Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01243

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024   06   17   210/МА2024/01243

 

 

 

 

С.О ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/01755 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.О ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Бад холбогдох

Хүүхдийн нэмэлт тэтгэлэгт 6,175,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/02641 дугаар шийдвэрээр 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.А , 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Г нарыг эхийн асрамжид үлдээж, хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Хүү Б.А О сургуульд суралцдаг бөгөөд 2019, 2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 4,866,400 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01561 дугаар шийдвэрээр хариуцагчаас гаргуулан авсан.

1.3. Нэхэмжлэгч нь хүү Б.А гийн сургалтын төлбөрт 2021-2022 оны хичээлийн жилд 5,850,000 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилд 6,500,000 төгрөг, нийт 12,350,000 төгрөгийг төлсөн.

Иймд хариуцагчаас дээрх сургалтын төлбөрийн 50 хувь болох 6,175,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хүү Б.А г анх 32 дугаар сургуульд суралцуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчтай зөвшилцөлгүй хувийн сургуульд оруулсан. Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хуульд ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгохоор заасан. Хариуцагч нь эцгийн үүргээ биелүүлж хүүхдийн тэтгэлэг төлж байгаа.

2.2. Н.Б нь 2018 онд Б.Ч тай гэр бүл болсон, Б.Ч 1 хүүхэдтэй, 2019, 2021 онд 2 хүүхэд төрсөн. Б.Ч хүүхдээ асарч Н.Б ганцаараа ажил хийдэг. Цалингаас хүүхдийн тэтгэлэг төлөөд үлдсэн нь амьжиргааны доод түвшинд хүрэхгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Баас 6,175,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баас улсын тэмдэгтийн хураамжид 113,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О т олгож шийдвэрлэсэн.

  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1. Нэхэмжлэгч С.О нь 2019 онд Б.А г анх сургуульд орж суралцсан шалтгаанаар түүний сургалтын төлбөрийн тал хувийг эцгээс нь гаргуулахаар нэхэмжилж 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр хариуцагч Н.Баас сургалтын төлбөрт 4,866,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн үндэслэлийн хувьд хүү Б.А нь анхны удаа сургуульд орсон тохиолдол бөгөөд энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзсэн. Харин анхан шатны шүүх 2021-2022, 2022-2023 оны сургалтын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй, Гэр бүлийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь жил бүрийн хичээлийн жил эхэлж хүү сургуульд суралцаж буй процессыг буюу жил бүрийн давтамжтай энэ нөхцөлийг тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэж жил бүрийн сургалтын төлбөрийг энэ арга замаар хариуцагчаас нэхэмжлэх нь хууль зүйн бодит үндэслэлгүй байна.

4.2. Түүнчлэн хүүг анх 32 дугаар сургуульд элсүүлсэн. Гэтэл төлбөртэй сургууль болох О дунд сургуульд суралцуулах талаар эцэг Н.Бтай ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Ямар сургуульд хэрхэн яаж сургах талаар эцэгтэй нь зөвшилцөж шийдээгүй, түүнд хамаагүй мэтээр шийдвэр гаргасан хэрнээ сургалтын төлбөр болохоор эцэгт нь хамааруулж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Н.Б эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлж 2 хүүхдийн тэтгэлэг төлдөг. Нэхэмжлэгч нь төлбөртэй сургуульд хүүхдээ сургах шийдвэрийг гаргаж, хариуцагчийн амьдрал, боломж бололцоо, нөхцөл байдлыг мэдсээр байж түүнийг хүнд нөхцөлд оруулж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч эцгийн үүргээ биелүүлээгүй гэх, хүүхдийг төлбөртэй сургуульд сургаагүй нь эцгийн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болохгүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хэрэгт хуулийн хүчин төгөлдөр болсон 2 шүүхийн шийдвэр авагдсан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь сургалтын төлбөрийн гарсан зардлыг эцгээс нь гаргуулах агуулгатай бөгөөд О дунд сургуульд суралцсантай холбоотой сургалтын төлбөрийг эцгээс нь гаргуулж шийдвэрлэсэн. Жил болгон гаргуулах байдлаар нэхэмжлэл гаргаагүй. Хариуцагч талаас сар бүр хүүхдийн тэтгэмж өгдгөө эцгийн үүргээ биелүүлсэн гэж тайлбарладаг. Эцгийн үүрэг нь хүүхдүүдийн ээж, хүүхдүүд болон сургуультай нь харилцдаг байх, ямар сургууль, дугуйлан, секцэд хамруулах талаар харилцан зөвшилцдөг байх ёстой. Гэтэл Н.Б нь 2021 оны байдлаар 5 жил хүүхдүүдтэйгээ уулзаагүй. Өнөөдөр 2021 оны нөхцөл байдал хэвээр, хүүхдүүдтэйгээ уулздаггүй.

5.2. Нэхэмжлэгч санхүүгийн боломжтойдоо хүүхдээ хувийн сургуульд сургаагүй. Хэрэгт авагдсан баримтаар харьяалах улсын сургууль нь Зайсанд байрладаг, өрх толгойлсон эмэгтэй хүүхдүүдийг сургуульд зөөх боломжгүй. О сургууль гэрээс нь 200 метрийн зайтай ойрхон байдаг учир тус сургуульд хүүхдүүдээ сургадаг бөгөөд сургалтын төлбөрийн тал хувийг хариуцагчаас гаргуулах нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Н.Бад холбогдуулан хүүхдийн нэмэлт тэтгэлэгт 6,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/02641 дугаар шийдвэрээр хүү Б.А , охин О.Г нарыг эх С.О ийн асрамжид үлдээж, хүүхдүүдэд Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр сар бүр эцэг Н.Баас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

3.2. Хүү Б.А 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Ерөнхий боловсролын О дунд сургуульд суралцаж эхэлсэн ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01561 дугаар шийдвэрээр түүний 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тал хувь болох 4,866,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

3.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь хүү Б.А гийн сургалтын төлбөрт 2021-2022 оны хичээлийн жилд 5,850,000 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилд 6,500,000 төгрөг, нийт 12,350,000 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.

4.1. Хариуцагч нь хүү Б.А г О сургуульд суралцуулахдаа нэхэмжлэгч түүнтэй зөвшилцөөгүй, мөн эцгийн үүргээ биелүүлж хүүхдийн тэтгэлэг төлж байгаа, үүнээс гадна тэрээр эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр Б.Ч 2019, 2022 онд 2 хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөөтэй байгаа, хариуцагчийн цалингаас хүүхдүүдийн тэтгэлэг төлөөд үлдсэн нь амьжиргааны доод түвшинд хүрэхгүй байгаа гэсэн үндэслэл зааж нэхэмжлэлээс татгалзсан.

4.2. Хэргийн баримтаар хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Ч тай гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас охин Б.Э 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, охин Б.Э 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус төрсөн, мөн дагавар хүү Ч.Б Нийслэлийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн 10а ангид суралцдаг, Б.Ч ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4-д тооцооны нягтлан бодогчоор ажилладаг боловч хүүхэд асрах чөлөө авсан, мөн хариуцагч Н.Б Платинум ланд ХХК-д цахилгаанчнаар ажиллаж сард 2,600,000 төгрөгийн цалин хөлс авдаг болох нь тогтоогдсон ба уг баримтуудыг нэхэмжлэгчийн тайлбар, түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод тусгагдсанаар сүүлийн 1 жилийн байдлаар 3,381,293 төгрөгийн дундаж цалин хөлс авсан, мөн зохигчийн хэн аль нь зээл олгох эрх бүхий байгууллагад зээлтэй талаарх баримт, тайлбартай харьцуулж дүгнээд хариуцагчийн татгалзлыг харгалзан үзэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан боловч мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэмэлт тэтгэлгийн хэмжээг багасгах үндэслэлтэй.

Тодруулбал тус хуулийн зохицуулалтад тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болох-оор заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийг өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой гэж дүгнэхээр байна.

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн нэхэмжилсэн хүүхдийн нэмэлт тэтгэлэг 6,175,000 төгрөгийг 50 хувиар багасгаж, хариуцагчаас 3,087,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/01755 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 6,175,000 гэснийг 3,087,500 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,087,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад 113,750 төгрөгийг гаргуулан гэснийг 64,350 төгрөгийг гаргуулан гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД   Д.НЯМБАЗАР

Д.ЗОЛЗАЯА