Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01210

 

 

 

 

 

 

 

 

2024 06 07 210/МА2024/01210

 

 

Ц.Ш-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01906 дугаар шийдвэртэй

Ц.Ш-гийн нэхэмжлэлтэй

МОХНН, УБТЗ , Т.Г ХХК-д тус тус холбогдох

Гэм хорын хохиролд 418,757,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ш-, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагч МОХНН, УБТЗ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа, О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Жаргалант тосгон дахь Рашаант хэсгийн төмөр замын 352 дугаар километрийн 9 дүгээр зуутын гармаар 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 36 минутын үед 236 дугаартай суудлын галт тэрэг өнгөрөхдөө Г.М ийн жолоодон явсан Мицубиши пажеро маркийн ** УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Г.М болон зорчигч Б.Б нарын амь нас хохирсон.

1.2. Замын цагдаагийн газраас 190300521 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулсан боловч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар тогтоолоор зам тээврийн осол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч яллагдагчаар татвал зохих этгээд нас барсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, хохирогч Б.Б ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлоо иргэний хариуцагчаар татагдсан МОХНН, УБТЗ , Т.Г ХХК-аар арилгуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан. Иргэний хариуцагч нар нь Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 141 дүгээр тушаалаар батлагдсан Төмөр замын гарам ашиглах журмыг зөрчиж, Т.Г ХХК нь гарам, жижүүрийн байрыг барьж ашиглалтад оруулсан атлаа Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт хүлээлгэж өгөөгүй эс үйлдэхүй, мөн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь гарам, жижүүрийн байрыг хүлээн авч, байнгын жижүүр ажиллуулах үүргээ биелүүлээгүй, хөдөлгөөний эрчимжилт өндөртэй авто зам төмөр замтай огтлолцдог гарамд автомат хаалтаас гадна автомат ажиллагаатай сөхөгддөг саад, чиглэл заагч, зарлан мэдээлэгч, дурс бичлэгийн төхөөрөмж авто зам дээр байрлуулна гэснийг ноцтой зөрчиж гармын аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй.

1.3. Итгэл эстимэйт ХХК-ийн гэм хорын үнэлгээний тайланд амь нас, гэм хорын үнэлгээний дүн шууд зардал 53,400,950 төгрөг, гэм хорын хохирол 298,740,925 төгрөг, амь насны үнэ цэнэ 63,615,750 төгрөг, нийт хохирлын дүн 415,757,625 төгрөг гэж тодорхойлсон.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гэм хорын хохирол 415,757,625 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 3,000,000 төгрөг, нийт 418,757,625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч МОХНН, УБТЗ ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Гармыг зохицуулалттай ба зохицуулалтгүй гэж, зохицуулалттай гармыг дохиоллын, жижүүрийн, тэнгэрийн зохицуулалттай гэж тус тус ангилдаг. Тухайн гарам нь дохиоллын зохицуулалттай бөгөөд гармаар тээврийн хэрэгсэл нэвтрэх харилцааг дохиоллын тэмдгээр зохицуулдаг. Улаан тэмдэг анивчаад хонх жингэнэж байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч гармаар нэвтрэхгүй байх ёстой. Гармын зэрэглэлийг холбогдох төрийн байгууллага, цагдаа, төмөр замын байгууллага хамтарч тогтоодог бөгөөд 3 дугаар зэрэглэлийн гарам болохыг тогтоосон баримт хэрэгт хавсаргагдсан.

Төмөр замын гарам ашиглах журамд заасны дагуу уг гарам 3 дугаар зэрэглэлийн үзэгдэлт хангалттай гарамд тооцогдоно. Үзэгдэлт сайтай 3 дугаар зэрэглэлийн гарамд жижүүр ажилладаггүй. Тухайн үед дохиоллын тоног төхөөрөмжүүд бүрэн, хэвийн ажиллагаатайг цагдаагийн байгууллагаас шалгаад тогтоосон.

2.2. Т.Г ХХК-ийн барьсан хэрэглээний замын гармын түвшин нь Улаанбаатар төмөр замын үндсэн гармын түвшнээс зөрүүтэй баригдсан болох нь 2018 оны 02 дугаар сарын 08, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн болон хэрэг гарснаас хойшхи 2019 оны 09 дүгээр сард хийсэн дүгнэлтүүдээр тогтоогддог. Стандартын дагуу баригдсан эсэхээс үл шалтгаалаад хүлээж авах үүрэг бидэнд байхгүй учир гармыг хүлээж аваагүйгээс болоод осол болсон гэдэг нь үндэслэлгүй байна.

МОХНН, УБТЗ болон Т.Г ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа байхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Т.Г ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Т.Г ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд эзэмшдэг 10 га газар руугаа салбар зам тавих хүсэлт гаргасны дагуу Зам тээвэр хөгжлийн яамнаас зөвшөөрөл олгож, барилгын ажил хийгдсэн, 2018 онд улсын комисс хүлээж авсан. Манай салбар зам барих ажил нь гарамтай хамааралгүй бөгөөд гарамд ямар нэгэн өөрчлөлт орохооргүй байсан. Гэтэл Улаанбаатар төмөр замаас гарам дээр автомат хаалт тавих, тоноглогдсон жижүүрийн байр барих, холбоо дохиоллын системтэй болгох шаардлага тавьсны дагуу манай компани нэмэлт зардал гаргаж, бүх ажлыг хийгээд, хүлээж авах талаар Улаанбаатар төмөр замд хүсэлт тавьж байсан. Энэ үед зам тээврийн осол гарсан ба гарам тухайн үеийн зохицуулалтаараа ашиглагдаж байсан. Манай салбар зам осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болоогүй.

3.2. Тээврийн прокурорын газраас уг хэрэг ** УНД улсын дугаартай автомашины жолооч Г.М ийн Замын гарам ашиглалтын журмын 3.8.1, 3.8.4, 3.8.5, Замын хөдөлгөөний дүрмийн 17.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас гарсан гэж дүгнэж, хэргийг хаасан шийдвэр хэрэгт авагдсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч МОХНН УБТЗ , Т.Г ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 418,757,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Ш-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Ш-гаас шинжээчийн зардал 5,000,000 төгрөг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, нэхэмжлэгч нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Уг зам тээврийн осол нь МОХНН УБТЗ-ын эзэмшлийн төмөр замын гарам дээр болсон. Тухайн төмөр замын гарам нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 141 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төмөр замын гарам ашиглах журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу 3 дугаар зэрэглэлийн гарамд хамаардаг бөгөөд энэ нь гэрч Ж.Ууганбаярын мэдүүлэг, шинжээч Д.Мөнхбатын дүгнэлтээр тогтоогддог. МОХНН, УБТЗ нь тус журмын 14.5-д зааснаар гармын хаалт болон жижүүр ажиллуулж аюулгүй байдлыг огт хангаагүйгээс 2 хүний амь нас хохирч, талийгаач Б.Б ийн 7 настай охин өнчирч, нэхэмжлэгч Г.Ш нь охиноо алдаж амьдын хагацал үзэж, сэтгэл зүйн гүн хямралд орсон.

5.2. Мөн Т.Г ХХК нь МОХНН, УБТЗ ын эзэмшлийн төмөр замын гармын зэрэгцээ байрлах өөрийн эзэмшлийн төмөр замын гармын хаалт, дохио, жижүүрийн байрыг барьсан боловч хэрэг болох үед тухайн хаалт, жижүүрийн байр зэргийг буулган авч явсан нь хэрэг гарах бас нэгэн үндсэн шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарсан осолд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гарсан талаар дүгнэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулсан этгээд нас барсан тул эрүүгийн хэргийг хаасан. Манай байгууллагын ажилтан ямар нэг дүрэм журам зөрчсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй. МОХНН, УБТЗ ын эзэмшлийн төмөр зам нь төмөр замын тээвэр, ашиглалтын журмыг зөрчөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно.

6.2. Т.Г ХХК төмөр зам шинээр тавьснаар 2 төмөр зам давсан гарам байдаг. Тухайн гармыг манайх 2023 онд хүлээж авч, хэвийн ашиглалтад оруулсан. Хүлээн авах хүртэл 3 дугаар зэргийн гарамд хамаардаг байсан. Давхар гарам үүсэж байгаа тул жижүүрийн ажлын байранд хаалт хийх шаардлага тавьсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ц.Ш- нь хариуцагч МОХНН, УБТЗ , Т.Г ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 418,757,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШТ2020/00329 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Тээврийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийн материалыг гаргуулсан байх бөгөөд уг материалаас Аршаант өртөөний 352-р км-ийн гармын ажиллагааг шалгасан тухай акт, УБТЗ, Т.Г ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн акт, Төмөр замын гарам ашиглах журам баримтуудад Тээврийн прокурорын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан байна. (хэргийн 1 дэх хавтас 190-195, 206-220 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн зохицуулалт нь Тээврийн прокурорын газар зөвхөн өөрийн байгууллагын баримтын хуулбарыг баталгаажуулах агуулгатай. Гэтэл тус байгууллагын баримтад үл хамаарах баримтуудын хуулбарыг баталгаажуулсан нь хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

 

3.2. Түүнчлэн хариуцагч МОХНН, УБТЗ нь Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудалд тавих машинчийн анхны акт, Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10а/4277 дугаар албан бичиг, МОХНН, УБТЗ ын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-620 дугаар Галт тэрэгний хурд шинэчлэн тогтоох тухай, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А-522 дугаар Гармын зэрэглэл тогтоох тухай, А-523 дугаар Гармыг тоноглох, зохицуулалттай гарам болгох ажлыг зохион байгуулах тухай тушаалууд, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06/2161 дугаар албан бичиг, Замын 2-р ангийн 4-р хэсгийн арчилдаг 352-р км-н гарманд хаврын паспортын үзлэг хийсэн акт 2019.04.18, 2018.04.23, Комиссын акт 2019.02.13, 2019.09.27 баримтуудыг мөн Тээврийн прокурорын газрын хуулбар үнэн тэмдгээр баталгаажсан хэлбэрээр шүүхэд гаргасан байна. (хэргийн 2 дахь хавтас 49-52, 64-75 дахь тал)

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн баримтууд уг шаардлагад нийцээгүй байгааг шүүх анхаараагүй байна. Тодруулбал хариуцагч нь өөрийн байгууллагын холбогдох тушаал, албан бичиг, актуудыг Тээврийн прокурорын газраар баталгаажуулсан нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй.

 

3.3. Анхан шатны шүүх бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагыг хангуулаагүй тул нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж дүгнэнэ. Түүнчлэн хариуцагчийн нотлох баримт хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх нотлох баримтаас хасах боломжтой байхад уг ажиллагааг хийлгүйгээр тухайн баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Тус хуулийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

4. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01906 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА