Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 19

 

Н.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Батзориг

                                                         Ц.Амаржаргал

Прокурор                                        С.Баттамир

Ялтан                                              Н.Б-

Ялтны өмгөөлөгч                           П.Буманзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгчийн бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Норовсамбуугийн Б-од холбогдох эрүүгийн 201609000596 тоот 2 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1954 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байсан, ам бүл 1, Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 2 дугаар гудамж 10б тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй урьд:

- Шарын гол хотын ардын шүүхийн 1989 оны 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн гэх хэрэг хариуцах чадвартай, Еөншөөбү овогт Норовсамбуугийн Б- нь 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Цайдамын хөндий гэх газарт 2169 УНТ улсын дугаартай “Тоёото Приус 10”  маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа эсрэг урсгал руу орж А.Одсүрэнгийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан 1559 ДАХ улсын дугаартай “Исүзү” маркийн ачааны автомашины зүүн хойд талын дугуйг мөргөж улмаар ард нь явж байсан Б.Цэрэндоржийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан 1293 ХӨВ улсын дугаартай “Ниссан пресаж” маркийн машиныг мөргөж зам тээврийн осол гаргаж Н.Б-ын машин зорчиж явсан П.Мандах нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Н.Б-од холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Н.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жил хасаж, 3 жил 1 сарын хорих  ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ялтны өмгөөлөгч П.Буманзаяа шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Н.Б- нь зам тээврийн ослын улмаас баруун өвдөг болон гуяандаа хугаралтай ба эмчилгээ хийлгэсэн боловч эдгэрэлт удаан гэмтлийн эмнэлгийн зүгээс нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай, эмчилгээ хийлгэхгүй бол баруун хөл нь ямар ч ажиллагаа, мэдрэмж байхгүй болно гэсэн бөгөөд одоо 2 суга таягтай явж байна. Н.Б- нь улсад 40 жил уул уурхайд ажилласан, мэргэжлийн “хайрст үлд” өвчнөөр өвчилсөн, одоогийн байдлаар энэ өвчин хүндэрч өвчний 4 дүгээр үед орсон хурдан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.  Н.Б- нь 63 настай, биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа бөгөөд ялыг биечлэн эдлэх  боломжгүй байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Давж залдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч П.Буманзаяа: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийн талаар маргах зүйл байхгүй ээ. Харин Н.Б- нь олон жил уул уурхайд ажилласны улмаас мэргэжлээс шалтгаалах “хайрст үлд” өвчтэй болсон энэ өвчин одоо хүндэрч 4 дүгээр үедээ орсон тогтмол эмчилгээ шаардлагатай байгаа бөгөөд энэ ослын улмаас баруун өвдөгний яс нь бяцарч хугарсны улмаас бүрэн эдгээгүй одоо 2 суга таягтай явж байна. Түүний биеийн эрүүл мэндийн байдал болон хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтан Н.Б- мэдүүлэхдээ: Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Одоо миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ялыг өөрчилж өгнө үү. Би хорих ялыг биечлэн эдлэх боломжгүй байна. Энэ ослын улмаас миний хөлийн яс хугарч одоо бүрэн эдгээгүй цаашид эмчлүүлэх шаардлагатай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор С.Баттамир тайлбар, дүгнэлтэндээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангасан, Н.Б-ын хохирлыг төлсөн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Ял шийтгэлд саналгүй гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Н.Б- нь 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02:00 цагийн орчим Улаанбаатар хотоос Дархан хот руу өөрийн эзэмшлийн “Тоёото приус 10” маркийн суудлын 2169 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Цайдамын хөндий хэмээх газарт замын эсрэг урсгалд орж Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн “Исүзү” маркийн ачааны 1559 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан А.Одсүрэнгийн машины зүүн хойд талын дугайг мөргөж улмаар Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн “Ниссан пресаж” маркийн суудлын 1293 ХӨВ улсын дугаартай машиныг жолоодож замын хөдөлгөөн оролцож явсан Б.Цэрэндоржийн машиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн машинд зорчиж явсан П.Мандахын амь насыг хохироож, Б.Цэрэндоржийн машинд зорчиж явсан Ж.Алтанцэцэгийн биед хөнгөн, Б.Эрдэнэбатын биед хөнгөн, Б.Цэрэндоржийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Н.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж дүгнээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч П.Буманзаяа шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо ялтан Н.Б-ын биеийн эрүүл мэндийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн арилгасан байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлын үндэслэл гаргасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ялтны өмгөөлөгч П.Буманзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Н.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.1а “...хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.”,  2 дугаар бүлэг 2.3б  ”Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9 дүгээр бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргасан гэм буруутай болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон, гэмт хэргийн улмаас түүний машин зорчиж явсан П.Мандах нас барж, жолооч Б.Цэрэндоржийн машинд зорчиж явсан Ж.Алтанцэцэг, Б.Эрдэнэбат болон жолооч Б.Цэрэндорж нарын биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирч, жолооч А.Одсүрэнгийн тээврийн хэрэгсэлд 20.070.000 төгрөгийн, жолооч Б.Цэрэндоржийн тээврийн хэрэгсэлд 3.487.000 төгрөгийн хохирол учруулсан, хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хохирогч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт, хохирол төлбөр төлсөн банкны баримтууд, талийгаач П.Мандахын эхнэр Г.Мөнхчимэг болон хохирогч П.Ирэхзаяа, Ж.Алтанцэцэг, Б.Цэрэндорж, Б.Эрдэнэбат, А.Одсүрэн нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Хэдийгээр анхан шатны шүүхээс  ялтан Н.Б-од оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт  хэргийн гэм бурууд тохирсон байгаа боловч энэ гэмт хэргийн улмаас Н.Б-ын баруун хөлний өвдөг болон гуяны яс хугарсан гэмтэл учирсан, энэ гэмтэл нь бүрэн эдгээгүй одоо 2 суга таягтай явж байгаа, мэргэжлээс шалтгаалах “хайрст үлд” өвчтэй, өвчний 4 дүгээр үед орсон цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа зэрэг  түүний биеийн эрүүл мэнд, насны байдал  болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй гэсэн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж дүгнээд Н.Б-од оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж шийтгэх тогтоол зохих өөрчлөлт оруулах нь  нь зүйтэй гэж үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийн удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Н.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Н.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                                 Я.ТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                                     Б.БАТЗОРИГ

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ