| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0136/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 151
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Г.Г.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон Ганхуягийн Г.Т-т холбогдох эрүүгийн 1818006160072 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Т-, 1982 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл ганцаараа оршин суух тодорхой хаяг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар;
2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,
3.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Г.Т-ын өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр найз Ц-н хамт Дархан зах дээр архи ууж байгаад орой Арбатын гудамж руу явсан. Тэгээд тэндээ архи уух гээд явж байхад Титаник баарны гадаа шатны дор эмэгтэй, эрэгтэй хоёр хүн зогсож байсан. Тэгэхээр нь би Титаник баарны шатан дээр гарч зогсож байгаад нөгөө эмэгтэй хүний хүзүүний араас нь гинжийг нь тастаад авсан. Тэгээд цаашаа зам хөндлөн гарах гээд явж байтал нөгөө эмэгтэй хүнтэй юм яриад зогсож байсан эрэгтэй хүн араас ирээд намайг бариад авсан. Тэгээд намайг заамдаж аваад нөгөө эмэгтэйн байсан газар руу чирээд бид хоёр ноцолдсон. Тэгээд эргүүлийн цагдаа ирээд намайг эрүүлжүүлсэн. Би өмсөж явсан юүдэнтэй цагаан цамцны оёдлоор нь гүйлгээд гинжээ далд хийсэн байсан. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхээс гараад зах дээр явж байгаад тухайн гинжийг 60 000 төгрөгөөр зарсан.
2018 оны 10 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоноос Дархан-Уул аймагт ирсэн. Би Дарханд ирээд таньдаг хүмүүстэйгээ таараад архи ууж байгаад 5 дугаар багт байдаг Үйлдвэрчний эвлэлийн байран дотор зурагт засварын газар орсон. Тэнд зүс таних О- гээд эмэгтэй байсан бөгөөд найз нь бололтой нэг эмэгтэй байсан. Тэгээд би О--тэй хамт байсан эмэгтэйг татаж чангаагаад өвөр дээрээ суулгасан. Би тэр эмэгтэйг өвөр дээрээ суулгаж байхдаа гар утсыг нь халааснаас нь авчихсан. Би тэр үед согтуу байсан. Тэгээд тэндээс гараад гар утсыг төмөр замын вокзал дээр танихгүй эмэгтэйд 7 000 төгрөгөөр зараад мөнгөөрөө зардал хийгээд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу явсан. Iphone 6 загварын гар утас байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Л.Л.Ц-гийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед би ажлынхаа Баярмаа, Л.Ц- нартай хамт Титаник бааранд суусан. Тэр хоёр түрүүлээд гараад явсан. Би 00 орчихоод араас нь гарсан. Баарны үүдэнд зогсож байтал миний багийн найз Энхтөр гэх залуу тааралдаад би баарны шатнаас доошоо буугаад шатны хажууд зогсож байсан. Тэгсэн нэг залуу баарнаас гарч ирээд миний арын шилэн хүзүү рүү ухас хийгээд хүзүүнд байсан гинжийг шүүрээд авсан. Тэгсэн Энхтөр тэр залууг бариад авсан. Тэгээд нэгжих гэж байтал цаанаас хоёр залуу ирээд миний гинжийг авсан залуутай юм яриад зогсоод байсан. Тэгээд эргүүлийн 2 цагдаа ирээд тэр залууг нэгжсэн чинь миний гинж гарч ирээгүй. Тухайн гинжийг Үйлчилгээний төвөөс 2018 оны 5 дугаар сарын эхээр 260 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нарийхан цулгуй Солонгос монетон гинж байсан, Гинжээ олж авмаар байна. Олдохгүй бол мөнгийг нь авмаар байна гэх мэдүүлэг /хх 12-16/,
Хохирогч Н.Н.Н-ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 16.30 цагийн үед Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Үйлдвэрчний эвлэлийн байрны дотор комиссын хувцас зардаг найз О--т туслах гээд ганцаараа очсон. Намайг тэнд байхад цайвар өнгийн куртиктэй согтуу залуу миний найз О--ийн хувцас зардаг өрөөнд орж ирсэн. Намайг тэр согтуу залуу өдөж хоргоогоод байсан. Би уурлаад тэр согтуу залууг түлхсэн. Тэгээд тэр согтуу залуу гараад явсан. Тэгсэн чинь миний гар утас алга болчихсон. Би найз О--ийн утсаар өөрийнхөө утас луу залгахад дуудаад байсан. Тэгээд 17 цаг өнгөрөөд миний гар утас холбогдох боломжгүй болчихсон. Би гар утсаа 2018 оны 7 дугаар сард Ихэр могой төвийн гар утасны лангуунаас 530 000 төгрөгөөр худалдаж авсан. Iphone 6 plus загварын шаргал өнгөтэй, шилэн наалт нь дундуураа цуурсан байсан. Би алдсан гар утсаа олж авмаар байна гэх мэдүүлэг /хх 43-44/,
Гэрч Х.Л.Ц-гийн өгсөн: Бид гурав Титаник бааранд ороод 0.75 гр архи уусан. Тэгтэл Шинэ Дарханд манай найз дуудахаар нь Баярмаа бид хоёр явлаа гээд Л.Ц-г үлдээгээд явсан. Тэгээд маргааш нь Л.Л.Ц- над руу залгаад баарны гадаа гинжээ шүүрүүлчихсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 17-18/,
Гэрч С.Б- өгсөн: ...маргааш өглөө нь ажилдаа ирэхэд Л.Л.Ц- өчигдөр орой та хоёрыг явсны дараа зүүж явсан гинжээ дээрэмдүүлчихсэн гэж хэлсэн. Тухайн өдөр Л.Ц- дугуй захтай цамц өмссөн байсан бөгөөд гинж нь харагдаж байсан. Өмнө нь ажил дээр байхдаа гинж зүүдэг байсан гэх мэдүүлэг /хх 19-20/,
Гэрч Т.Б-өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 07-ний өглөө Эрүүлжүүлэхийн цохолтоор Г.Г.Т- нь Титаник баарны урдаас бусдын эд зүйлийг авсан гэх цохолттой над дээр ирсэн. Тэгэхээр нь тухайн үед Г.Г.Т-аас болсон үйл явдлыг асуухад би тийм хэрэг хийгээгүй, намайг хоёр цагдаа зүгээр байхад эрүүлжүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Титаник баарны гадна талыг харуулсан хяналтын камерыг шүүж үзэхэд Г.Г.Т- хүний хүзүүнээс ямар нэгэн зүйл авч байгаа нь бичлэг байхаар нь гар утсандаа бичлэг болон 5 ширхэг зургийг хуулбарлан авч хадгалсан гэх мэдүүлэг /хх 21/,
Гэрч Э.О--ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн үед Дархан сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг Үйлдвэрчний эвлэлийн байрны дотор комиссын бараа зардаг өрөөндөө байсан. Тэгсэн чинь миний найз Н.Н- надад туслах гээд ирсэн. Бид хоёр гутал янзалж сууж байтал зүс таних Г.Т- гэдэг залуу ороод ирсэн. Би Г.Т-ааг гар гээд гаргасан чинь миний найз Н.Н-ийг өдөж хоргоогоод байсан. Тэгээд Г.Т-аа гараад явсан. Г.Т-ааг гарч явсны дараа миний найзын гар утас алга болчихсон. Тухайн үед манай өрөөнд гадны хүн орж ирээгүй. Г.Т-аа орж ирээд манай найзтай маяглаж байгаад хурдан алга болчихсон гэх мэдүүлэг /хх 45/,
Хохирогчийн алдагдсан эд зүйлд хөрөнгийн үнэлгээ хийсэн "Капитал зууч" ХХК-ийн 2018.7.30, 2018.11.12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 25, 50/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8/, гэрч Т.Бат-Эрдэний гар утсан дээр бичигдсэн Титаник баарны гадны талыг харуулсан 2018.7.06-ны өдрийн хяналтын камерын 4:16 минутын бичлэг болон 5 кадр гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолын дагуу бэхжүүлж авсан CD бичлэг зэрэг болно.
Шүүгдэгч Г.Г.Т- нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны орой Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Титаник” нэртэй баарны гадаа Л.Л.Ц-гийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 216 000 төгрөгийн,
мөн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 5-р баг, Үйлдвэрчний эвлэлийн байранд байрлах комиссын дэлгүүрт Н.Н.Н-ийн хувцасны халааснаас гар утас хулгайлж 470 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч, хохирогч, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул,
түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Л.Ц-д 216 000 төгрөгийн, хохирогч Н.Н.Н-д 470 000 төгрөгийн хохирол учирснаас хохирогч Н.Н.Н-ийн 470 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүхэд мэдүүлсэн хохирлоо авсан, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй гэх тайлбараар тогтоогдсон гэж үзэв.
Хохирогч Л.Л.Ц-гийн 216 000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байх тул шүүгдэгч Г.Г.Т-аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Г.Г.Т- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Г.Г.Т- нь урьд:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих;
2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх 77/ зэргээр тогтоогдож байна. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүгдэгч Г.Г.Т-ын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1818006160072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн 2019.4.17-ний өдрөөс 2019.4.19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Г.Г.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г.Т-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Г.Т-ын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Г.Т-аас 216 000 /хоёр зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулж, Л.Ц- -д олгосугай.
7.Эрүүгийн 1818006160072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Т-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ