбатаас мэдсэн. Ингээд Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журамд зааснаар судалгааны тайланг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан ба зарим хүмүүсээс тайлбар авсан.

Б.А-а нь хөдөлмөрийн сахилга хариуцлага алдсан, осолд дөхсөн тохиолдлыг нуун дарагдуулсан, арга хэмжээ аваагүй, журмын 3.1 дэх заалтыг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Онцгой дэглэм тогтоосон үед Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг баримтлахгүй юм.

Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Э.Т.Т ХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А-а улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудын эрэмбийг буруу тогтоон дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ гээд 2.3.1-т энэ хууль, 2.3.2-т "Монгол Улсын бусад хууль гэж хуульчилсан байна. Уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасан.

Гэтэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн хэдээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа үндэслэлээ тушаалд тусгаагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь хууль зүйн талаасаа 1991 оны хуулийг хэрэгжүүлэх боломжгүй, мөн хүчингүй болсонд тооцогдох хууль гэж харагдаж байна. 1991 оны тус хуулиар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгосон. Харин 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хавсралт хууль-ийг Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралтаар баталжээ. Уг хавсралт хуулийн Есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэхүү Хавсралт хууль Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй болохыг мөн тусгаж өгсөн байна. Энэхүү Хавсралт хуулийн Нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас шинэ Засгийн газар байгуулах хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлаас шинэ Засгийн газар байгуулснаар БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болохоор хуульчилсан. Үүний дагуу 1992 оны 07 дугаар сард Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдыг томилон, 08 дугаар сард Засгийн газрын гишүүдийг томилсноор шинэ Засгийн газар байгуулагдсан. БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болсон, БНМАУ-ын Засгийн газар гэж байхаа больсон учир түүнд тусгайлан олгосон аливаа эрх хэмжээ, онцгой эрх мөн адил хүчингүй болох учиртай. БНМАУ-ын бүрэн эрх дуусгавар болохтой зэрэгцэн түүнд олгосон аливаа эрх хэмжээ мөн дуусгавар болохоос гадна 1992 оны Үндсэн хууль батлагдсанаар тус 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль бүхэлдээ мөн хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй. Учир нь дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуульд зааснаар Үндсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байсан аливаа хууль нь Үндсэн хуульд харшлахаар бол хүчингүй болох агуулгыг тусгажээ.

4.2. Анхан шатны шүүхээс Б/231 дугаар тушаалын үндэслэл болж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3.1 дэх хэсэгт ЭТТ ХК-ийн ажилтан, гэрээт компани тэдгээрийн туслан гүйцэтгэгч компанийн ажилчид нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, ОДТ, гэмтэл, ӨЭ, гал түймэр, байгаль орчны хохирлыг өөрийн нэгжийн удирдлага болон ЭТТ ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэнд, Шуурхай удирдлагын хэлтэст нэн даруй радио станц болон гар утсаар мэдэгдэнэ гэж заасныг буруу тайлбарлан дүгнэсэн. Тодруулбал нэхэмжлэгч Б.А-а нь Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнээр томилогдон ажилласан бөгөөд дээрх журмын 3.1 дэх хэсэгт заагдсан нөхцөл байдал үүссэн үед хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн буюу Б.А-ад мэдэгдэх зохицуулалт юм. Харин Б.А-а нь тухайн осолд дөхсөн тохиолдлыг уурхайн гэрээт цагдааг дуудан үзлэг хийлгэсэн бөгөөд энэ талаар тухайн үед ажиллаж байсан гэрээт цагдаагийн тайлбар хавтаст хэрэгт авагдсан. Улмаар осолд дөхсөн тохиолдол бий болсноос 4 цагийн дараа Б.А-ын ээлж дуусч хот руу буцсан бөгөөд энэ талаараа ээлж хүлээж авсан ажилтан Д.А-д утсаар мэдэгдсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.5.1-д зааснаар ажилтанд аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг танилцуулах үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмыг Б.А-ад танилцуулсан баримт хэрэгт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажил олгогчийн үндсэн үүргийг хуульчилсан бөгөөд 43.2.10-т хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах гэж заасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид үндэслэлийн талаар тайлбарлаж танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Э.Т.Т ХК нь Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор онцгой дэглэм тогтоосон. Уг тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага холбогдох албан тушаалтанг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчид даалгасан. Онцгой дэглэмийн үед хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх ёстой байсан гэж тайлбарлаж байгаа боловч 1991 оны БНМАУын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Хөдөлмөрийн тухай хуультай харшилсан, хүчингүй болгуулах талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан байхгүй, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

5.2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын хавсралтад осолд дөхсөн тохиолдол бүртгэгдсэн бол Шуурхай удирдлагын хэлтэст мэдэгдэх ёстой байсан боловч нэхэмжлэгч ажлаасаа буугаад явчихсан бөгөөд цагдаагийн алба хаагчаас 4 хоногийн дараа мэдсэн. 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх гэж заасныг баримтлан тушаалын үндэслэл болгосон 683, А/89 дүгээр тушаалуудыг баталсан. Б.А-а нь А/89 дүгээр тушаалын 3.1, 3.3, 3.6, 3.7 дахь заалтуудыг зөрчсөн учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн холбогдох дүрэм, журмыг танилцуулсны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг байгуулсан. 2019 оноос хойш хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнээр ажиллаж байсан атлаа уг журмыг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.А-а нь хариуцагч Э.Т.Т ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Э.Т.Т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/231 дугаар тушаалаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дахь заалт, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай А/683 дугаар тушаалын 1 дэх заалт, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай А/89 дугаар тушаалын 3.1, 3.3, 3.6, 3.7 дахь заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Б.А-ыг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Уг тушаалд компанийн уурхайн Б талбайд 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр компанийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан осол дөхсөн тохиолдлыг нуун дарагдуулсан, тухайн зөрчилд холбогдох хариу арга хэмжээ авч ажиллаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3.1 дэх заалтыг зөрчсөн, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэл заажээ.

 

4.1. 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Э.Т.Т ХК-ийн ТЛГ-ын хүлээлгийн Б талбайн 3 дугаар хайрцаг байрлалд тээвэр зохицуулагч Н.М нь нэхэмжлэгч Б.А-ын ажлын хэрэгцээнд ашигладаг 9841 УНЗ улсын дугаартай автомашиныг түүний зөвшөөрөлгүй унаж, ажил үүрэг гүйцэтгэж явахдаа ухрах үйлдэл хийж Их уран ХХК-ийн нүүрс тээврийн 7030 УБП улсын дугаартай автомашиныг мөргөсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

4.2. Дээрх нөхцөл байдал нь Э.Т.Т ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 2.1 дэх хэсэгт заасан осолд дөхсөн тохиолдол-д хамаарч байх бөгөөд нэхэмжлэгч нь уг журмын 3.1, 4.2, 4.2.3-т заасан осолд дөхсөн тохиолдлын талаарх зохицуулалтын дагуу өөрийн нэгжийн удирдлага, Шуурхай удирдлагын хэлтэст мэдэгдээгүй, мөн урьдчилсан мэдэгдэл, сэрэмжлүүлгийн хуудас хөтлөөгүйг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэжээ. Тодруулбал уг журмын 4.1 дэх хэсэгт заасны дагуу ХАББОГ-ын дарга Г.С ын ахалсан судалгааны багийн гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн судалгааны тайлангаар уг зөрчил тогтоогдсон байна.

Үүнээс гадна хэрэгт авагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог уурхайн хэмжээнд хэрэгжүүлэх зорилтын хүрээнд осолд дөхсөн тохиолдлыг дахин давтан гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, мөн нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах зорилтын хүрээнд осолд дөхсөн тохиолдол бүрийг мэдээлэх, хариу арга хэмжээг авдаг, эргэж мэдээлдэг арга барилыг бүх ажилтнуудын дунд хэвшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр тухайлан заасан бөгөөд эдгээр чиг үүргийг нэхэмжлэгч Б.А-а зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

4.3. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э.Т.Т ХК-д онцгой дэглэм тогтоож, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон ба Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр А/89 дугаар тушаалуудыг батлан мөрдүүлсэн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах арга хэмжээтэй холбоотой А/683 дугаар тушаалын 1 дэх заалт, А/89 дугаар тушаалын 3.1, 3.3, 3.6, 3.7 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Мөн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Э.Т.Т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолд зааснаар шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэх эрхтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтныг ажлаас чөлөөлөөгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/01258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА