Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 144

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Н.Н.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.С-т холбогдох эрүүгийн 1918000920097 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Н.С-, 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Н.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Н.С- нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг, Дархан захын урд таксины зогсоол дээр Д.Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь “хамрын шарх, зүүн гуяны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Н.Н.С-ын өгсөн: Би шинэ захын зогсоол дээр очоод дугаарлаад зогсож байгаад машинаа тэндээ тавиад зах руу орж машины тос аваад иртэл урд байсан 2 машин урагш болоод машины урд зай гарсан байсан. Тэгээд машины багажаа онгойлгоод масло хийгээд зогсож байтал ард зогсож байсан машинаас үл таних эмэгтэй бууж ирээд чи машинаа яаж тавиад байгаа юм бэ зөв байрлуулаад тавьж чадахгүй байна уу гээд уурлахаар нь би одоо урагш болоод хүнээ ачлаа юун сүртэй юм бэ гэж хэлчихээд тосоо хийгээд багажаа хаатал тэр эмэгтэй миний хөл руу нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би яаж байгаа юм яагаад хүн өшиглөж байгаа юм гэхэд үл таних эрэгтэй хүн ирээд миний эхнэртэй яаж харьцаад байгаа юм гэж хэлээд миний баруун шанаа руу нэлээд хүчтэй цохисон. Тэгээд би зөрүүлээд тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа цохисон. Ингээд тэр залуутай зууралдаад байж байхад тэнд байсан жолооч нар салгасан гэх мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч Д.Д.Б-ын өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө эхнэрээ ажилд нь хүргэж өгөх гээд Дархан захын таксины зогсоол дээр өөрийн машинтайгаа орж зогсоход эсрэг талын зогсоол дээр нэг авто машин хөндлөн зогсоол эзлээд зогссон байсан. Тэгэхэд хөндлөн тавьсан авто машин жолооч машиныхаа багажны хаалгыг онгойлгоод зогсож байхад нь эхнэр машинаас буух гэхэд зайгүй байсан болохоор нь жоохон ухарч байгаад эхнэрээ буулгачихаад урагш хөдлөөд нөгөө машины жолоочид хандан “чи машинаа зогсоолд зөв байрлуул, эсвэл жаахан урагш зогсчих гээд нэлээн чанга дуугаар хэлэхэд нөгөө жолооч битий хуцаад байгаараа пизда минь гэж орилсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө жолооч дээр очиход манай эхнэр Л.Б-тай хэрэлдээд зогсож байхаар нь чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гээд баруун мөр рүү нь нэлээн хүчтэй түлхэхэд миний гар мөрөн дээр нь халтираад шанаа хэсэгт нь цохигдсон. Тэгэхэд нөгөө залуу чи намайг цохичихлоо гэж хэлээд гараараа миний хамар руу нэг удаа, зүүн шанаа руу нэг удаа мөн зүүн гуя руу хөлөөрөө нэг удаа тус тус цохисон. Тэгээд нөгөө залуутай зууралдаад байж байхад манай эхнэр ирээд салгасан гэх мэдүүлэг /хх 6-7/,

            Гэрч Л.Л.Б-гийн өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нөхөр Д.Д.Б-тай хамт машинтайгаа Дархан сумын 7 дугаар баг Дархан захын таксины зогсоол дээр очиж зогсоод би машинаас буух гэтэл зай багатай байсан учир манай нөхөр машинаа ухрааж байгаад намайг буулгасан. Тэгэхэд зогсоол дээр нэг авто машин хөндлөн байрлалтай зай эзлээд зогссон машины жолооч багажаа онгойлгоод зогсож байхаар нь би тэр жолоочид хандаж “Машинаа зөв байрлуулахгүй яасан юм бэ гэж хэлэхэд миний өөдөөс уурласан байдалтай хараалын үг хэлээд байж байхад манай нөхөр машин дотроосоо цонхоороо нөгөө жолоочид хандаж “машинаа зөв байрлуулаачээ гэж хэлэхэд мөн л хараалын үгээ хэлсэн. Тэгэхэд манай нөхөр машинаасаа бууж ирээд нөгөө жолоочтой намайг өмөөрөөд “Чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гээд нөгөө жолоочийг манай нөхөр түлхэх шиг болсон. Тэгэхэд нөгөө хоёр хоорондоо барьцалдаж зодолдоод унахаар нь дундуур ороод тэр хоёрыг салгасан. Тэгэхэд манай нөхрийн хамарнаас цус гараад тогтохгүй байхаар нь би машинаас сальфетка аваад цусыг тогтоогоод бид хоёр эмнэлэг орж үзүүлээд оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хх 8/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Д.Д.Б-ын биед хамарт шарх, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх 21/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Н.Н.С- хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж  шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Н.Н.С-ын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг, Дархан захын урд таксины зогсоол дээр Д.Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь “хамрын шарх, зүүн гуяны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

            Хохирогч Д.Д.Б-ын хохирогчоор өгсөн “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /хх 7/ шүүгдэгч Н.Н.С-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Н.Н.С- нь хэрэг хариуцах чадвартай байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг мөн хавтаст хэргийн 29-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудсаар шүүгдэгч урьд ял шийтгэлгүй болохыг дурдах зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Н.С-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Н.С-т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 225 000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Н.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Эрүүгийн  1918000920097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ