Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 382

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа би, Н.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Н.Даваасүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 

“Нэхэмжлэгч Н.Даваасүрэн би гуравдагч этгээд нартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тухайн газартай холбоотой ямар нэгэн маргаан үүсгэхээргүй болсон тул тус шүүхэд гаргасан “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Ц.Баярсайхан, Б.Пүрэвсүрэн, Ж.Оюунчимэг, Ц.Отгонжаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Даваасүрэн нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Ц.Баярсайхан, Б.Пүрэвсүрэн, Ж.Оюунчимэг, Ц.Отгонжаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу Н.Даваасүрэн нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгч Н.Даваасүрэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Ц.Баярсайхан, Б.Пүрэвсүрэн, Ж.Оюунчимэг, Ц.Отгонжаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                     Ц.САЙХАНТУЯА