Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 567

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 29 өдөр     Дугаар 181/ШШ2016/00567                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Намьяанжугийн гудамж, 34-р байр, 56 тоот хаягт оршин суух Боржигон овогт Адъяагийн Ороолонбүрд /РД:УУ80070518/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Усны гудамж-4, Улаанбаатар-14253, өөрийн байранд оршин байгаа “Капитрон банк” ХХК /рд:2677377/-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ороолонбүрд, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагчийн төлөөлөгч С.Ялалт, Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ороолонбүрд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Капитрон банк” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2008 оны 3 сарын 03-ны өдрийн 97 тоот тушаалаар тус банкны Аж ахуйн хэлтэст жолоочийн ажил албан тушаал, 2012 оны 01 сарын 17-ны өдрийн 21 тоот тушаалаар Механик диспетчерийн ажил албан тушаалд тус тус ажиллаж байсан. Гэтэл нэхэмжлэгч миний хувьд компанийн харилцагчийн өмч хөрөнгийг санаатайгаар хувьдаа завшсан үйлдэл огт хийгээгүй байхад тухайн ажил олгогч хууль бус дүгнэлт гарган миний нэр хүндийг ажилчдын дунд санаатайгаар унагаасанд, түүгээр ч зогсохгүй миний хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцалсанд туйлын гомдолтой байна. Хариуцагч банкны зүгээс намайг харилцагч Цацралын өмчлөлийн эд хөрөнгийг санаатайгаар хувьдаа завшсан гэж дүгнэж энэхүү тушаалыг гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү хэргийн үйл баримтын тухайд 2015 оны 11 сарын 05-ны өдөр манай банкны Ард салбарын харилцагч н.Цацралын өмчлөлийн Тоёота Приус маркийн автомашин зээлийн барьцаанд хураагдаж банкны зогсоолд ирсэн байдаг. Нэхэмжлэгч миний хувьд тухайн үед хувьдаа автомашин авахаар сонирхож байсан учраас дээрх машиныг сонирхож Ард салбарын эрхлэгч н.Цогжавхлангаас тухайн машиныг худалдах эсэхийг тодруулахад 3 сардаа худалдахаар захирлуудын шийдвэр гарч байгаа тухай хэлсэн. Ингээд 2016 оны 03 сард тухайн машины хажуугаар өнгөрөхөд түүний 2 талын хажуугийн толь наалт салж эхэлсэн, унахад бэлэн болсон байгааг ажигласан. Миний зүгээс дээрх машиныг нэгдүгээрт өөрөө сонирхож байсан, хоёрдугаарт компанийн авто машинуудын засвар үйлчилгээ, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг механик диспетчерийн хувиар тухайн толийг буцаан наах гэсэн боловч нэгэнт наалт нь салсан байсан тул толийг сүүлд буцаан наахаар хураан авч, компанийн өмчлөлийн 1757 УБР дугаартай Ланд 100 маркийн автомашины багажинд хадгалсан. Харилцагч тухайн машины зээлийг бүрэн төлж машинаа буцаан авахаар болсон бөгөөд 2016 оны 4 сарын 04-ний өдөр машинаа хүлээж авах үед нь миний хувьд дээр хадгалсан 2 толийг буцаан өгсөн. Гэтэл харилцагч 4 сарын 12-ны өдөр “тухайн машины 2 талын толийг дуураймал толиор сольсон тул жинхэнэ толийг буцаан өгөхийг хүссэн” хүсэлт бичсэн байна. Банкны зүгээс энэхүү үйлдэлд намайг буруутгаж, харилцагчийн машины хоёр талын толийг завшсан гэж дүгнэсэн. Анх тухайн автомашин манай банкны зогсоолд 2105 оны 11 сард ирсэн бөгөөд миний хувьд салсан толийг 4 сарын дараа авч хадгалсан байдаг. Энэ хугацаанд хэн нэгэн хуурамч толийг сольсон байж болох талаар баримт цуглуулалгүй, нотолгоогүйгээр намайг буруутгасан үйлдэлд миний бие удаа дараа шаардлага хүсэлт тавьсаар байсныг банк хүлээн аваагүй. Миний зүгээс банкны захирлуудын зөвлөгөөг дагаж, 8 жил гаруй ажилласан банкныхаа нэр хүндийг бодож тухайн оны 4 сарын 16-нд өөрийн хөрөнгөөр цоо шинэ 2 толь худалдан авч харилцагчийг гомдолгүй болгосон. Миний хувьд тухайн толийг шунахайн сэдэлтээр ашиг хонжоо олох зорилгоор огт аваагүй бөгөөд ажил үүргийнхээ хувиар анх хадгасан газраа байлгаж, харилцагчид тэр дор нь буцаан өгсөн тул компаниас хөдөлмөрийн гэрээний 7.4.3-д заасан зөрчилийг гаргасан гэж үзэхгүй байна. Түүнчлэн намайг тухайн хөрөнгийг завшсан гэм буруутай гэж шүүхээр тогтоогоогүй байхад компанийн зүгээс хууль бус дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний ажлаас халагсдан 2016 оны 04 сар хүртэлх сүүлийн 3 сарын буюу 2, 3, 4 саруудын цалингийн дундаж нь 1,081,904 төгрөг байх бөгөөд энэ дундаж цалинг ажллаас халагдсан 2016 оны 4 сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах хүсэлтэй байна. Иймд А.Ороолонбүрд намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажил албан тушаалд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4,327,626 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Капитрон банк” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 болон Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Капитрон банк” ХХК-ийн Аж ахуйн хэлтсийн механик диспетчер А.Ороолонбүрдэд 2016 оны 4 сарын 26-нй өдрийн Б/174 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн юм. Учир нь нэхэмжлэгч А.Ороолонбүрд нь тус банктай байгуулсан “ Хөдөлмөрийн гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.4-т “Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4  дэх хэсэг дэх “...ноцтой зөрчил...” гэдэгт дараах зөрчлийг хамааруулахаар гэрээний талууд харилцан тохиролцов”, 7.4.3-т “Эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулан ашигласны улмаас банкинд мөнгө, эд хөрөнгийн хохирол, гэм хор учирсан, банкны болон харилцагчийн өмч хөрөнгийг санаатайгаар хувьдаа завшсан, бусдад завшуулсан, хулгайлсан, залилан мэхэлсэн нь тогтоогдсон” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүхий ноцтой зөрчил гаргасан байна. Тодруулбал, Капитрон банкны харилцагч Ц.Цацрал нь 2016 оны 4 сарын 12-ны өдөр “...Капитрон банкинд хураагдсан УНҮ 89-40 улсын дугаартай, Тоёота Приус 20 маркын суудлын автомашиныг 2016 оны 4 сарын 04-ний өдөр буцаан авах үед 2 талын оргинал толь нь байгаагүй бөгөөд оронд нь хагархай, хуурамч толь өгсөн тул өөрийн оргинал толийг эргүүлэн авах хүсэлтэй байна” гэсэн агуулга бүхий гомдлыг тус банкинд гаргасан. Тус банк нь харилцагчийн уг гомдлын дагуу 2016 оны 4 сарын 19-ний өдрийн А/56 тоот гүйцэтгэх захирлын тушаалын дагуу ажлын хэсэг байгуулж, холбогдох ажилтнуудаас тодруулга авч, автомашиныг банк хураах үеийн болон харилцагчид буцаан өгөх үеийн зургуудыг харьцуулсны үндсэн дээр 2016 оны 4 сарын 22-ны өдөр ажлын хэсгийн “Хяналт шалгалтын дүгнэлт” гаргасан бөгөөд дүгнэлтээр Капитрон банкны Аж Ахуйн хэлтсийн механик диспетчер А.Ороолонбүрд нь харилцагчийн хөрөнгө болох зээлийн үүргийн гүйцэтгэлд хураагдсан аютомашины 2 талын толийг авсан нь тогтоогдсон юм. Ийнхүү ажлын хэсгийн хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдслон нэхэмжлэгч А.Ороолонбүрд харилцагчийн хөрөнгийг санаатайгаар хувьдаа завшсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил бөгөөд банкинд итгэх харилцагчийн итгэлийг алдагдуулсан, банкны нэр хүндийг дордуулсан ноцтой үйлдэл юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь дээр дурдсан үйлдлээ зөвтгөж “...харилцагчийн хөрөнгийг санаатайгаар завших үйлдэл гаргаагүй бөгөөд харин ч ажил үүргийнхээ хувиарийн дагуу хямгадсан, хамгаалсан...” мэтээр тайлбарласан байна. Гэтэл нэхэмжлэгч А.Ороолонбүрдийн ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн гэрээнд зааснаар бол Аж Ахуйн хэлтсийн механик диспечер нь харилцагчийн хөрөнгө эсвэл банкны зээлд хураагдсан автомашины бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй албан тушаалтан биш байх бөгөөд нэхэмжлэгчийн ажлын чиг үүрэгт хамааралгүй үйлдэл юм. Нэхэмжлэгч А.Ороолонбүрдийн хууль зөрчсөн дээрх ноцтой үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 болон Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтуудын дагуу ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон бөгөөд тус банкны уг шийдвэр нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч А.Ороолонбүрдийн нэхэмжлэлийг хангалгүйгээр, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ороолонбүрд нь хариуцагч “Капитрон банк” ХХК-д холбогдуулан, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь компанийн харилцагчийн эд хөрөнгийг санаатайгаар завшсан үйлдэл гаргаагүй, зээлийн барьцаанд хураагдсан автомашиныг өөрөө авах санаатай байсан тул унах гэж байсан толийг авч хадгалсан, банкны харилцагчид хохирлыг барагдуулсан, эрх бүхий байгууллагаас эд хөрөнгө завшсан гэм буруутай үйлдлийг тогтоогоогүй байхад ажилаас халсан нь үндэслэлгүй гэж өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч нь тус банкны харилцагчийн эд хөрөнгө буюу автомашины толийг хувьдаа завшсан үйлдлээ А.Ороолонбүрд өөрөө хүлээн зөвшөөрсөн, гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн хяналт шалгалтын дүгнэлтээр дээрх үйлдэл нь тогтоогдсон, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй гэж өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тус тус тайлбарлан маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

А.Ороолонбүрд нь “Капитрон банкны” гүйцэтгэх захирлын 2008 оны 3 сарын 03-ны өдрийн 97 тоот тушаалаар Аж ахуйн хэлтэст анх жолоочоор, 2012 оны 01 сарын 17-ны өдрийн 21 тоот тушаалаар Аж ахуйн хэлтэст механик диспетчерээр томилогдож, улмаар 2016 оны 4 сарын 26-ны өдрийн Б/174 тоот тушаалаар ажилаас чөлөөлөгдсөн байна. /хх-6х, 8х, 9х-арын нүүр/

 

“Капитрон банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 4 сарын 26-ны өдрийн “А.Ороолонбүрдэд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөх тухай” Б/174 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг тус тус үндэслэж, харилцагчийн өмч хөрөнгийг санаатайгаар хувьдаа завшсан ноцтой зөрчил гаргасан тул 2016 оны 4 сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ.

 

А.Ороолонбүрд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаанд буюу ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргасан байна.

 

Зээлдэгч Ц.Цацралын өмчлөлийн зээлийн барьцаа хөрөнгө болох Тоёота Приус 20 маркийн суудлын авто машины толийг байгууллагын хашаанд байх үед нь А.Ороолонбүрд авсан, иргэн Ц.Цацрал нь автомашиныг буцаан авсны дараагаар толь нь солигдсон талаар “Капитрон банк”-д гомдол гаргасан, уг гомдлын дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан, ажлын хэсгийн дүгнэлтээр А.Ороолонбүрд нь банкны хашаанд байсан автомашины толийг зөвшөөрөлгүй авч, зээлдэгч гомдол гаргахад толийг буцаан өгсөн болох нь тогтоогдсон үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

 

Талуудын хооронд 2014 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3-т “...харилцагчийн өмч хөрөнгийг санаатайгаар хувьдаа завшсан... нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор зохицуулсан байна. /хх-23х/

 

Хэдийгээр нэхэмжлэгч А.Ороолонбүрд нь авто машины толийг авсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн, энэ үйлдлийн талаар гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг дүгнэлт гаргасан боловч бусдын өмч хөрөнгийг “завшсан” гэх гэм буруутай үйлдлийг хуулиар олгосон чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан шалган тогтоогоогүй байхад А.Ороолонбүрдийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний 7.4.3-т заасан “эрх мэдлээ хэтрүүлсэн, завшсан, хулгайлсан, залилан мэхэлсэн” зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэм буруутай үйлдэл байх ба үүнийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалган тогтоох учиртай.

 

Байгууллагаас томилогдсон ажлын хэсэг дээр дурдсан үйлдлүүдийг тогтоох нь иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг зөрчих, ажил олгогч өөрийн санаачилгаар өөрт таалагдаагүй ажилтанг ажилаас чөлөөлөх үр дагаварт хүргэж болзошгүй юм.

 

Шүүх бусдын эд хөрөнгийг байгууллагад мэдэгдэлгүй авсан А.Ороолонбүрдийн үйлдлийг зөвтгөхгүй байгаа боловч ажилтанд тохирох сахилгын шийтгэлийг ногдуулалгүй шууд ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн үйлдэл буруу байна гэж үзэв.

 

Иймд А.Ороолонбүрдийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд буюу “Капитрон банк” ХХК-ийн Аж ахуйн хэлтсийн Механик диспетчерээр эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсонтой холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт сүүлийн гурван сарын цалин хөлсний дундаж болох 1,058,931 төгрөгийг ажлын 22 хоногт хуваан нэг өдрийн ажлын хөлс 48,133.2 төгрөг гаргаж, үүнийг ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 4 сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны буюу 2016 оны 8 сарын 29-ний өдөр хүртэлх 84 ажлын хоногт үржүүлэн нийт 4,043,188 төгрөгийг хариуцагч “Капитрон банк” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч А.Ороолонбүрдэд олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан А.Ороолонбүрдийг “Капитрон банк” ХХК-ийн Аж ахуйн хэлтсийн Механик диспетчерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Капитрон банк” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,043,188 төгрөгийг гаргуулан А.Ороолонбүрдэд олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх 284,838 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Ороолонбүрд нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “Капитрон банк” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 79,641 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.НЯМБАЗАР