| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0446/и |
| Дугаар | 578 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 578
| 2016 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 181/ШШ2016/00578 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24 хороо, Зээл 11 гудамж, 14 тоот хаягт оршин суух, Бөхчүүд овогт Цэрэндоржийн Отгонцэцэг /рд:УС81041607/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 20 хороо, Хадат 6 гудамж, 5 тоот хаягт оршин суух, Онгууд тайж овогт Жамсрангийн Алтанцэцэг /рд:ХИ64032161/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 26,605,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, хариуцагч Ж.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Алтанцэцэгт 2009 онд 3,700,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Сүүлд 2013 оны 10 сарын 02-ны өдөр өмнөх зээлийн гэрээний үүргийг тооцож 11,370,000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Мөнгийг бэлнээр өгөөгүй. Хариуцагч 2013 оны 9 сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 5 сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг төлсөн байдаг. Одоо үндсэн зээл 11,370,000 төгрөг, хүү 9,550,000 төгрөг, алданги 5,685,000 төгрөг, нийт 26,605,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ж.Алтанцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Отгонцэцэгээс 2009 онд анх 3,700,000 төгрөгийг сарын 7%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлсэн мөнгөө цувуулж өгөөд нийт 5,000,000 төгрөг өгсөн байсан. 2013 оны 10 сарын 02-ны өдөр Ц.Отгонцэцэг дахин мөнгө нэмж өгөөрэй. Таны зээлсэн мөнгө хүү нь өсөөд 11,370,000 төгрөг болсон. Одоо шууд нотариат дээр очиж дахин гэрээ хийнэ гэсний дагуу гэрээ хийсэн. Ингээд 2014 оны дахин 2,000,000 төгрөг өгч нийт 7,000,000 төгрөг өгсөн. Одоо 2016 онд дахин 26,605,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би одоо тэтгэвэрт, сургуулийн насны хүүхэд, хамтран амьдрагчтайгаа байдаг. Ц.Отгонцэцэгтэй удаа дараа уулзахад та надад баримт бичиж өг гэдэг, би хэлснээр нь бичиж өгч байсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг нь хариуцагч Ж.Алтанцэцэгт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,370,000 төгрөг, хүү 9,550,000 төгрөг, алданги 5,685,000 төгрөг, нийт 26,605,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр Ц.Отгонцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотолж, 2013 оны 10 сарын 02-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигч талуудын тайлбараар зээлдэгч Ж.Алтанцэцэгт уг зээлийн гэрээний дагуу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгч Ц.Отгонцэцэгээс шилжүүлэн өгөөгүй үйл баримт тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, талууд 2009 онд анх зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг нь хариуцагч Ж.Алтанцэцэгт 3,700,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 7%-ийн хүүтэй зээлдүүлсэн талаар зохигч талууд маргадаггүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан учир талуудын хооронд 2013 оны 10 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй гэж үзнэ.
Иймд хариуцагч Ж.Алтанцэцэг нь 2013 оны 10 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр тодорхой үүрэг хүлээхгүй ба нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг нь уг зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алданги шаардах эрхгүй байна.
Анх 2009 онд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,000,000 төгрөгийг төлсөн гэж хариуцагч Ж.Алтанцэцэг, нийт 3,000,000 төгрөг авсан гэж нэхэмжлэгч Ц.Отгонцэцэг харилцан адилгүй тайлбарлаж байх боловч хэн аль нь үүнийг баримтаар нотлоогүй болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэлэлцэх явцад талуудын хооронд анх 2009 онд байгуулсан зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгөх боломжийг олгож өгнө үү гэсэн тайлбарыг хэлсэн боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Учир нь, 2009 онд зээлийн гэрээ байгуулж, 3,700,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 7%-ийн хүүтэй зээлдүүлсэн, зээлж авсан талаар зохигч талууд маргадаггүй, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу 2013 онд дууссан байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч Ж.Алтанцэцэг нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.
Иймд Ж.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 26,605,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Отгонцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР