Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 183/2023/06503/И |
Дугаар | 210/МА2024/01238 |
Огноо | 2024-06-14 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2024/01238
2024 06 14 210/МА2024/01238
Ц.Б ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/01329 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ц.Б ий нэхэмжлэлтэй
Хариуцагч УМЭАЦТЛ УТҮГ-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Ц.Б нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр УМЭАЦТЛ УТҮГ-тай тооцооны нягтлан бодогч, эд аж ахуй хариуцагчийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Өмнөх хугацаааны буюу 2022 оны 01-05 дугаар сарын санхүүгийн ажлыг нөхөн хийж дуусгасан. Туршилтын хугацаанд ахлах нягтлан бодогч Б.З шахаж дарамталж, захиралд худал мэдээлэл хэлж, захиргааны дарамтыг үзүүлэх болсон. 2022 оны 08 дугаар сард туршилтын хугацаа дуусахад жинхлүүлэх өргөдлөө хүний нөөцөд өгсөн боловч захирал байж бай гэсэн гээд Захирлын зөвлөлийн хурлаар оруулаагүй.
1.2. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Захирлын зөвлөлийн хуралд би ажлын тайлангаа тавьсан. Маргааш нь захирал Ө.Г дуудаад ажлаас халах болсон, гишүүдээс санал авахад жинхлэхгүй гэж гар өргөсөн гэж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр ажлаас халах тушаал өгсөн. Тухайн үед ой хүрээгүй хүүхэдтэй, мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй гэдэг үндэслэлээр намайг халах боломжгүй гэдгийг хэлсэн. Ө.Г надад өөр ажлын санал тавьсныг би зөвшөөрөөгүй. Гэтэл жилийн эцэс болж байгаа юм чинь чи 3 сараар хойшлуулж өгнө үү гэсэн өргөдлийг бичиж өг гэхээр нь бичсэн. Тухайн үед ажилтай үлдэхийн тулд байгууллагын захиргааны дарамтад ороод бичиж өгсөн.
1.3. Ажил үүргээ гүйцэтгэж байтал 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халах тухай Б/20 дугаар тушаалыг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэж өгсөн. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.3, 78.1.9 дэх заалт байна. Ажил олгогчтой харилцан тохиролцоогүй, өргөдөл өгөөгүй. Ц.Б 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3 сараар сунгаж өгөөч гэснийг үндэслээд 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж үзвэл уг хугацаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан, энэ өдөр гэрээг дуусгавар болгоогүй, санаачилга гаргаагүй учраас гэрээ анх заасан хугацаагаараа сунгагдсан гэж үзэж байна. Гэтэл гэрээний хугацааны дундуур ийм асуудал гаргаж байгаа нь хууль бус шийдвэр.
Иймээс Ц.Б ийг урьд эрхэлж байсан УМЭАЦТЛ УТҮГ-ын тооцооны нягтлан бодогч, эд аж ахуй хариуцагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 15,991,209 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. УМЭАЦТЛ УТҮГ-ын захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 78.1.9 дэх хэсэг, Захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус тооцооны нягтлан бодогч, эд аж ахуй хариуцагч Ц.Б ийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
2.2. Ажил олгогч нь анх Ц.Б ийг дээрх албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулсан. Хууль, журамд зааснаар тухайн ажилтныг 3 сараар ажиллуулах, мөн туршилтын хугацааг цаашид 3 сараар сунгах боломжтой. Үүний дагуу 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажилтны туршилтын хугацааг 3 сараар сунгаж, нийт 6 сарын хугацаанд ажиллуулсан. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Захирлын зөвлөлийн хурлаар Ц.Б ийг цаашид жинхэлж тухайн албан тушаалд ажиллуулах эсэх асуудлыг хэлэлцээд ажиллуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг Ц.Б д 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тэмдэглэл үйлдэж танилцуулсан ба Ц.Б нь ар гэрийн байдал, нялх хүүхэдтэй байдлыг харгалзан үзэж цаашид ажиллуулж өгнө үү гэдэг зүйлийг хэлсэн. Захирал Ө.Г хавдрын эмнэлэгт, 25 дугаар эмийн сангийн хажууд байдаг цэцэрлэгт нягтлан бодогчоор оруулж өгч болох талаар ярьсан. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Б нь 3 сараар тухайн албан тушаалд ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлтээ өгсөн.
2.3. Ажлаас чөлөөлөх шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтууд дахь харилцан тохиролцсон, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажил олгогчийн санал болгосон үндэслэлээр Ц.Б ийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож тухайн албан тушаалаас чөлөөлсөн. Захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаал үндэслэлтэй тул Ц.Б ий гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1. Ажил олгогчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаал үндэслэл бүхий эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой. Ажлаас халах үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 78.1.9 дэх хэсэгт заасныг баримталсан болохоос шүүхийн шийдвэрт дурдсан шиг мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 хэсэгт заасан үндэслэл барьж халаагүй. Өөрөөр хэлбэл талууд харилцан тохиролцсон, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажил олгогч, ажилтны аль нэгний санаачилсан гэсэн үндэслэлүүд болохоос ажилд орохдоо давхар ажил хийдэг эсэхээ мэдэгдээгүй гэсэн үндэслэл биш болно. Хариуцагч шүүх хуралдаан дээр тайлбарласан төдий зүйлд үндэслэн шийдвэр гаргах ёсгүй гэж үзэж байна.
Харин хариуцагч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан талаар хүлээн зөвшөөрч эсэргүүцээгүй, гагцхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар сунгаад 6 cap өнгөрсөн, мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцоод гэрээний хугацаагаа 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3 сараар сунгаж өгөөч гэсэн хүсэлт өгсөн баримт байдгаас хөдөлмөрийн гэрээнд энэ хугацаагаар сунгасан нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл байхгүй.
4.2. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай тохироод хөдөлмөрийн гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сараар сунгах хүсэлт өгснөөс хугацааг тооцоход 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэхэд 4 cap 24 хоногийн дараа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгоод байгаа нь ойлгомжгүй байна.
Миний бие анх ажилд орохдоо 0-3 насны хүүхэдтэй үндсэн ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа талаар ярьсан. Үүнийг ажил олгогч мэдэж байсан бөгөөд шүүх хуралдаан дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргаж өгснөөр одоо мэдэж байгаа юм шиг тайлбар өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан үндэслэлээс бусад үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхгүй гэснийг хариуцагч зөрчөөд байхад шүүх харгалзан үзсэнгүй.
Иймд тус шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүхийн магадлал гаргаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр туршилтын хугацаагаар ажилд авсан. Уг туршилтын хугацаа дуусахаас өмнө Захирлын зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчийг жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэхэд ажил цалгардуулдаг, мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй байгаа учраас хөдөлмөрийн гэрээг сунгах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн. Тухайн үед нэхэмжлэгч нь хувийн шалтгаан дурдаж, тодорхой хугацаанд ажлаас чөлөөлөх асуудлыг хойшлуулах тухай хүсэлт гаргасан тул 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажиллуулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5.2. Давхар ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг ажил олгогч буюу хариуцагч байгууллагыг мэдэж байсан гэж давж заалдах гомдолд дурдсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн үндсэн ажил олгогч нь П.О ХХК бөгөөд тухайн байгууллагаас хүүхэд асрах чөлөө авсан гэх агуулгатай тайлбарыг нэхэмжлэгч гаргасан. Нэхэмжлэгч 1-2 хуулийн этгээдэд ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдсон.
5.3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараагийн ажилд орох боломж нөхцөлийг хангах үүднээс, мөн ажиллах хугацаанд хувийн шалтгаанаар тодорхой хугацаанд чөлөө авсан тул 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажлаас чөлөөлөхийг хойшлуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчид өөр ажилд орох санал тавьж, улмаар Харилцаа холбооны яаманд 2023 оны 04 дүгээр сараас эхлэн ажилд зуучилж, оруулж өгсөн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Уг нөхцөл байдлыг нэхэмжлэгч үгүйсгэдэггүй, тухайн байгууллагад ажилд орсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч УМЭАЦТЛ УТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. УМЭАЦТЛ УТҮГ-ын захирлын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар Ц.Б ийг Санхүү, аж ахуй, үйлчилгээний нэгжид тооцооны нягтлан бодогч, эд, аж ахуй хариуцагч албан тушаалд 3 сарын хугацаатай томилж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, хөдөлмөрийн гэрээний төрлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ гэж зөв тодорхойлжээ.
Түүнчлэн уг гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусахад ажил олгогч болон ажилтны зүгээс гэрээг дуусгавар болгох талаар санал гаргаагүй, гэрээний хугацаа 3 сарын хугацаагаар сунгагдсан талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар зохигч маргаагүй.
4.1. УМЭАЦТЛ УТҮГ-ын Захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар туршилтаар ажиллаж буй Ц.Б ий ажлын тайланг хэлэлцэж, түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн боловч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ц.Б нь үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа тул 3 сараар сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, уг хүсэлтэд байгууллагын захирал 3 сар сунгаж, ажлын гүйцэтгэлд Байгалмаа дарга сайтар хяналт тавих гэсэн цохолт хийж, үүний дагуу хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үргэлжилсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.
4.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт жилийн эцэс болж байгаа юм чинь чи 3 сараар хойшлуулж өгнө үү гэсэн өргөдлийг бичиж өг гэхээр нь бичсэн ... 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3 сараар сунгаж өгөөч гэснийг үндэслээд 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж үзвэл уг хугацаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан, энэ өдөр гэрээг дуусгавар болгоогүй, санаачилга гаргаагүй учраас гэрээ анх заасан хугацаагаараа сунгагдсан гэж үзэж байна гэж, хариуцагчийн хариу тайлбарт цаашид ажиллах хугацааг дахин сунгуулах талаар бичгээр 2022 оны 11-р сарын 01-ний өдөр өргөдөл гаргасны дагуу түүнчлэн 2022 оны санхүүгийн жилийн эцсийн тайланг харъяа дээд шатны байгууллагад тушаах цагалбар, хугацааны ажилласан тайланг Үндэсний аудитын газарт шалгуулах, хамгаалах байсан болохоор өөрийн хүсэлтийг харгалзан үзэж албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу ажилдаа идэвх санаачилгатай ажиллахыг сануулснаар тохиролцоонд хүрч үргэлжлүүлэн ажиллуулсан гэж тус тус тайлбарлажээ.
4.3. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд дээрх өргөдөл, түүнд хийгдсэн цохолт болон зохигчдын тайлбарыг харьцуулбал, хариуцагч байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны нөхцөл байдалтай уялдуулан Ц.Б ийг тооцооны нягтлан бодогч, эд, аж ахуй хариуцагчаар 3 сарын хугацаатай ажиллуулахаар талууд харилцан тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэж зааснаар талуудын хооронд 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.
Анхан шатны шүүх талуудыг туршилтаар ажиллуулах гэрээг дуусгавар болгох хугацааг хойшлуулсан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт нийцээгүй. Өөрөөр хэлбэл туршилтаар ажиллуулах гэрээг нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгах боломжтой бөгөөд дээр дурдсанаар гэрээ сунгагдсан тул дахин сунгах хууль зүйн үндэслэлгүй болно.
4.4. Хэргийн баримтаар тус гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусахад хариуцагч байгуулагч нь гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй, мөн нэхэмжлэгч нь үргэлжлүүлэн ажилласан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт Энэ хуулийн ...50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж зааснаар уг гэрээг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгагдсан гэж дүгнэнэ.
4.5. Мөн талуудын байгуулсан гэрээ 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасан хоёр жилээс дээш хугацаанд хүрээгүй буюу гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцох үндэслэлд хамаарахгүй байна.
5. Хариуцагч УМЭАЦТЛ УТҮГ-ын захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Санхүү, аж ахуй, үйлчилгээний нэгжийн тооцооны нягтлан бодогч, эд аж ахуй хариуцагч албан тушаалд түр ажиллаж байсан Ц.Б ийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон.
Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 78.1.9 дэх заалтууд, байгууллагын дүрмийн 6.4.11 дэх заалт, Захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэжээ.
5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлүүдийг тодорхойлсон ба 78.1.1-д талууд харилцан тохиролцсон, 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэж тус тус заажээ.
Хэргийн баримтаар талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон, эсхүл цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэх байдал тогтоогдоогүй байна. Мөн дээр дурдсанаар гэрээ 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулагдсан тул гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлгүй.
Дээрх хуулийн зохицуулалтад УМЭАЦТЛ УТҮГ-ын захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг нийцээгүй байна.
5.2. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар тус хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх дор дурдсанаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
а. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан тул шүүх нэхэмжлэгч Ц.Б ийг тооцооны нягтлан бодогч, эд аж ахуй хариуцагчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй. Учир нь, талуудын хооронд гэрээ хугацаатай байгуулагдсан нөхцөлд сунгах эсэх нь тэдгээрийн хүсэл зоригоос хамаарах бөгөөд шүүх шийдвэрлэхгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлгүй.
б. Харин нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж цалин хөлсөө авах эрхтэй тул 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлс 1,224,582 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Түүнчлэн тус хуулийн 43.2.7-д зааснаар энэ хугацаанд хамаарах нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагад туршилтын хугацаагаар ажиллахдаа өөр байгууллагатай зэрэгцсэн хөдөлмөр гэрээ байгуулсан талаарх үйл баримтыг тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан ажил олгогчид энэ талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь тус маргаанд хамааралгүй болохыг залруулж дүгнэх нь зүйтэй.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас цалин хөлс 1,224,582 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/01329 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч УМЭАЦТЛ УТҮГ-аас 1,224,582 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулахыг хариуцагч УМЭАЦТЛ УТҮГ-т даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 41.1.5 гэсний дараа 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 гэж нэмж, чөлөөлөгдсөний дурдсугай гэснийг чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч УМЭАЦТЛ УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 104,140 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА