Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01175

 

 

 

 

 

 

 

 

2024 06 03 210/МА2024/01175

 

 

Л.Ц , У.Х ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01149 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.Ц , У.Х ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.М т холбогдох

135,755,010 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн А.Хонгорзул дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Л.Ц нь Т.М аар 2021 оны 03 дугаар сард 2 тракторын эвдэрсэн моторыг засуулахаар Улаанбаатар хот дахь засварын газарт нь авчирч өгсөн. New Holland TJ375 маркийн тракторын хөдөлгүүр бага эвдрэлтэй, Case steiger 375 маркийн тракторын хөдөлгүүр нь блок солихоор байсан. Т.М нь 2021 оны 05 дугаар сард хөл хорионы үеэр янзалж боосон нэг моторыг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хүргэж ирсэн. Тракторт моторыг тавьж хөдлөөд хашаанаас гараагүй мотор цохиж эвдэрсэн учир буцаан авч явсан бөгөөд Л.Ц ээс мөнгө авч мотороо өөрөө дахин засварлахаар болсон.

Засаж янзалсан гэх моторыг дахин 2 ажилтан нь авчирч тракторт тавьж өгсөн. Энэ мотор талбайд гараад ачаалал аваад дахин эвдэрч өнөөдрийг хүртэл ямар ч ажиллагаагүй зогсож байна. Эхний моторыг засахдаа нөгөө моторын блок, дээд гавалыг авч ашигласан байсан. Хоёр дахь мотор ерөөсөө засагдаагүй.

1.2. Моторын засварт 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлын хөлс 8,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр засварын сэлбэгт 9,055,010 төгрөг, 2 моторын урьдчилгаа ажлын хөлс 4,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр моторын сэлбэгт 44,700,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 52,000,000 төгрөг зарцуулсан. Т.М нь эхний моторыг дахин янзлахаар Л.Ц ийн гэрт ирж уулзахдаа 32,000,000 төгрөг зээлээч гэсний дагуу зээлж, нэмээд мотор засварын төлбөрт 20,000,000 төгрөг, нийт 52,000,000 төгрөгийг авсан. Үүнээс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 32,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

Иймд Т.М аас дээрх 85,755,010 төгрөгийг гаргуулж, Л.Ц т олгуулахаар шаардлага гаргасан.

1.3. У.Х ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд Т.М мотор засварлаж өгөхгүй байсан учир 2021 оны 05 дугаар сард тариалалтын ажил ид өрнөж техникийн хүрэлцээгүйн улмаас хугацаа хоцорч У.Х ХХК-д их хэмжээний хохирол учрах нөхцөл байдал бий болсон.

2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Э.Т ХХК-тай техник түрээсийн гэрээ хийж, Case IH 315 маркийн тракторыг 50,000,000 төгрөгөөр түрээслэн авч тариалалтын ажилд ашигласан. Тус компанийн зүгээс хаврын тариалалтад бэлдэж 2021 оны 03 дугаар сард Т.М т эвдэрсэн моторуудыг өгч холбогдох зардлыг шилжүүлсэн байтал засварлаж өгөөгүй учир бид техник түрээслэхээс өөр аргагүй байдал үүсэж дээрх гэрээг байгуулсан. Т.М нь засварын ажлыг хугацаанд нь хариуцлагатай хийж гүйцэтгэсэн бол У.Х ХХК нь өөрийн 2 тракторыг ажиллуулж, техник түрээслэх зардал гаргахгүй байсан.

Иймд Т.М ын хариуцлагагүй үйлдлээс үүдэн У.Х ХХК-д 50,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа тул хариуцагчаас 50,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компаниас 2020 оны 11 дүгээр сард Э холдинг ХХК QSX15 New Holland маркийн тракторын мотор эвдэрсэн, засвар хийх үнийн санал авахад нэг моторт 198,000,000 төгрөг, баталгаат хугацаа 6 сар гэж тогтоож байсан.

2.2. Дараа нь 2021 оны 03 дугаар сарын эхээр намайг К.М ХХК-ийн ажлаас гарсан байхад хамт ажиллаж байсан хүний хэлснээр Л.Ц тэй анх танилцахад 2 мотор засуулъя, нэг мотор нь эвдрэл багатай, нөгөө мотор нь доод эд анги цохисон, эвдэрсэн гэсэн. Ингээд бид ажлын хөлсийг 8,000,000 төгрөгөөр тохирч, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би ажлын хөлсийг 8,000,000 төгрөг гээд сэлбэгээс ашиг харахгүй, оригинал сэлбэг бол хамгийн багадаа нэг моторт 120,000,000 төгрөг болох ба 3 сарын баталгаат хугацаатай гэрээ хийгээд ажиллая гэхэд 1 сар ажил хийчихээр боогоод өг гэсэн. Ингээд түүний хүссэнээр хямд сэлбэгээр хийхээр тохиролцсон. 7 хоногийн дараа мотор нь ирсэн, мотор биш, дүүрэн зэвэрсэн төмөр ирсэн. Би засварын газартаа буулгаж аваад тухайн үед Л.Ц рүү сэлбэг хүлээж авсан, мотор боож байгаа үйл явцын алхам тутмын ажлын зургийг вичат /we chat/-аар явуулж байсан. Утсаа 2022 онд сольсноос вичат /we chat/-ны бүх түүх устсан тул одоо үзүүлэх баримт байхгүй. Моторыг хүлээж аваад сэлбэгийн жагсаалтыг тухайн үед Л.Ц рүү явуулж байсан. Бидний хооронд аман яриа тохиролцоо байсан учраас баримт үйлдээгүй.

2.3. 2 моторыг хүлээж аваад үзлэг хийхэд нэг нь крышка хагархай, блок, тахир гол зүгээр байсан. Хамгийн түрүүнд эвдрэл гайгүйг нь засъя гээд шинэ крышка 12,000,000 төгрөгөөр, ком ээлж 9,000,000 төгрөгөөр худалдан авч эхний засвар 22,000,000 гаруй төгрөг болсон. Тухайн үед Ковид-19 цар тахлын үе байсан учир тээвэр ирэх гэж 6-7 сар болдог байсан тул хугацаа шаардагдаж байсан. Сэлэнгэ аймагт моторыг хүргэж тракторт тавихад хэвийн ажилласан боловч 3-4 хоногийн дараа мотор эвдэрлээ гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу О.Молор-Эрдэнэ механикчаа явуулж үзлэг хийхэд мотор цохиж, моторын поршинг хагарсан байсан. Л.Ц тэй 2 удаа уулзаж сэлбэг муу байна, сайн сэлбэгээр боох хэрэгтэй талаар хэлсэн. Гэвч заавал боо, ургац боллоо гээд цагдаа нар дуудаж сүрдүүлэх маягтай уулзаж баталгаа бичиж өг гэж хэлснийх нь дагуу бичиж өгсөн. Эхний моторыг би эвдэлсэн учраас өөрөө 30,000,000 төгрөгийг гаргаад хохирлыг барагдуулна гээд сэлбэгийн үнийг жагсааж бичсэн. Форсунк 6 ширхэг, астаутор 4 ширхэг нийлээд 20,800,000 төгрөг болсон. Тахир гол, блок, крышка авахад 52,000,000 төгрөг болсон. Үүнээс 32,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Хоёр дахь удаа боосон моторыг би өөрөө аваачиж өдөржингөө ажиллуулж хүлээлгэн өгсөн.

2.4. Үүнээс сарын дараа над руу хэд хэдэн удаа залгасан байсан. Би Ковид тусаад сэхээнд 21 хоног, нийт 2 сар өвчтэй байсан. Хоёр дахь мотор сарын дараа эвдэрлээ гэхэд нь би таны хэлсэн мөнгөнд тохируулж ажлыг гүйцэтгэсэн, сэлбэг үнэхээр чанаргүй байна, тийм учраас би дахиж хариуцлага хүлээх шаардлагагүй гэдгээ хэлэхэд шүүх дээр уулзая гэх зурвас ирсэн. Би ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг авсан. Энэ мөнгөөр нааш, цаашаа яваад таарсан. Би өөрөөсөө 32,000,000 төгрөг гаргаж хохирсон. Энэ моторын шинэ нь 280,000,000 төгрөгийн үнэтэй. Хуучин боогоод тавьсан мотор 180,000,000 төгрөгийн үнэтэй. Л.Ц нь Э ХХК-д аваачиж мотороо задлуулчихаад яагаад тэндээ янзлуулаагүй юм. Тэндээс 180,000,000 төгрөгийн үнийн санал өгөхөөр татгалзаж байгаа юм. Өөрөө л хямдхан үйлчилгээ хүссэн, би худлаа зүйл яриагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Т.М аас 48,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,055,010 төгрөгийг, нэхэмжлэгч У.Х ХХК-ийн хариуцагч Т.М аас 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 994,676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М аас 401,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн 7 дахь талд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: "нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй" гэсэн байна. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй юм.

Хариуцагч Т.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой нэхэмжлэгч Л.Ц түүнд үүргээ хэрэгжүүлэх талаар шаардлага тавьсан. Энэ үед хариуцагч нь "чанаргүй сэлбэгээр ажил хийсэн тул одоо ямар ч боломжгүй" гэж хэлсэн байдаг. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, мөнгө шаардсан боловч мөнгө өгөөгүй тул шүүхэд хандахаа түүнд илэрхийлсэн. Үүгээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж буйгаа хариуцагчид илэрхийлсэн. Энэ талаар Ц.Д ийг гэрчээр асуусан тэмдэглэлийн төгсгөл хэсэгт хариуцагч өөрөө тайлбарласан нь тусгагдсан.

Мөн хариуцагч Т.М нь нэхэмжлэгчийг дээрх байдлаар гэрээний үүрэг шаардсан, гэрээнээс татгалзсан болох талаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд тайлбарласан. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан болохоо бичгээр баталгаажуулж 2022.10.12-ны өдөр дахин хариуцагчид болон шүүхэд хүргүүлсэн. Үүнийг хуульд заасан гэрээнээс татгалзах журамд нийцэхгүй гэсэн боловч шүүх яагаад гэдэг талаар тайлбар хийгээгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул тэрээр гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөө буцаан нэхэмжлэх эрхтэй юм. Харин хариуцагчийн зүгээс тухайн гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх хүрээнд сэлбэг авч тавьсан гэж байгаа бол тухайн сэлбэг эсвэл сэлбэгийн үнийг тусдаа нэхэмжлэх, шаардах эрхтэй. Хариуцагчийн хувьд моторт олон төрлийн сэлбэг шинээр авч тавьсан гэдэг боловч энэ талаар нэг ч баримт гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэгчээс мөнгө хүлээж авсан боловч ажил хийгээгүй, хэдэн төгрөгийн сэлбэг авсан эсэх нь эргэлзээтэй байгаа болно.

4.2. Шүүхийн шийдвэрийн 8 дахь хэсэгт "мотор дахин эвдэрсэн үндэслэл шалтгаан нь ажил гүйцэтгэх гэрээний доголдол мөн эсэх нь тогтоогдохгүй гэж үзэв гэсэн байна. Гэвч мотор нь дахин эвдэрсэн бус анхнаасаа хариуцагч моторыг бүрэн бүтэн засварлаж хүлээлгэж өгөөгүй асуудал билээ. Хариуцагчийн зүгээс тухайн моторыг засварлаж хүлээлгэж өгсөн талаар баримт байдаггүй. Шүүх ч үүнийг үгүйсгээгүй. Иргэний хуулийн 349.1-т ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй тухай заасан. Хариуцагчийн хувьд ажлаа ч хүлээлгэж өгөөгүй. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардлага гаргасан бөгөөд үүнийг хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж үзэх юм. Хариуцагч нь 2021.5.14-ний өдөр бичгээр гаргасан баталгаандаа Би өөрийн хариуцлагын хүрээнд моторыг дахин боож өгнө. Боосон хөдөлгүүртээ 90 хоногийн баталгаа гаргаж өгнө гэж бичсэн байдаг. Энэ нь хариуцагчийг ажлаа хийгээгүйг харуулах баримт бөгөөд үүнээс хойш моторыг засварлаж хүлээлгэж өгсөн гэх баримт байдаггүй.

4.3. Хариуцагч болон түүний ажилчдын зүгээс мотор эвдэрсэн, ажиллаагүй асуудлыг чанаргүй сэлбэгээс болсон гэж тайлбарладаг. Тодруулбал, гэрчүүдийн мэдүүлэг болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт энэ талаар удаа дараа хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, чанаргүй, хулхи сэлбэгээр ажил хийсэн тул угаасаа эвдэрнэ, түүнээс болж л эвдэрсэн гэх агуулгаар тайлбар, мэдүүлэг өгдөг. Иймд хариуцагч нь анхнаасаа чанаргүй сэлбэгээр ажил хийсэн, Иргэний хуулийн 350.1.8-д заасан өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх үүргээ зөрчсөн болохыг харуулна. Моторт ашиглах сэлбэгүүдийг нэхэмжлэгч авч өгөөгүй, хариуцагч авсан. Гэрчүүд мэдүүлэхдээ хариуцагч нь хажуудаа өөрөө сэлбэгийн дэлгүүртэй түүнээс авч сэлбэг тавьсан гэж мэдүүлсэн. Иймд сэлбэг нь чанарын шаардлага хангасан байх үүргийг хариуцагч хүлээнэ. Нэхэмжлэгчийн хувьд чанаргүй сэлбэгээр хийлгэх захиалга өгөөгүй.

Шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчээс ирүүлсэн 2021.5.17-ны өдөр үйлдсэн гар бичвэр баримтад Хятад улсын сэлбэг авсан гэж бичигдсэн... сэлбэгийн чанар, гарал үүслийн талаар зохих мэдээллийг гүйцэтгэгч захиалагчид мэдэгдсэн гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй гэсэн байна. Гэвч энэ дараах байдлаар үндэслэлгүй юм.

а. Хятад Улсаас сэлбэг авч байна гэдэг нь чанаргүй сэлбэг гэх утгыг илэрхийлэхгүй. Дэлхийн 2 дахь том эдийн засаг бүхий улс орныг тэр чигтээ чанаргүй бараа, материал үйлдвэрлэдэг гэж дүгнэх нь үндэслэлгүй дүгнэлт болно. Түүнчлэн, би шүүх хуралдааны явцад гэрчээс Хятад Улсаас зөвхөн чанаргүй сэлбэг ирдэг үү эсвэл чанартай сэлбэг бас байх уу гэдгийг асуухад "Хятад Улсаас чанартай сэлбэг ирэх бүрэн боломжтой, үйлдвэрээсээ хамаарна" гэх байдлаар мэдүүлэг өгсөн. Иймд Хятад Улсаас сэлбэг авахаар бичсэн гэдгийг чанаргүй сэлбэг гэдэг утгаар ойлгож болохгүй.

б. Би шүүх хуралдааны явцад гэрчээс "чанаргүй сэлбэгийг мэргэжлийн бус хүн гаднаас нь хараад мэдэх боломжтой юу" гэж асуухад "мэдэх боломжгүй" гэдгийг хэлсэн. Нэхэмжлэгч нь мэргэжлийн, техникийн хүн биш. Иймд хариуцагчийг чанартай эсвэл чанаргүй сэлбэгээр хийж байгааг мэдэхгүй.

в. Би нэхэмжлэгчийн хүүхэд болох Ц.Д ийг гэрчээр асуулгаж чанаргүй сэлбэгээр ажил хийлгэх захиалга өгсөн эсэх талаар асуухад "эдгээр техникүүдийн хувьд чанаргүй сэлбэг гэж байхгүй, байх боломжгүй" гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Ийнхүү чанаргүй сэлбэг байгаа гэдгийг мэдэхгүй байгаа хүмүүс чанаргүй сэлбэгээр ажил хийлгэх захиалга өгөх боломжгүй билээ.

4.4. Шүүхээс "У.Х " компанийн 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ 2 тракторын өмчлөгч нь "У.Х " ХХК мөн эсэх нь нотлогдохгүй гэх дүгнэлтийг хийсэн. Гэвч тухайн компани өмчлөгч болох нь гэрч М.И , Б.Б , Ц.Д нарын гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Мөн тус 2 тракторт "У.Х " компани нь гадаад улсаас мотор захиалж, авч тавьсан бөгөөд энэ талаарх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мотор худалдаж авсныг шүүхийн шийдвэрийн дээрх хэсэгт "Трактор" гэж алдаатай бичсэн байна. Ийнхүү эдгээр баримтууд нь "У.Х " компани 2 тракторын өмчлөгч гэдгийг харуулах учир тус компанийн 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Иргэний хуульд заасны дагуу энэ төрлийн маргаанд ажлын үр дүнг хүлээж авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэгдэх ёстой гэдэг зохицуулалттай. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд гомдлын шаардлага гаргасан үйл баримт тогтоогддоггүй. Хүлээлгэж өгөөгүй учраас гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаа тоологдохгүй гэж тайлбарлаж байна. Тракторыг анх захиалгад аваачиж өгөөд эвдэрсэн нь үнэн. Эвдэрсний дараа дахин засварлаж, хүлээж аваад сар гаруй хугацаа буюу 45 хоногийн хугацаанд ашиглаж байгаад эвдрэл гарсан мэтээр нэхэмжлэгч тайлбарладаг. Гэрчүүдийн мэдүүлгээр моторыг хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогддог. Ингээд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 6 сарын дотор ямар нэгэн байдлаар трактор эвдэрсэн, ажиллахгүй байна гэх байдлаар гомдлын шаардлага гаргасан үйл баримт тогтоогддоггүй. Анхан шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

5.2. Мөн эхний моторыг засварлах тухай ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч цуцлахаар шаардах эрхгүй тул мөнгө хассан нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдлын үндэслэлээ болгож байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд тус дүгнэлттэй адил байр суурьтай байна.

5.3. Шүүх тракторын эзэмшигч У.Х ХХК биш гэж үзэж, 50,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн тракторын эзэмшигч мөн эсэх нь дан гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй. Гэрчийн мэдүүлэг нь шууд бус нотлох баримтын ангилалд ордог. Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь заагдаж байх ёстой, өөр бусад нотлох баримтаар нотлогдож байх ёстой. Гэрчийн мэдүүлгийг үндэслэн тухайн тракторыг нэхэмжлэгчийн трактор гэж дүгнэсэнгүй гэж давж заалдах гомдолдоо дурдаж байна. Гэрчийн мэдүүлэгт тулгуурлан нэхэмжлэгчийн өмчлөлийн трактор гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэний өмчлөлийн тээврийн хэрэгсэл, машин механизм гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс олгож байгаа өмчлөх эрхийн гэрчилгээгээр дүгнэдэг. Хавтаст хэрэгт энэ төрлийн баримт байхгүй. Анхан шатны шүүх тухайн тракторыг У.Х ХХК-ийн өмчлөлийн машин, механизм, тээврийн хэрэгсэл гэж үзэх нь учир дутагдалтай. Хуульд заасны дагуу трактор нь тээврийн хэрэгсэлд тооцогдож, гэрчилгээ авах машин, механизм гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. У.Х ХХК трактор байхгүйгээс үүдэлтэйгээр трактор түрээсэлж, түрээсийн төлбөр төлж хохирсон гэж маргадаг. Хэрэгт трактор засварласантай холбоотойгоор өөр трактор түрээсэлсэн эсэх үйл баримт байхгүй бөгөөд зайлшгүй трактор түрээслэх нөхцөл байдал үүссэн талаарх нөхцөл байдал тогтоогддоггүй.

5.4. Гар бичмэл дээрх 90 хоногийн хугацаа нь угсарсан мотортой холбогдолтой эвдрэл, гэмтлийг 90 хоногийн хугацаанд хариуцна гэж байгаа бөгөөд гадны нөлөөтэй эвдэрсэн, эсхүл өөрсдөө эвдэлсэн эвдрэлийг 90 хоногийн хугацаанд хариуцна гэсэн үг биш. Нэхэмжлэгч талаас өөрсдөө эвдсэн ч бай, гадны нөлөөтэй эвдэрсэн ч бай 90 хоногийн хугацаанд хариуцах ёстой мэтээр тайлбарладаг. Үгийн шууд утга буюу нөхцөл байдлыг харвал өөрийнхөө угсарсан, гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд моторын угсралттай холбогдуулан 90 хоногийн хугацаа яригддаг. Мотор хариуцагчийн гүйцэтгэлтэй холбоотойгоор эвдэрсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй.

5.5. Анхнаасаа чанаргүй сэлбэгээр хийж өгнө гэж хэлж байсан, тийм учраас тухайн тоног төхөөрөмж эвдэрсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Моторыг Англи, АНУ-аас орж ирж байгаа сэлбэгээр засварладаг эсхүл Хятад Улсаас орж ирсэн сэлбэгээр засварлаж болдог. Хятад Улсын сэлбэг арай хямд байдаг. Хятад Улсын сэлбэгээр хийсэн ажилд ерөнхийдөө баталгаа өгдөггүй гэдэг агуулгатай тайлбарыг гэрчүүд мэдүүлдэг. Нэхэмжлэгч тал Хятад Улсын сэлбэгийг сонгож захиалсны дагуу бид Хятад Улсын сэлбэгээр нь мотор засварласан гэдэг бөгөөд чанаргүй сэлбэгээр хийж өгсөн гэж яриагүй гэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх 2 моторыг 8,000,000 төгрөгөөр засварлахаар харилцан тохиролцсон бөгөөд 2 дахь моторыг засварлахаар 44,700,000 төгрөг авсан боловч тус ажлыг хийж гүйцэтгээгүй тул дээрх төлбөрийг ажлын хөлс болох 4,000,000 төгрөгийн хамт буцаан шаардах эрхтэй хэмээн дүгнэж шийдвэрлэхдээ дараах зөрчил гаргасан.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт заасны дагуу өөрийн татгалзал, шаардлагаа нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт өөрийн олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тусгай мэдлэг шаардагдах үйл баримтыг тогтоох зорилгоор шинжээч томилохоор хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд хэргийн бодит байдлын хүрээнд дараах зүйлийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй.

а. Эвдэрсэн гэх моторт хэдэн төгрөгийн үнэ бүхий хэдэн ширхэг ямар төрлийн сэлбэг хэрэгсэл орсон болохыг тогтоолгох. Хариуцагчийн хувьд Л.Ц өгсөн бүх мөнгөнд БНХАУ-аас сэлбэг хэрэгсэл захиалж тухайн сэлбэгийг 1 дэх моторт зарцуулсан, өөрөөсөө нэмэлтээр 32,000,000 төгрөг гаргасан болохоо тайлбарладаг. Гэвч хэрэгт авагдсан зохигч талуудаас гаргаж өгсөн баримтын хүрээнд 1 дэх моторт хэдэн төгрөгийн ямар сэлбэг хэрэгсэл зарцуулагдсан болох нь тогтоогдоогүй. Уг үйл баримтыг техникийн тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоох ёстой. Хэрэв шинжээчээр тогтоолгохгүй гэж буй тохиолдолд нэхэмжлэгч тухайн моторт бидний өгсөн бүх мөнгийг зарцуулаагүй буюу өгсөн мөнгөөс хэдийг 1 дэх моторт зарцуулсан, хэдийг зарцуулаагүй гэх үйл баримт, шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэг нь хуулиар нэхэмжлэгч этгээдэд хамаарагдах юм.

б. Трактор /мотор/ нь ямар шалтгааны улмаас эвдэрсэн. Өөрөөр хэлбэл мотор нь ашиглалтын буруу горимоос үүдэлтэй эсхүл мотор угсралт боолтоос үүдэлтэй эвдэрсэн эсэх үйл баримтыг тогтоолгох хүсэлт гаргасан. Дээрх ажиллагаа хийгдсэн бол Л.Ц ээс өгсөн гэх бүх төлбөр нь эхний мотор боох сэлбэг хэрэгсэлд зарцуулагдсан болох нь тогтоогдох төдийгүй уг моторын эвдрэл гэмтэл нь угсралт буюу засвар үйлчилгээнээс хамааралгүй нь тогтоогдох байсан. Хэргийн бодит байдлыг тогтоолгох үүднээс хэргийн оролцогчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдоогүй хэмээн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим зөрчсөн төдийгүй хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл юм. Ингэснээр Л.Ц ээс өгсөн бүх мөнгийг сэлбэг хэрэгсэлд нь зарцуулж ажлын хөлс бүү хэл өөрөөсөө 32,000,000 төгрөгийн төлбөр гаргаж засварласан хариуцагч дахин санхүүгийн төлбөрт унаж байхад нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж шударга бус авирлаж байхад шүүх үнэн худал, бодит байдалд ялгаатай хандаж бодит дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна.

6.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2 мотор тус бүрд хэдэн төгрөг өгсөн, 2 дахь моторыг засварлахад авсан төлбөрийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж шаардлага гаргаагүй нь анхнаасаа бодит байдалд 2 дахь моторыг засварлахад мөнгө гэж өгөөгүй байна гэсэн дүгнэлт хийх үндэслэл юм. Түүнчлэн 1 дэх мотортой холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй байхад 2 дахь моторыг засварлах боломжгүй. Анхан шатны шүүх бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн дээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас үнэлж дүгнэлт хийж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Хэргийн 11 дүгээр талаас эхлэн хариуцагчийн бичсэн гар бичмэлийн төгсгөл хуудаст 2 дахь мотор гэж тэмдэглээд сэлбэгийн мөнгө 44,700,000 төгрөг авсан, энэ мөнгөөр Хятад улсын үйлдвэрээс сэлбэг авсан гэдэг байдлаар бичсэн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 30 дахь талд даргалагч шүүгчээс энэ таны гар бичмэл мөн үү гэхэд мөн гэж тайлбарласан. Даргалагчаас асуухад 2 дахь моторыг огт засаж өгөөгүй гэдэг байдлаар тайлбарладаг бөгөөд анхан шатны шүүх хуралдааны 12 дахь талд 2 мотор засуулъя гэхэд нь эхлээд 1 моторыг нь засаж өгнө. Хэрвээ болж байвал дараагийн моторыг засна гэж хэлсэн. Намайг 2 дахь моторыг засаагүй юм уу гэж асуухад тийм гэж хариуцагч өөрөө тайлбарласан. Огт засаагүй гэж байгаа моторт яагаад шинжээч томилох вэ, 2 дахь моторыг засахад зориулж 44,700,000 төгрөг авсан гэж өөрөө гар бичмэлд бичсэн бөгөөд тухайн бичгийг хариуцагч өөрийн бичиг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дахь талын хамгийн сүүлийн хэсэгт зохигч QSX15 маркийн тракторын 1 ширхэг моторыг засварлах ажлыг огт гүйцэтгээгүй тухайд маргаагүй бөгөөд хариуцагч 44,700,000 төгрөгийг эхний моторыг дахин засварлахад шаардлагатай сэлбэгийг худалдан авсан гэж байгаа боловч энэ талаар баримт байхгүй гэсэн. Тиймээс шинжээч томилох шаардлага байхгүй. Хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тэр чигтээ хууль бус болсон гэж үзэж байгаа бол шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, гомдол гаргах байсан. Гагцхүү хангасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гомдол гаргасан. Тэр нь огт гар хүрээгүй мотор учраас шинжээч томилуулах шаардлагагүй. Анх өмгөөлөгч нь хүсэлт гаргахдаа тракторт шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэтэл тракторт байсан хуучин моторыг аваад, оронд нь Канад Улсаас мотор захиж авчруулсан. Шинжээч томиллоо гээд салгаж авсан мотортой холбоотой дүгнэлт гаргахгүй. Анхан шатны шүүхийн шүүгч хариуцагчаас тодруулсан. Гэвч хариуцагчаас моторт шинжээч томилуулах хүсэлтийг дахин гаргаагүй. Түүнчлэн хэнийг шинжээчээр томилуулах гэж байгаа талаараа хүсэлтдээ огт дурдаагүй. Тиймээс шүүх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд тухайн шинжээч томилуулах этгээдийг нэрлэн заасан байх нь чухал. Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт шинжилгээ хийлгэх шийдвэрт юу заах талаар тусгасан бөгөөд тухайн шаардлагыг хангасан хүсэлт гаргасны үндсэн дээр тухайн хуулийн шаардлагад нийцсэн захирамж гарах боломжтой. Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.2-т шинжилгээний төрөл, хэлбэр гэж заасан бөгөөд ямар төрөл, хэлбэртэй шинжээч томилуулах гэж байгаа талаараа хариуцагч тал заагаагүй. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4-т шинжилгээ хийх байгууллагын нэр гэж заасны дагуу нэр дурдаагүй. Хэмжээ, хаяг, байршил зэрэг шинжилгээний объектын талаар мэдээлэх ёстой. Гэтэл 2 трактор гэж байгаа боловч мотороо дурдаагүй, мотор нь хаана байгаа нь мэдэгдээгүй цагт шүүхээс шинжээч томилсон ч ажиллагаа гацах байсан. Гэвч хариуцагч талаас шинжээч томилуулах хүсэлтээ дахин зөвтгөж гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдааны 12 дугаар талд сэлбэг чанартай байсан уу эсхүл чанаргүй байсан уу гэж асуухад хариуцагч хямдхан байсан учраас чанаргүй л байна гэж хариулсан.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Л.Ц нь ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбогдуулан 85,755,010 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч У.Х ХХК нь хохирол 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хариуцагч Т.М т холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Т.М нь 2 тракторын эвдэрсэн моторыг засах, Л.Ц нь ажлын хөлс, сэлбэгийн зардлыг төлөхөөр тус тус амаар харилцан тохиролцсон байх ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан тул тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 9,055,010 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 44,700,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 52,000,000 төгрөг, үүнээс талуудын гэрээнд хамаарах 20,000,000 төгрөг тус тус хариуцагчид шилжүүлсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон.

 

5. Хэрэгт авагдсан баримтуудаар дор дурдсан үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

5.1. Хариуцагчийн зассан эхний мотор эвдэрсэн буюу ажлын үр дүн бүхэлдээ доголдолтой болох нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр түүний үйлдсэн 2021/05/14-нд боосон хөдөлгүүр маань цохисон. Би өөрийн хариуцлагын хүрээнд 32 сая төгрөг гарган ком ээлж сэлбэг, крышка 1 ширхэг тус тус аван дахин боож өгнө гэсэн гар бичмэл баримт, гэрч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

5.2. Улмаар талууд дээрх моторыг дахин засварлахад шаардлагатай хөдөлгүүрийн түлшний систем болох 6 ширхэг форсунк, 4 ширхэг астауторын үнэд нийт 20,800,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Ц төлөх, хариуцагч Т.М нь ком ээлж сэлбэг, крышка 1 ширхэгийг авч 32,000,000 төгрөг гаргахаар тохиролцсон болох нь дээрх бичгийн баримт, мөн талуудын тайлбараар нотлогдож байх ба нэхэмжлэгчээс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

5.3. Гэрч Э.Ц ын мэдүүлэгт ...Бүх солих ёстой байсан эд ангиудыг шинээр сольж тавьсан. Кольц, порш, тахир гол, ком жийрэг гэх зэрэг бүх эд ангиудыг шинээр тавьсан. Сүүлийн мотор дээр очоод компьютер холбоод үзлэг хийхэд тухайн үеийн маслоны даралт хэвийн байсан. Хамгийн дээд талын тагаараа масло хөлөрч байсан. Тэрнээс болж тос гоожиж байна гэж дуудсан байсан. Нэг жийргийг солих шаардлагатай байсан. Өөр асуудал байгаагүй Моторын хэвийн ажиллагаанд нөлөөлөхгүй,

гэрч Б.Г ын мэдүүлэгт ...тахир гол, крышк солигдсон. Сольсон сэлбэг шинэ хайрцагтай ирсэн. 7 дугаар сарын сүүлээр масло тос гоожоод байна гэсэн дуудлага ирсэн. Би явж үзсэн. Тэгэхэд маслоны даралт болон компьютер оношилгоо хийхэд хэвийн ажиллагаатай байсан. Гоожиж байгаа нь тагны жийрэгнээс алдаж байсан. Үүнийгээ солиод ажиллууллаарай гэж хэлээд явсан гэж тус тус мэдүүлсэн ба эдгээр гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгээгүй байна.

 

6. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний захиалагч талын гаргах 3 төрлийн шаардлагын талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 352.2.1-д заасан гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах шаардлагыг хариуцагчид гаргасныг хариуцагч хүлээн авсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

6.1. Дээрх гэрч Э.Ц , Б.Г нарын мэдүүлгүүд болон хариуцагчийн тайлбараар тус моторт кольц, порш, тахир гол, ком жийрэг зэрэг сэлбэг тавигдсан бөгөөд моторт үүссэн тос гоожих доголдол нь эдгээр сэлбэгтэй холбоогүй болох нь нотлогджээ. Иймээс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр сэлбэгийн үнэд төлсөн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардсан нь үндэслэлгүй.

6.2. Нэхэмжлэгч гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Учир нь, захиалагчийн гаргасан шаардлагыг хариуцагч биелүүлж, ажлын үр дүнгийн доголдлыг арилгасан байна.

 

7. Харин нэхэмжлэгчээс анх эхний моторын сэлбэгийн үнэд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 9,055,010 төгрөгөөр хариуцагч сэлбэг авсан нь тодорхойгүй, тухайн ажлын үр дүн бүхэлдээ доголдолтой учир нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний энэ хэсгийг цуцалж, ажлын хөлс болон сэлбэгийн зардалд шилжүүлсэн 17,055,010 (8,000,000+9,055,010) төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй.

 

8. Хоёр дахь моторын хувьд, нэхэмжлэгч нь сэлбэгийн үнэд 44,700,000 төгрөг шилжүүлсэн болох нь хоёр дахь мотор сэлбэгийн үнэ 44,700,000 төгрөг хүлээн авсан, энэ мөнгөөр Хятад улсын үйлдвэрээс сэлбэг авсан гэх гар бичмэл баримт болон 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 44,700,000 төгрөг мотор сэлбэг гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн дансны хуулгаар нотлогдсон. Хариуцагч уг моторт засвар үйлчилгээ хийгээгүй тул нэхэмжлэгчээс сэлбэгийн үнэд шилжүүлсэн 44,700,000 төгрөг, ажлын хөлс 4,000,000 төгрөгийг тус тус хариуцагч буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

9. Түүнчлэн нэхэмжлэгч У.Х ХХК-ийн хувьд ажил гүйцэтгэх гэрээг хариуцагчтай байгуулаагүй тул газар тариалангийн ажилд өөр этгээдээс трактор түрээсэлж учирсан хохирол гэх 50,000,000 төгрөгийг хариуцагчаас төлөхийг шаардсан нь үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан нь гэрээгээр үүрэг хүлээсэн этгээдэд хамааралтай болно.

 

10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Хариуцагч талаас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлт нь тракторын эвдрэл гэмтэл, гэмтлийн шалтгаан, тавьсан сэлбэг хэрэгслийн тоо ширхэгийг тогтоох агуулгатай тул шүүх хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин гаргасан хүсэлтэд мотор янзлуулж угсруулах үйлчилгээ хийлгэсэн трактор нь ажиллаж буй эсэх, ажиллахгүй байгаа бол ямар шалтгааны улмаас эвдэрсэн, Т.М ын дээрх тракторын засаж угсарсан гэх моторт буруу угсарсан, эсхүл эвдрэл гэмтэл гарахад нөлөөлсөн өөр хүчин зүйл байгаа эсэх, уг трактор нь ашиглалтын буруугаас болж эвдэрсэн байх боломжтой эсэх, Т.М ын уг тракторт хийсэн бараа материалын үнэ, төрөл, тоо ширхэг хэмжээг тодорхойлох гэж дурдсан ба шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/20830 дугаар захирамжид өмнө хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр гэж үзэж хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй. Тодруулбал маргааны зүйл трактор бус түүнд тавьсан мотор байхын зэрэгцээ хариуцагч өөрөө сэлбэгийн нэр төрөл, тоо хэмжээ, үнийг тодорхойлж худалдан авсан тул энэ талаарх баримтыг өөрөө гаргаж өгөх боломжтой, тусгай мэдлэг бүхий этгээдээр тогтоолгох нөхцөл байдалд хамаарахгүй болно. Түүнчлэн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд дахин гаргасан шинжээч томилуулах хүсэлт нь дээрх хүсэлтүүдтэй агуулга ижил буюу тракторыг яг ямар шалтгааны улмаас эвдэрсэн, илүү цагаар ажиллуулж байгаад эвдэлсэн үү, буруу горимоор ажиллуулж байгаад эвдэлсэн үү гэх нарийн шалтгааныг тогтоох гэж тайлбарласан байх тул шүүх уг хүсэлтийг хангахгүй орхисон нь зөв болжээ. Шүүгчийн захирамжид хариуцагч талыг хүсэлтээ тодруулан дахин гаргах эрхтэйг тайлбарласан байна.

Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Л.Ц ийн нэхэмжлэлийн шаардлагыг 65,755,010 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01149 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 48,700,000 гэснийг 65,755,010 гэж, 37,055,010 гэснийг 20,000,000 гэж, 2 дахь заалтад 401,450 гэснийг 486,725 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 401,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА