Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024   06   14   210/МА2024/01237

 

 

 

Т.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01612 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.О-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Т.Т ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэгмид, С.Мандахтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Т.О- нь хариуцагч Э.Т.Т ХК-ийн Салбарын Захиргааны хэлтсийн түлшний нярваар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/487 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалд ноцтой зөрчил гаргасан нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн D23/49 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэл заасан. Т.О- 946 л шатахуун дутуу байна гэдгийг тухайн үедээ мэдэгдсэн бөгөөд асуудлыг нуун дарагдуулаагүй, данс бүртгэлийг буруу хөтөлсөн зүйл байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар нягтлан бодох бүртгэлийн алдааны залруулга хийснийг, мөн санхүүгийн данс, бүртгэлд юуг ойлгохыг анхаарч үзэх шаардлагатай. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тайлан дээр 903 л, 43 л, нийт 946 л түлш дутагдалтай гэдэг нь харагдана, үүнийгээ Т.О- тухайн үедээ хэлсэн. Тиймээс байгууллагын зүгээс төлөвлөгөөт бус, дотоод хяналт шалгалтыг явуулж дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй, ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй, хагас жилийн тайлан тооцоо нь гарчихсан.

1.2. Хөдөлмөрийн дотоод журмын 8.3, 8.5-д зааснаар Т.О-ы үйлдлийн талаар эхлээд шууд удирдлагын саналыг ажилтны сахилгын зөрчлийн хуудсаар авсан байх ёстой, түүний ажлын байрны тодорхойлолтод зааснаар Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс түүний шууд удирдлага байна. Гэтэл тус хэлтсээс ямар нэгэн санал аваагүй, сүүлд өгсөн ажилтны сахилгын зөрчлийн хуудсыг бид нөхөж хийсэн гэж хардаж байна.

Хөдөлмөрийн гэрээний 4.5.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т зааснаар нэхэмжлэгч Т.О- ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй, түүний үйлдлийн улмаас байгууллагад хохирол учраагүй.

Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Т.О-ыг Салбарын Захиргааны хэлтсийн түлшний нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 8 сар 13 хоногийн дундаж цалин хөлс болох 103,681,885 төгрөгийг хариуцагч Э.Т.Т ХК-аас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Т.О- нь Салбарын Захиргааны хэлтсийн түлшний нярваар ажиллаж байхдаа *** УНК улсын дугаартай SV033 автоцистерний түлшийг шавхсан талаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Түлш шавхсан акт үйлдэхдээ 3,329 л түлш зарцуулсан, *** УНК SV033 автоцистерний түлшний үлдэгдлийг шавхаж, бүртгэлтэй тулгасан. Үлдэгдэл зөрүү үүсээгүй, холбогдох тоолуурын заалт, түлшний зургийг хавсаргав гэж тусгасан. Гэтэл бодит нөхцөл байдалд өглөөний ээлж солигдох үеэр техникүүдэд 2,426 л түлш олгоод автоцистерний үлдэгдэл дууссан байхад *** УНК дугаартай SV033 автоцистернээс 3,329 л түлш зарцуулсан гэж автоцистерний машины түлшийг шавхсан тухай акт, бараа материалын тооллогын хуудас зэргийг зөрүүтэй үйлдсэн болох нь тогтоогдсон. Тодруулбал Т.О- нь автоцистерний түлш байх ёстой хэмжээнээс 903 л дутсан байхад дутаагүй мэтээр акт үйлдсэнийг Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид түлш олгох журам, Бараа материал хүлээн авах, хадгалах, олгох журам болон Нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу зохих хяналтыг тавьж ажиллаагүй байна гэж Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас хийсэн хяналт шалгалтаар тогтоож, D23/49 дугаар дүгнэлт гарсан. Т.О- нь Салбарын Захиргааны хэлтсийн түлшний нярвын ажлын байрны тодорхойлолтын 2, 3 дугаар зорилтын чиг үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн бөгөөд Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид түлш олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Бараа материал хүлээн авах, хадгалах олгох журмын 8 дугаар зүйлийн 8.8, 8.9-д заасныг тус тус зөрчсөн.

2.2. Монгол Улсын Засгийн газраас Э.Т.Т ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, өөрийн шууд хяналтад авч, Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхийг Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 оны/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан хүрээнд хэрэгжүүлэхийг Ж.Ганбатад даалгасан бөгөөд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь хууль тогтоомжоор олгогдсон шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллах эрхийн хүрээнд холбогдох тушаалыг гаргасан. Дурдсан эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай А/683 дугаар тушаал, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай А/89 дүгээр тушаалыг тус тус баталж, хэрэгжүүлж ажиллахыг нийт ажилтан, албан хаагчдад үүрэг болгосон байхад нэхэмжлэгч Ц.Отгон нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Э.Т.Т ХК-ийн үндсэн үйлдвэрлэлтэй шууд холбогдох зөрчлийг гаргасан нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

2.3. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д Дор дурдсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно, 4.5.4-т Санхүүгийн данс, бүртгэлийг буруу хөтөлсөн, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, компанийн эд зүйлсийг өөртөө болон бусдад хууль бусаар ашиглуулсан, хэрэглэсэн зээлдүүлсэн, үрэгдүүлсэн, дутаасан зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг маргаан бүхий тушаалаар цуцалсан болно. Мөн түүний зөрчлийн талаар өөрөөс нь болон бусад хүмүүсээс тайлбар авч, холбогдох албан тушаалтнууд зөрчлийн хуудсыг бөглөсөн, зөрчлийн хуудас хууль ёсны байгаа.

Иймд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/487 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул Ц.Отгоны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7д зааснаар Э.Т.Т ХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Т.О-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5д зааснаар нэхэмжлэгч Т.О- тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн.

  

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлсон.

4.1.а. Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн D23/49 дугаар дүгнэлтийн Ерөнхий зүйлд заасан Ө.Б , Т.О- нар нь удирдлагууд болон дотоод хяналт шалгалтынханд танилцуулсныг нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй. Дүгнэлтийн Ерөнхий зүйлд тооллогын комиссын гишүүд болон эд хариуцагч түлшний нярав Т.О- нар SV033 автоцистерн дэх үлдэгдэл 3329 л түлшийг SV033 автоцистерний савыг хоосолсон гэх бөгөөд Ш петролиум ХХК-ийн уурхай дахь ШТС-аас SV033 автоцистернп 3 удаагийн олголтоор 46524 л түлшний орлого авч 41119 л түлш түгээгээд савны үлдэгдэл дуусаж, санхүү бүртгэлээр байвал зохих үлдэгдлээс 5325 л түлш дутсан асуудлыг нягтлан бодогч Ө.Б Салбарын удирдлагуудад танилцуулсан байна гэжээ.

Гэрч Ө.Б өөс түлшний дутагдлын талаар анх Т.О-, Ө.Б нар дотоод хяналт шалгалт болон Ерөнхий нягтлан бодогч нарт мэдэгдсэн, тус санхүүгийн баримт бичиг нь залруулах боломжтой буюу 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн актаар залруулсан бөгөөд Санхүүгийн болон хагас тооллогын тайланд дутагдлаар тусгагдсан талаар мэдүүлснээр нотлогдоно.

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн түлш шавхсан актыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр алдааг залруулж, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн актыг хүчингүй тооцож, Хагас жилийн санхүүгийн тайланд түлшний дутагдлыг зөрүүгээр тусгасан. 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн бараа материалын тооллогын тайлан гэх баримт хэрэгт байхгүй болно.

4.1.б. Хагас жилийн тооллогын тайланг нотлох баримтаар үнэлээгүй.

Т.О- нь Компанийн 2023 оны хагас жилийн хөрөнгийн тооллого хийх ажлын хэсэгт томилогдон ажиллаагүй, ямар нэгэн ажил үүрэг, чиг үүргийг хүлээгээгүй болно.

Хагас жилийн тооллогын тайланд шатахуун 946 л дутагдлаар бүртгэгдсэн байх бөгөөд Тооллогын тайланд ...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 13-61 УАМ автоцистерний ёмкост дахь түлшний бүртгэл дээрх эхний үлдэгдэл нь 13,113 л бөгөөд I, II ээлжид механик тоолуурын заалтаар 13,070 л түлш олгож, 43 л түлшний зөрүү үүссэн. Тус зөрүү нь газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэвийн хорогдлын норм болон автоцистерний шингэний тоолуурт стандарт хэмжил зүйн улсын байцаагчийн баталгаажуулсан нэмэх, хасах нормд багтсан тул акт үйлдэн баталгаажуулав, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн *** УНК автоцистерний ёмкост дахь түлшний бүртгэл дээрх үлдэгдэл 3,329 л бөгөөд 1-р ээлжид механик тоолуурын заалтаар 2,426 л түлш олгож, 903 л түлшний зөрүү үүссэн. Тус зөрүү нь газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэвийн хорогдлын норм болон автоцистерний шингэний тоолуурт стандарт хэмжил зүйн улсын байцаагчийн баталгаажуулсан нэмэх, хасах нормд байхгүй тул тооллого хийх ажлын удирдамжийн 4.3.1-т заасны дагуу дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт мэдэгдэж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэв гэжээ. Өөрөөр хэлбэл, тооллогын тайланд түлшний дутагдал бүртгэгдэж, санхүүгийн тайланд орсон. Мөн дотоод хяналт шалгалтад Т.О- мэдэгдсэн болох нь Дотоод хяналт, шалгалтын тайлан болон Хагас жилийн тооллогын тайлангийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Э.Т.Т ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн 4 дүгээр хэсэгт бараа материалын бүртгэлийн бусад үйл явцыг журамласан ба уг хэсгийн 5 дахь заалтад заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Түлшний актыг хүчингүй болгож, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бараа материалын тайлангаар залруулж, улмаар тооллогын комисс дутагдлаар нь гүйцэтгэх захиралд танилцуулж, компанийн санхүүгийн тайланд 903 л түлш дутагдлаараа тусгагдсан байна.

4.1.в. Хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг шүүх үнэлсэн.

Хэрэгт ажилтны сахилгын ноцтой зөрчлийн хуудас 2 өөрөөр авагдсан байх бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн Сахилгын зөрчлийн хуудас дээр зөвхөн Л.Доржсүрэн гэх хүний бичвэр байсан болно. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчаас өгсөн Сахилгын зөрчлийн хуудас дээр Хэлтсийн удирдлага гэх нэр мэдэгдэхгүй гарын үсэг, Захиргаа удирдлагын газрын даргын бичвэрүүд тус тус нэмэгдэж бичигдэж нотариатаар батлуулжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан хууль зөрчсөн, засвар оруулсан нотлох баримтыг шүүх үнэлэхгүй байх зарчимтай.

Э.Т.Т ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Ажилтны гаргасан зөрчлийг сахилгын шийтгэлийн хяналтын хуудсанд тодорхой тусгаж, сахилгын зөрчил гаргасан ажилтнаас тайлбар авч, холбогдох нэгжийн удирдлагуудын саналыг тусгаж баталгаажуулсны үндсэнд ажилтанд танилцуулна гэж заасан бөгөөд дээрх 2 нотлох баримтыг нэхэмжлэгч Т.О-д танилцуулаагүй. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.10 дахь хэсэгт Сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргагчийн бичгээр гаргасан тайлбар, тухайн ажилтны шууд удирдах ажилтан болон бүтцийн нэгжийн удирдлагын саналыг тусгасан Ажилтны сахилгын зөрчлийн хуудсыг үндэслэл болгоно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар ажилтны шууд удирдлага болон Захиргаа, удирдлагын газрын дарга нараас санал аваагүй байсан болох нь нотлогдсон атал шүүх дээрх баримт хоорондын уялдаа холбоог харж тал бүрээс нь бодитой үнэлээгүй байна. Хөдөлмөрийн хуульч нь гаргасан зөрчлийг бичээгүй байгаа болно.

4.1.г. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн түлшний актыг нотлох баримтаар үнэлээгүй.

Нягтлан бодох бүртгэлийн хуулиар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн актыг хүчингүй болгож, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тайлангаар залруулсан болох нь тогтоогддог.

4.1.д. Гэрч Б.М , М.С , Ө.Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй.

Гэрч Б.М ийн мэдүүлгээр дотоод хяналт шалгалтын тайланд авагдсан Б.М гэсэн гарын үсэгтэй баримтыг 2023 оны 07 сарын сүүл, 08 сарын эхээр дотоод хяналт шалгалтад гаргаж өгсөн болох нь тогтоогддог. Энэ нь ч мөн 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэсэн огноотой. Гэтэл шүүгч нь хариуцагчаас тодруулж байгаад дээрх баримт дээр 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэж өөрөө бичсэн болно.

Гэрч М.С ын мэдүүлгээр дотоод хяналт шалгалт хийхдээ 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн бараа материалын тооллогын тайлан, хагас жилийн тооллогын тайлангуудыг танилцаагүй, уншиж судлаагүй, нягтлан бодох бүртгэлийн талаар ойлголтгүй, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт уншиж судалж үзээгүй, мөн зөрчил гаргагч нараас залруулсан баримтын талаар тодруулаагүй болох нь нотлогддог. Мөн нярав, оператор нарын ажлын байрны тодорхойлолтод түлш шавхахтай холбоотой зохицуулалт байхгүй, тухайн үед журмаар зохицуулагдаагүй, Т.О-ыг ажлаас халсны дараа өөрчлөлт оруулсан талаар мэдүүлдэг. Гэрчийн мэдүүлэг нь Дотоод хяналт шалгалтын тайлангийн Тав. Санал, зөвлөмж хэсгийн 5.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст холбогдох сахилгын шийтгэл оногдуулах саналыг судлах шийдвэрлүүлэх санал гаргасан болох нь Дотоод хяналт, шалгалтын тайлангийн 4.2 дахь хэсэгт заасан.

Гэрч Ө.Б ийн хувьд санхүүгийн анхан шатны баримт, данс бүртгэл гэх ойлголт нь өөр, өөр бөгөөд Э.Т.Т ХК нь 81 данс бүртгэлтэй, данс бүртгэлийг нярав бүртгэдэггүй, тооллогын тайланд үндэслэн ахлах нягтлан бодогч бүртгэдэг болохыг нотолсон. Гэрчийн дээрх мэдүүлэг жилийн тооллогын тайлан, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичгийн 4 дүгээр хэсгээр давхар нотлогддог.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй.

4.2.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан Э.Т.Т ХК-ийн хагас жилийн тооллогын баримтууд, 2023 оны 06 дугаар сарын 13, №5, 16-ны өдрийн Шатахуун түгээх станцаас түлш авсан орлогын анхан шатны баримтыг, хүлээлцсэн актын хамт, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1143 л түлшний дутагдлын акт, уг дутагдлыг холбогдох программд бүртгэсэн холбогдох дансны бичилтүүд гаргуулах хүсэлтүүдийг хангахгүй орхисон нь мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн.

Хагас жилийн тооллогын баримтууд нь тушаалд дурдагдсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн баримт яг залруулагдаж орсон эсэхэд ач холбогдолтой, аль акт хүчин төгөлдөр гэж мэтгэлцэх зарчимд хэрэглэгдэх, нэхэмжлэлийн үндэслэлийн хамгийн гол нотлох баримт байсан болно. Учир нь нэхэмжлэгч Т.О-ыг хагас жилийн тооллогын ажлын хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн түлшний акт, 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн бараа материалын тооллогын тайлан данс бүртгэлийг буруу хөтөлсөн гэж ажлаас халсан. Тиймээс дээрх баримтууд эх хувиараа ирээгүй, Дотоод хяналтын тайланд тусгагдсан баримтууд нь яг санхүүгийн баримтууд гэх эргэлзээтэй, мөн хавсралт баримт болохоос эх баримт бус байна. Иймд хэргийн гол нотлох баримтууд болох дээрх 2 баримт нь хавтаст хэрэгт байхгүй байгаа болно.

2023 оны 06 дугаар сарын 13, №5, 16-ны өдрийн Шатахуун түгээх станцаас түлш авсан орлогын анхан шатны баримтыг, хүлээлцсэн актын хамт гаргуулах хүсэлт нь бодит байдал дээр санхүүгийн анхан шатны баримтууд хэрхэн явагддаг байсан талаарх нотлох баримт, хэрэгт хамааралтай баримт юм.

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1143 л түлшний дутагдлын акт, уг дутагдлыг холбогдох программд бүртгэсэн холбогдох дансны бичилтүүд гаргуулах нь өмнө нь шатахуун дутагдал гарахад данс бүртгэлд хэрхэн бүртгэж байсан, мөн данс бүртгэл дээрх Ш ШТС-аас ирүүлсэн албан бичгүүдээр хэрхэн залруулагддаг байсныг нотлох ач холбогдолтой байсан болно.

4.3. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай

4.3.а. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Хөдөлмөрийн дотоод журамд заагдсан сахилгын зөрчлийг тогтоох, тайлбарлах авах журмыг хэрэгжүүлсэн эсэхийг шүүх дүгнээгүй.

Ажлын байрны тодорхойлолтод шууд удирдлага нь нягтлан бодогч, ажиллаж буй нь нэгж нь салбарын захиргааны хэлтэс байна. Гэтэл салбарын захиргааны хэлтсийн даргаас санал аваагүй, Функцийн удирдлага болох Ерөнхий нягтлан бодогчоос санал аваагүй.

Дотоод хяналт шалгалтын тайлангаас Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэс нь холбогдох сахилгын шийтгэлийн саналыг гаргахаар заасан, санал хэрэгт байхгүй.

Мөн ажилтнуудаас авсан тайлбар нь сахилгын зөрчил гаргасан талаар, шийтгэл ногдуулахаас өмнө аваагүй.

Э.Т.Т ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дyгaap зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийн хяналтын хуудас, журмын хавсралтуудыг өгөөгүй, зөрчлийн хуудас нь 1 дүгээр хавсралт баримт бичиг мөн эсэх нь тодорхойгүй.

Сахилгын зөрчлийг Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тогтоогоогүй буюу шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан хуулийг зөв хэрэглэх ёстой байсан гэж үзнэ.

4.3.б. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг" гэж бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлалыг багтаасан баримт бичгийг гэж заасан. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө, 4.1.1-д Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт гэж, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ, 14.3.1 анхан шатны баримт бүрдүүлэх, 14.3.2.журналд бичих, 14.3.3.дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, 14.3.4.ажил, гүйлгээний мэдээ гаргах, 14.3.5.санхүүгийн тайлан гаргах гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, данс бүртгэл нь 14 дүгээр зүйлийн 14.3.3-т заасан ойлголт болохоос биш Санхүүгийн анхан шатны баримт бичиг биш юм.

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах бөгөөд зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар нягтлан бодох бүртгэлийн алдааг алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах замаар залруулна.

4.3.в. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэдэг нь үйлдэл, тухай бүрийг тухайлан нэрлэн заасан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчлийг үйлдлийг нь ерөнхийлөхгүйгээр нэрлэн заасан байхыг хуульд шаарджээ.

Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт Дор дурдсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно., 4.5.4 дэх хэсэгт Санхүүгийн данс бүртгэлийг буруу хөтөлсөн, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан компанийн эд зүйлийг өөртөө болон бусдад хууль бусаар ашиглуулсан, хэрэглэсэн, зээлдүүлсэн, үрэгдүүлсэн дутаасан зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан гэжээ. Энэ зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт хамаарахгүй, санхүүгийн зөрчил буюу 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан зөрчилд хамаарах юм. 80.1.4, 80.1.5 дахь хэсэгт заасан зөрчил нь зөрчлийг илрүүлж буй хэлбэрээрээ ялгаатай бөгөөд санхүүгийн зөрчлийг санхүүгийн дотоод хяналт, санхүүгийн аудитор, эсхүл хууль хяналтын байгууллагаас тогтоодог. Гэтэл дээрхийн аль нь ч бус санхүүгийн ямар ч мэдлэггүй, дотоод хяналт орсон байхаас гадна, 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халсан байна. Нөгөө талаар данс бүртгэл буруу хөтөлсөн тохиолдолд ажлаас халахаар хуульчилсан болохоос биш анхан шатны баримт буруу үйлдсэн гэж халахаар гэрээнд тусгаагүй. Данс бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3 дахь хэсэгт заасан.

4.4. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, энэ нь эрх зүйн маргаантай харилцаа мөн болохыг тогтоосноос гадна шүүх уг харилцаанд маргааны зүйл юу болохыг тогтоох шаардлагатай. Нөгөө талаар талууд мэтгэлцээний явцад маргааны зүйлээс холдож эрх зүйн маргаантай харилцаа үүсэх болсон шалтгаан, эсхүл эрх зүйн харилцаанд гарсан зөрчлийн улмаас үүссэн үр дагаврыг голчлон тайлбарлаж, маргааны зүйлээ тодорхойлж чадахгүй байх явдал цөөнгүй гардаг. Шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв голдирлоор явуулахад чиглүүлэх үүрэгтэй. Маргааны зүйл нь хариуцлагагүй хандсан гэх үйл баримт байх бөгөөд Элгэн ХХК-тай холбоотойгоор хариуцлагагүй хандсан гэж талууд маргаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Т.О- 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 7 техникт 3,329 л түлш олгох ёстой байтал 4 техникт 2,226 л түлш олгоод 10:36-11:45 цагийн хооронд дахин Ш шатахуун түгээх станцаас түлш аваад үлдсэн 3 техникт олгосон байдаг. Гэтэл тухайн өдөр 3,329 л түлшийг 7 техникт олгосон гэдэг байдлаар акт үйлдсэн байсан. Үүнтэй нь холбогдуулж Т.О-ыг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр залруулга хийсэн гээд байгаа. Тухайн баримт нь сүүлд хийгдсэн буюу энэ зөрчил гарсны дараа хоорондоо тохиролцоод хийсэн баримт гэж харагдаж байгаа. Учир нь 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн бараа материалын тооллогын тайлангаар ямар ч дутагдалгүй гэсэн. Үүнийг Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтийн хавсралт 11-т заасан. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 903 л түлш дутсан байхад дутаагүй гэсэн акт үйлдсэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гэж үзээд ажлаас чөлөөлсөн

5.2. Нэхэмжлэгчийн зүгээс бид анх энэ зөрчлийг мэдэгдсэн гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэхдээ салбарт 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5,325 л түлш дутсан гэдэг асуудал үүссэн. Энэ асуудлыг Т.О- мэдэгдсэн хэдий ч өөрөө энэ зөрчлийг гаргасан, 903 л түлш надтай холбоотой гэдэг байдлаар тайлбарлаагүй, энэ талаар удирдлагууддаа мэдэгдээгүй. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтээр нярав Т.О- зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Үүний дараа зөрчилтэй холбоотойгоор Хүний нөөц, сургалтын албанаас ажилтанд мэдэгдэж, ажилтнаас 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тайлбар авахад 903 л түлш дутсан байсан, гэхдээ дутаагүй гэсэн акт үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Дотоод хяналт тайланд авагдсан тайлбар, хүний нөөцөд гаргаж өгсөн тайлбар зөрүүтэй болох нь харагдаж байгаа. Энэ асуудлыг салбарын шуурхай хурал дээр мэдээлж, хяналт шалгалт хийгдсэн. Салбарын захирлаас албан бичгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай санал төв оффист ирүүлсэн. Манай компани цахимаар болон эх хувиар аль ч байдлаар ажиллаж болдог. Эхлээд мэйлээр ирсэн баримтад үндэслээд хүний нөөцөөс сахилгын шийтгэлийн хуудсыг хэвлээд холбогдох нэгжийн удирдлагуудаас саналыг аваад гарын үсэг зуруулсан. Энэ баримт нь тусдаа хадгалагддаг буюу сахилгын шийтгэлийн материалууд гэсэн хадгаламжийн нэгж болж үүсээд хүний нөөцийн ахлах мэргэжилтэнд хадгалагддаг талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Өмнө нь гаргаж өгсөн салбарын захирлын сахилгын шийтгэлийн хуудасны санал нь салбараас эх хувиар ирсэн баримт байдаг. Эх хувиар ирэхээс нь өмнө бид хэвлэсэн баримт дээрээ сүүлийн саналуудыг бичсэн учраас хоёулаа адилхан эх хувиар бичигдсэн баримт гэж үзсэн, нотариатч батлахад татгалзах зүйлгүй гэж хэлсэн учраас аль алиныг нь гаргаж өгсөн. Тийм учраас нотлох баримт хуурамчаар үйлдсэн, үнэлэх ёсгүй баримтыг үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн зөрчил нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гарсан, залруулга гэдэг байдлаар өөрийнх нь зөрчил биш мэтээр гарсан зөрчлөө нуун дарагдуулж, нягтлан бодох бүртгэлийг чимээгүй байдлаар залруулах гэж оролдсон. Т.О- нь хөдөлмөрийн гэрээний 4.5.4-т заасан ноцтой зөрчил гаргасан. Санхүүгийн анхан шатны баримт нь санхүүгийн данс бүртгэлийн нэг хэсэг, санхүүгийн анхан шатны баримтад үндэслэж данс бүртгэл хөтлөгддөг учраас Э.Т.Т ХК-ийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т.О- нь хариуцагч Э.Т.Т ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Т.Т ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 01ний өдрийн Б/378 дугаар тушаалаар Салбарын түлшний нярвын ажилд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

 

4. Э.Т.Т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/487 дугаар тушаалаар Салбарын Захиргааны хэлтсийн түлшний нярав Т.О-ыг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Уг тушаалд компанийн хагас жилийн эд хөрөнгийн тооллогын ажлын хүрээнд 2023.06.14ний өдөр *** УНК улсын дугаартай SV033 автоцистернийн түлшний үлдэгдлийг шавхахад санхүүгийн бүртгэлээр байх ёстой үлдэгдлээс 903 л түлш дутсаныг 2023.06.14ний автоцистернийн түлшийг шавхсан акт, 2023.06.18ны өдрийн Бараа материалын тооллогын тайланд түлшний зөрүү үүсээгүй гэж тус тус үйлдэж, санхүүгийн данс, бүртгэлийг буруу хөтөлсөн ноцтой зөрчил гаргасан нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2023.06.27ны өдрийн D23/49 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэл заажээ.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон ба дор дурдсан баримтуудын агуулгыг тодруулж дүгнэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

5.1. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Техникт түлш олгох маягт-д улсын дугаар *** УНК, 6:26-7:13 цагийн хооронд 4 техникт 2,426 л түлш, 12:20-12:46 цагийн хооронд 3 техникт 903 л түлш олгож, нийт зарлага 3,329 л түлш, орлого 8,000 л түлш, эцсийн үлдэгдэл 8,000 л түлш гэж тусгажээ.

Мөн өдрийн 11:45 цагт үйлдсэн Түлш хүлээлцсэн акт-аар Э.Т.Т ХК-ийн Салбарын *** УНК улсын дугаартай түлшний автоцистерн нь Ш петролиум ХХК-аас ЭТТ-2022/820 тоот гэрээний дагуу 8,000 л түлшийг хүлээн авчээ.

Эдгээр баримтад Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид түлш олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3 дахь хэсэгт зааснаар түлшний оператортой түлш олголтын тооцоог нийлж, журмын 3.6 дахь хэсэгт зааснаар гэрээт байгууллагаас түлш хүлээн авч, түлшний нярав Т.О- гарын үсэг зурж баталгаажуулсан.

Тус баримтууд дахь түлш олгосон болон түлш хүлээн авсан цаг хугацааг харьцуулбал, Техникт түлш олгох маягт-д эцсийн үлдэгдлийг 8,000 л түлш гэж тусгасан нь үндэслэлгүй. Учир нь, гэрээт байгууллагаас 8,000 л түлш хүлээн авч үүнээс 3 техникт 903 л түлш олгосноор үлдэгдэл 7,097 л түлш байхаар байна.

5.2. Түүнчлэн компанийн 2023 оны хагас жилийн хөрөнгийн тооллого хийх ажлын хэсгийн тооллогын явцад 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Автоцистернийн түлшийг шавхсан тухай акт үйлдэж, уг актад түлш бүртгэлээр эхний үлдэгдэл 3,329 л, зарцуулсан 3,329 л, хяналтын үеийн үлдэгдэл 0, зөрүү-, тайлбар: ...*** УНК SV033 автоцистерний түлшний үлдэгдлийг шавхаж, бүртгэлтэй тулгасан. Үлдэгдэл зөрүү үүсээгүй, холбогдох тоолуурын заалт, түлшний зургийг хавсаргав гэж тусгажээ.

Уг актыг түлшний нярав Т.О-, түлшний оператор Д.Цэрэнбалжир нар үйлдэж, тооллогын комиссын бүрэлдэхүүн танилцаж баталгаажуулжээ.

Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид түлш олгох журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт Авто цистернийн ёмкост, шугам хоолойд үлдэгдэл байгаа эсэхийг хянаж, үлдэгдэл шатахуун байвал түлшний няравт мэдэгдэж суллах арга хэмжээг авсны дараа хаалтуудыг хааж түлшний орлого хүлээн авна гэж заасан бөгөөд түлшний нярав Т.О-, түлшний оператор Д.Цэрэнбалжир нар нь дээр дурдсанаар 4 техникт 2,426 л түлш олгож автоцистернийг султгасан байхаар байтал зарцуулсан түлш 3,329 л гэж зөрүүтэй тусгасан.

5.3. Дээрх үйл баримт нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн D23/49 дугаар дүгнэлтээр тогтоогджээ. Анхан шатны шүүх дүгнэлтэд хавсаргагдсан ажилтнуудын тайлбар, санхүүгийн болон бусад баримтуудын агуулгыг зөв тогтоож, маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлсэн байна.

а. Түлшний нярав Т.О-ы 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр түлш олгож, хүлээн авч, мөн үлдэгдэл тооцоо хийсэн ажиллагаа нь 2023 оны хагас жилийн хөрөнгийн тооллоготой холбоогүй учир түлшний дутагдлын талаар дотоод хяналт шалгалтын нэгжид Т.О- мэдэгдсэн, мөн залруулга хийсэн нь тус маргаанд ач холбогдолгүй юм.

б. Түүнчлэн гэрч Б.М дотоод хяналт шалгалтын тайланд авагдсан Б.М гэсэн гарын үсэгтэй баримтыг 2023 оны 07 сарын сүүл, 08 сарын эхээр дотоод хяналт шалгалтад гаргаж өгсөн, гэрч М.С дотоод хяналт шалгалт хийхдээ 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн бараа материалын тооллогын тайлан, хагас жилийн тооллогын тайлангуудыг танилцаагүй, уншиж судлаагүй, нягтлан бодох бүртгэлийн талаар ойлголтгүй, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт уншиж судалж үзээгүй, мөн зөрчил гаргагчаас залруулсан баримтын талаар тодруулаагүй, нярвын байрны тодорхойлолтод түлш шавхахтай холбоотой зохицуулалт байхгүй, тухайн үед журмаар зохицуулагдаагүй, Т.О-ыг ажлаас халсны дараа өөрчлөлт оруулсан, гэрч Ө.Б санхүүгийн анхан шатны баримт, данс бүртгэл гэх ойлголт нь өөр, өөр бөгөөд Э.Т.Т ХК нь 81 данс бүртгэлтэй, данс бүртгэлийг нярав бүртгэдэггүй, тооллогын тайланд үндэслэн ахлах нягтлан бодогч бүртгэдэг гэж тус тус мэдүүлснийг хэргийн бусад нотлох баримттай харьцуулбал, D23/49 дугаар дүгнэлтийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул нотолгооны ач холбогдолгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан Дотоод хяналт, шалгалтын тайлан, Хагас жилийн тооллогын тайлан, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн түлшний актыг шүүх үнэлээгүй, гэрч Б.М , М.С , Ө.Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, Т.О- компанийн 2023 оны хагас жилийн хөрөнгийн тооллого хийх ажлын хэсэгт томилогдоогүй, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр алдааг залруулж 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн актыг хүчингүй тооцож, хагас жилийн санхүүгийн тайланд түлшний дутагдлыг зөрүүгээр тусгасныг шүүх дүгнээгүй, хагас жилийн тооллогын баримт, түлшний орлогын анхан шатны баримт, хүлээлцсэн акт, түлшний дутагдлын акт, уг дутагдлыг холбогдох программд бүртгэсэн баримтууд гаргуулах хүсэлтийг хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Түлшний нярав Т.О- нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр *** УНК улсын дугаартай SV033 автоцистерний түлшний зарлага, орлого, эцсийн үлдэгдлийг буруу тооцож, бүртгэсэн, үүний улмаас 903 л түлш дутсан нь хөдөлмөрийн гэрээний 4.5.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах сахилгын ноцтой зөрчилд хамаарах талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.4т санхүүгийн данс бүртгэлийг буруу хөтөлсөн, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, компанийн эд зүйлийг өөртөө болон бусдад хууль бусаар ашиглуулсан, хэрэглэсэн, зээлдүүлсэн, үрэгдүүлсэн, дутаасан зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан" гэсэн үндэслэлийг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.4, Бараа материал хүлээн авах, хадгалах, олгох журмын 8 дугаар зүйлийн 8.1, 8.8, Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид түлш олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1, Түлшний нярвын ажлын байрны тодорхойлолтын 2.6, 3.4т тус тус заасан түлшний нярвын гүйцэтгэх чиг үүрэгт хамаарах түлш олгох, хүлээн авах, бүртгэл тооцоо хөтлөх, баталгаажуулахтай холбоотой зохицуулалтын агуулгыг зөв тогтоож, нэхэмжлэгчийг холбогдох журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Т.О- нь түлшний зарлага, орлого, эцсийн үлдэгдлийн тооцоог буруу хийж бүртгэснээс гадна түүний үйлдлийн улмаас 903 л түлш дутсан нь байгууллагын эд зүйлийг дутаасан үндэслэлд мөн хамаарч байна. Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид түлш олгох журам, Бараа материал хүлээн авах, хадгалах, олгох журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэгт үндэслэн түлшний нярвын гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлох тул хөдөлмөрийн гэрээний 4.5.4-т тусгасан санхүүгийн данс бүртгэл гэснийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу тодорхойлно гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

7. Нэхэмжлэгчийн зөрчилтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Салбарын захирлын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03/301 дугаар албан бичгээр сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлсэн, Хүний нөөц, сургалтын алба нь Т.О-, Ө.Б , Г.Энхцэцэг, Х.Батцоож нараас тайлбар авсан, мөн Ажилтны сахилгын зөрчлийн хуудас үйлдсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3, 8.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасантай нийцсэнийг шүүх зөв дүгнэжээ.

Ажилтны сахилгын ноцтой зөрчлийн хуудас баримтад 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр салбарын удирдлага Л.Доржсүрэн зөрчлийг тодорхойлж тусгасны зэрэгцээ 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хууль зүйн зохицуулалтын хэлтсийн удирдлагын санал, мөн Захиргааны удирдлагын газрын даргын санал тус тус нэмж бичигдсэн нь маргаан бүхий тушаал гарахаас өмнө хийгдсэн ажиллагаа байх тул Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.10 дахь хэсэгт Сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргагчийн бичгээр гаргасан тайлбар, тухайн ажилтны шууд удирдах ажилтан болон бүтцийн нэгжийн удирдлагын саналыг тусгасан Ажилтны сахилгын зөрчлийн хуудсыг үндэслэл болгоно гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь тухайн баримтыг нөхөн үйлдсэн байж болзошгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Иймээс хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг шүүх үнэлсэн, түүнчлэн Хөдөлмөрийн дотоод журамд заагдсан сахилгын зөрчлийг тогтоох, тайлбар авах журмыг хэрэгжүүлсэн эсэхийг дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдол мөн үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр Э.Т.Т ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/487 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хариуцагчид холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД   Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА