| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0111/Э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 117
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч Б.Батсүх,
Хохирогч Г.Г-,
Шүүгдэгч Н.Д-, Б.Би-, Б.Ба- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Д-, Б.Би-, Б.Ба- нарт холбогдох эрүүгийн 1918000340075 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Би-, 1995 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, өвөө, эмээ нарын хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Монгол Улсын иргэн, Б.Ба-, 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 902 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Д- Б.Би-, Б.Ба- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Д-, Б.Би-, Б.Ба- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, 17-р сургуулийн хажуугийн орон сууцанд хувийн маргааны улмаас иргэн Г.Г-ийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чамархай, дагз, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чих, доод уруулын дотор салстад зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Д-ий өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед шинэ жил тэмдэглэх гээд Компорт зочид буудалд хамт ажиллаж байсан найзууд болох Б.Би-, Б.Ба-, У-, С-, Зу-, М-э, Зу-ийн хоёр найз эмэгтэйн хамт Зу-ийн 17-р сургуулийн урд тад байрлах 2 давхар орон сууцанд цугласан. Тэгээд тэндээ 1 литртэй 2 шил архи хувааж уусан. Тэгсэн чинь 24 цагийн орчим Зу- эгчийн найзынх нь нөхөр гээд залуу ирсэн. Тэр үед Б.Ба- бид хоёр доошоо буугаад тамхилж байхад нөгөө Зу- эгчийн найзынх нь нөхөр гээд залуу ирсэн. Тэр залуу эхнэртэйгээ өөр өрөөнд ороод маргалдаад байсан. Найзынх нь нөхөр доошоо шатаар буухдаа Б.Ба-тай шүргэлцээд маргалдаад гараад явсан. Араас нь Б.Ба- гараад тэгээд би юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь цагдаа ирчихсэн. Нөгөө Б.Ба-тай маргалдаад байсан залуугийн хамарнаас нь цус гарчихсан байж байсан. Би тухайн үед их согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Би-ы өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед 17-р сургуулийн урд талд байдаг ногоон өнгийн 2 давхар хауст байдаг Зу-ийн гэрт очсон. Тэнд Зу-, Б.Ба-, Э-, У-, С-, Зу-ийн нэг эмэгтэй найз байсан. Бид нар хэд хоногийн өмнө бөөнөөрөө шинэ жил тэмдэглэх гээд ярьсан байсан юм. Тэгээд миний араас М-э, Н.Д- 2 ирсэн. Тэгээд бид нар тэнд бүгдээрээ 1 шил архи хувааж уугаад байж байхад хаалга нүдэхээр нь Э- хаалга тайлсан чинь нэг залуу орж ирээд Э-тэй мэндлээд дээшээ гараад явсан. Тэр үед Зу- нэг найзтайгаа 2 давхрын өрөөнд байсан. Тэр өрөөнд нөгөө залуу ороод удалгүй гараад явсан. Тэгсэн чинь М-э надад гадаа зодоон болоод байна гэж хэлсэн. Тэр үед би 2 давхарт У-тай хамт байсан болохоор юу болсныг мэдээгүй. Тэгээд гарсан чинь нөгөө ирсэн залууг Б.Ба-, Н.Д- нар газар унагаад зодож байхаар нь би очоод тэр залуугийн толгой руу нь 2 удаа гараараа цохиод нуруу руу нь 2 удаа өшиглөсөн чинь Зу-, М-э 2 салгаад тэр залууг аваад явсан. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа ирчихсэн байсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б.Ба-ын өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед 17-р сургуулийн урд талд ногоон өнгийн 2 давхар хауст байдаг Зу-ийн гэрт очсон чинь Зу-, С-, У-, Эрдэнэчимэг, З- нар байсан. Миний араас Б.Би-, Н.Д-, М-э нар ирсэн. Тэгээд бид нар бүгдээрээ 1 шил 1 литртэй Чингис архи хувааж уугаад юм яриад байж байсан. Тэгээд архиа дуусаад би Б.Би-тай хамт гарч дэлгүүрээс 1 шил 1 литртэй архи задлаад уугаад байж байсан чинь Зу-, З- 2 цаад талын 2 давхрын өрөөнд орсон. Тэр 2 өрөөндөө маргалдаад байх шиг байсан. З-, Зу-д надад энд таалагдахгүй байна би 30 000 төгрөгөндөө ууж идээд явчихъя гэж ярьж байх шиг байсан. Тэгээд би том өрөөнд байж байсан чинь Зу-, З- 2 байсан өрөөнд хүмүүс маргалдаад байсан. Тэгээд Н.Д- бид 2 шатан дээр тамхи татаад зогсож байсан чинь Зу-, З- хоёрын байсан өрөөнөөс махлаг залуу гарч ирээд хажуугаар гарахдаа намайг мөрлөөд гарсан. Тэр үед шатан дээр сууж байсан болохоор мөрлөхөд нь өвдгөөрөө эрүүгээ мөргөсөн. Тэгээд би тэр залууг чи одоо яагаад байгаа юм пизда чинь гэсэн чинь та нар өөрсдөө аятайхан ууж идэж чадаж байгаа юм уу, завхайраад гэснээ хаалга саваад гараад явахаар нь би араас нь гараад тэр залуутай маргалдаад миний 2 гарыг барихаар нь би мөргөсөн чинь тэр залуу тонгойход Н.Д- гарч ирээд тэр залууг хажуу талаас нь өшиглөөд дээрээс нь нуруу руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед Н.Д-ий хажууд тэр залууг бас өшиглөөд зодож байсан. Тэгсэн чинь Б.Би- гарч ирээд тэр залууг босгож ирээд цохиж унагаад Б.Би-, Н.Д- бид 3 нийлээд хэд хэд өшиглөсөн. Тэгсэн чинь Зу-, С- нар гарч ирээд салгахаар нь Б.Би-, С-, М-э бид нар байшин руу орсон чинь араас Н.Д- орж ирээд удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Г-ийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед манай эхнэр З-З- “манай найз З- гэртээ найзуудаараа шинэ жил тэмдэглэж байгаа тэнд оччихоод ирье” гээд явсан. Тэгээд би 6 настай охин М- хамт гэртээ байж байсан чинь 20 цагийн үед манай найз Г- надаас малгай авах гэж ирсэн. Тэгээд би хүүхдээ ээжийнд аваачиж өгчихөөд Га-- бид хоёр 2,5 литртэй “Гурван баавгай” гэдэг пиво аваад бид 2 манай гэрт хувааж уугаад Ганхуяг 22 цагийн орчим явахаар нь би гэртээ байж байгаад 00 цагийн үед эхнэр лүүгээ залгасан чинь утсаа авахгүй байхаар нь би дахиад залгасан чинь утсаа аваад 17-р сургуулийн урд талд байна ирээд авчих гэхээр нь би очоод залгасан чинь утсаа авахгүй байхаар нь тэр хавийн хувийн байшингуудыг харсан чинь нэг байшин гэрэлтэй байхаар нь тэр байшингийн хаалгыг нүдсэн чинь Э- гээд урд нь нэг удаа харж байсан охин хаалга нээгээд сайн уу гэхээр нь сайн манай эхнэр хаана байна гэхэд дээр 2 давхарт байгаа гэсэн. Би 2 давхар луу гарсан чинь шатан дээр нэг охин залуу хоёр үнэсэлцээд байж байсан. Тэгээд би 2 давхарт гарсан чинь манай эхнэр З-оо найз З-тайгаа юм яриад сууж байхаар нь утсаа яагаад авахгүй байгаа юм бэ гээд уурлахад юун сүртэй юм бэ гээд над руу уурласан. Би З- руу нь бас “би чам руу залгасан байгаа биз дээ” гэсэн чинь З-оо над руу чи яах гэж дандаа ингэж хэрүүл хийж байдаг юм бэ гэхээр нь би утсыг чинь аваад гарлаа чи эндээ үлд гээд З-оогийн утсыг аваад гараад шатаар бууж байсан чинь үсээ боочихсон цээж нүцгэн Б- гэх залуу сууж байхад нь хажуугаар нь буухдаа шүргээд гарчихсан чинь Б- босож ирээд чи хэн бэ гэхээр нь би зүгээр байгаарай гэж хэлээд түлхчихээд гарсан. Тэгтэл миний араас Б-, М-э 2 гарч ирээд Б- бариад авахаар нь би яагаад байгаа юм бэ гээд 2 гарнаас нь бариад авсан чинь Б- миний хамар луу шууд мөргөхөөр нь би Б-г унагаад бид 2 цуг унасан чинь хэн нэг нь наадах чинь ямар овоо пизда вэ наадахаа алчих гээд дээрээс өшиглөөд байсан. Яг хэдэн хүн намайг өшиглөсөн гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгсэн чинь З- намайг татаж босгоод цаад талын байшингийн тийшээ аваад явсан. Тэгсэн чинь Н.Д-өө гэдэг залуу нь чи намайг танихгүй байна уу пизда минь гээд миний араас татаад байсан. Тэр үед З- “та нар манай найзыг ийм болгочихлоо шүү дээ” гэсэн чинь Н.Д-өө З-г чи муу юу гээд байгаа юм бэ гээд маргалдахаар нь би цааш хогийн савны буланд очоод цагдаа дуудах гэсэн чинь утсаа хайгаад олоогүй. Тэгэхээр нь би З-д миний утас байхгүй байна хайгаарай гэж хэлээд эхнэрийн утас зүүн талын куртикны халаасанд байхаар нь эхнэрийн утсаар цагдаа дуудсан. Гэмт хэргийн улмаас миний өмсөж явсан куртик, гутал зэрэг өмсөх боломжгүй болсон тул худалдаж авсан. Би энэ хэргээс болоод 7 хоног ажилдаа яваагүй. Сард 1 500 000 төгрөгийн цалин авдаг. Би эдгээр хүмүүсээс ажилгүй байсан хугацааны цалин мөн хувцасны мөнгө гэж 1 500 000 төгрөг нэхэмжилсэн. Б.Би- надад 500 000 төгрөг өгсөн. Үлдэх хохирлоо гаргуулж авмаар байна. Манай байгууллага ямар нэг асуудалтай бол ажиллуулдаггүй. Одоо 4 сард эмчийн үзлэгт орно. Тэр үзлэгээр согогтой гарвал эмчлүүлнэ гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч З-З-гийн өгсөн: Манай нөхөр Г.Г- залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь З-гийнд байна гэсэн чинь одоо хурдан ир орой болчихлоо гэхээр нь би болоогүй байна З-тай юм яриад сууж байна гэсэн чинь тэгвэл чам дээр яваад очъё чамайг авъя гэхээр нь за тэгвэл тэг гээд би утсаа салгасан. Тэр үед 24 цаг болж байсан. Тэгээд би З-тай юм яриад сууж байсан чинь манай нөхөр Г.Г- залгаад байхаар нь би утсаа авахгүй З-тай юм яриад сууж байсан чинь гаднаас хэн нь билээ нэг нь гүйж ирээд доор хаалга нүдээд байна одоо ирэх хүн байгаа юм уу гэсэн чинь З- Г.Г- байж магадгүй хаалгаа онгойлгочих гэсэн. Тэгсэн чинь Г.Г-, З- бид 2-н өрөөнд орж ирээд яагаад утсаа авахгүй байгаа юм бэ 24 цагт ирнэ гэсэн яасан, би гэрийг нь мэдэхгүй баахан хайлаа. Энэ чинь одоо шинэ жил юм уу, юу юм доор хүмүүс үнэсэлцээд сууж байна энэ чинь завхайрлын газар юм уу гээд уурлахаар нь З- Г.Г-д битгий уурла бид 2 энд зүгээр юм яриад сууж байна гэж хэлчихээд Г.Г- бид хоёрыг үлдээгээд гараад явсан.Тэгтэл Г.Г- надад чи эндээ хоно энэ чинь завхайрлын газар байна чи утсаа авахгүй юм чинь утсаар яадаг юм бэ гээд миний утсыг гараас булааж аваад гарсан. Г.Г- гарах үедээ З- бид 2-н байж байсан өрөөний хаалгыг аймаар хүчтэй саваад гарахаар нь би уйлж байгаад гадуур хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь тэр өрөөний хаалга түгжигдсэн байхаар нь нээх гээд бараг 30 минут хаалгатай ноцолдсон. Тэгээд би хаалга нээх гэж байсан чинь доор хүмүүс пижгэнээд орилолдоод байгаа бололтой чимээ гараад байхаар нь хаалгыг нь хөшиж онгойлгоод доошоо гүйгээд буусан чинь Б.Би- гадаа гарах гээд орилчихсон 2 талаас нь 2 эмэгтэй барьчихсан байснаа Б.Би- намайг хараад “гичий минь нөхрөө аваад зайл, зайлахгүй бол нөхрийг чинь ална шүү” гэхээр нь би зодолдох хэрэг байгаа юм уу эрүүлдээ учраа олооч гэж хэлээд байж байхад манай нөхөр гаднаас цус болчихсон орж ирсэн гэх мэдүүлэг /хх 26-27/,
Гэрч У.Зу-ийн өгсөн: Би найзуудтайгаа гэртээ шинэ жил тэмдэглэх гээд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Ба-, Б.Би-, Н.Д-, М-э, Эрдэнэчимэг, С-, У-, З-З- нарт хэлсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой манай гэрт 20 цагаас эхлээд цуглаж байгаад 21 цагийн үед бүгдээрээ цуглаад шинэ жилээ эхэлсэн. Тухайн үед 17-р сургуулийн хувийн орон сууцнууд дунд байшин хөлсөлдөг байсан. Бид нар 9-үүлээ 2 шил 1 литртэй архи хувааж уусан. Тэгээд З-З- бид хоёр миний өрөөнд юм яриад сууж байхад З-З-гийн нөхөр Г.Г- гаднаас манай өрөөнд орж ирээд утсаа авахгүй яасан юм бэ гээд З-З-тай жоохон маргалдахаар нь би өрөөнөөсөө гараад З-З- Г.Г- 2-г үлдээсэн. Тэгээд удалгүй Г.Г- миний араас гарч ирээд явлаа гээд гараад явсан. Тэгсэн чинь зодоон болоод байна гэхээр нь гадаа гарсан чинь Г.Г- газар уначихсан Б.Ба-, Н.Д- 2 Ган-Эрдэний 2 талаас өшиглөж байхаар нь би болиулах гээд дийлэхгүй байсан чинь Б.Би- гарч ирээд тэр 3 нийлээд Ган-Эрдэнийг зодсон. Тэгсэн чинь С-, У- 2 гарч ирээд тэр хэдийг салгахаар нь би Ган-Эрдэнийг аваад байрны нөгөө талын булан руу аваад явсан. Тэр үед Ган-Эрдэнийг харсан чинь Ган-Эрдэний хамар нь хавдчихсан битүү цус болчихсон хувцас нь урагдаад цус болчихсон шүд нь хугараад уначихлаа гэж байснаа өөрийнхөө утсаар цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 28/,
Гэрч М.С-гийн өгсөн: Би Зу-тэй хамт 17-р сургуулийн урд талд хувийн байшин хөлсөлдөг байсан. 2018 оны 12-р сарын 26-ны орой 20 цагаас Зу-, У-, Б.Ба-, Б.Би-, М-э, Эрдэнэчимэг, З-, Н.Д- нартай манай гэрт шинэ жилээ тэмдэглээд 2 шил 1 литртэй архи уусан. Тэгээд би тасарсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа нар ирчихсэн миний үснээс нэг хүн зулгаасан. Тэгээд юу болсон гэдгийг санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн 04 цагийн үед ухаан орсон гэх мэдүүлэг /хх 30/,
Гэрч О.М-ий өгсөн: Намайг шатан дээр зогсож байхад гаднаас намхан махлагдуу бор царайтай залуу орж ирээд 2 давхарт Зу-ийн байсан өрөөнд орсноо тэр хэд чанга, чанга яриад маргалдаад байх шиг байсан. Тэгсэн чинь удалгүй нөгөө залуу гараад явсан. Тэр үед би шатан дээр байж байсан. Тэгээд би шатаар бууж байсан чинь Б.Ба- сая энэ залуу намайг цохичихлоо гээд хувцсаа өмсөөд гарахаар нь би араас нь гарсан чинь нөгөө залууг Б.Ба- араас нь барьж аваад тэр залууг цохихоор нь би очоод тэр хоёрыг салгаад тэр залууг цааш нь аваад явсан чинь араас Б.Би-, Н.Д- 2 ирээд Б.Би- тэр залууг хавсраад унагасан чинь Н.Д- дээрээс нь өшиглөсөн. Б.Би- бас өшиглөхөөр нь би салгаад тэр залууг босгоод цааш аваад явж байсан чинь тэр залуу миний утас алга болчихлоо гээд байсан гэх мэдүүлэг /хх 31/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт:
"1.Г.Г-ий биед тархи доргилт, зүүн чамархай, дагз, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чих, доод уруулын дотор салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн ГЗТ журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх 39/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Д-, Б.Би-, Б.Ба- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Г.Г- нь ажилгүй байсан хугацааны цалин болон эд хөрөнгийн хохиролд 1 500 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт КТГ-ын зураг авахуулсан гэх 125 000 төгрөгийн /хх 8/, ажилгүй байсан хугацааны цалин 436 912 төгрөгийн /хх 11/, куртик, гутал худалдаж авсан үнэ болон унааны зардал 480 000 төгрөгийн нийт 1 041 912 төгрөгийн нотлох баримт ирүүлжээ. Үүнийг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах нь зүйтэй гэж үзсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Би- нь хохирогчид 500 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаан өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар /хх 111/ тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Би-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн гэж үзлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Н.Д-, Б.Ба- нараас тус бүр 347 304 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаан 1 хоногийн хугацаагаар завсарласан.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Д- нь 310 000 төгрөгийн хохирол төлж, шүүгдэгч Б.Ба- хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч Н.Д-өөс 37 304 төгрөг, шүүгдэгч Б.Ба-ас 347 304 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор тогтоолд тусгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Н.Д-, Б.Би- нар нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 66, 67-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ба- урьд нь:
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 17-ны 902 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийн 65-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар /хх 88-100/-аар тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Б.Би-, Н.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг, шүүгдэгч Б.Ба-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, тэдний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Д-, Б.Би- нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.Ба-д 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 1918000340075 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Д-, Б.Би-, Б.Ба- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Д-, Б.Би- нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б.Ба-ыг 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Д-, Б.Би- нарт тус бүр оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавь/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Д-, Б.Би- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар,
шүүгдэгч Б.Ба- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Ба-д оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Д-өөс 37 304 /гучин долоон мянга гурван зуун дөрөв/ төгрөг, шүүгдэгч Б.Ба-ас 347 304 /гурван зуун дөчин долоон мянга гурван зуун дөрөв/ төгрөг тус тус гаргуулж хохирогч Г.Г- д олгосугай.
7.Эрүүгийн 1918000340075 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Би- бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-, Б.Би-, Б.Ба- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ