| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0137/Э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 131
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Т.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Д- холбогдох эрүүгийн 1918000770059 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Д-, 1989 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хамтран амьдагчийн хамт түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
1.Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сар баривчлах ялаар;
2.Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үлдэх 7 сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн;
3.Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 11 жил 9 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан;
4.Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Т.Д-ын өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед би гэртээ ганцаараа унтаж байхад Л.П- ах гаднаас орж ирээд чи ажил хийж байгаа юу, хийгээгүй бол өдөр цонх хаалга зөөлцөж өгөөрэй гэсэн. Тэгээд бас Л.П- ах надад 89 дүгээр брак байрны 09 тоотын түлхүүрийг өгөөд байцаа хэрчих ажил байгаа зургаан зуун шуудайг хийх ёстой шүү богино хугацаанд дуусгах хэрэгтэй байна өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй байна. Одоо нэг хүн ирнэ хамт нийлээд хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ч- гэж хүн ирээд хоёулаа хамт ажиллах юм байна даа. Өдөр шөнөгүй ажиллах юм чи гэр ойрхноороо шөнө ажиллачих ах нь өдрийн цагаар 18 цаг хүртэл ажиллана гэсэн. Тэгэхээр нь би за за би орой ажиллах юм чинь бирж явж хүнтэй уулзаад ирье гэж хэлээд архи уухаар гараад явсан. Тэгээд биржийн орох гарах хаалган дээр очоод П-, хөлгүй Ц- гэх танил ах нартай хамт 1 шил 0.75 литрийн Түмний хишиг нэртэй архийг гурвуулаа хувааж уусан.Тэгээд архиа уучихаад дахиад архи уумаар санагдаад байхаар нь буцаж 89 дүгээр брак байрны 09 тоотод байх Л.П- ахын ажлын байрнаас гагнуурын аппарат, тасдагч, цахилгаан дрилл, адууны гуя, уртасгагч, электрон жин, хөлдөөгчинд байсан жижиглээд тавьсан мах зэргийг аваад гарсан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Л.П-ын өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө Т.Д-т 89 дүгээр брак байрны 09 тоот өрөөний түлхүүрийг өгөөд ногоо хатаах ажил байна чи хийж чадах уу гэтэл Т.Д- чадна гэж хэлсэн. Тэгээд би Т.Д-т Ч- гээд манай найз удахгүй ирнэ. Чи хамжаад байцаа хатаах энэ ажлыг хийчих өнөөдөртөө зүгээр үнэ хөлсгүй хийнэ шүү яваандаа чамд би цалин хөлс өгнө гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод байж байтал 13 цагийн үед манай найз Ч- над руу утсаар залгаад нөгөө нөхөр чинь түлхүүр аваад алга болчихлоо хаашаа явсныг нь мэдсэнгүй гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд орой 18 цагийн үед Ч- манай гэрт орж ирээд нөгөө Т.Д- чинь түлхүүр аваад одоо болтол ирсэнгүй гэж хэлсэн. Тэгээд би 18 цагийн үед Т.Д- луу утсаар залгаж чи хаана байна гэхэд шинэ Дарханд байна гэж халамцуу ярьсан. Тэгээд маргааш өглөө нь би 89 дүгээр брак байрандаа очтол хаалга цоожтой байсан. Илүү түлхүүрээрээ онгойлгоод ортол дотроос нь гагнуурын аппарат, таслагч, цахилгаан дрилл, электрон жин, ширээн дээр байсан адууны гуя, хөргөгчинд байсан үхэр, адууны жижиглээд тавьсан байсан мах болон уртасгагч байхгүй байсан гэх мэдүүлэг /хх 24-25/,
Гэрч Ш.Ч-ын өгсөн: Би 18 цагийн үед Т.Д- луу ах нь явлаа чи хүрч ирээд энэ 09 тоотыг цоожилчих гэсэн чинь та хаалгыг нь хаагаад орхиод явчих гэж хэлсэн. Тэгхээр нь би давхар Л.П- руу утсаар ярьсан чинь за за наадах чинь ирээд цоожилчих байлгүй дээ гэхээр нь би яваад өгсөн. Намайг тухайн уед Т.Д-тай утсаар ярихад согтуу байсан. Тэгээд би 89 дүгээр бракаас гараад Л.П-ынд очсон. Намайг Л.П-ынд орох үед Т.Д- над руу залгаж таарсан. Т.Д- надаас та явсан юм уу яасан юм гэж асуусан. Дараа нь Л.П- Т.Д- луу яриад чи яагаад тэр түлхүүр аваад явчихсан юм бэ гээд уурласан чинь Т.Д- за одоо би очлоо гээд утсаа тасалсан. Маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн үед би үлдсэн ажлаа хийх гээд очтол 09 тоот цоожтой байсан. Тэгээд би Т.Д-ын гэрийн хаалгыг тогштол нэг эмэгтэй хаалга тайлаад Т.Д- байхгүй байна. Өчигдөр гэртээ ирж хоноогүй гэж байсан. Тэгээд би Л.П- руу түлхүүр байхгүй байна нөгөө нөхөр чинь гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Л.П- өөрөө ирээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 30/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, хэргийн газрын схем зураг /хх 10/, хохирогчийн алдагдсан эд зүйлд хөрөнгийн үнэлгээ хийсэн "Ашид билгүүн" ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 34-36/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Д- нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 89-р брак байрны 09 тоот иргэн Л.П-ын ажлын байрнаас цахилгаан дрилл, гагнуурын аппарат, тасдагч, электрон жин, 30 кг адууны гуя, 25 кг үхэр, адууны жижиглэсэн мах зэрэг эд зүйлийг хууль бусаар авч бусдад 880 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч, хохирогч, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул,
түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.П-д учирсан 880 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.Д-аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Т.Д- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Т.Д- нь урьд:
1.Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сар баривчлах,
2.Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих,
3.Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 11 жил 9 сар 10 хоногийн хорих ялаар,
4.Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх 77-105/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх 51/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Д- нь сүүлд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, цагдан хоригдсон 43 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас 344 цагийг хасаж нийтэд тустай ажил хийлгэх ялыг 156 цагаар тогтоосон байна.
Шүүгдэгч 156 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй болох нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 69 дүгээр албан тоотоор тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Т.Д-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 156 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 156 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн хорих ялын нэг хоногоор тооцож 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 20 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1918000770059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дөрвөлжин хэлбэртэй бариултай цагаан өнгийн түлхүүр 1 ширхгийг хохирогч Л.П-т олгож, цэцэгтэй хумсны хутга 1 ширхэг, жижиг цагаан өнгийн түлхүүр 1 ширхэг тус бүрийг устгах,
шүүгдэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн /хх 40/ 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Д-ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч Т.Д-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 156 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 20 /хорь/ хоног хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Д-т оногдуулсан 1 жил 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Т.Д-ын цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т.Д-аас 880 000 /найман зуун наян мянга/ төгрөг гаргуулж, Л.П- т олгосугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1918000770059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дөрвөлжин хэлбэртэй бариултай цагаан өнгийн түлхүүр 1 ширхэгийг хохирогч Л.П-т олгож, цэцэгтэй хумсны хутга 1 ширхэг, жижиг цагаан өнгийн түлхүүр 1 ширхэг тус бүрийг устгасугай.
8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ