Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0623

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээд Л.Ц-гийн өмгөөлөгч Г.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0507 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Л.Ц-гийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг, Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0507 дугаар шийдвэрээр: ”Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.3, 13.5.7, 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-аас Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий газрыг Д.Б-ын нэр дээр газар өмчлүүлэхийг даалгах, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ү-2203011418 дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Г-2203000615 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ү-2203011418 дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Г-2203000615 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож” гэсэн хэсгийг хангаж, маргаан бүхий газрыг Д.Б-ын нэр газар өмчлүүлэхийг даалгах, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсэг, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ү-2203011418 дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Г-2203000615 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У давж заалдах гомдолдоо: “Нэг. Анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 344 дүгээр захирамжаар миний аав Д.Д нарт газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгосонг үндэслэлтэй гэж үзэн зөвшөөрч байна. Миний аавын эзэмшиж байсан газрыг Л.Ц нарт хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус нь дараах нотлох баримтаар тогтоогдсон.

        1.1. Миний бие аавынхаа надад гэрээсэлсэн газар, хашаа байшинг өв нээгдсэн өдрөөс эхлэн өөрийнхөө нэр дээр бүртгүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Ийм учраас 2006-2014 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанаас аавынхаа нэрээр газрын кадастрын зургийг шүүлгэхэд нэгж талбарын дугаараар байнга миний аавын нэр дээр гарч байсан. Нэгэнт газрын кадастрын зурагт өөрчлөлт ороогүй тул би тухайн хашаа байшинд иргэн Л.Ц-г амьдарч байгааг хүлээн зөвшөөрч 2015 он хүртэл явсан.

        1.2. Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн Газрын алба тэдгээрийн архивт аав Д.Д-ийн эзэмшиж байсан газрыг Л.Ц нарт хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн үйл явдалд холбогдох анхан шатны баримт, хувийн хэрэг ерөөсөө байхгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг мөр тогтоогдсон. Эдгээр баримтын эх хувь хаана ч байхгүй талаар эрх бүхий байгууллагаас албан бичгүүд ирсэн ба газар өмчлөлийн хувийн хэрэг алга болно гэдэг нь байж боломжгүй юм. Л.Ц нарын нэр орсон газар өмчлүүлэх шийдвэр нь хуурамч тул энэ хүмүүс 2006, 2016 онд газар өмчилсөн улсын бүртгэл хийлгэсэн хувийн хэрэгт маргаан бүхий газрын кадастрын зураг ерөөсөө байхгүй байна.

        Шүүгч А.Сарангэрэл нэхэмжлэгч талд мэдэгдэлгүйгээр дангаараа Сүхбаатар дүүргийн Газрын албаны бичиг баримтад үзлэг хийх явцад “Нийслэлийн Өмчийн харилцааны газар” гэсэн архивын тэмдэгтэй маргаан бүхий газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа. Үзлэг хийх тухайгаа харин хариуцагч, гуравдагч этгээдэд мэдэгдэж байсныг олж мэдсэн.

        1.3. Газрын тухай хуульд бусдын газар дээр барилга байгууламж барих, байрлахыг хуулиар хүлээн зөвшөөрдөг, аав маань амьд ахуйдаа хашааны газрыг надад өмчлүүлэхээр, 4x6 метр хэмжээтэй өвлийн байшинг Л.Ц-д эзэмшүүлэхээр гэрээсэлсэн энэ тохиолдолд Л.Ц гийн байшин нь бусдын газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгөд хамаарна гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх Л.Ц-д байшинд нь ногдох газар өмчлүүлэх тухай ойлголтыг шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт заагаад байгаа нь хууль бус болсон гэж үзэж байна.

        Хоёр. Анхан шатны шүүхээс маргаан бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрийг зөвшөөрч байна. Харин маргаан бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэлийг Д.Бархасжав миний нэр дээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус болсон.

        2.1 Д.Б би аавынхаа өмчлөлд байсан газар, үл хөдлөх хөрөнгө өвлийн сууцыг хууль ёсны дагуу ч гэрээслэлийн дагуу ч өмчлөх эрхтэй билээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байгаа. Иргэн Л.Ц д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад “Энэ маргаан нь өмчлөлийн маргаан биш бүртгэлийн маргаан байна, ... Д.Б нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ аваагүй байна ...” гэж дүгнэсэн магадлал хүчин төгөлдөр хэвээр байгаа талаар мөн нотолсон.

        2.2. Захиргааны хэргийн шүүх хурлын явцад хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагын төлөөлөгч удаа дараа “... үл хөдлөх хөрөнгө болох өвлийн байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэж болно” гэж  хэлж байсныг шүүх хянаж үзээгүй.

        2.3. Гуравдагч этгээд “Одоо хашаанд 2 байшин байгаа, том байшинд бид амьдарч байгаа, нөгөө байшин нь зуны байшин” гэж мэдүүлсэн. Энэ нь иргэн Д.Д нь амьд ахуйдаа 2 байшинтай байсан түүний жижгийг иргэн Л.Ц д эзэмшүүлэхээр гэрээсэлснийг нотолж байна. Харин Л.Ц нь миний аавын надад гэрээслэн үлдээсэн байшинг дур мэдэн засан сайжруулсан. Тэрээр хүүхдүүдтэйгээ анх амьдарч эхэлсэн гэрээслэлээр өвлөвөл зохих байсан байшинг тордож сайжруулаагүй, энэ нь бүртгэлтэй холбоотой маргаан бус юм.

        2.4. Улсын бүртгэлийн байгууллага газар өмчлөлийг Л.Ц нарын нэр дээр бүртгэж, Д.Д-ийн нэрийг хасахдаа кадастрын зургийг хэний нэр дээр байгааг шалгаагүй. Мөн иргэн Д.Д-ийн нэрийг улсын бүртгэлийг хасахын тулд үүний үндэслэлийг нотолсон баримтыг шалгаж нягтлаагүй байна.

        Гурав. Гуравдагч этгээд гэрээслэлээс өмчлөхөөс татгалзсан тухай: Д.Бархасжав би аавыгаа нас барсны дараа гэрээслэлийг нээлгэсэн ба нотариатын газраас энэ гэрээслэлд 3 хүн байгаа учир бүгдэд нь мэдэгдэнэ гээд Л.Ц г дуудаж, мөн гэрээслэлийн тухай танилцуулсан. Иргэн Л.Ц тухайн үед мэдлээ гээд явсан. Мөн энэ байшинд амьдарч байгаад суллаж өгнө гэж 2014 оныг хүртэл хэлж байсан. Ингэхдээ өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн тухай хэзээ ч хэлж байгаагүй билээ. Тэрээр гэрээслэлээр өвлөгдвөл зохих байшинг хүлээн авахаас татгалзсан байгаа. Энэ нь бусад этгээдэд өвлөгдвөл зохих хашааны газар, өвлийн байшинг хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа өмчлөн авахаар бүртгэл хийлгэсэн, 2006 онд ямар ч өвлөх эрхийн бичиг баримтгүйгээр өв залгамжлах гэрчилгээг олж авсан, хуурамч баримт бүрдүүлж байсан баримтаар нотлогдсон.

        Дөрөв. Бүртгэлийн байгууллагаа овог, нэр зөрүүтэй, нас барсан иргэний жолооны үнэмлэхийг ашигласан байхад маргаан бүхий хашааны газар, байшинг бусад этгээдэд өмчлүүлсэн тухай бүртгэл хийсэнг зөвтгөх, хуулийн үндэслэл бүхий ямар ч баримт байхгүй байна. Д.Б миний хувьд өөрийн өмчилж авах эрхтэй газар, байшинг өмчлөх эрхийг бүртгүүлсний дараа өмчийн маргаанаа шийдүүлэх, эдгээр хүмүүсийг өөрийн өмчийн байшингаас албадан гаргуулах нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Би энэ хүнд итгэж 2004 оноос хойш 10 гаруй жил хашаа байшиндаа амьдраасан. Суллаж өгөхгүй гэж хэлснээс нь хойш иргэний болон захиргааны шүүхээр 5 дахь жилдээ явж хохирч байна.

        Төрийн эрх бүхий нэг хүн энэ хүмүүст үйлчилж байж болох бүх хуурамч баримт бүрдүүлж өгч байсан ба өв залгамжлах гэрчилгээ бичиж өгсөн нотариат нь хүртэл олддоггүй ийм л хэрэг байна. Тэгтэл бас нэг хуйвалдагч этгээд гарч ирээд таны бүртгэлтэй нэг ч хөрөнгө байхгүй байхад өмчийн маргаан үүсгэх үндэслэлгүй гэж үзээд миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж болох нөхцөл үүсээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн бүх шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

        Гуравдагч этгээд Л.Ц гийн өмгөөлөгч Г.Т давж заалдах гомдолдоо: “Нэг. Анхан шатны шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд шүүхэд хандаж буй этгээд нь уг асуудлаар шүүхэд мэдүүлэх эрхтэй эсэхийг тодруулж, түүнд дүгнэлт хийсэн байх ёстой. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Д.Бархасжавт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон боловч уг гэрчилгээгээр зөвхөн “нотариатч Б.Цэцэнхүүгийн 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрчилсэн 02 тоот гэрээслэлд дурдагдсан өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай” эрхийг олгосон. Харин уг эд хөрөнгөтэй холбоотой улсын бүртгэл болох газар өмчлүүлсэн шийдвэрийн талаар гомдол гаргах, маргах эрхгүй.

        Учир нь нэхэмжлэгч Д.Б 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр нотариатч Б.Ц-гийн 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрчилсэн 02 тоот гэрээслэлд дурдагдсан өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай эрхийг олж авсан боловч өвлөгч мөн болохоо иргэний хэргийн шүүхээр тогтоолгоогүй. Өв залгамжлалтай холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлээгүй байхад захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй юм.

        Хоёр. Маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгч Д.Б-ын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь тодорхойгүй байхад Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамж, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ү-2203000615 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн маргаан бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх буюу өвлөх эрх Д.Бархасжавт үүсээгүй. Нэхэмжлэгч Д.Бархасжавыг Д.Д-ийн гэрээслэлийн дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өвлөгч мөн болохыг тогтоосон ямар ч шийдвэр гараагүй. Иймд ... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.

        Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс харвал тэрээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, Д.Бархасжавт маргаан бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “газар өмчлөх эрхийг бүртгэсэн Г-2203000615 дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-2203011418 дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

        Нэг. Анхан шатны шүүх “... Нийслэлийн Засаг даргаас газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус зөрчсөн, маргаан бүхий газрыг анх улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь “бүртгэл үнэн зөв байх” хуульд заасан шаардлагад нийцээгүй” гэж дүгнэж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсэг, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

        Учир нь Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа хүн, хуулийн этгээдийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар маргаан бүхий захиргааны акт хууль бус байхын зэрэгцээ тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл нь хангагдах ёстой.

        Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн ОСГ-ны 21 дүгээр хорооны Дамбадаржаагийн 33-460 тоот хашааг нэхэмжлэгч Д.Б-ын эцэг Д.Д агсан 1997 оны 06 дугаар сарын 27-нд анх шилжүүлэн авсан[1], 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээслэлдээ тухайн хөрөнгийнхөө талаар тусгажээ.

        Үүний дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий газрыг Д.Д-д 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 010402099 дугаартай гэрчилгээ олгогдож[2], Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 344 дүгээр захирамж[3]-аар Д.Д, Л.Ц , Д.Энхбилэг, Д.Э, Э.Х, Э.Б нарт тухайн газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь тогтоогджээ.

        Тухайн Сүхбаатар дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрүүдтэй Д.Д агсан нас барах хүртлээ ямар нэг байдлаар “өмчлөх эрхгүй этгээдүүдэд өмчлүүлсэн талаар” маргаж байсан баримтгүй бөгөөд тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байжээ. Энэ тохиолдолд уг газрыг өмчлөх эрх өвийн журмаар үүссэн гэж маргаж байгаа Д.Б-ын нэхэмжлэлээр тухайн шийдвэрүүдийг хууль бус гэж дүгнэх, ялангуяа Нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтад Д.Э, Д.Э нарын эцгийн нэрийг буруу бичсэн, шийдвэр гарах үед бүрдүүлсэн баримт олдохгүй байгаа зэрэг үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй.

        Мөн хэдийгээр Д.Д агсныг нас барсны дараа бүртгэгдсэн ч дээрх шийдвэрүүд болон гуравдагч этгээд Л.Ц гийн гаргасан өргөдөл[4], мэдүүлэг[5], холбогдох бусад баримтуудыг үндэслэн нэр бүхий 6 иргэдийг маргаан бүхий газрын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийн байгууллагын бүртгэлүүд буюу улсын бүртгэлийн Г-2203000615 дугаар бүртгэл[6]-ийг хүчингүй болгох үндэслэлгүй.

        Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн холбогдох хэсэг болон тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлд бүртгэсэн захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

        Анхан шатны шүүх эдгээр захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, хүчингүй болгосноор тэрхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх талаар тодорхой дүгнэлгүй нэхэмжлэлийн шаардлагын тус хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэхгүй байна.

        Захиргааны хэргийн шүүхийн энэхүү шийдвэр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 33 дугаар гудамж, 412 тоотод орших газрын Д.Д агсны өмчилж байсан хэсгээс Д.Бархасжав өөрт ногдох хэсгийг өвлөн авахтай холбоотой буюу иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаанд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

        Хоёр. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 33-412 тоот газарт байрлах байшинг 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр буюу Д.Д агсныг нас барснаас хойш иргэн Л.Ц гийн гаргасан мэдүүлэг, өргөдөл, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, Д.Д агсны жолооны үнэмлэх, нас барсны гэрчилгээний хуулбар болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.Д, Л.Ц, Д.Э, Ц.Э, Э.Х, Э.Б нарын өмчлөлд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011418 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

        Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэгт хавсарган ирүүлэх баримт бичгийг жагсаалтыг нэрлэн заасан бөгөөд 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”,  13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө”, 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гээд 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэж тус тус заажээ.

        Гэтэл хариуцагч улсын бүртгэлийн байгууллага Д.Д агсан 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан нь мэдүүлэгт хавсарган ирүүлсэн нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон, Д.Д агсны жолооны үнэмлэхийг хавсаргасан, мэдүүлэг гаргагч Л.Ц  нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй, өв нээгдээгүй байхад байшинг 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2203011418 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчжээ.

        Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 33 дугаар гудамжны 412 тоотод байршилтай, хувийн сууцны зориулалт бүхий 32 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан иргэн Л.Ц , Д.Э, Д.Э, Э.Х, Э.Б нар тус байшингийн хууль ёсоор өмчлөгч мөн болохыг нотолсон баримтыг бүртгэлийн байгууллагад гаргаагүй байхад тус байшинг улсын бүртгэлийн Ү-2203011418 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон бүртгэлийн байгууллагын дээрх үйлдэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцээгүй, Д.Дэмбэрэлдорж агсны хууль ёсны өмчлөгчдийн нэг болох нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

        Иймд энэ талаарх нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг үндэслэлтэй.

        Гурав. Хариуцагч захиргааны байгууллагуудын маргаан бүхий газартай холбоотой захиргааны актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүйг дурдаж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар Үндэслэх хэсгийн Нэг-д тодорхой тусгасан.

         Мөн Баянзүрх дүүргийн нотариатч Б.Ц-гийн 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Гэрээслэлийн 02 дугаарт бүртгэж гэрчилсэн Д.Д-ийн 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээслэл[7]-д “... Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 33 дугаар гудамжны ... хашаа өвлийн 11 м урттай байшинг охин Б хүргэн С нарт өвлүүлэн эзэмшүүлэх ..” гэж,  2 хүний нэр тусгагдсаны зэрэгцээ нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу холбогдох баримтуудыг хавсарган хандаагүй, өөрөөр хэлбэл газар болон байшингийн өвлөх эрхийн талаарх маргаан иргэний журмаар шийдвэрлэгдээгүй байгаа тохиолдолд шүүхээс хариуцагч байгууллагуудад нэхэмжлэлийн шаардлагын дагуу “маргаан бүхий газрыг Д.Б-ын нэр дээр газар өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгах” боломжгүй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0507 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хувийн сууцны зориулалт бүхий 32 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Д, Л.Ц , Д.Э, Д.Э, Э.Х, Э.Б нарыг бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-2203011418 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсэг болон газрыг Д.Д, Л.Ц , Д.Энхбилэг, Ц.Э, Э.Х, Э.Б нарын өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Г-2203000615 дугаар өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгох”, “маргаан бүхий газрыг Д.Б-т өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг, гуравдагч этгээд Л.Ц гийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

                                        ШҮҮГЧ                                                                          Ц.ЦОГТ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

 


[1] 1ХХ-ийн 8 дугаар хуудас

[2] 2ХХ-ийн 159 дүгээр хуудас

[3] 2ХХ-ийн 237, 3ХХ-ийн 8 дугаар хуудас

[4] 1ХХ-ийн 165 дугаар хуудас

[5] 1ХХ-ийн 162 дугаар хуудас

[6] 1ХХ-ийн 177, 2ХХ-ийн 5 дугаар хуудас

[7] 1ХХ-ийн 6, 7 дугаар хуудас