Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01236

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024   06   14   210/МА2024/01236

 

 

 

Ж.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2024/02351 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Т т холбогдох

19,754,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхцэцэг (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Ж.Н- нь хариуцагч А.Т тай 2020 оны 02 дугаар сард БНСУ-д нэг компанид ажилладаг, мөн гэр бүлийн харилцаатай байсан. Хариуцагч нь хамтарч наймаа хийж, мөнгөө өсгөөд Монгол Улсад орон байр авч амьдрах талаар ярьдаг байсан. Ж.Н- нь хуучин хувцас бараа худалдан авч, А.Т Монгол Улсад худалдаж ашиг олох талаар ярилцсан. Ж.Н- 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,212,000 воны үнэтэй 300 кг 4,000 гаруй ширхэг бараа, мөн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2,400,000 воны үнэтэй 510 кг 4,000 гаруй ширхэг барааг худалдан авч, тээврийн зардалд 650,400 вон төлж, Шуурхай тээвэр компаниар илгээсэн. Гэтэл ачааг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А.Т ын эхнэр Ц.Н хүлээн авсан байсан, хариуцагчийн эхнэр нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтран наймаа хийх болсныг мэдэж байснаар барахгүй нөхөр А.Т тай нийлж Ж.Н-ийн мөнгийг ашиглан хууран мэхэлсэн байсныг сүүлд мэдсэн. Хариуцагч нь анх хэлэлцэн тохиролцсоноо биелүүлээгүй ба барааны үнэ 3,252,000 вон, тээврийн зардал 650,400 вон, нийт 3,902,000 вон буюу тухайн өдрийн Монголбанкны ханшаар 10,146,200 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул хариуцагчаас нэхэмжилж байна.

1.2. Мөн хариуцагч А.Т нь байр авах гэсэн боловч мөнгө хүрэхгүй байна, 9,000,000 төгрөг түр зээлээч гэсэн тул нэхэмжлэгч Ж.Н- нь 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б.З-гийн дансаар дамжуулан 3,600,000 воныг түүнд шилжүүлсэн. Мөн хариуцагч 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орон сууцандаа засвар хийж байгаа, хаалганы мөнгө зээлээч гэсэн тул 400,000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр уураг авч уух мөнгө хэрэгтэй гэсэн тул 208,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Иймд хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,146,200 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 9,608,000 төгрөг, нийт 19,754,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие 2020 оны 01 дүгээр сард БНСУ руу явж 1 жил 3 сар ажилласан. Энэ хугацаанд найз С.Б-ынд амьдардаг байсан бөгөөд тухайн үед Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсаас ирэх хүн бага, ажлын олдоц их байсан учир амралтгүй ажиллаж мөнгө цуглуулж, бусад хүнээр тэжээн тэтгүүлэх асуудал байгаагүй. Мөн Ж.Н-тэй танилцаж, түүнийг ажилд оруулж өгч хамт ажилласан, хамт амьдарсан. Сүүлийн 3 сард бэлнээр авсан цалин 30,000,000 воныг Ж.Н-ийн шкафанд хадгалж байсан ба Монгол Улс руу буцахын өмнө тооцоо хийхэд 3,600,000 вон дутсан. Ж.Н- хэрэгцээ гараад авсан, одоо мөнгө байхгүй, хэрэгтэй бол араас чинь шилжүүлье гэсэн. 2021 оны 05 дугаар сард би байр худалдаж авахдаа Ж.Н-ээс 3,600,000 воноо явуулахыг шаардахад 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 9,000,000 төгрөг орлого гэж шилжүүлсэн.

2.2. Намайг 100 айл дээр хаалга авах гээд явж байхад Ж.Н- залгаад байрыг чинь мялаая гээд 400,000 төгрөг шилжүүлсэн, харин 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хэнээс шилжүүлсэн нь мэдэгдэхгүй 200,000 төгрөгийн гүйлгээ орж ирсэн байсан.

2.3. Би 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр комиссын бараа судлаад боломжийн санагдсан тул 21 ширхэг 303 кг барааг 1 кг-ийг 2,000 вон, нийт 606,000 воноор, дараа нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 27 ширхэг хайрцаг, 1 пресс, нийт 28 ширхэг 510 кг барааг 1 кг-ийг 2,000 воноор, нийт 1,020,000 воноор тус тус худалдан авч, Монгол Улс руу явуулсан. Тухайн үед Ж.Н- нь ялгаж авсан барааг тэмдэглэх байдлаар тусалсан ба бараагаа Шуурхай тээвэр каргогоор дамжуулан Монгол Улс руу явуулахад ачааны эзний мэдээлэлд миний нэрийг, ачааг хүлээж авах хүний мэдээлэлд эхнэр Ц.Н ийн нэр, утасны дугаар зэргийг өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би каргоны төлбөр 242,000 вон буюу 606,800 төгрөгийг шилжүүлээд эхнэр Ц.Н барааг хүлээж авсан. Дараагийн барааг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр Ц.Н хүлээн авч каргоны төлбөр 1,070,706 төгрөгийг төлсөн.

Иймд миний ярьсан бүх зүйл нотлох баримтаар нотлогдох тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагч А.Т аас 9,608,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 10,146,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,721.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 168,678.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

  

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хариуцагч А.Т аас 9,608,000 төгрөг гаргуулж байгаагийн 9,000,000 төгрөг нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй байгаа болно.

Нэхэмжлэгч Ж.Н- нь хариуцагч А.Т надад зээлийн гэрээгээр шилжүүлсэн гэх 9,000,000 төгрөг нь огт үндэслэлгүй худал зүйл гүтгэлэг юм. А.Т нь БНСУ-д 3 сар хамт амьдарч байсан бөгөөд цалингаа Ж.Н-ийн гэрт хадгалж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр буцах билет авч мөнгөө тоолж үзэхэд 30,000,000 воноос 3,600,000 вон дутсан. Ж.Н-ээс асуухад надаас асуулгүй зөвшөөрөлгүй авч үрснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоо мөнгө алга, араас чинь шилжүүлье гэсэн. А.Т ирснийхээ дараа даруй мөнгөө явуулахыг шаардсан боловч олон удаа гуйлгаж, нэхүүлж байж арай гэж 1 сарын дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр *** тоот данснаас орлого гэсэн гүйлгээний утгатай 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь Ж.Н-ээс авах ёстой байсан 3,600,000 вон юм.

4.2. Шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэсэн гэжээ. Миний бие нэхэмжлэгчтэй ямар ч зээлийн гэрээ аман болон бичгийн хэлбэрээр хийгээгүй байхад ямар үндэслэлээр зээлдэгч гэдэг хуулийн субъект болов гэдгийг ойлгохгүй байна.

4.3. Нэхэмжлэгч нь 2020 оны 07, 08 дугаар сард хариуцагчтай наймаа хийхээр тохиролцон 100 хувь хөрөнгө оруулалт хийсэн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж хариуцагчаас 10,146,200 төгрөг нэхэмжлэхдээ Ж.Туулбаатар эхнэр Ц.Н ийн хамт хуурч мэхэлсэн байсныг мэдэж байсан гэх мөртлөө уг хөрөнгө оруулалтынх нь мөнгө өөрт нь орж ирээгүй байхад 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр буюу бараг жилийн дараа их хэмжээний 9,000,000 төгрөг дахин зээлүүлсэн гэх хоорондоо ямар ч логикгүй, авцалдахгүй худал хуурмаг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч дутуу нягталж орлого гэсэн гүйлгээний утгатай ганц дансны хуулгаар нотлох баримт гэж үзэхгүй байгаа тул шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.4. Ж.Н-ийн сайн дураар надад өгсөн 400,000 төгрөг, уурагны мөнгө гэх 208,000 төгрөгийг төлж барагдуулахад гомдол санал байхгүй, харин түүний нэхэмжилсэн 9,000,000 төгрөг нь хариуцагч А.Т ын авах ёстой хууль ёсны мөнгө мөн байсан тул надаас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ж.Н- нь хариуцагч А.Т т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 10,146,240 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 9,608,000 төгрөг, нийт 19,754,240 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 608,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн болон 2020 оны 08 дугаар 01-ний өдрийн Бараа материал арилжааны баримтууд, Шуурхай тээвэр карго төлбөрийн баримтуудаар нэхэмжлэгч Ж.Н-ийг 813 кг барааны үнэ 3,252,000 вон, тээврийн зардал 650,400 воныг төлсөн болох нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, тал бүрээс нь харьцуулах журмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаарх зохицуулалтыг шүүх зөв тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 10,146,240 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

4. Нэхэмжлэгч Ж.Н- нь 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 9,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 208,000 төгрөг тус тус хариуцагч А.Т т шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

4.1. Нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчийн хүсэлтээр зээлдүүлсэн гэж, хариуцагч нь БНСУ-д хамт амьдарч байхад нэхэмжлэгчид хадгалуулсан 30,000,000 воноос дутагдуулсан 3,600,000 вон буюу 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шилжүүлсэн, үлдэх 608,000 төгрөгийг бэлэглэсэн гэж тус тус тайлбарлаж маргажээ. Гэхдээ хариуцагч 608,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг зөвшөөрсөн байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж тус тус заасан.

Хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 3,600,000 вон буюу 9,000,000 төгрөг хадгалуулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, шүүхэд нотлох баримт бүрдүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх ба анхан шатны шүүх хариуцагч А.Т нь нэхэмжлэгч Ж.Н-ээс хүлээн авсан 9,608,000 төгрөгийг зээл биш гэсэн тайлбараа баримтаар няцаагаагүй гэж дүгнэсэн нь зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх хариуцагчид 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эрх, үүрэг тайлбарласан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг мөн өдөр гардан авч, хэргийн материалтай танилцсан, улмаар 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хариу тайлбар, нотлох баримтаа гаргасан, түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өмгөөлөгч Б.Энхцэцэгтэй хууль зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийн эрхийг хангасан байна.

4.3. Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зээлийн гэрээ гэж тодорхойлсон тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Тус зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 9,608,000 төгрөгийг төлөхийг шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2024/02351 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД   Д.НЯМБАЗАР

Д.ЗОЛЗАЯА