| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0110/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 123
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Д.Адъяа,
Улсын яллагч Б.Сүрмандах,
Хохирогч Б.Э-,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Б-, Б.Б-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-, О.О-,
Шүүгдэгч Р.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Ц-д холбогдох эрүүгийн 1818007010462 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Р.Ц-, 1961 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, агрономч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Ц- нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг Дархан-Улаанбаатар чиглэлийн төв засмал зам дээр Hyundai mighty маркийн 8811 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт: Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн 5-р бүлгийн 5.2-т заасан "Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан", 3-р бүлгийн 3.1-т заасан "Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл, мопедод 0.8 мм-ээс бага болсон", 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна."-ыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган иргэн Г.Б-ыг мөргөж амь нас нь хохирсон,
улмаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-т заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ." а/.тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/.зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/.зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; г/.осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно" гэсэн үүргээ зөрчиж авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Р.Ц-ын өгсөн: Хадландаа хүмүүс гаргахаар болсон. Хадсан өвсөө бооход мяндас утас, хадуур, өвс преслэгчийн сэлбэг шаардлагатай болсон учраас 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Улаанбаатар хот орох зорилгоор өөрийн төрсөн хүү Ц.М-ын нэр дээр байдаг 8811 СЭҮ улсын дугаартай HYUNDAI MIGHTY II маркийн тээврийн хэрэгслийг жолоодож эхнэр А-ийн хамт гарсан. Ингээд замаараа зогсохгүй шууд яваад 23 цагийн үед Дархан-Уул аймаг өнгөрөөд 3-н шарын төмөр замын гарам өнгөрөөд явж байхад өөдөөс нэг тээврийн хэрэгсэл ирж яваад гэрлээ ойрын гэрэл дээрээ татсан бөгөөд би ч гэсэн ойрын гэрлээ татаад зөрөх гээд явж байтал гэнэт зам дээр нэг хүн гараад ирсэн. Тэр хүн миний машинаас ерөөсөө 1-2 метр орчим зайд л гараад ирсэн. Тэгээд машинаа ийш тийшээ дарах, тоормос гишгэх завдал өгөлгүй тэр хүнийг машиныхаа жолоочийн эсрэг талын урд хэсгээр мөргөсөн. Тэгэхэд тэр хүн миний машинд мөргүүлээд замынхаа баруун гар тул руу үсрээд унасан ба би цаашаа гараад машинаа 10 гаран метр газар яваад зогсоосон. Тухайн үед би өөрөө 40 орчим км/цагийн хурдтай явсан болохоор машин бол тоормос зөөлөн гишгээд зогссон. Ингээд би өөрөө машинаасаа буугаад шууд тэр хүн рүү харахад миний машины номерын тод гэрэлд замын хажууд мөргүүлсэн хүн хэвтэж байгаа нь харагдсан. Миний машинаас тэр хүн 7-8 метр зайд байсан. Миний машины арын номерын гэрлийн гэрэлд бүдэг харагдаж байсан ба араас ирээд хажуугаар зөөлөн явж байгаад машинуудын гэрэлд тэр хүн тодорхой харагдаж байсан. Тэгээд би тэр хүн рүү жоохон дөхөж очоод "хөөе хөөе" гээд дуудсан чинь тэр хүн хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би хүн дайраад алчихлаа, одоо үлдсэн насаа шоронд өнгөрөөх нь гэж бодоод машин руугаа яваад очиход эхнэр намайг чи хүн дайраад алчихлаа ш дээ гээд уйлж хашхираад байхаар нь зүрх муутай болохоор бие нь өвдчих байх гэж бодоод эхнэртээ согтуу хүн байна, гайгүй юм шиг байна гэж хэлээд машинаа хөдөлгөөд явсан. Ингээд шууд хөдлөөд цаашаа жоохон яваад замын цагдаагийн пост оролгүй шууд баруун эргээд Сод монгол ШТС-ын дундуур эргээд төмөр зам гараад Эрдэнэт чиглэл рүү яваад Хараа голын гүүрээр гараад жоохон яваад зогссон. Тэгээд би өөрөө сонин болоод эхнэр бас сонин болоод байсан болохоор эхнэрээ тайвшруулаад одоо хаашаа явж буцаж явах вэ гэж бодсон. Би өөрөө тийшээгээ зам сайн мэдэхгүй болохоор хэсэг бодож суусан. Тэгж байтал өөдөөс ирж байсан портер маркийн машин нэлээн цаагуур замынхаа баруун тийш салаад явахаар нь би тэр хүний араас явъя гэж бодоод хөдлөөд явсан. Ингээд тэр замаар дагаад явсаар байгаад Ширээ нурууны тэрүүгээр явж байгаад сайжруулсан зам руу орсон. Ингээд би сайжруулсан замаар буцаж яваад Дарханы тосгоны Хараагийн гүүрээр гарч Дархан руу орсон. Ингээд засмал замаараа чигээрээ яваад төмөр замын гарам гараад замаа дагаж дээшээ өгсөөд эхний колонкийн хажуугаар хойшоо эргэсэн сайжруулсан зам руу салаад орсон ТМС-ын урагшаа бол яваагүй. Ингээд дээшээ өгсөөд гэр хорооллуудын хажуугаар шороон замаараа явсаар байгаад Ноёнхонгороор давсан. Ноёнхонгорыг давахдаа Хушаат сум руу явдаг төв замаар давсан бөгөөд би өөрөө тэр замыг мэдэх учраас Ноёнхонгор давж байна гэдгээ мэдсэн. Ингээд би баруун эргэж төв зам руу явсан замаа ороод явсан бөгөөд энэ замыг би Хар морьтын хөтөл орох үед төв замд нийлдэг зам гэж бодож салаад явсан чинь энэ зам өөрөө яваад бүдгэрээд зарим газарт нь борооны ус ороод замгүй болоод жалга үүссэн их эвгүй газар болсон учраас зөөлөн явсаар төв засмал зам руу нийлсэн. Тэр газар бол цагаан нуур орохын арай наагуур төв засмал замтай нийлсэн. Ингээд засмал замаараа шууд яваад Ерөө голын гүүрээр гараад Дулаан хааны дөрвөн замын уулзвар дөхөөд ирэх үед харахад замын цагдаагийн постны тэнд цагдаагийн машины улаан, цэнхэр гэрэл ассан харагдсан. Тэгэхээр нь би одоо цагдаа намайг барих гэж байна, ямар ч байсан гэртээ харъя гэж бодоод цагдаагийн пост оролгүй замныхаа баруун гар тал руугаа буусан шороон зам дагаж буугаад явсаар байгаад Ерөөгийн зам руу Болд төмөр ерөө гол ХХК-ны тавьсан төмөр замын гармын хажуугаар овгор шороон хэсгээр өгсөж төв засмал зам руу нийлсэн. Ингээд шууд Хүдэр сум орохын наана байх амралтын өөрсдийн газартаа очсон. Тэнд очих үед гэгээ арай ороогүй байсан бөгөөд миний барагцаагаар үүрийн 04 цаг болж байсан байх. Тэгээд тэр амралтын газрын сахиул хийж байсан Мөнхбатынхаас орж гэрийнхээ түлхүүрийг аваад гэртээ ороод эхнэрийнхээ хамт одоо яанаа гээд сууцгаасан.
Энэ талаараа эхнэр биед хоёр хэнд ч хэлээгүй нуусан бөгөөд хэзээ цагдаагаас ирж намайг барих бол гэж бодоод айж байсан. Тэгтэл орой над руу Дарханы цагдаагаас Гантулга утсаар яриад та Дархан орж ирээд гарахдаа хүн шүргэсэн байна. Хүн чинь гайгүй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүн шүргэсэн талаараа хэлсэн. Би В, С, D ангилалтай, жолооч. 1982 оны 3 дугаар сард жолооч болсон бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл жолоо барьж байна. 2011 онд шинэ жилээр салют буудуулж байгаад гар дээрээ буудуулж хоёр гарынхаа сарвуу хэсгээр тайруулсан. Миний хоёр гар портезтэй хэдий ч ямар ч асуудал байхгүй машин барьдаг. Ямар ч арга хэмжээ авах боломжгүй хүн мөргөсөн. Би өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж, буруутгаж байгаа. Би машинаа зогсоогоод аваараа татаад очтол босгох ямар ч боломжгүй байсан. Би хараад маш их сандарсан, айж балмагдаад эхнэртээ гайгүй юм шиг байна гэж хэлээд яахаа мэдэхгүй хөдлөөд явчихсан гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ы шүүх хуралдаанд өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед манай аав Г.Б- манайд орж ирсэн. Манайхан нэг хашаан дотор байшин, гэрт тус тусдаа амьдарцгаадаг. Ингээд орж ирээд аав нь О- эгчтэй чинь ярилаа, эмчилгээ хийгээд өгье гэнээ. Тийм болохоор Сэлэнгэ явлаа. Замын зардлын мөнгө байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавд байсан 25 000 төгрөгөө өгсөн. Ингээд аав явахдаа Сэлэнгэ аймаг явдаг автобусанд амжаад суучихна гээд микро автобусанд суугаад явсан. Ингээд би гэртээ хариад байж байгаад 21 цагийн үед аав руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь би аавыг утасны цэнэг дуусаж байгаа, автобусанд суухаараа унтраана гэж байсан болохоор унтраасан юм байх гэж бодоод өнгөрсөн. Ингээд маргааш өглөө нь буюу 2018.9.07-ний өглөө 10 цагийн үед миний утас руу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас ярьсан. Миний аав Г.Б- нь 1969 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн. Миний мэдэхээр Дулаанхаан тосгондоо бага насаа өнгөрүүлсэн. ...ШУТИСургуульд орж ойн инженерийн ангид элсэн орж сураад ойн инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд 1994 оны үеэс Дулаанхаан тосгоны мод дамжуулах баазын дарга, тэгээд Дулаанхаан тосгоны багийн засаг даргаар ажиллаж байгаад 2002 онд Хөвсгөл аймаг руу шилжин очоод 2008 он хүртэл ажиллаж байгаад 2008 онд Улаанбаатар хот руу шилжин ирсэн. Улаанбаатар хотод байхдаа Болд төмөр ерөө гол ХХК-нд хэсэг хугацаанд ажиллаж байгаад 2010 онд хөдөлмөр хамгааллын инженерийн сургалтад хамрагдаж хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер болоод үүнээс хойш уг мэргэжлээрээ ажиллах болсон бөгөөд 2017 оны 10 дугаар сард "Алтай трест" ХХК-нд ажилд орсон. Би эхээс хоёулаа. Миний эцэг, эх 2008 онд гэр бүлээ салгаж, тусдаа амьдрах болсон. Миний хувьд бол гомдолтой байна. Энэ хүн нас тогтсон хүн байж эмнэлгийн тусламж үзүүлэлгүй орхисон байсан. Магадгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол өнөөдөр амьд байх байсныг үгүйсгэхгүй. Оршуулгын зардал 6 572 396 төгрөг, сургалтын төлбөр жилийн 4 500 000 төгрөгөөр тооцож Монголд суралцах бол 2 жилээр тооцож 9 000 000 төгрөг, гадаадад суралцахаар бол 26 000 000 төгрөг, талийгаач "Алтай трест" ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажил эрхэлдэг байсан бөгөөд сарын тогтмол цалин 1 040 000 төгрөг байсан дүүгийнхээ 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжид 7 сараар тооцож 7 280 000 төгрөг, зээлийн төлбөр 4 625 546 төгрөг, орон сууцны зээл 15 100 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 69 577 942 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс оршуулгын зардалд 5 000 000 төгрөг авсан. Үлдэх хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч Г.А-ийн өгсөн: Би 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой 18:30 цагийн үед Улаанбаатар хот явах зорилгоор нөхөр Р.Ц-ын хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас гарсан. Бид хоёр Хүдэр сумаас хөдлөөд огт зогсоогүй явсаар Дархан өнгөрөөд 3- шар гараад явж байгаад өөдөөс машин зөрөх үед гэнэт миний яг өөдөөс хүний нүүр ороод ирсэн. Би хүн байна гэж хэлэх зуургүй л тэр хүнийг миний сууж байсан хэсгийн урд хэсгээр мөргөсөн. Тэгээд манай нөхөр машинаа зогсоогоод буусан ба би тухайн үед гутлаа тайлчихсан явсан болохоор буугаагүй. Ингээд нөхөр маань буцаад ирэхээр нь хүн дайраад алчихлаа ш дээ одоо шоронд орох юм байна гэж хэлсэн чинь гайгүй байна, согтуу хүн байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хөдлөөд явсан. Ингээд явахдаа Эрдэнэтийн замаар ороод ачаатай портер замаас гараад явахаар нь араас нь дагаж яваад Ширээ нуруугаар яваад Дарханаар орсон. Тэгээд буцаад Толгойтоор шууд гараад замтай, замгүй явсаар Цагаан нуур орохын үед төв засмалд нийлсэн. Тэгээд шууд Хүдэр сум руу явсан. Манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодож чадна, машинаа байнга барьдаг. Манай нөхрийн хоёр гар хиймэл портезтой учир би өөрөө хажууд нь байнга халамжилж хамт явдаг. Миний хувьд нөхрийнхөө хамт явахдаа машиных нь цонхыг хаах, цагдаа болон бусад хүмүүст бичиг баримтыг нь гаргаж үзүүлж, шалгуулах, бензин хийхэд нь банк болон төлбөр тооцоог нь хийх, суудлын бүсийг нь зүүж өгөх, гар тоормосыг нь татах гэх зэрэг ойр зуурын зүйлд тусалдаг. Манай хүн их ажилч хөдөлмөрч хүн бөгөөд мод бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хангайн буудай" ХХК-ыг байгуулж 10 гаран жил ажиллуулж байгаад хүүхдэдээ өгсөн. Их хөдөлмөрч хүн байгаа юм гэх мэдүүлэг /1-р хх 25-26/,
Гэрч Ц.Л- өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Улаанбаатар хотын авто вокзалаас 4 зорчигч аваад Дархан-Уул аймаг руу 19:40 цагийн үед хөдөлсөн. Замдаа Баруун хараа дээр нэг зорчигчоо буулгаж цааш явж Дархан-Уул аймагт 23:40 цагийн үед мөнгө хураадаг постоор орж ирээд Юни газ хийн түлшний колонк өнгөрөөд явж байхад урд явсан мөнгөлөг саарал өнгийн япон тэрэг аваарын дохиогоо асааж замын баруун дарж гулжганахаар нь би мөн адил аваарын дохиогоо асааж хурдаа саахад замын эсрэг талын урсгалд нэг согтуу бололтой гуйвсан хүн зам дээгүүр явж байхад нь өөдөөс нь цагаан өнгийн толгойтой Хундай маяти маркийн тээврийн хэрэгсэл өнгөрөхдөө мөргөсөн ба нэлээн хүчтэй түс хийх чимээ сонсогдсоон. Би машинтайгаа өнгөрч явахдаа хажуу толиндоо харахад тухайн машин мөргөсөн машин ослын дохиогоо татаад зогсож харагдсан. Машин дотор 3 зорчигч сууж явсан ба дээрх бүгд харсан болов уу. Согтуу хүн бусад хүнд гай боллоо гэх яриа өрнөөд өнгөрсөн. Дайруулж нас барсан хүнийг 2018 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу явах гэж байхад нь авто вокзал дээр харж байсан. Тэр ах Сэлэнгэ явна гээд бага зэргийн архи хэрэглэчихсэн явж байсан. Надаас Сэлэнгэ хэдээр явдаг вэ явах уу гэж ирэхээр нь үнийг нь хэлээд зорчигч дүүрсэн байсан болохоор явахгүй гээд хөдлөөд явсан. Дээрх хүн дайруулж нас барсныг жолооч нар Сэлэнгэ явах уу гэж асуугаад явж байсан хүн дайруулж нас барсан гэж ярьж байхаар нь мэдэж авсан гэх мэдүүлэг /1-р хх 14/,
Гэрч Ч.О- өгсөн: Бид хоёр хамт амьдраад 4 жил болж байна. Гэр бүлийн харилцаатай хүмүүс. 2012 онд миний бие Улаанбаатар хотод Мөнхийн үсэг ХХК-нд ажилд орохдоо танилцаж байсан. Талийгаач нь Улаанбаатар хот СХДүүрэг 31-р хороо 4-471 тоотод охин Б.Э- хашаанд монгол гэрт ганцаараа амьдардаг байсан. Над дээр бие нь өвдөх, архи уусан үедээ Улаанбаатар хотоос таксидаж ирж хэсэг байж байгаад явдаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед чам дээр очмоор байна автобус явсан Сэлэнгэ шууд явах унаа байхгүй байна. Дархан ороод дамжуулж суух унаа байна гэхээр нь би Дарханаас шөнө чамд унаа олдохгүй. Шууд ирэх унаа хай гэхэд вагон вокзал дээрээс олдох болов уу буцаагаад холбогдож яръя гээд утсаа салгасан. Талийгаачийн нэгж нь дууссан бололтой над руу дохиод байсан. Надад нэгж байхгүй болохоор би ярьж чадаагүй. 10 цагийн үед залгахад утас нь холбогдохгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх 32/,
Гэрч Б.Г.Б-ын өгсөн: Би 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 05.50 цагийн үед Дархан 2-ын Мoil шатахуун түгээх станцаас бензин аваад Зүүн хараа руу ажил руугаа явж байхад замын хажууд эрэгтэй хүн хэвтэж байхаар нь Цагдаагийн 102 утсанд дуудлага өгсөн гэх мэдүүлэг /1-р хх 33/,
Гэрч Г.О- өгсөн: Талийгаач нь миний хамгийн бага дүү байгаа юм. "Алтай трест" ХХК-нд хөдөлмөр хамгааллын инженер хийж байгаад 8 дугаар сард ажилдаа очоогүй гадуур архи уугаад яваад байдаг болсон. Би хамгийн сүүлд талийгаачтай 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд мод дамжуулах баазын 60 жилийн ойгоор Дулаанхаанд уулзсан түүнээс хойш уулзаагүй. Талийгаач дүү маань сүүлд Улаанбаатар хот СХДүүрэг 31-р хороо Алтайн 4-471 тоотод өөрийн төрсөн охин Б.Э-, хүү Мөнхсайхан нарын хамт нэг хашаанд монгол гэрт амьдарч байсан гэх мэдүүлэг /1-р хх 34/,
Гэрч А.А- өгсөн: Талийгаач Г.Б- нь манай эх Чулуунцэцэгийн төрсөн дүү нь. 2-3 жилийн өмнөөс Улаанбаатар хотод Мөнхийн үсэг хэвлэлийн үйлдвэрт хөдөлмөр хамгааллын инженерээр ажилладаг байсан. 2017 оноос Чойрт нэг ажил хийж байгаа сураг дуулдаж байсан. Одоо хамт амьдарч байгаа эхнэртэйгээ амьдраад 1 жил гаран болж байгаа гэх мэдүүлэг /1-р хх 35/,
Гэрч Р.Лхагвасүрэнгийн өгсөн: Манай ах Р.Ц- нь хиймэл гартай. Авто машиныг чөлөөтэй ямар нэгэн төвөггүй жолоодож чадна гэх мэдүүлэг /1-р хх 38-39/,
Гэрч Ш.Тамирхүүгийн өгсөн: Р.Ц-ыг таньдаг болоод 10 гаран жил болж байна. Р.Ц- нь хоёр бугуй хэсгээрээ гаргүй хиймэл гартай мөртөө 8811 СЭҮ улсын дугаартай машиныг байнга бариад яваад байдаг гэх мэдүүлэг /1-р хх 40/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт:
"1.Талийгаачийн биед дээрх үндсэн оношинд бичигдсэн хавсарсан гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед, тээврийн хэрэгсэлд мөргөгдөх үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаачийн биед илэрсэн гавал тархины гэмтэл, элэгний язрал нь ГЗТ журмын 3.1.3 ба 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4.Талийгаачийн биед учирсан гэмтлийг авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломж байсныг үгүйсгэхгүй. 5.Талийгаач нь гавал тархи, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. 6.Талийгаачийн биед элэг, зүүн бөөр, судасны архаг хууч өвчин илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөгүй. 7.Талийгаачийн цусанд 1 промилли этилийн спирт илэрсэн ба энэ нь хөнгөн зэргийн согтолттой байсныг харуулна. 8.Талийгаачийн цусны бүлэг ВIII байна." /1-р хх 76/,
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 80-84/, Г.Б- нь 49 настайдаа 2018.9.10-ны өдөр нас барсан тухай №0000190071 дугаартай УБ хот СХДүүргийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх 45/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт:
"Жолооч Рэнцэнгийн Р.Ц- нь HYINDEI MIGHTY маркийн 8811 СЭҮ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрсөн. Жолооч Р.Ц- нь HYINDEI MIGHTY маркийн авто машин жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил 5 дугаар хэсгийн 5.2 /Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан/. Мөн авто машины дугуйн хээ стандартын шаардлага хангахгүй болсон тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2 /Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үе тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан ба ослын дараа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь жолооч Р.Ц- нь МУ-ын ЗХ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил 5 дугаар хэсгийн 5.2 /хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан./ мөн автомашины дугуйн хээ стандартын шаардлага хангахгүй болсон тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Мөн МУ-ын ЗХ дүрмийн 9-р бүлгийн 9.2. /жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна./ гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан." гэжээ /1-р хх 66/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан зүйлүүд нь тус бүр 3-н бүхэл хэсэг болж байна. Уг зүйл нь Солонгос улсад 1999-2006 онуудад үйлдвэрлэгдсэн HYINDEI MIGHTY маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын нэмэлт гэрлийн гадна шил байж болно. Мөн HYINDEI MIGHTY маркийн тээврийн хэрэгслийн баруун гар талын толины доод суурийн бүрхүүл болон гадна хавтаст байж болно. 2.тээврийн хэрэгслийн толь болон нэмэлт гэрлийн шил, толины доод суурийн бүрхүүл, гадна хавтас зэрэг нь тээврийн хэрэгслийн эд анги байж болно. 3.Дээрх тээврийн хэрэгслийн эд ангиуд нь HYINDEI MIGHTY маркийн тээврийн хэрэгслийнх байж болно гэжээ /хх 58-59/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 60-62/,
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 67, 71/, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх 68/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /1-р хх 69-70/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.9.17-ний өдрийн 202, 203, 108 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 77-79/, Мөрдөгчийн тогтоолын дагуу Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2018.10.12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хх 88-93/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Р.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон", 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан "Авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- гэм хорын хохиролд дараах нэхэмжлэл гаргажээ: Үүнд: Оршуулгын зардал 6 572 396 төгрөг, сургалтын төлбөр жилийн 4 500 000 төгрөгөөр тооцож Монголд суралцах бол 2 жилээр тооцож 9 000 000 төгрөг, гадаадад суралцахаар бол 26 000 000 төгрөг, талийгаач "Алтай трест" ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажил эрхэлдэг байсан бөгөөд сарын тогтмол цалин 1 040 000 төгрөг авдаг байсан тул дүүгийнхээ 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмж 7 сараар тооцож 7 280 000 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр 4 625 546 төгрөг, орон сууцны зээл 15 100 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 69 577 942 төгрөг нэхэмжилсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ы нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал гэх 6 572 396 төгрөгийг 1-р хавтаст хэргийн 162-196-р хуудсанд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хангаж, үлдэх нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож, сургалтын төлбөр гэх 35 000 000 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр 4 625 546 төгрөг, орон сууцны зээл 15 100 000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 7 280 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байх тул хэлэлцэлгүй орхиж дээрх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Ц- нь оршуулгын зардалд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 5 000 000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчээс оршуулгын зардалд үлдэх хэсэг болох 1 572 396 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд 8 500 000 төгрөг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 13 500 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг дурдав.
Иймд шүүгдэгч Р.Ц-ыг энэ тогтоолоор бусдад төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Р.Ц- нь хэрэг хариуцах чадвартай байна.
Урьд ял шийтгэлгүй болох нь 1-р хавтаст хэргийн 98-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал Үүнд: шүүгдэгч Р.Ц- нь ахуйн ослын улмаас бугуй болон сарвуугаа тайруулж хөдөлмөрийн чадвар алдалтын 90%-иар хугацаагүй акт тогтоогдсон болох нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын №0022263 дугаартай шийдвэрээр тогтоогдсон, түүний хувийн байдлыг тогтоосон гэрч нарын мэдүүлэг, улсаас авсан гавъяа шагнал, одон медалын үнэмлэхийн хуулбарууд /1-р хх 102-107/, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн /гэрэлтүүлэггүй замаар согтуугаар анхаарал болгоомжгүй явсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн/ зэргийг харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг тул тухайн хор уршгийг зориуд, санаатай хүргэсэн гэж үзэх боломжгүй тул шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдалд дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 1818007010462 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дохионы гэрлийн бутархай, толь 1 ширхэг, толины суурь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
шүүгдэгч Р.Ц-ын эзэмшлийн 8811 СЭҮ улсын дугаартай HYINDEI MIGHTY маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2018.11.27-ний өдрийн 21 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
шүүгдэгч Р.Ц- цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Р.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон",
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан "Авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Р.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.Ц-ад оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Р.Ц- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Р.Ц-ын тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Р.Ц-ын тэнссэн 2 жилийн хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- 62 005 546 /жаран хоёр сая таван мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхийг нээлттэй үлдээж, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1818007010462 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дохионы гэрлийн бутархай, толь 1 ширхэг, толины суурь 1 ширхгийг устгаж, шүүгдэгч Р.Ц-ын эзэмшлийн 8811 СЭҮ улсын дугаартай HYINDEI MIGHTY маркийн тээврийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2018.11.27-ний өдрийн 21 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Шүүгдэгч Р.Ц- цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ