| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 153/2015/00281/и |
| Дугаар | 85 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 85
Г.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2016/00243 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Дарви сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Дарви сумын ******* багт оршин суух Бөхцагаан овогт Эрдэнэ-Очирын *******д холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ж.*******, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хөрөнгө гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Би нөхөр Э.*******тай 2013 онд танилцаж, гэр бүл болсон. Бид хамт амьдарч байх хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр охин М.******* төрсөн. Гэр бүл болсон эхний жилүүдэд бид бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд манай нөхөр Э.******* нь архи уусан үедээ болон эрүүл байхдаа ч дарамталж зоддог болсон бөгөөд намайг гаргахгүйгээр хаалгаа түгжиж байгаад толгой, цээжрүү өшиглөж зодсон. Охин М.*******ийг мөн шидэж зодсоноос болж тархи нь хөдөлж, хамраас нь цус гарч байсан. Миний хувьд хүүхдээ бодож тэсэж амьдарч ирсэн. Одоо энэ хүнтэй үүнээс хойш хамт амьдарч чадахгүй. 2014 оны 09 дүгээр сарын 25-нд намайг Э.******* зодож, хэл амаар доромжилсноос болж би ээж аав дээрээ очиж, тусдаа амьдарсан. Тэгээд дахин эвлэрэхдээ сумын хэсгийн цагдаа, хоёр талын эцэг эхийнхээ хамт сууж, хурал хийж, Э.******* нь дахин зодохгүй гэж амлалт өгөөд 2015 оны 03 дугаар сард бид нийлсэн боловч 2 сарын дотор удаа дараа намайг зодож дарамталсан. Одоо бид тусдаа амьдраад 1 жил болж байна. Миний амь насанд аюул учруулж болзошгүй байх тул Э.*******ас гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй охиноо өөрийн асрамжид авч, Э.*******ас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид нарын дунд гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж байхгүй. Э.******* нь хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй, охиныг Э.Мянганжадамбын эцэг эх нь хардаг байсан. Иймд Э.*******ас гэрлэлтээ цуцлуулж, охин М.*******ийг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж, анх гэр бүл болоход манай ах дүү нараас өгсөн эд хөрөнгө болох тольтой сервант 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, 2 хүний ор 1 ширхэг, 4х4 хэмжээтэй хивс 1 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, 1,9х2 хэмжээтэй хивс 1 ширхэг, сандал 2 ширхэг, оёдлын машин 1 ширхэг зэрэг эд зүйлийг авах хүсэлтэй байна. Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Э.*******ас дундын эд хөрөнгө гэх нэр бүхий эд хөрөнгүүд, сэтгэл санааны хохиролд 6,000,000 төгрөг, сарын цалин 700,000 төгрөг, гар утасны үнэ 150,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: Миний бие эхнэр Г.*******тай 2013 онд гэр бүлж ******* охинтой болоод сайхан амьдарч байсан. Гэтэл эхнэр болон хадам ээж мөн хадам эгчийн харьцаанаас болж бидний гэр бүл салахад хүрч байна. Миний хувьд эхнэрээ дарамталсан юм байхгүй. Харин миний ээжийг алгадаж аавд салаавч өгсөн. Би хөшөөтийн уурхайд ажилладаг. Г.******* намайг үндэслэлгүй гүтгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний хувьд эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэж амьдарч байгаа цаашид хүүхэд, эхнэрийн хамт амьдрах хүсэлтэй байна гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2016/00243 дугаар шийдвэрээр: “1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бөхцагаан овогт Эрдэнэ-Очирын *******, ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин М.*******ийг эх Г.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.*******ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.*******ар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.*******ад даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6.Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж, нэхэмжлэгч Г.*******ыг гэр бүл болоход зориулж өгсөн эд хөрөнгө болох тольтой сервант 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, 2 хүний ор 1 ширхэг, 4х4 хэмжээтэй хивс 1 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, 1,9х2 хэмжээтэй хивс 1 ширхэг, сандал 2 ширхэг, оёдлын машин 1 ширхгийг хариуцагч Э.*******ас гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгосугай.
7.Нэхэмжлэгч Г.******* нь Э.*******ас дундын эд хөрөнгө болох 7 ханатай гэр 1 ширхэг, мөлхөө тавилга 1 ширхэг, телевизор 1 ширхэг, хувцасны шүүгээ 1 ширхэг, 2 сандалтай буйдан ор 1 ширхэг, гоозуур 1 ширхэг, хоолны шүүгээ 1 ширхэг, 4х3 хэмжээтэй хивс 2 ширхэг зэрэг эд хөрөнгүүд, сэтгэл санааны хохиролд 6,000,000 төгрөг, сарын цалин 700,000 төгрөг, гар утасны үнэ 150,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн дүгнэлт гарахтай холбогдуулан шүүхээс гарсан зардал 283,600 төгрөгийг хариуцагч Э.*******ас гаргуулж, Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын төрийн сангийн 160005001 дугаартай дансанд оруулсугай.
9.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ө.Мөнхцэцэгт даалгасугай.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгосугай.” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар гэр бүл цуцалсанд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлсэнгүй. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Э.******* нь Г.*******ад хөнгөн гэмтэл учруулаагүй бөгөөд нэхэмжлэгч Г.******* нь 2015 оны 08 дугаар сарын 03-нд хөнгөн гэмтэл авсныг нотолсон баримт юм. Энэ цаг хугацааны үед Э.*******, Г.******* нь уулзаагүй,тусдаа байсан байхад шүүх гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хариуцагч бага насны хүүхэдтэй, гэр бүл цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэг авах хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх хэтэрхий нэг талыг барьж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авах үүрэгтэй байтал гэр бүл цуцлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн охин *******ийг Г.*******ын асрамжид үлдээсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Г.******* нь эгчтэйгээ дэлгүүрийн амрах өрөөнд амьдардаг. Хүүхдийн амьдрах орчинд архи, согтууруулах ундаа байнга худалддаг бага насны хүүхэд асран хамгаалж байгаа нь амгалан тайван байдал алдагдуулсан орчинд байгааг харгалзан үзсэнгүй. Гэрлэгчдийн ахуйн нөхцөл бололцооны талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх анхаарч үзээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боложгүй байна.
Нэхэмжлэгч Г.******* нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, өмчлөлийн хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Э.*******д холбогдуулан гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж гомдлын үндэслэлээ “...Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гэрлэлтийг цуцлах үед гэрлэгчид хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг эхнэр нөхрийн хэн нь тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцоогүй, хүүхдийн асран хамгаалалтын талаар маргаан гарсан байхад, шүүх хэрэгт цугларсан талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэхдээ хүүхдийн нас, эцэг эхийн халамж, тэдгээрийн ахуй нөхцөл, бололцоо, хувийн байдал зэрэгт бодитой үнэлэлт дүгнэлт өгч, хүүхдийн хууль ёсны ашиг сонирхолын үүднээс түүний эрүүл аюулгүй орчинд аж төрөх,эсэн мэнд бойжих боломжийг харгалзан үзсэнгүй” гэжээ.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд өмчлөлийн хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Э.******* нь эхнэр Г.******* охин М.*******ийг асарч, сувилах харж хандах сонирхол багатай, надтай муудалцаад гэрээсээ гарахдаа хөхүүл хүүхдээ авч гардаггүй, охиндоо хайрамжгүй ханддаг, үсчний хажуугийн өрөөнд байлгаж ажлаа хийдэг нь хортой нөхцөлд хүүхдийг байлгаж байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хор хохиролтой тул түүний асрамжид охин М.*******ийг үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх тайлбарын үндэслэлээ шүүхэд нотлох баримтаар нотлож чадаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл охин М.******* нь хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө эх Г.*******ын асран хамгаалалтанд байсан талаар талууд маргаагүй. Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан “...хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, болоцоо, ёс суртахууны байдал,хүчирхийлэл үйлдсэн эсхийг нь харгалзан хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх...” байтал хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзахгүйгээр эх Г.*******ын асрамжид охин М.*******ийг үлдээж шийдвэрлэлээ гэж хариуцагч маргаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар “Эцэг эх байх эрхийг хязгаарласан”, 29 дүгээр зүйлд “эцэг,эх байх эрх хязгаарласныг хүчингүйд болсонд тооцсон”, 30 дугаар зүйлд “Эцэг эх байх эрхийг хасах” тухай эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан байх бөгөөд хуулийн энэ зүйл заалтад заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд хуульд заасан үндэслэлээр зохих этгээдийн хүсэлтээр хүүхдийн асрамжийг шүүх өөрчилж болохыг хуульчилсан байдаг. Эх хүнийх нь хувьд Г.*******ын хэрэгжүүлэх эрх үүргийг дээрх хуулиудад заасан үндэслэлээр шүүхээс хязгаарлаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ...эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчид энэ талаар харилцан тохиролцоогүй байна. Энэ тохиолдолд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан үндэслэлийн дагуу асуудлыг шийвэрлэхээр зохицуулжээ.
Хариуцагч Э.Мянганжадамбын тайлбарт дурдсан үйл баримтууд нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2016/00243 дугаар шийдвэрээр охин М.*******ийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг өөрчлөх үндэслэл болохгүй байхаас гадна хэрэгт авсагдсан баримтуудаар эх Г.******* нь дээрх Гэр бүлийн тухай хуульд заасан “хүүхдийн асрамжтай холбоотой эрх, үүргээ биелүүлээгүй санаатайгаар зайлсхийсэн, хүүхэдтэйгээ удаа дараа харгис, хэрцгий харьцсан, үр хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, эсхүл ийм чадваргүй болсон, хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, гуйлгачлуулсан,орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан зэрэг хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш нөхцөл байдал, үйл ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг хохироосон нь тогтоогдоогүй байх тул хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн нөхцлийг өөрчлөх үндэслэлгүй байна гэж үзэв.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй” бөгөөд охин М.******* бага насны хүүхэд тул эцэг эхийнхээ хэнтэй нь хамт амьдрах талаар саналаа илэрхийлэх боломжгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар эцэг,эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн охин М.*******ийн асрамжийн асуудлыг шүүх хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.Анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой,үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж дүгнэж гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлаж, охин М.*******ийг эх Г.*******ын асрамжид үлдээж, эх хүүхдийн нандин холбоог таслахгүй, хүүхдийг эхийн асран хамгаалтанд байлгаж, эрүүл аюулгүй орчинд өсөж хүмүүжих, сурч боловсрох, нөхцөл бололцоог чухалчлан үзэж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д, гэрлэлт цуцлахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан зохицуулалтанд нийцсэн байна.
Гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг хэрэгжүүлээгүй, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар зохицуулсан урьдчлан шийдвэрлэх нөхцөлийг хангаагүй” гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлалын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байх тул тэдний давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2016/00243 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД С.ӨМИРБЕК
Н.ТУЯА