Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 51

 

 

                                          Л.Зд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтох /цахимаар/, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29ий өдрийн 680 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар магадлалтай, Л.Зд холбогдох 1910025920328 дугаартай хэргийг шүүгдэгч Л.З, түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Л.Зд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, З

 

Л.З нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна дулааны шугам сүлжээний ажлыг авч өгнө гэж иргэн Д.Б-ыг хуурч, банкинд барьцааны мөнгө байршуулах шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Д.Б-аас 80.000.000 төгрөг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Зэс-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Л.Зд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.З, түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.З гаргасан гомдолдоо “... миний бие уг хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу 2021 оны 7 дугаар сард цар тахлын халдвар авч улмаар хүндрэн хоёр талын уушгиндаа ковидийн нэвт хатгаа аван сэхээнд орсон билээ. Эмч нарын гавьяагаар ухаан орж эмчилгээ, үйлчилгээ сайн хийгдсэнээр бие минь хэвийн болж хохирогчийнхоо хохирол төлбөрийг барагдуулахаар Өвөрхангай аймаг руу яван ах, дүү нараасаа тусламж гуйн бага бус хэмжээний мал бөөгнүүлэн борлуулахаар Эрдэнэсант сум руу явсан билээ. Гэтэл гэнэт шүүхийн цагдаагаас залган “Та хаана явна. Таныг цагдан хорих шийдвэр гарсан таныг эрэн сурвалжилж байгаа” сэтгэл санааны цочролд орж бодит байдлаа хаана ямар байдалтай байгааг тайлбарлаж хэлэхэд “Та хот руу орж ирээд шууд шүүхийн цагдаа дээр ирээрэй. Утсаа салгаж болохгүй шүү” гэхэд нь яаралтай мал хуйгаа заран хохирол мөнгөө бүрдүүлэн 9 сарын 19-ний шөнө хотод орж  ирэн шүүхийн цагдаад “Шөнө орж ирлээ. Маргааш өглөө очно” гэдгээ хэлээд утсаа салган эхнэр лүүгээ залгатал “Хан-Уул дүүргийн энд ирээд авчих” гэж хэлэхэд нь уг газар нь очтол хохирогч Баяржаргал цагдаа дуудчихсан гээд зогсож байсан. Ингээд цагдаа нар ирж эхнэр бид хоёрыг цагдаагийн хэсэг рүү авч яван намайг тэр өдөртөө Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Миний бие нь санаатайгаар шүүх хурлаас оргон зайлсан зүйлгүй хуулийн байгууллагын дуудсан цаг тухай бүрт нь очдог байсан.  Харин энэ санамсаргүй байдлаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй оргон зайлсан гэсэн нэр зүүн эрх зүйн байдлаа дордуулсандаа үнэхээр их харамсаж байна. Намайг хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар нь хохирлоо барагдуулсаар байтал “Торгуулийн ял шийтгэлээ барагдуулах нөхцөл харагдахгүй байна” гэснийг нь шүүх хэт их нэг талыг баримталж хохирогчийн хэтэрхий хувийн зүгээс гаргасан ашиг сонирхлын чанартай гомдол хүсэлтийн дагуу ажиллаж эрх зүйн байдлыг минь дордуулсан. Манай гэр бүлийн хамтын бизнес болон тогтмол олдог орлогын баримт болон шүүхэд өгсөн баримт бичгийг авч хэлцэлгүй үгүйсгэж нэг талыг барьж хорих байр суурийг барьж ажилласанд гомдолтой байна. Өнөөгийн хууль шүүхийн болон хүний эрхийн байгууллагын барьж буй хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн бодлого нь буруугаа бүрэн хүлээсэн гүнээ ухамсарласан хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан тухайн гэмт хэрэгтээ анх удаагаа шийтгүүлж буй хүмүүсийг заавал хорих ялаар шийтгэхгүй байх гэр бүл үр хүүхэдтэйгээ амьдрах, нийгэмд байр сууриа алдахгүй нийгэмшиж амьдрах боломжийг түлхүү баримтална гэсэн байр суурийг хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар нь дээрх асуудлаар ноцтой зөрчин эрх зүйн байдлыг минь дордуулж хоёр шатны шүүхээр ялыг минь хэвээр үлдээлээ. Л.З миний бие нь энэ цартахлийн хүнд хямралтай үед удаа дараа барагдуулах бүхий л бололцоогоо ашиглаж машин болон ашиглалтанд удахгүй орох байр гэх мэт боломжит бүхнээ өгөхөөр санал болгож уучлалт гуйн эвлэрлийг хүсдэг байсан авч нэг ч саналыг минь хүлээн авалгүй шүүх хурал дөхөөд ирэх үед хохирогч нь миний эхнэртээ авч өгсөн “Моннис”-оос авч өгсөн “Ренаулт Каптур” 69 сая төгрөгийн үнэтэй машиныг минь 40 сая бодож аван анх авсан 69 сая 300 мянган төгрөг нь дээрээ сүүлд 31 сая 700 мянган төгрөг аван хохирлоо барагдуулсан. Дээрх асуудлуудыг хоёр шатны шүүх дээр тайлбарлах боломж олгоогүй миний нэмэлт тайлбар өгөх эрхээр хангаагүй шүүх хурал дууссан юм. Эрхэм дээд шатны шүүгчид төр энэрэл өршөөлөө үзүүлвээс торгуулийн ял шийтгэлээ хуулийн хугацаанд бүрэн барагдуулж чадна. Хэрвээ төр шүүхээс үзүүлсэн энэрэл өршөөл, торгуулийн ялыг хуулийн хугацаанд нь барагдуулж чадахгүй бол хайхрамжгүй хандан итгэл эвдэн боломжоо алдваас хуулийн дагуу ял шийтгүүлэн хорих ял эдлэхэд харамсах байлгүй дээ. Эрхэм дээд шүүгчдээ миний бие эхнэр, бага насны 1-4 насны хоёр хүү, нэг охиныхоо хамт ам бүл 5-лаа амьдардаг. Миний бие 120 хоног хоригдох хугацаандаа маш их зүйлийг ухаарч гэмшин нийгэмд эзлэх байр сууриа ухаарсан. Ахин хэзээ ч хууль зөрчилгүй амьдрахаа амлан хайртай хань үр хүүхэдтэйгээ халуун, дулаан ам бүлээрээ элэг бүтэн амьдрах боломжийг минь харгалзан үзэн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтох гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар дурдсан. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.З урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдож байсан ба дахин гэм буруугийн санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзээд 2 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд холбогдох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд түүний дансанд 20.000.000 төгрөг бэлэн байршуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэсэн үндэслэлийг гаргасан. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа юм Өөрөөр хэлбэл түүний эхнэрт нь торгуулийн ялыг халдаасан зүйл байхгүй, харин гэр бүлийнхээ хүний төлөө торгуулийн ял шийтгэлийг төлж барагдуулъя гэсэн хэлбэр байгаа. Хохирол төлбөр байхгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дурдсан. Эдгээр байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч Л.Зд торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Түүний хувьд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 6 сар 10 хоног цагдан хоригдсон байгаа” гэв.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Л.З нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Баяржаргалаас 80.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан шүүгдэгч Л.З- үйлдлийг “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх талаар гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн буюу шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохируулан 2 жил хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Уг хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хоёр удаа хэлэлцэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл шүүгдэгч огт гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хохирлоо нөхөн төлөхөө огт илэрхийлээгүй нөхцөл байдал харагддаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарын гаргасан гомдлыг үндэслэн Л.Зд холбогдох хэргийг Эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

Л.З нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна дулааны шугам сүлжээний ажлыг авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогч Д.Баяржаргалыг “банкинд яаралтай барьцааны мөнгө байршуулах шаардлагатай хэмээн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 80.000.000 төгрөгийг өөрийн харилцах данс руу шилжүүлэн авч залилсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Түүнчлэн уг хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, ялын тохирооны талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар тусгайлан олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Иймд шүүгдэгч Л.З болон түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарын “хорих ялыг торгуулийн ял шийтгэлээр сольж өгнө үү” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29ий өдрийн 680 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.З, түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

 

                                                            Ч.ХОСБАЯР

 

                                                                 Б.ЦОГТ

 

                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН