Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01247

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

2024   06   17   210/МА2024/01247

 

  

 

 

Х.А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/02472 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч И.У.М ХХК-д холбогдох

Харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 34,336,666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ганзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Х.А ХХК нь Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 201807000212 тоот тусгай зөвшөөрлөөр харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр И.У.М ХХК-тай гэрээт харуул хамгаалалтын гэрээг байгуулж, И.У.М ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Төв аймгийн Заамар суманд байрлах алтны уурхайн кемпийн явган болон машинтай шалганы хэсгийн объектын аюулгүй байдлыг хариуцах, И.У.М ХХК нь 1 алба хаагчийн 2,200,000 төгрөгийн хөлс олгохоор харилцан тохиролцсон. Х.А ХХК нь гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн ба И.У.М ХХК нь 2022 оны 10, 11 дүгээр сарын төлбөр, мөн 2023 оны 06, 07, 08 дугаар сарын төлбөрийг төлөөгүй. Энэ тооцоог талууд хоорондын албан бичгээр баталгаажуулсан. И.У.М ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/413 тоот, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03/438 тоот албан бичгүүдээр 32,366,666 төгрөгийн үлдэгдэлтэйг хүлээн зөвшөөрч, үүнийг 2 хувааж буюу 2023 оны 09 дүгээр сард 9,166,666 төгрөг, 2023 оны 10 дугаар сард үлдэгдэл 23,200,000 төгрөгийг төлөх мэдэгдэл ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч төлөөгүй.

Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 32,366,666 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 34,366,666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И.У.М ХХК-аас 32,366,666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 319,783 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн өмнө хариуцагч шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно гэж дурдсан нь огт үндэслэлгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс бууруулах боломжийг хязгаарласан. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 15 минутад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан ёсны и-мэйл хаяг руу Г.Д.Х фирмийн албан ёсны и-мэйл хаягаас шүүх хуралдаан давхацсан тухай хүсэлтийг шүүхийн мэдэгдэх хуудасны хамт хүргүүлсэн. Мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа өмгөөлөгч Г.Баяржаргал би өөрийн *** дугаарын утсаар шүүгчийн туслахын *** дугаарын утсанд холбогдон өмнөх өдөр нь шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтээ явуулсан тухай мэдэгдэхэд шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Миний үйлчлүүлэгч И.У.М ХХК-ийг эрх зүйн туслалцаа авч эрх ашгаа хамгаалуулан шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө биечлэн оролцуулж хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах эрхийг зөрчсөнд гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан эрхээр хангасан. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хариу тайлбар гаргах байсан боловч шүүх хуралдаан болсон өдөр хүртэл хариу тайлбар гаргахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулсан. Өмнөх шүүх хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр товлогдсон боловч хойшилсон. Тухайн үед шүүх хуралдаан давхацсан эсэхийг талуудаас тодруулсны үндсэн дээр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр товлосон боловч хариуцагч тал шүүх хуралдаанд биечлэн ирээгүй. Хүсэлт ирүүлсэн боловч Төв аймгийн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй хуулбар ирсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг ирүүлсэн учраас шүүх хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х.А ХХК нь хариуцагч И.У.М ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 34,336,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

3. Х.А ХХК болон И.У.М ХХК-иуд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Гэрээт харуул хамгаалалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Х.А ХХК нь Туулын баруун дэнж уурхайн хэвийн үйл ажиллагаа, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон ажилчдын аюулгүй байдлыг хангах, дэг журмыг сахиулах, хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангах, объектын хамгаалалтад 5 албан хаагч ажиллуулах, үйлчлүүлэгч И.У.М ХХК нь нэг хамгаалалтын ажилтанд нэг сарын 2,200,000 төгрөг, сард нийт 11,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тус тус харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

 

4. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд харуул хамгаалалтын үйлчилгээг үзүүлсэн, хариуцагч нь 2022 оны 10, 11 дүгээр сар, 2023 оны 06, 07, 08 дугаар сарын хөлс нийт 32,366,666 төгрөг төлөөгүй болохыг шүүх хариуцагчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/435 тоот, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03/438 тоот албан бичгүүд болон хэргийн бусад баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

 

5. Иймд шүүх хариуцагчаас 32,366,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүх 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эрх, үүрэг тайлбарлаж, нэхэмжлэл гардуулсан, улмаар 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаан товлосон боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үндэслэлээр хойшлуулсан, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг зохигч талуудын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж товыг өөрчилсөн, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын нотлох баримт гаргах хүсэлтээр хойшлуулсан байна.

2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй. Шүүх тухайн шүүх хуралдааны товыг зохигч талуудын саналыг харгалзан 18 хоногийн өмнө тогтоосон байх тул Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудас ирүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/02472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 329,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД   Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА