Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 118

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Хохирогч Ч.Ц-,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Баатар Дүгэржавын Д.Б-д холбогдох эрүүгийн 1818008340074 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.Б-, 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, яс үндэс халх, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ялаар,

2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ялаар,

3. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэрт 1А байрны гадаа Ч.Ц-гийн зүүн талын чихнээс монетон ээмгийг нь авсан болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Д.Д.Б-ий өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан сумын 14 дүгээр баг 1А байрны гадаа лааз тушааж олсон мөнгөөрөө 0.75 литрийн архи авч уугаад байж байсан чинь Ч.Ц- эгчтэй таарсан. Тухайн үед Ч.Ц- эгч архи уучихсан явж байсан.Тэгэхээр нь би Ч.Ц- эгч хоёулаа архи ууя гэж хэлээд хуучин хорооллын 39 дүгээр байрны гараашийн хажууд очоод Ч.Ц- эгчтэй архи хувааж ууж байгаад Ч.Ц- эгчийн зүүн талын чихэнд байсан монетон ээмгийг гараараа тайлж аваад зугтаачихсан.Тэгээд би тэр  ээмгийг өмсөж байсан куртикнийхээ зүүн талын халаасанд хийгээд бирж рүү таксинд суугаад явсан.Тэгээд бирж дээр очоод хэдэн залуучуудтай нийлж ногоо буулгаад ажлынхаа хөлсөөр архи авч уусан. Миний халаас цоорхой байсан юм байна лээ тэгээд ажил хийж байхдаа хаячихсан байсан гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Ц-гийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед би Хуучин хорооллын 16 байрны гадаа Д.Б- гэх зүс таньдаг хүүхэдтэй тааралдсан.Тэгсэн Д.Б- надад Ч.Ц- эгч надад ганц юм байна ууя гэж хэлсэн.Тэгэхээр нь тэр савтай архинаас нь амссан чинь их муухай амттай байсан болохоор нь уугаагүй. Баагий өөрөө уугаад дуусгачихсан. Тэгээд байж байтал Д.Б- намайг гэнэт тэвэрч авснаа зүүн чихнээс монетан ээмгийг маань мулт татаж аваад зугтаачихсан. Тэгээд би гайхаад Д.Б-ийн араас гүйж чадахгүй болохоор араас нь орилоод үлдсэн. Миний хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/, Капитал зууч ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 16/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж  шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Д.Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ч.Ц- нь шүүх хуралдаанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Д.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Д.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д.Б- нь урьд:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар,

2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ялаар,

3.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ийг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн 1818008340074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ