Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 107

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Хохирогч Ө.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Г-,

Шүүгдэгч Э.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон Энх-Одын Э.Г-т холбогдох эрүүгийн 1818008760047 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э.Г-, 1995 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дархан-Удган” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 11-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рояал зочид буудал дотор иргэн Ө.Б-тай маргалдан түүнийг хөлөөрөө хавсарч унагаан эрүүл мэндэд нь “баруун шагайн гадна хавчаар ясны далд хугарал, завжны салстын өнгөц язрал, шилбэ, шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Э.Г-ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой би Б гэж найзтайгаа утсаар яриад Ноёд караокед уулзаад хүний 4 шил пиво уугаад 00 цагийн орчим Роуал зочид буудалд ороод нэг өрөө аваад архи ууж сууж байгаад 03 цагийн орчим гэртээ харих гэж гарч яваад буудлын гадна талын шатан дээр танихгүй ахтай тааралдаад тамхи байна уу гэж асуусан чинь тэр ах чамд би яасан гэж тамхи өгдөг юм бэ гээд миний цээж рүү түлхээд цаашаа буудал руу яваад орсон. Тэгэхээр нь би араас нь дагаж ороод та намайг яасан гэж түлхэж байгаа юм бэ, би яасан юм бэ гэж асуусан чинь тэр Ө.Б- гэж ах миний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Тэгэхэд миний хиймэл шүд аман дотроос сугараад газар унасан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гэж хэлээд тэвэрч аваад баруун хөлөөрөө мордоод  унагахад бид давхардаад газар унасан. Тэгсэн чинь Ө.Б- гэж тэр ах унаж босож ирээд миний хөл эвгүй болчихлоо гээд цагдаа дуудсан юм гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ө.Б-ын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 11-ны шөнө 23:50 цагийн үед Улаанбаатар хотоос Дарханд орж ирхэд манай О “Royal’ зочид буудлын 208 тоот өрөөнд байна хүрээд ирээч гэж хэлэхээр нь би яваад очход манай найз Очгэрэл ганцаараа согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би найзыгаа сэрээгээд хамт явж байсан ажлын хоёр найз болох Ц, Г бид дөрөв хамт суугаад нэг шил архи хувааж уугаад сууж байхад хаалга тогшихоор нь би хаалга онгойлгоод харахад нэг танихгүй залуу зогсож байсан. Тэр залуу ахаа тамхи байна уу гэж асуусан тэгэхээр нь би надад тамхи байхгүй гэж хэлэхэд тэр залуу тамхи үнэртээд байна шүү дээ нэг ширхэг тамхи өгчихөөч гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “чамд тамхи өгөх албагүй биз дээ” гэж хэлээд хаалгаа хаасан юм. Ингээд шөнө 03 цагийн орчим найз Ц хүргэж өгөхөөр гадагш гараад буцаад Royal зочид буудлын урд ирtхэд үүдэн дээр надаас тамхи асуусан залуу бас нэг танихгүй залуутай хамт зогсож байсан бөгөөд тэр залуу надаас -за ах хүү одоо тамхитай болсон байлгүй дээ нэг ширхэг тамхи өгчих” гэсэн. Тэгэхээр нь би надад тамхи байхгүй, би чамд тамхи өгөх албагүй биз дээ муу мангар бацаан минь гэж хэлээд тэр залууг цээж рүү нь нэг удаа түлхээд буудал руу ороход тэр залуу миний араас дагаж орж ирээд надтай маргалдаад бид хоёр барилцаж авахад хамт явж байсан залуу нь салгах гээд хажуугаар орж ирэх үед надаас анх тамхи асуусан Э.Г- гэх залуу намайг хавсраад унагаасан юм. Тухайн үед миний хөл эвгүй болчихсон. Би энэ хэргээс болоод 2 сар хэвтэрт хэвтсэн бөгөөд 2 сарын зээлийн төлбөрөө нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Гэрч Л.Э өгсөн: Намайг ажилтай байхад шөнө 03 цагийн орчим буудлын үүдэнд хоёр залуу хоорондоо маргалдаад буцаж буудал руу орж ирээд маргалдаж байгаад хоёулаа газар унасан бөгөөд унаж босож ирээд арай тарган өндөр залуу нь чи миний хөлийг эвгүй болгочихлоо шүү дээ гээд өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. Би тухайн үед шөнө дунд байсан болохоор нойр хүрээд юунаас болж маргалдсаныг нь сайн мэдээгүй. Хоорондоо юу гэж ярьж байсныг нь би бас сайн санахгүй байна. Тэгээд удалгүй цагдаа ирээд тэр хоёр залууг аваад явсан гэх мэдүүлэг /хх 13/,

            Гэрч Б.Б өгсөн: Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой би А-, Б- хоёртой Ноёд караокед сууж байхад Э.Г- ирсэн юм. Бид нар караокед хүний 4 шил пиво уугаад 23 цагийн орчим гараад хажуугийн Рояал зочид буудал руу ороод 2 давхарт өрөө аваад А-, Б-, Э.Г- бид дөрөв нэг шил архи уусан бөгөөд архи ууж байхад А-, Б- хоёр унтсан. Би шөнө 02 цагийн орчим гэртээ харих гээд гараад явсан. Э.Г- өрөөнд үлдсэн юм. Ингээд би маргааш нь Э.Г-тэй утсаар ярьхад өчигдөр буудлын үүдэнд нэг танихгүй залуутай маргалдаад давхардаад унасан чинь хөл нь хугарсан юм шиг байна би өөрөө эрүүлжүүлэхэд хоносон гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх 14/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1132 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Ө.Б-ын биед баруун шилбэ ясны битүү хугарал, завжны салстын өнгөц язрал, шилбэ, шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохигдох, эвгүй дарж унах зэрэгт үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх 22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Ө.Б-ын биед тухайн үед баруун шагайн гадна хавчаар ясны далд хугарал, завжны салстын өнгөц язрал, шилбэ, шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн ээрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1132 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Өмгөөлөгчөөс шинжээчид тавьсан асуулт:

1, 2, 4.Ө.Б-ын биед баруун шагайн гадна хавчаар ясны далд хугарал гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь тухайн хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд хэрэг болохоос өмнө авсан гэмтэл сэдэрсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

5.Ө.Б- өөрийн биеэр ирээгүй тул гэмтлийн улмаас ясны мурийлт үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

6.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулна.

7.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.110-н 1-3 дахь хэсгийн аль ч заалтад хамаарахгүй.

8.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

9.”Саран-Элит” клиник эмнэлгийн 2018.11.13-ны өдрийн баруун шагайн үе тавхайн эгц ба хажуу байрлалын рентген зураг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн 2018.11.30-ны өдрийн баруун шагайн үе, тавхайн рентген зургуудад баруун шагайн үе, тавхайн рентген зургуудад баруун шагайн гадна хавчаар яс хугаралтай байна гэжээ /хх 28-29/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж  шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Хохирогч Ө.Б- нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн ба энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй нь хохирол гаргуулах боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч Э.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Э.Г- нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 43-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Г-т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг хоёр сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 225 000 /хоёр зуун хорих тав/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Э.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Хохирогч Ө.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ