| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0136/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 130
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Д.Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Д-д холбогдох эрүүгийн 1918000800093 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Д-, 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Д.Д-гийн өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед би Дархан зах дээр явж байгаад Д.Ш- ахтай таарсан. Нэг жилийн өмнө Д.Ш- ахад хөөрөг заруулах гээд өгсөн байсан. Тэгээд би хөөргөө асуутал Д.Ш- хөөрөг чинь манай гэрт байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь цагаан сар болох гэж байна хөөргөө авъя гэж хэлсэн чинь Д.Ш- дагаж яваад гэрт очоод ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би дагаж яваад хөөргөө авах гэсэн чинь Д.Ш- ах замдаа тааралдсан хүн бүрээс архины мөнгө нэхээд надаас зугтаах гээд байхаар нь хувцаснаас нь зуураад явж байтал Д.Ш- ах миний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би мөрөн дээрээс нь угз татаж газар унагаад нуруун дээр нь баруун өвдгөөрөө нэг удаа өвдөглөөд хувцаснаас нь татаж босгоод тэр хөөрөг олж өгөөрэй гэж хэлчихээд яваад өгсөн. Д.Ш- ах хөндлөн хаалт төмөр дээр суугаад үлдсэн. Хохирогчид эмчилгээний зардалд 370 000 төгрөг төлсөн. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Б.Д.Ш-ын өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой 16 цагийн орчим би зах дээр хүнсээ цуглуулж явж байгаад Д.Д-тэй тааралдсан. Д.Д- надтай таарахдаа нэлээн согтуу байсан бөгөөд надаас 1 жил орчмын өмнө зараад өгөөч гэж хэлээд өгсөн хөөргөө авъя гэж хэлэхээр нь би тэр хөөрөг чинь одоо надад байгаа, дагаж очоод гэрээс ав гэж хэлсэн. Бид хоёр захаас гарч явж байгаад Д.Д- надаас нэг шил архи аваад өг гэж хэлэхээр нь би авч өгөөгүй. Ингээд Д.Д- бид хоёр “Монос” эмийн сангийн урдуур гараад гутал засварын хажуугийн урт павилионуудын хажууд ирэхэд Д.Д- юу болсон юм бүү мэд гэнэт намайг заамдаад боосон. Тэгэхээр нь би арай гэж салгаад яаж байнаа чи гэсэн чинь намайг хавсарч унагаад миний элэг /хэвлий/ рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний элэг хүчтэй өвдөөд би өвдөлтөөсөө болоод ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь би ганцаараа газар хэвтэж байсан бөгөөд би босоод шууд таксинд суугаад Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн гэх мэдүүлэг /хх 7/,
Гэрч Б.Г- өгсөн: Б.Д.Ш-аас юу болсон талаар асуухад хоёр хоногийн өмнө 2019.01.18-ны орой зах дээр Мангиртын 41-р бракд байдаг Д.Д- тааралдаад намайг хавсарч унагаад миний гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би хэсэг ухаан алдаад сэрээд эмнэлэг дээр очиход хагалгаа хийнэ гэж хэлэхээр нь айгаад зугтчихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 9/,
Гэрч С.С- өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос манай найз Бямбаа ирж хоносон. Тэгээд маргааш өглөө нь Бямбаа, Д.Д- бид гурав нэг шил 0,5 гр Хараа архи уусан. Ингээд 14 цагийн үед Бямбаа надаас зээлсэн 30 000 төгрөгөө банкнаас авч өгнө гээд Бямбаа, Д.Д- бид гурав таксинд суугаад Дархан Номин худалдааны төв дээр буугаад Үйлчилгээний төвийн банк орох гээд явж байхдаа Б-, Д.Д- бид хоёроос зугтаагаад алга болчихсон. Тэгэхээр нь би Улаанбаатар хот явдаг авто вокзал руу яваад, манай нөхөр Д.Д- зах руу Б- хайгаад явсан. Орой нь 20 цагийн үед Д.Д- халамцуу гэртээ ирээд Д.Ш- ахтай зах дээр тааралдаад хөөргөө асуусан чинь өгөхгүй байхаар нь цохьчихсон хэлж байсан гэх мэдүүлэг /хх 12/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Б.Д.Ш-ын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний 6-р сегментийн эд ба цөсний хүүдийн язрал урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл, хэвлийн хагалгааны дараах байдал тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.
4.Б.Д.Ш-ын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 20/,
Шинжээч Д.Т-н өгсөн: 2019.01.23-ны өдөр Б.Д.Ш-ыг гэмтлийн тасагт хэвтэж байхад нь өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Энэ хүний биед хэвлийн битүү гэмтэл, элэгний 6-р сегментийн эд болон цөсний хүүдийн язрал урагдал гэмтэл, үүнээс шалтгаалсан хэвлийн гялтангийн үрэвсэл илэрсэн. Элэгний 6-р сегмент нь анатомийн бүтцийн хувьд элэгний баруун дэлбэнгийн баруун захад байрладаг хэсэг бөгөөд хэвлийн өмнө хэсэгт гэмтэх, Тухайлбал: хэвлийн өмнө хэсэгт өшиглөх, хатуу мохоо овгор зүйл дээр унах, нуруу болон хэвлийн баруун хажуу хэсэгт цохигдох зэрэг үед үүсэх боломжтой. Хэвлийн гялтангийн үрэвсэл нь яагаад үүссэн бэ гэхээр элэгний эд гэмтэж цус гарах, цөсний хүүдий язарч урагдан, доторх агуулагдахуун хэвлийн хөндийд тархсанаас хэвлийн хөндийг дотор талаас нь бүрхдэг гялтан хальс цочирч өнгөр тогтон 2-догчоор үрэвсэл үүсгэдэг. Тиймээс энэ үрэвсэл нь гэмтлийн шалтгаантай үүсч байгаа юм гэх мэдүүлэг /хх 21/,
Хохирогч, яллагдагч нарыг нүүрүүлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 15-18/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Д.Д- нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг, Дархан захын “Монос” эмийн сангийн орчим Б.Д.Ш-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, элэгний 6-р сегментийн эд ба цөсний хүүдийн язрал, урагдал, хэвлийн гялтангийн үрэвсэл” бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Д.Ш- нь хавтаст хэрэгт эмчилгээний төлбөр 300 000 төгрөгийн баримт /хх 40/-ыг ирүүлсэн ба шүүгдэгч Д.Д.Д- нь хохирол төлбөрт 320 000 төгрөг төлсөн тухай баримт /хх 44/ хэрэгт авагдсан байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Д.Д.Д- нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 33-р хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Д.Д-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн 1918000800093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ