Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 116

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Ш.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Б-т холбогдох эрүүгийн 1918000250066 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш.Б-, 1981 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,.   

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 39-08 тоотод Б.М-тай маргалдан толгойн тус газар нь архины шил шидэж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, духны шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ш.Б-ийн өгсөн: Би Шарын гол сумын Хайрхан багийн 39-08 тоотод ганцаараа амьдардаг. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр миний танил Б.М- бид 2 манайд хоночхоод өглөө 09 цагийн үед сэрчхээд телевизор үзээд   хэвтэж байгаад хоол хийж идье. Маргааш чи хот явах гэж байгаа юм чинь сүүлчийн удаа архи ууя үүнээс хойш дахиж архи уухгүй гэж хэлсэн. Гэтэл Б.М- надад 8 000 гаруй төгрөг өгөхөд нь өөрт байсан задгай мөнгийг авч гараад дэлгүүрээс Түмний хишиг нэртэй архи авч ирсэн. Тэгээд бид хоёр архиа хувааж ууж байхдаа би сүүлчийн удаа архи ууж байгаа юм чинь гээд өөртөө хийгээд уугаад байсан чинь Б.М- тавьж уугаач гэсэн. Би нэлээн согтоод Б.М-г хардаад хэрүүл маргаан хийгээд ууж байсан архины шилээ аваад Б.М- руу шидэж байснаа санаж байна. Тэгсэн Б.М-гийн нүүр нь цус болчихсон байхаар нь би айгаад орон дээрээ очоод хэвтэж байгаад унтчихсан байсан. Хэсэг хугацааны дараа сэрсэн чинь Б.М- байхгүй байсан. Тэгээд намайг хэвтэж байхад гаднаас Б.М- 2 дүүгийнхээ хамт орж ирээд удалгүй араас нь цагдаа орж ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч Б.М-гийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос ээж дээрээ ирээд байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хаяа утсаар ярьж уулздаг байсан Ш.Б- гээд залуутай хамт Хайрхан багийн 39-08 тоотод тэдний гэрт хоночхоод өглөө 09 цагийн үед сэрээд телевизор үзээд хэвтэж байгаад хоол хийж идье би маргааш явах гэж байгаа юм чинь хоёулаа цаашдаа яах уу хамтдаа нэг гэрт орж амьдрах юм уу ярьж сууя гэж хэлсэн. Тэгсэн Ш.Б- дэлгүүр явж Түмний хишиг нэртэй 750 граммын нэг шил архи авч ирээд бид хоёр хувааж уугаад сууж байсан. Тэгсэн Ш.Б- гэнэт юм ярьж байснаа намайг хардаад хэрүүл маргаан хийгээд байхаар нь би сууж байсан сандал дээрээс босоод цонхны хажууд очоод зогсож байсан чинь Ш.Б- ууж байсан архины шилээ аваад над руу шидсэн. Тэгэхэд миний толгойны зүүн нүдний дээд хэсэгт оноод цус гарахаар нь би угаалтуур руу очоод цэвэрлэж байхад араас Ш.Б- ирэхээр нь би өөрөө цэвэрлээд угаачихъя гэж хэлсэн чинь цаашаа яваад орон дээр гараад унтчихсан байсан. Тэгэхээр нь би нүүр гарын алчуураар шархаа дараад гэрээс гарч Цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх 6/,

Гэрч Б.М- өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед Шарын гол сумын Хайрхан багийн 12-29 тоотод ээжийнхээ гэрт эгч Б.М-гийн хүүхэд бид хэд байж байсан чинь гаднаас миний төрсөн эгч Б.М-гийн нүүр гар нь цус болчихсон зүүн нүдний хөмсөг зовхи орчмоос нь цус гарчихсан нүдний шил зүүчихсэн орж ирсэн. Би юу болсон талаар асуухад Ш.Б-тай хамт архи ууж байгаад намайг өөр хүнтэй хардаад ширээн дээр байсан архины шилийг аваад шидсэн чинь миний толгой хөмсөг орчимд оноод ийм болчихлоо гэж хэлсэн. Б.М- эгчийн хүү болох А- хамт Хайрхан багийн 39-08 тоотод очсон чинь шал нь цус болоод арчиж цэвэрлэсэн мөн паарны хажууд цус болсон байсан гэх мэдүүлэг /хх 11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

"1.Б.М-гийн биед зүүн нүдний зовхи, духны шархнууд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Б.М-гийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх 16/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж  шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.  

            Хохирогч Б.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ш.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Ш.Б- нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 25-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ