Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01239

 

 

 

 

 

 

 2024  06  14  210/МА2024/01239

 

 

О.Б ХХК, С.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/01441 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч О.Б ХХК, С.Д нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.С ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 4,220,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч С.Д д холбогдох түрээсийн төлбөрт төлсөн 3,500,000 төгрөг, хохирол 82,576,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч О.Б ХХК-ийн төлөөлөгч С.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Т.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. О.Б ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Т.С ХХК-ийн захирал Л.Д тэй О.Б төвийн 1 дүгээр давхрын 3 өрөө талбайг эмнэлгийн ажлын байрны зориулалтаар нэг сарын 800,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулсан.

1.2. Т.С ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны 4,000,000 төгрөгийн төлбөр төлөөгүй. Энэ хугацааны алданги 600,000 төгрөгөөс чөлөөлүүлэх хүсэлтийн дагуу алдангиас чөлөөлсөн. Т.С ХХК-ийн захирал Л.Д 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлбөрийг барагдуулна гэсэн мэдэгдэл дээр гарын үсэг зурж, 4,000,000 төгрөгийн төлбөрөөс 3,500,000 төгрөгийг төлж, 500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Үүнээс хойш 2022 оны 08 дугаар сарын төлбөр 520,000 төгрөг, 09 дүгээр сарын төлбөр 800,000 төгрөг, 10 дугаар сарын төлбөр 800,000 төгрөг, 11 дүгээр сарын төлбөр 800,000 төгрөг, 12 дугаар сарын төлбөр 800,000 төгрөг тус тус төлөөгүй.

Иймд хариуцагчаас түрээсийн төлбөрт 4,220,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Т.С эмнэлгийн ерөнхий захирал Л.Д нь иргэн С.Д тай 2018 оны 11 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл түрээсийн гэрээтэй байсан.

2.2. Түрээслүүлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэнэт хөөсөн, гарахгүй бол сарын түрээсийг 500,000 төгрөгөөр нэмнэ гэж тулган шаардсан. Манай байгууллага 2022 оны 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөрийг төлөөгүй нь үнэн. Л.Д нь уушигны багтраа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3 өрөөний хаалганы цоожийг эвдэж, Т.С ны оношилгооны болон зүрх, бамбай, хэвлийн эхо аппарат, бусад эд хогшлыг санаатайгаар зөөвөрлөж алга болгосон учир Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэрэг үүсгэж шалгуулсан гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Бид түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлж ирсэн боловч Т.М (13 настай)-ын хууль ёсны төлөөлөгч Л.Т нь О.Б ХХК-ийн хувь эзэмшил болон уг компанийн бусдад түрээслүүлж байгаа барилгын өмчлөх эрхтэй холбоотойгоор С.Д д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа тул түрээсийн төлбөрийг С.Д д төлөхөөс татгалзахыг шаардсан. Т.М нь О.Б ХХК-ийн хувь эзэмшил болон уг компанийн бусдад түрээслүүлж байгаа барилгыг өмчлөх эрхтэй болох нь эд хөрөнгийн улсын бүртгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 4133 тоот дүгнэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан С.Д гийн нэхэмжлэл, шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 053 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон зэргээр нотлогдож байх тул уг шаардлагыг бид хүлээн авсан.

3.2. 2023 оны 01 дүгээр сард түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээсийн талбайгаас гаргаагүй, манайх үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Гэвч ерөнхий захирал Л.Д 2023 оны 02 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед өрөөнүүдийн цоожийг эвдэн орж эмнэлгийн багаж, төхөөрөмж, бусад эд зүйлсийг авч явсан байсан тул Баянгол дүүргийн Цагдаагийн газарт дуудлага өгөхөд С.Д нь дур мэдэн миний хөрөнгөд халдсан болох нь тогтоогдсон. Миний бие Т.С ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагааны орлогоор өрхийн амьжиргаагаа авч явдаг тул санхүүгийн хүнд нөхцөл байдалд орж улмаар цагдаагийн байгууллагад хандсаны үндсэн дээр С.Д гаас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн 2 аппаратаас бусад эд хөрөнгөө гаргуулж авсан, 2 аппаратыг С.Д нь мэргэжлийн бус аргаар салгасны улмаас дахин холболт хийхэд хүндрэл учирсан, мөн зарим холболтын кабель утаснууд алга болсон, өнөөдрийг хүртэл ашиглах боломжгүй байгаа.

3.3. Мөн зөгийн эмчилгээнд ашиглагддаг амьд зөгийн бүлийг зориулалтын бус газарт байрлуулсны улмаас 1,500,000 төгрөгийн хохирол амсаад байна.

3.4. Иргэн С.Д тай байгуулсан 2022 оны түрээсийн гэрээ нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэрээ болох нь бичгийн баримтаар тогтоогдож байгаа тул уг гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна. Мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Түрээсийн гэрээний үл хөдлөх эд хөрөнгийг Т.М , С.Д нар хамтран өмчилдөг байхад С.Д дангаар захиран зарцуулах эрхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу өгсөн зүйлээ буцаан шаардах эрх зүйн үр дагавар үүсэж байгаа тул өнгөрсөн хугацаанд шилжүүлсэн 3,500,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Иймд хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 3,500,000 төгрөг, зөгийн эмчилгээтэй холбоотой хохирол 1,500,000 төгрөг, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг дур мэдэн нууцаар шилжүүлэх явцдаа учруулсан хохирол 81,076,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч С.Д гийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Манай үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхарт хариуцагч нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг байсан ба түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Түрээсийн төлбөр нэг сард 750,000 төгрөг гэж гэрээнд заасан боловч цахилгааны үнэ нэмэгдсэнээр 50,000 төгрөг нэмж 800,000 төгрөг болгосон, үүнийг түрээслэгч Л.Д зөвшөөрч төлж байсан. 2020 оны түрээсийн гэрээгээ бүртгүүлсэн байдаг.

4.2. Түрээсийн гэрээ дууссан боловч эд зүйлээ аваагүй тул 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн 3 өрөөнд байсан эд зүйлсийг хайрцаг саванд хийж хүлээлгэн өгч, өрөөгөө суллаж авсан. Эд зүйлсийг хайрцаг саванд хийж байгаа үйл явдлыг би өөрийнхөө гар утсаар бичлэг хийж баримтжуулсан.

4.3. Барилгын өмчлөгчийн талаарх маргаан нь хариуцагч талтай хамааралгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Т.С ХХК-аас түрээсийн төлбөр 2022 оны 05 сарын 520,000 төгрөг, 09, 10, 11, 12 сарын төлбөр 3,000,000 төгрөг, нийт 3,520,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Д , О.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгийг, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 227 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг, олох байсан орлого 17,388,500 төгрөг, гэм хорын 1,500,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохирол 81,076,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч С.Д , О.Б ХХК нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн бүртгэлийг хасуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 154,670 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 815,723 төгрөгийг тус тус хэвээр үлдээж, Т.С ХХК-аас тэмдэгтийн хураамж 71,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхээс Түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт тус тус зохицуулсан тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Гэтэл шүүхээс дараах нөхцөл байдлыг харгалзан үзээгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасны дагуу дээрх түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл дээрх тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн албан тоот, лавлагаагаар уг гэрээ бүртгэгдээгүй талаар тодорхойлсон.Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргуулсан баримтуудаар дээрх гэрээг бүртгүүлсэн талаар баримт ирүүлээгүй. Эндээс дүгнэвэл холбогдох хуулийн дагуу түрээсийн гэрээг бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардаж буй нь зөв юм. Харин шүүхээс дээрх баримтуудыг үзэлгүй дүгнэлт хийсэн нь хэт явцуу бөгөөд шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй болохыг харуулж байна.

6.2. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй Т.М г гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд оролцох боломжтой бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 4133 тоот дүгнэлтээр иргэн Т.М гийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж, тэрээр хууль ёсоор өөрт шилжүүлэн авах ёстой байсан эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүйг тодорхойлж өгсөн.

Өөрөөр хэлбэл иргэн Т.М хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон гэрчилгээг хожим 2024 онд олж авснаар тэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох мэдүүлгийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж байсан болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Эндээс үзвэл түрээсийн гэрээг анх байгуулах үеэс л Т.М нь хууль ёсны дагуу мэдүүлэг гаргаж дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох хүсэлтийг гаргасан ч хууль бусаар эрхээ хязгаарлуулсан болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас дүгнэсэн. Өөрөөр хэлбэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө түрээслэх гэрээг бусад өмчлөгчийн зөвшөөрлийн үндсэн дээр захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх эрх үүсэх учраас дээрх түрээсийн гэрээг хянан шийдвэрлэхэд Т.М гийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Иймд дээрх нөхцөл байдалд дутуу дүгнэлт хийсэн тус шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах буюу шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагчийн зүгээс 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар тайлбар гаргасан. Хязгаарлагдмал гомдол гаргасан атлаа бичгээр гаргасан гомдолтойгоо нийцэхгүй тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Учир нь С.Д , Т.С ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Уг нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлийг хангаж, хуульд заасан үр дагаврыг бий болгоогүй. Улсын бүртгэлийн байгууллага нь гэрээ болгоныг бүртгэх ёсгүй бөгөөд нэг гэрээг бүртгэж, талууд хоорондоо харилцан тохиролцож, сунгах боломжтой гэж зохицуулсан. Мөн талууд 2021 оны гэрээг харилцан тохиролцож сунгасан тул хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

7.2. Анхан шатны шүүх талбайн зарим хэсгийг түрээсэлсэн, үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ биш учраас үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэх үндэслэл байхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн. Үл хөдлөх эд хөрөнгө нэг өмчлөгчтэй байсан боловч 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Т.М улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч 2021 онд гэрээ байгуулагдсан байх тул гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч О.Б ХХК, С.Д нар нь хариуцагч Т.С ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч С.Д д холбогдуулан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу шилжүүлсэн 3,500,000 төгрөг буцаан гаргуулах, мөн хохиролд нийт 82,576,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Хариуцагч анх гаргасан сөрөг нэхэмжлэлээ 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэмэгдүүлж, сүүлийн байдлаар 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрчилсөн байх ба шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөв тодорхойлж тусгаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцүүлэн залруулах шаардлагатай. Тодруулбал хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээс олох байсан орлого 17,388,500 төгрөг гаргуулах шаардлагыг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас шилжүүлсэн 3,500,000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн байхад шийдвэрт олох байсан орлого 17,388,500 төгрөг гаргуулах шаардлагыг тусгасан, мөн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах талаар шаардлага гаргаагүй буюу энэ нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл байхад шаардлага байдлаар тусгасныг тус тус залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт зохих найруулгын өөрчлөлт оруулна.

 

3.1. С.Д болон Т.С ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч С.Д нь Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах О.Б төв барилгын 1 давхрын 3 өрөөг эмнэлгийн зориулалтаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээслэгчийн эзэмшилд шилжүүлэх, түрээслэгч Т.С ХХК нь сард 750,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 318.3 дахь хэсэгт заасан бичгээр хийх шаардлагыг хангасан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

3.2. Дээрх гэрээ байгуулагдах үед О.Б төв барилгын 818 м.кв талбайтай, сургалт, үйлчилгээний зориулалттай, зоорьтой, 1-3 давхар үл хөдлөх эд хөрөнгө нь С.Д гийн өмчлөлд бүртгэлтэй байсан тул үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг болох 1 дүгээр давхрын 3 өрөөг түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн нь дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэхгүй.

3.3. Түүнчлэн тус үл хөдлөх эд хөрөнгийн дундын өмчлөлийн талаар Т.М маргаж, улмаар нэхэмжлэгчтэй хамтран өмчлөгчөөр 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бүртгүүлсэн үйл баримт нь талуудын байгуулсан түрээсийн гэрээний харилцаанд хамааралгүй.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр талуудын байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэх бөгөөд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлгүй. Мөн Т.М гийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх зүйлгүй тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

3.4. Анхан шатны шүүх түрээслүүлэгч С.Д , түрээслэгч Т.С ХХК нарын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тогтоож, тэдгээрийн хооронд эрх, үүрэг үүссэн талаар зөв дүгнэсэн атлаа гэрээний оролцогч биш этгээд О.Б ХХК-д түрээсийн төлбөр олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон агуулга бүхий өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй.

 

4. Нэхэмжлэгч С.Д нь гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлж, 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр суллаж авсан, мөн хариуцагч нь түрээсийн төлбөрт нийт 3,500,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

5.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 4,000,000 төгрөгөөс 3,500,000 төгрөг төлөгдсөн, 500,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2022 оны 08 дугаар сарын төлбөр 520,000 төгрөг, 09-12 дугаар сарын төлбөр сар бүр 800,000 төгрөг, нийт 4,220,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсанаас хариуцагч нь 2022 оны 10-12 дугаар сарын төлбөрийг төлөөгүй талаар хариу тайлбар гаргаж, 2022 оны 08, 09 дүгээр сарын тооцоотой холбоотой татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Гэрээний 1.1 дэх заалтад сарын төлбөр 750,000 төгрөг байхаар тусгагдсан ба анхан шатны шүүх түрээсийн төлбөр 2022 оны 08 дугаар сард 520,000 төгрөг, мөн оны 09-12 дугаар сард нэг сарын 750,000 төгрөгөөр тооцож нийт 3,000,000 төгрөг, бүгд 3,520,000 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлсэн 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах үндэслэлгүйг шүүх зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэг, 227 дугаар зүйлийг баримталсан нь буруу болсон тул залруулна. Тодруулбал хариуцагч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, мөн өөрийн эд хөрөнгийг үрэгдүүлснийг нөхөн төлүүлэх агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийг тус маргаанд хэрэглэх нь оновчтой байна.

5.2. Түүнчлэн түрээсийн байранд байсан хариуцагчийн эзэмшлийн нийт 81,076,000 төгрөгийн үнийн дүн бүхий 19 нэр төрлийн эд зүйл, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч үрэгдүүлсэн, мөн зөгийн үүр устаж 1,500,000 төгрөгийн хохирол учирсан гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Сөрөг нэхэмжлэлийн хохиролд холбогдох энэ хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/01441 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.С ХХК-аас 3,520,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Д д олгож, нэхэмжлэлээс 700,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч О.Б ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын ...нэхэмжлэгч нарт... гэснийг нэхэмжлэгч С.Д д гэж өөрчилж,

2 дахь заалт нэмж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Д д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг, хохирол 82,576,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 143,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА