Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 125

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч С.С.Ө-, Д.Д.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Ө-, Д.П- нарт холбогдох эрүүгийн 1918000000121 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С.Ө-, 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, тогооч, сантехникч мэргэжилтэй,  ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,

Монгол Улсын иргэн, Д.П-, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.С.Ө-, П.Д.П- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч С.С.Ө-ын шүүх хуралдаанд өгсөн: Манай найз Д.П- 2019 оны 02 дугаар сарын сүүлээр хамт ажил хийхээр манай гэрт ирсэн. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 01-ний орой Д.П- бид хоёр манай төрсөн ах Д.Э-ыг гэрт нь хүргэж өгчихөөд манай гэр рүү алхаж яваад Д.П- надаас “тэр баригдаж байгаа цагаан хоёр давхар барилга юун барилга бэ хоёулаа очиж үзэх үү” гэхээр нь “за за тэгье” гэж хэлээд гаднаа хашаагүй цагаан хоёр давхар байшин руу дөхөж очсон. Тэгээд гадаа нь очоод хархад тэр байшингийн хойд талын хана нь онгорхой байсан. Тэгэхээр нь П- бид хоёр арын нэг ханыг нь хоёр талаас нь татан эвдэж дотор нь ороод харахад хана налуулж тавьсан цагаан өнгийн 2 ширхэг хаалга, саарал өнгийн хөнгөн цагаан метал 3 ширхэг сунадаг шат, цагаан өнгийн хуванцар хоолой 1 ширхэг, 16 ширхэг офло модон хавтан зэрэг эд зүйлс байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр материалуудыг гадагшаа зөөж гаргаад 2 шат, 1 ширхэг цагаан хоолойг манай гэр рүү авч яваад амбаарт хураасан. Тэгээд бид хоёр цааш яваад манай төрсөн ах Д.Э-ын гэрт очиж сэрээгээд машинтай нь буцаж материал гаргасан цагаан байшингийн гадаа ирээд машин дээр нь 8 ширхэг хавтангаа аваад ах Д.Э-ын гэрийн амбаарт нь аваачиж хийсэн. Тэгээд дахин буцаж ахын машинтай яваад үлдсэн 2 хаалга, нэг шатаа ачаад ахын гэрийн гараашид аваачиж хийсэн гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч Д.Д.П-гийн өгсөн: Би найз С.Ө-ын гэрт сүүлийн 14 хоног амьдарч байгаа. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 00:00 цагийн үед найз С.Ө-тай гудамжаар юм ярьж алхаж яваад нэг зүйлийн талаар ярьсан юм. С.Ө- надад хэлэхдээ “манай гэрийн ойролцоо дутуу баригдаж байгаа цагаан өнгийн 2 давхар байшин байгаа, тэр дотор барилгын хэрэгтэй материал байж магадгүй хоёулаа очиж үзэх үү” гэж надад хэлсэн. Би хэлсэн яриаг нь дэмжээд тэр цагаан өнгийн байшин руу очиж дотор нь хэрэгтэй юм байгаа эсэхийг үзэхээр хамт дагаж очсон. Тэгээд очиход тэр байшингийн гадуур ямар нэг хашаа, харуул хамгаалалт байхгүй, эзэнгүй дутуу баригдаад зогссон гэмээр 2 давхар байшин байсан. Тэгээд бид хоёр тэр байшингийн хаалгаар нь оръё гэж бодоод тойрч үзтэл хаалга байгаагүй. Тэгэхээр нь би тэр байшингийн арын ханыг нь гараараа татаж үзхэд хавтан нь амархан газар унасан. Тэгээд бид хоёр тэр байшин руу орж үзэхэд байшин дотор офло модон хавтан 16 ширхэг, хананд түшүүлж тавьсан 2 ширхэг цагаан өнгийн модон хаалга, мөн 3 ширхэг саарал өнгийн хөнгөн цагаан шат, цагаан өнгийн ууттай хоолой гэмээр хуванцар зүйл байсан. Тэгээд бид хоёр ярилцаад энд байгаа эд зүйлсийг аваад таньдаг ах Д.Э-ын машинаар зөөгөөд гараашид нь хийе гэж ярьсан. Тэгээд бид хоёр тэр байшингаас 16 ширхэг модон хавтан, 2 ширхэг цагаан өнгийн хаалга, 3 ширхэг сунадаг шат, 1 боодол цагаан өнгийн хоолой зэрэг эд зүйлсийг аваад тус байшингаас зэргэлдээ байрлах блокон хашаан дотор нуун байрлуулж Д.Э- ахын гэрт очиж машинтай эргэн ирж зөөхөөр явсан. Тэгээд бид хоёр Д.Э-ын гэр рүү явах замдаа 2 ширхэг сунадаг шатыг нь цагаан хоолойтой нь хамт бариад С.Ө-ын гэрийн амбаарт нь байрлуулчихаад цааш Д.Э- ахын гэрт очсон. Тэгээд гэрт ороход Д.Э- ах унтаж байхаар нь би сэрээгээд “ахаа хувцсаа өмсөөд гараад ирээч ярих зүйл байна” гэж хэлээд гэрээс нь гаргаж ирсэн. Тэгээд С.Ө- бид хоёр Энхжаргад ахад хэлэхдээ “ахаа бид хоёр хүнээс барилгын материал авсан юмаа тэр материалуудыг машинд чинь ачаад гэрийн чинь гараашид байрлуулчихъя” гэхэд Д.Э- ах зөвшөөрөөд машинаа асаагаад барилгын материал байгаа газар руу явсан. Тэгээд С.Ө- бид хоёр машинаас нь буугаад эхний ээлжинд 8 ширхэг хавтанг нэг шаттай нь хамт машинд нь ачаад гэрт нь очиж гараашид нь гурвуулаа хамтарч буулгасан. Тэгээд эргэж очоод үлдсэн 2 цагаан хаалгаа 8 ширхэг хавтантай хамт машинд нь ачаад мөн гараашид нь аваачиж байрлуулсан. Тэгээд бид хоёр авсан эд зүйлсээ Д.Э- ахын гараашид буулгаж дуусаад ахад "Тэгж байгаад машинд чинь бензин хийж өгнө” гэж хэлчихээд С.Ө-ын гэр рүү очиж унтсан гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

           

           Хохирогч Н.Э- өгсөн: Би Дархан сумын 15-р баг Мангиртын 6 дугаар хэсгийн 17 дугаар гудамны 25 тоот хашаанд 2 давхар байшин барьж байгаа юм. Тэгээд барилгын ажил 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр эхэлсэн. Тэгээд өнгөрсөн өвөл гадаа хүйтрээд барилгын ажил түр хугацаагаар зогссон байсан. Цагаан сарын дараа буюу энэ 3 дугаар сард ажлаа эхлүүлье гээд төлөвлөөд барилга дотроо барилгын материал болон бусад эд зүйлсээ хурааж цоожлоод эзэнгүй байлгасан. Тэгээд би өдөр бүр барилга дээрээ ирээд тойрч шалгаж байсан. Өнөөдөр 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагийн үед барьж байгаа байшингаа шалгахаар очиход манай байшингийн арын гадаргуу хавтанг ханз татан хулгайч ороод дотор байсан цагаан өнгийн шинэ модон хаалга 2 ширхэг, 4 метр урттай сунадаг шат 3 ширхэг, 16 ширхэг хавтан, халуун усны уян хоолой 1 боодол зэрэг эд зүйлс тус тус алдагдсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. 2 ширхэг хаалга нь АНУ-д үйлдвэрлэгдсэн 205x95 хэмжээтэй цагаан өнгийн модон загварын хаалга рамтайгаа хамт. Мөн шат БНСАУ-д үйлдвэрлэгдсэн 4 метр урттай хөнгөн цагаан металлаар хийгдсэн сунадаг шат байсан. Мөн алдагдсан хавтан нь 1 метр 22 см х 2 метр 44 см хэмжээтэй модон хавтан байсан. Халуун усны уян хоолой нь 100 боолттой байсан гэх мэдүүлэг /хх 35/,

 

      Гэрч С.Д.Э-ын өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 01-ний орой 23:00 цагийн үед найзуудтайгаа жаахан пиво уугаад эхнэр машин бариад явж байгаад төрсөн дүү С.Ө- түүний найз Д.П- хоёрыг Дархан-Номин худалдааны төвийн урд утсаар дуудсан байна лээ. Тэгээд миний машиныг С.Ө- жолоодоод манай гэр рүү эхнэр, бид хоёрыг хүргэж ирсэн. Би гэртээ ороод байж байтал П- над дээр ирээд “Ахаа орой хүнээс авах ёстой барилгын материалаа авах гээд байна та машинаа өгөөч гэхээр нь би дургүйцээд юу ч гэсэн яръя” гээд хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй манай гэрээс тэр хоёр харилаа гээд гараад явсан. Тэгээд би жаахан уусан байсан болохоор гэртээ унтаад байж байтал шөнө 04:00 цагийн үед манай гэрт С.Ө-, Д.П- хоёр ирээд “ахаа гараад ирээч хойшоо машинтай чинь яваад хүнээс авсан барилгын материал авч гараашид чинь оруулаатахъя” гэхээр нь би “за за” гэж хэлээд машинаа асаагаад нэг блокон хашааны дэргэд 2 давхар барилгын дэргэд очоод зогсоход тэр хоёр буугаад миний машин дээр 8 ширхэг хавтан 1 сунадаг саарал шат оруулж ирж тавиад хөдлөөрэй гэж хэлээд манай гэрийн хашаагаар оруулаад манай амбаарт зөөж оруулсан. Тэгээд буцаж очоод 2 ширхэг цагаан хаалга болон үлдсэн хавтанг зөөгөөд мөн манай хашаанд ирээд манай гараашид байрлуулаад удахгүй авна гэж хэлээд явсан. Надад хэлэхдээ хүнээс өр авлагадаа авч байгаа юм. Ямар нэг асуудал байхгүй гэж Д.П- хэлсэн гэх мэдүүлэг /хх 37/,

 

      Гэрч Ц.А- өгсөн: ...Манай нөхөр байшин дотор ороод хулгай орсон байна гэж хэлсэн. Би машин дотроос буугаад байшинд ороход нөхөр “дотор байсан 2 ширхэг модон хаалга, 3 ширхэг хөнгөн цагаан шат, 16 ширхэг ОСБ хавтан, халуун усны хоолой хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Ингээд нөхөр хулгай орсон талаар Цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 43/,

 

      Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-10/, хашаа байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-23/, “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 47-48/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 54-60/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин, техникид хийсэн үнэлгээ /хх 73-74/ зэрэг болно.

Шүүгдэгч С.С.Ө-, Д.Д.П- нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 02-ны шөнө 01-04 цагийн хооронд иргэн Н.Энхбатын Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн 6-р хэсгийн 17-26 тоотод барьж байгаа хоёр давхар байшингийн ханыг эвдэн нэвтэрч 205 см х 95 см хэмжээтэй хаалга 2 ширхэг, 1 м 22 см х 2 м 44 см хэмжээтэй 18 мм  зузаантай барилгын модон хавтан 16 ширхэг, сунадаг шат 3 ширхэг, 100 м урттай халуун усны уян хоолой 1 боодол зэргийг иргэн С.Д.Э-ын өмчлөлийн 70-91 ДАР улсын дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 2 780 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

   Хохирогч Н.Э- "Алдагдсан эд зүйлээ буцаан авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх /хх 132/ С.С.Ө-, Д.Д.П- нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч С.С.Ө-, Д.Д.П- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

   Шүүгдэгч С.С.Ө- нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан  болох нь хавтаст хэргийн 95-р хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /хх 97-100, 103/ зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

 Шүүгдэгч Д.Д.П- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 110-р хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

   Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хүсэлтийг хангаж шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт 1 жил 1 сар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Д.П-, С.С.Ө- нар нь хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон, яллагдагч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг биет байдлаар хохирогчид буцаан олгож хохирлын барагдуулсан, тэдний хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хорих ялтай Эрүүгийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчихгүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д.П-, С.С.Ө- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар тус бүрийг 1 жил 1 сар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар хамтран бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7091ДАР улсын дугаартай Toyota маркийн Corolla Fielder загварын тээврийн хэрэгсэл нь иргэн С.Д.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь С.Д.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 38/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 70-71/ зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт  хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүх ялын зорилгыг хангахын тулд шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заажээ.

Шүүгдэгч С.С.Ө-, Д.Д.П- нар нь хохирогчийн Дархан сумын 15-р багийн 6-р хэсгийн 17-26 тоотод барьж байгаа хоёр давхар байшингийн ханыг эвдэн нэвтэрч дотор нь байсан 205 см х 95 см хэмжээтэй хаалга 2 ширхэг, 1 м 22 см х 2 м 44 см хэмжээтэй 18 мм  зузаантай барилгын модон хавтан 16 ширхэг, сунадаг шат 3 ширхэг, 100 м урттай халуун усны уян хоолой 1 боодол зэргийг хууль бусаар авахдаа өөрсдийн үйлдлийг хөнгөвчлөх зорилгоор авто машин хэрэглэсэн байх тул дээрх автомашин нь гэмт хэрэг үйлдсэн хэрэгсэл болно.  

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-т гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна, мөн хуулийн 2-т гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Toyota маркийн Corolla Fielder загварын тээврийн хэрэгслийн үнэ 10 000 000 төгрөг /хх 73-74/-ийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулах нь эрүүгийн хариуцлагын зорилго болон зарчимд нийцнэ гэж үзлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Ө-, Д.П- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч С.С.Ө-, Д.Д.П- нарыг тус бүр 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.С.Ө-, Д.Д.П- нарт тус бүр оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 2, 3-т заасныг журамлан шүүгдэгч С.С.Ө-, Д.Д.П- нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Toyota маркийн Corolla Fielder загвартээврийн хэрэгслийн үнэ 10 000 000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

            5.Эрүүгийн 1918000000121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.  

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Ө-, Д.Д.П- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ