Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01209

 

 

 

 

 

 

  2024  06  07  210/МА2024/01209

 

 

О.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/01241 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г т холбогдох

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өнөболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00851 дугаар шийдвэрээр А.Х ХХК, О.Г- нараас 224,805,338 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан төлбөр төлөгч А.Х ХХК, О.Г- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан Д.Э-гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр ** тоот хаягт байрлах, 73.1 м.кв талбайтай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 248,500,000 төгрөгийн 70 хувь болох 173,950,000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр байр зоорийн давхарт байрлах, 200 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 361,900,000 төгрөгийн 70 хувь болох 253,330,000 төгрөгөөр тус тус анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутанд тус газрын 200 тоот өрөөнд зохион байгуулах тухай 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-151/25527 дугаар мэдэгдлээр танилцуулсан.

1.3. Дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулахаас 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлэхээр заасныг зөрчсөн тул тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.

Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/7 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Төлбөр төлөгч А.Х ХХК, О.Г- нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Э-, О.Г- нарын өмчлөлийн, эрхийн улсын *** дугаартай, Сүхбаатар дүүрэг, **дугаар хороо, Бага тойруу гудамж, * *дугаар байр ** тоот хаягт байрлах, 73.1 мкв талбайтай орон сууц, эрхийн улсын *** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Их тойруу, ** дугаар байр зоорийн давхарт байрлах, конторын зориулалттай, 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үнэлгээ тогтоолгосон.

2.2. Гэтэл өмчлөгч Д.Э- үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17681 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Мөн шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2055 дугаар шийдвэрээр Д.Э-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

2.3. Үүний дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/7 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр явуулах болсон тул 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-151/25527 дугаар мэдэгдлээр талуудад болон өмчлөгч нарт мэдэгдсэн.

2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04-151/25714 дугаар албан бичгээр улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монголын мэдээ сонин болон тус газрын цахим хаягаар нийтэд мэдээллэсэн.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХК-тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байна. Нэхэмжлэгч үнэлгээнд гомдол гаргасныг шүүх 2023 оны 06 дугаар сард хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа дуудлага худалдаа зарлахад төлбөр төлөгч дахин гомдол гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Н.Ш.Ш.Г.Г т холбогдуулан гаргасан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/7 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай О.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

  5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/01241 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст заасан мөнгөн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байгаа учир давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О.Г- нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Г т холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/7 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХК нь хариуцагчийн тайлбарыг дэмжсэн байр суурь илэрхийлжээ.

 

3. Нэхэмжлэгч нь ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргасан байх ба ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/58 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан, мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол үндэслэлтэй тухай ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23/3360 дугаар хариуг тус тус үндэслэн шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00851 дугаар захирамжаар А.Х ХХК, О.Г- нар 226,805,338 төгрөгийг хуваарийн дагуу Худалдаа хөгжлийн банк ХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

5. Н.Ш.Ш.Г.Г нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2022/10274 дугаар захирамж, 181/ГХ2022/00793 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн явуулжээ.

5.1. Барьцаа хөрөнгө болох Д.Э-, О.Г- нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Бага тойруу гудамж, **дугаар байр, ** тоот хаягт байрлах, 73.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Д.Э-гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Их тойруу гудамж, ** дугаар байр, зоорийн давхарт байрлах, конторын зориулалттай, 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр битүүмжилж, хураасан ба эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна.

5.2. Түүнчлэн хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч, төлбөр авагч нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шинжээч томилсон, шинжээч Файн эстимэйт ХХК-аас орон сууцыг 248,500,000 төгрөгөөр, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 361,900,000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн талаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/02055 дугаар шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг мөн шүүх зөв дүгнэжээ.

 

6. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/7 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор шинжээчийн тогтоосон орон сууцны үнэ 248,500,000 төгрөгийн 70 хувь 173,950,000 төгрөгөөр, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 361,900,000 төгрөгийн 70 хувь 253,330,000 төгрөгөөр тус тус дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, дуудлага худалдааг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр явуулахаар шийдвэрлэжээ. Уг тогтоолын талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4-151/25527 дугаар мэдэгдлээр мэдэгджээ.

6.1. Дээрх тогтоолд дуудлага худалдааны санал болгох үнийг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

6.2. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04-151/25714 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус тогтоолыг хүргүүлсэн, Монголын мэдээ сонины 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181 /5909/ дугаарт дуудлага худалдааны жагсаалтын 7, 8-д нийтлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт нийцсэн талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч Н.Ш.Ш.Г.Г т холбогдуулан гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт тодорхойлсон иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний нэг төрөл бөгөөд талууд уг ажиллагааг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, шүүхэд тус тус гомдол гаргах журмыг мөн хуулийн 44.3, 44.4 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Иймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт төлбөр төлөгчийн гомдол гаргах эрхийг тодорхойлсон дээрх зохицуулалтыг тусгах нь оновчтой тул дуудлага худалдаа зохион байгуулах этгээдэд холбоотой дээрх хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримталсан алдааг залруулж, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/01241 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...66 дугаар зүйлийн 66.1... гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА