| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0096/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 105
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,
Шүүгдэгч Ц.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон Цогзолын Ц.М-д холбогдох эрүүгийн 1918000220054 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.М-, 1959 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт улсаас авсан гавьяа шагнал, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,
1.1987 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 157 дугаар зүйлийн 1, 153 дугаар зүйлийн 1, 158 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ялаар шийтгүүлж 1 жил тэнссэн,
2.1988 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,
3.1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М- нь иргэн Д.Х-гоос 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хооронд “ногоон паспорт гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1 500 000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр бусдын Хаан банкны дансаар шилжүүлэн, Дархан-Уул аймаг дахь Хаан банкны Дархан тооцооны төвөөс гаргуулан авсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.М-гийн өгсөн: Би 2018 оны 6 дугаар сарын сүүлээр эмчилгээний хандив цуглуулах зорилготой Ховд аймагт хамаатан гэх Д.Х-гийнд очсон.Тухайн үед Д.Х- манай хүүхдийн виз нь гарахгүй байна гэж ярьсан.Тэгэхээр нь би надад Улсын бүртгэлд таньдаг хүн байгаа, хүүхдийн чинь визийг гаргаад өгье надад 1 500 000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд би 2018.6.23-нд Д.Х-гоос Хаан банкны дансаараа 800 000 төгрөг аваад дараа нь 2018.7.23-нд 700 000 төгрөг тус тус шилжүүлж авсан. Би Д.Х-гоос авсан 1 500 000 төгрөгийг эмчилгээний төлбөртөө зарцуулсан. Бас хойшоо Оросын холбооны улс руу явахдаа зардлын мөнгөндөө нэмэрлэсэн. Би Орос руу явж ирснийхээ дараа тэтгэврийн зээл аваад Д.Х-гоос авсан мөнгөө төлчихнө гэж бодсон. Би Д.Х-гийн хүүхдэд ногоон паспорт гаргаж өгөх талаар ямар ч хүнтэй уулзаж бичиг баримт бүрдүүлж өгсөн үйлдэл хийгээгүй. Надад тухайн үед мөнгөний хэрэг байсан болохоор худлаа хэлээд авчихсан юм гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Д.Х-гийн өгсөн: Миний эцэг Д-, Ц.М- хоёр ах дүүгийн хүүхдүүд.Би Ц.М-тай 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр танилцсан. Ховд аймагт тусламж эмчилгээний зардал олохоор ирсэн. Тэгээд манай дүү Сумъяагийнд 5-6 хоносон. Би тусламжийн бичгийг нь авч аймгийн удирдлагууд болон албан газруудад танилцуулан хандив цуглуулж өгсөн. Тэр үед Ц.М- манай хүү Н.М- виз гарахгүй байгааг сонсоод надад таньдаг хүмүүс байгаа тэдгээр хүмүүсээр дамжуулан хүүхдэд чинь ногоон паспорт гаргаж өгье гэж хэлсэн. Хандив мөнгөө цуглуулаад буцсан. Ингээд 6 дугаар сарын 20-ны үед над руу утсаар яриад нөгөө хүмүүстэйгээ ярьлаа танай хүүхдэд ногоон паспорт гаргаж өгөхөөр боллоо. 1 500 000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж хүү Х- Хаан банкны дансны дугаар өгөхөөр нь хаширлаад 700 000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь над руу утсаар яриад паспорт гаргах хүмүүст урьдчилгаа 800 000 төгрөг өгөхөөр тохиролцсон юм 100 000 төгрөг дахиад шилжүүлээд өгөөч гэхээр нь 100 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд байж байтал 7 дугаар сарын 20-ны үед Ц.М- дахин утсаар ярьж паспорт бэлэн болсон нэг хүний гарын үсэг дутуу байна үлдэгдэл 700 000 төгрөгөө шилжүүлээд өгөөч гэхээр нь Хаан банкны 510818499 дугаарын данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш утас нь холбогдохгүй байж байгаад 9 сарын сүүлчээр холбоо барихад Улаан-Үд рүү эмчилгээнд яваад ирлээ одоо хүмүүстэйгээ уулзаж паспортыг нь авч өгнө гээд өгөөгүй худлаа ярьж намайг мэхэлсэн. Ц.М- миний хохирлыг хоёр хувааж миний данс руу хийсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 10-11, 29-30/,
Гэрч М.Х- өгсөн: Би 2018 оны 6 сарын үед Улаанбаатар хотод ажил хийж байхад манай эх Ц.М- утсаар залгаад Хаан банкны дансаар чинь мөнгө авах гэсэн юм Ховдоос манай хамаатны Д.Х- гэх хүнээс 700 000 төгрөг Хаан банкаар шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгө нь орж ирэхээр нь би өөрийн Хаан банкны данснаасаа эмээ Мягмарын дансанд шилжүүлсэн. Ээжийн өөрийнх нь данс руу шилжүүлэх гэхэд зээлтэй учраас зээлэнд татаад авчихна гэж хэлсэн болохоор өөрийнх нь данс руу шилжүүлээгүй гэх мэдүүлэг /хх 33/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/, Д.Х- болон Н.М- нараас 1 500 000 төгрөгийг 100 000, 700 000, 700 000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн талаарх Хаан банкны орлогын мэдүүлэг болон Д.Х-гийн депозит дансны хуулга /хх 6, 7/, Ж.М-, М.Х- нарын депозит дансны хуулга /хх 17, 18/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.М-гийн дээрх үйлдэл нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.М- нь хохирогчид төлбөл зохих 1 500 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэг /хх 29-30/-ээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Ц.М- нь хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ц.М- нь 1987 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 157 дугаар зүйлийн 1, 153 дугаар зүйлийн 1, 158 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ялаар шийтгүүлж 1 жил тэнссэн, 1988 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, нийт 3 удаа ял шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгуулийн ял оногдуулахыг шүүхээс хүссэнийг шүүгдэгч эрүүл мэндийн улмаас группд байдаг сарын орлого нь тодорхойгүй байх тул шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.М-д хорих ял оногдуулахгүйгээр, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.М-гийн тэнссэн 6 сарын хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч Ц.М-гийн тэнссэн 6 сарын хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн 1918000220054 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ