Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 101/2024/00043/И |
Дугаар | 210/МА2024/01248 |
Огноо | 2024-06-17 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2024/01248
2024 06 17 210/МА2024/01248
МУБИСийн харьяа
ЕБСийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/02401 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч МУБИСийн харьяа ЕБСийн нэхэмжлэлтэй
Хариуцагч С.Э т холбогдох
Сургалтын төлбөр 18,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гүрдорж (цахимаар), хариуцагч С.Э , хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Э.М 2017 оноос, Э.Г 2019 оноос тус сургуульд элсэн суралцсан ба Э.М нь 5а бүлэгт, Э.Г нь 3б бүлэгт суралцаж байна. Анх Э.М , Э.Г нарыг элсэн суралцахад тэдний ангийн багш нараар дамжуулан С.Э т сургалтын гэрээ байгуулах талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл сургалтын гэрээ байгуулдаггүй. С.Э нь Э.М ын 2018-2019 оны хичээлийн жилийн буюу 1 дүгээр ангийн сургалтын төлбөрийг төлснөөс хойш сургалтын төлбөрийг төлөөгүй бөгөөд С.Э нь тус сургуулийг төлбөртэй сургууль гэдгийг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ элсүүлэн суралцуулж байгаа атлаа өнөөдрийг хүртэл сургалтын төлбөрт нэг ч төгрөгийг төлөлгүй сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Э.М ын 2019-2023 оны сургалтын төлбөр 7,200,000 төгрөг, Э.Г ийн 2019-2023 оны сургалтын төлбөр 10,800,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй. Тус сургуулиас удаа дараа буюу улирал бүр хариуцагчид төлбөр төлөхийг шаарддаг боловч одоог хүртэл төлөхгүй байна.
Иймд хариуцагчаас сургалтын төлбөр 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...анх Э.М , Э.Г нарыг элсэн суралцахад тэдний ангийн багш нараар дамжуулан С.Э т сургалтын гэрээ байгуулах талаар мэдэгдсэн боловч одоог хүртэл сургалтын гэрээ байгуулдаггүй... гэж дурдсан нь үндэслэлгүй, бодит байдалд огт нийцэхгүй байна. Миний бие өөрийн хүүхдүүд Э.М , Э.Г нарыг төлөөлж МУБИСийн харьяа ЕБСьтай сургалтын гэрээ байгуулсан зүйл байхгүй. Мөн Э.М , Э.Г нараас тус сургуультай сургалтын гэрээ байгуулж байгаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд аливаа гэрээний харилцаа бий болоогүй болно.
Монгол Улсын иргэд болох Э.М , Э.Г нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан сурч боловсрох, төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй авах үндсэн эрхээ эдэлж байхад төрийн буюу улсын сургууль болох нэхэмжлэгч байгууллагын зүгээс ...сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна... гэж нэхэмжлэлдээ дурдаж байгаа нь ойлгомжгүй, зохисгүй байна.
Төрийн өмчит ашгийн бус сургууль нь сурагчаас аливаа хэлбэрээр төлбөр татах үндэслэл байхгүй. Маргаж байгаа ЕБСь нь Боловсролын тухай хуульд заасан сургалтын хөтөлбөрөөс илүү хэмжээний хичээл зааж байгаа тохиолдолд сургалтын төлбөр авах эрх нь нээлттэй. Гэтэл бодит байдал дээр тухайн сургууль нь Боловсролын тухай хуульд заасан ерөнхий сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд хичээл заадаг, үүн дээр нэмээд математик, англи хэл, хими, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтууд байхгүй. Хариуцагчийн хүүхдүүд нэмэлт, гүнзгийрүүлсэн сургалт аваагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 7 дахь хэсэгт төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг холбогдох хууль тогтоомжийг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
МУБИСийн харьяа ЕБСь БСБ нь төрийн өмчит, ашгийн бус хуулийн этгээд бөгөөд төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгохоор Монгол Улсын хууль тогтоомжид заасан. Гэтэл хариуцагч буюу төрийн өмчит ЕБСь нь ерөнхий боловсролыг үнэ төлбөртэй олгож, сургалтын төлбөр авч байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн өмчит МУБИСийн харьяа ЕБСь БСБ нь Э.М т ерөнхий боловсрол олгохдоо 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг авсан нь үндэслэлгүй юм. Нэгэнт төрийн өмчит ЕБСь нь ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж төлбөр авсан тул авсан мөнгөө Э.М ын хууль ёсны төлөөлөгчид буцаан өгөх ёстой буюу Э.М ын хууль ёсны төлөөлөгч нь шилжүүлсэн мөнгөө уг сургуулиас буцаан шаардах эрхтэй болно.
Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгөө нэхэмжлэгчээс шаардан буцаан нэхэмжилж байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт Боловсролын байгууллага нь улсын төсөв, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна гэж заасан. МУБИСийн харьяа ЕБСь нь улсын төсвөөс олгох хувьсах зардал болон өөрийн үйл ажиллагааны орлого буюу сургалтын төлбөрөөс санхүүжиж, сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Суралцагчдын төлсөн сургалтын төлбөр нь зөвхөн сургалтын аятай таатай нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулагддаг бөгөөд энэ нь төрийн өмчийн сургуулиудаас сургалтын чанараар илүү байх нөхцөлийг бүрдүүлдэг юм.
Мөн хариуцагч нь тус сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0541 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тус сургуульд сурагч элсүүлэхдээ эцэг, эхийн хүсэлт болон гэрээ байгуулж, төлбөрөө төлсний үндсэн дээр суралцуулах журамтай байх бөгөөд нэхэмжлэгч С.Э үүнийг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ элсүүлэн суралцуулжээ, 7-д Нэхэмжлэгчээс төрөөс ерөнхий боловсролын сургалтыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх Үндсэн хуульд заасан эрх хязгаарлагдаж байна гэж тайлбарлаж байх боловч түүний хүүхдүүдийн хувьд хамран сургах тойргийн улсын сургууль нь үнэ төлбөргүйгээр боловсролыг олгодог бөгөөд өөрийн харьяа сургуульдаа үнэ төлбөргүйгээр боловсролыг олгодог бөгөөд өөрийн харьяа сургуульдаа үнэ төлбөргүй боловсрол эзэмших эрх нь нээлттэй байна гэж дүгнэсэн.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасныг баримтлан хариуцагч С.Э аас сургалтын төлбөрт 18,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБСьд олгож,
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБСьд холбогдуулан гаргасан 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн 2,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Э ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгийг хариуцагч С.Э аас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
6.1. Шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг буруу дүгнэж, шийдвэрт буруу бичсэн. Нэхэмжлэгч нь Монгол Улсын хуулийн этгээд, төрийн өмчийн МУБИСийн харьяа ЕБСь БСБ (регистрийн дугаар:***) буюу ашгийн бус этгээд юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гүнзгийрүүлсэн сургалттай гэж шийдвэртээ дурдан бичиж, улмаар гүнзгийрүүлсэн сургалттай гэх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь илтэд буруу, үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгч нь гүнзгийрүүлсэн сургалттай сургууль биш болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр илэрхий нотлогдож байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэнд гомдолтой. Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийг хангасан үндэслэлүүдийн нэг нь ...нэхэмжлэгч гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг... гэх үндэслэл байх боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй Э.М , Э.Г нарын хувьд ямар нэгэн байдлаар гүнзгийрүүлсэн сургалттай хичээл судалж байгаагүй, зөвхөн хуульд заасан боловсролын хөтөлбөрийн дагуу хичээл үзэж байсан үйл баримтыг шүүх огт дүгнэлгүй орхисон нь учир дутагдалтай, үндэслэлгүй байна.
6.2. Анхан шатны шүүх талуудын хооронд сургалтын гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс сургалтын гэрээний саналаа хариуцагчид өгөхөд хариуцагч түүнийг эс хүлээн зөвшөөрч, гэрээний гол нөхцөл болох сургалтын төлбөр-ийг төрийн өмчийн сургууль яагаад, ямар хууль, эрх зүйн үндэслэлээр авч байгаа болохыг тодруулж, энэ талаар хариу өгөхийг гэрээний санал гаргагч тал буюу нэхэмжлэгч талаас хүсэж, гэрээний саналаас татгалзсан. Улмаар нэхэмжлэгч байгууллага нь хариу өгөөгүй тул хариуцагч нь энэ асуудлаар тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүртэл хандах арга хэмжээг авсан, үүний дараагаар мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх гэрээний харилцаа үүсээгүй талаарх эдгээр үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэнд, маргаантай эрх зүйн харилцаанд зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүйд гомдолтой байна
6.3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0541 дугаар шийдвэрийг анхан шатны шүүх буруу үнэлж дүгнэсэн. Дээрх шийдвэрээр тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу сургууль байгуулах сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай асуудлыг хэлэлцсэн, харин сургалтын төлбөртэй хамаарах асуудлыг хэлэлцээгүй. Үүнийгээ ч захиргааны анхан шатны шүүх тодорхой дурдаж, сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг уг маргааны хүрээнд хянан шийдвэрлэх боломжгүй хэмээн шийдвэрийн үндэслэх нь хэсгийнхээ 5-т заасан. Анхан шатны шүүхээс захиргааны хэргийн шүүх сургалтын гэрээ гэж дүгнэсэн" хэмээн дурдаж, талуудын хооронд сургалтын гэрээ байгуулсан гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Захиргааны хэргийн шүүх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоох, дүгнэх эрх бүхий этгээд биш болно.
6.4. Боловсролын тухай хууль тогтоомжид зааснаар ЕБСийн сургалтын төлбөр, түүний хэмжээг тухайн сургуулийн зөвлөл шийдвэрлэх эрхтэй байтал нэхэмжлэгч байгууллагын сургуулийн зөвлөл бус, түүний үүсгэн байгуулагч МУБИСийн Удирдах зөвлөл тогтоож байгаа нь хууль бус, үндэслэлгүй юм. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4-т МУБИСийн Удирдах зөвлөл өөрийн харьяа ЕБСийн суралцагчийн сургалтын төлбөрийн хэмжээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй гэх дүгнэлтийг хийсэн нь 2002 оны Боловсролын тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.
6.5. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн нь сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгохоор заасан ба төрөөс уг үүргээ биелүүлж төрийн өмчит сургуулиар дамжуулан ерөнхий боловсролыг төлбөргүй олгож байгаагийн нэг нь нэхэмжлэгч нь МУБИСийн харьяа ЕБСь юм. Өөрөөр хэлбэл уг сургууль нь улсын төсвөөс хувьсах зардлыг авч санхүүждэг төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд тэрээр улсын төсвөөс хувьсах зардал бүтэн авдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар илэрхий нотлогддог. Тиймээс нэхэмжлэгчийн хүүхдүүд нь МУБИСийн харьяа ЕБСьд сургалтын төлбөргүй суралцсан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцэж байна. Түүнчлэн боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр 2023 оны Боловсролын ерөнхий хууль, 2002 оны Боловсролын тухай хуульд тус тус заасан.
Монгол Улсын олон улсын гэрээ болох Хүүхдийн эрхийн тухай конвенц-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...Оролцогч улсууд хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг тэгш боломжийн үндсэн дээр аажмаар хэрэгжүүлэхийн тулд дараахь арга хэмжээ авна..., (а) заалтад "бага боловсролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлэх... гэж заасан ба нэхэмжлэгчийн хүүхдүүд нь төрийн өмчит сургууль болох нэхэмжлэгч байгууллагад төлбөргүй суралцсан нь дээрх зохицуулалтад бүрэн нийцэж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь давж заалдах гомдолдоо гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдаагүй гэж тайлбарлаж байна. Гэвч хариуцагч өмнө нь гүнзгийрүүлсэн сургалт орсон эсэх талаар ямар нэгэн байдлаар маргаагүй. Мөн хариуцагч нь МУБИСийн харьяа ЕБСь болон Боловсролын яаманд хандаж гүнзгийрүүлсэн сургалт орохгүй байгаа талаар хүсэлт гаргаж байгаагүй. Гэвч хариуцагч нь сургалтын төлбөр төлөх болоход манай байгууллагыг гүнзгийрүүлсэн сургалт ороогүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Мөн манай байгууллагын тусгай зөвшөөрлийн хавсралтад гүнзгийрүүлсэн сургалттай гэж дурдсан. Тухайн 2 хүүхэд 1 дүгээр ангид элсэн орсноос хойш гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдсан ба энэ талаар С.Э нь ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Хариуцагч нь эхний хүүхдээ сургуульд оруулахдаа гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, сургалтын төлбөрийг төлж байсан. Гэвч хүүхдүүдээ 2 дугаар ангид орсны дараа гэрээний нөхцөлийг үндэслэлгүй гэж тайлбарлаад сургалтын төлбөрийг төлөөгүй.
7.2. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гэрээний гол нөхцөлийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хариуцагч анх гэрээг байгуулахаас татгалзсан тохиолдолд уг гэрээг хэрэгжүүлэхгүй байсан. Тухайн үед захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тусгай зөвшөөрөл олгосон Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэл нь хууль бусаар сургалтын төлбөр авдаг гэх үндэслэл байсан учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхээс талуудын маргааныг дүгнэсэн тул буруутгах боломжгүй. Мөн талуудын хооронд сургалтын гэрээ байгуулагдсан гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй.
7.3. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын бүх сургуулиуд хувьсах зардал авдаг. Тухайн хувьсах зардлыг бүтнээр эсхүл тодорхой хэсэг хувь авах нь хуулийн этгээдийн хэлбэрээс хамаардаг. МУБИСийн харьяа ЕБСь нь хувьсах зардлыг тодорхой хувиар буюу хувийн сургуулиудтай адилтгаж авдаг. Мөн хэрэгт авагдсан хувьсах зардлын хэмжээнээс харвал сард авдаг 50,000,000 төгрөг нь тухайн сургуулийн зөвхөн цалингийн зардлыг дааж чадахааргүй байдаг. Мөн бусад үйл ажиллагааны зардлыг сурагчдын сургалтын төлбөрөөр нөхдөг бөгөөд 900 гаруй сурагчдад гүнзгийрүүлсэн сургалт явуулж байна.
7.4. Хүүхдүүдийг үнэ төлбөрийг суралцах эрхтэй гэж үзсэн тохиолдолд өөрийн оршин суух газрын харьяа Баянзүрх дүүрэгт хамаарах сургуульд суралцах эрх нь нээлттэй байдаг. Уг эрхийг хязгаарласан үйл баримт байхгүй гэдгийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч МУБИСийн харьяа ЕБСь нь хариуцагч С.Э т холбогдуулан сургалтын төлбөр 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч сургалтын төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3.1. Нэхэмжлэгч нь бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалт эрхэлдэг боловсролын сургалтын байгууллага болох нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр олгогдсон 0003462 дугаар Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл гэрчилгээгээр тогтоогдож байна.
а. 2002 оны Дээд боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Их сургууль харьяалалдаа дээд сургууль, коллеж, технологийн коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэн, гүнзгийрүүлсэн сургалттай ЕБСьтай байж болно, 2002 оны Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт ... их сургуулийн харьяа ЕБСь байгуулах зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно гэж заасны дагуу МУБИСийн харьяалалд тус ЕБСь байгуулагджээ.
б. Нэхэмжлэгч байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл нь 2002 оны Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгагдсан хүчинтэй байх бөгөөд дараах сургалтын нөхцөл шаардлагыг нэхэмжлэгч хангасан болохыг баталгаажуулсан байна.
Тодруулбал сургуулийн хэв шинж: гүнзгийрүүлсэн сургалттай; сургуулийн бүтэц: бага, дунд, ахлах; анги бүлэг: 1-12 дугаар анги, 36 бүлэг; сургалт явуулах чиглэл: хими, физик, математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт 6-7 анги; эзэмшүүлэх боловсролын түвшин: бүрэн дунд; боловсролын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн баталгаажуулалт: бага MNS 5420.2:2004, суурь MNS 5420.3:2004, бүрэн дунд MNS 5420.2:2004, MNS5420.5-20:2004, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, Нийслэлийн боловсролын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр баталсан гүнзгийрүүлсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр гэж тусгажээ.
Иймээс хариуцагч нь дээрх тусгай зөвшөөрлийн агуулгад хамаарах асуудлаар буюу Боловсролын тухай хуульд заасан ерөнхий сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд хичээл заадаг, үүн дээр нэмээд математик, англи хэл, хими, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтууд байхгүй. Хариуцагчийн хүүхдүүд нэмэлт, гүнзгийрүүлсэн сургалт аваагүй гэх татгалзал гаргасан нь үндэслэлгүй.
3.2. МУБИСийн Удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаар болон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаар тогтоолуудаар харьяа ЕБСийн суралцагчийн төлөх сургалтын төлбөрийн хэмжээг бага, дунд, ахлах анги гэсэн ангиллаар 2018-2019 оны хичээлийн жилд 2,000,000-3,000,000 төгрөг, 2019-2020 оны хичээлийн жилд өмнө элссэн суралцагч 2,000,000-3,000,000 төгрөг, шинээр элссэн суралцагч 3,000,000-4,000,000 төгрөг байхаар тус тус тогтоожээ.
а. Дээрх тогтоолууд нь их сургуулийн Удирдах зөвлөл нь өөрийн харьяаллын ЕБСийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар зохицуулсан 2002 оны Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасантай нийцсэнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
б. Мөн 2002 оны Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт Гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар явуулсан сургалтын нэмэгдэл зардлын хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан жишгийг үндэслэн сургуулийн зөвлөл тогтооно. Сургалтын нэмэгдэл зардлыг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулж болно гэж заасан тул нэхэмжлэгч байгууллага нь өөрийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой сургалтын төлбөр авах эрхтэй.
в. Хариуцагчийн хүүхдүүд болох Э.М 2018-2019 оны хичээлийн жилд, Э.Г 2019-2020 оны хичээлийн жилд тус тус МУБИСийн харьяа ЕБСьд элсэн суралцсан, 2022-2023 оны хичээлийн жилийг дуусталх хугацааны сургалтын төлбөрт Э.М т 9,200,000 төгрөг, Э.Г эд 10,800,000 төгрөг тус тус тооцогдсон, үүнээс Э.М ын 2018-2019 оны хичээлийн жилд хамаарах төлбөр 2,000,000 төгрөг тухайн цаг хугацаанд төлөгдсөн үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан төрийн өмчит ЕБСь ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж төлбөр авсан гэх татгалзал үндэслэлгүй.
3.3. Хариуцагч нь Э.М , Э.Г нарыг тус сургуульд суралцуулах талаар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж маргаж байх боловч Э.М , Э.Г нар нь дээр дурдсан хугацаанд тус сургуульд элсэн суралцсан, мөн зарим хугацааны сургалтын төлбөрийг төлсөн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж зааснаар талуудыг хэлцэл хийсэн гэж дүгнэнэ.
Нэг талаас нэхэмжлэгч нь хариуцагчийн хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалт явуулах, нөгөө талаас хариуцагч нь сургалтын төлбөр төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээнд хамаарна. Анхан шатны шүүх уг харилцааны агуулгыг буруу тодорхойлж, Иргэний хуулиар тухайлан зохицуулаагүй нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулах боломжтой.
4. Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар Э.М , Э.Г нарт бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалт явуулах үүргээ биелүүлсэн тул сургалтын төлбөр 18,000,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Харин хариуцагч нь сургалтын төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч байгууллагын нэр МУБИСийн харьяа ЕБСь-ийг МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБСь гэж буруу бичсэн алдааг залруулах нь зүйтэй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчаас 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/02401 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 189 дүгээр зүйлийн 189.5 гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1 гэж, МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБСьд гэснийг МУБИСийн харьяа ЕБСьд гэж, 2 дахь заалтад МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБСьд гэснийг МУБИСийн харьяа ЕБСьд гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 294,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА