Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 102/2022/05590/И |
Дугаар | 210/МА2024/01280 |
Огноо | 2024-06-21 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/01280
2024 06 21 210/МА2024/01280
Э.И ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/01723 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Э.И ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.У.Х.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаар шийдвэрээр Э.И ХХК-аас 31,972,680,401.15 төгрөгийг гаргуулж М.У.Х.Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
1.2. Н.Ш.Ш.Г.Г нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/333, 10/334 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор А.Б ХХК, Х.Ү.Т ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон. А.Б ХХК нь Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, *** Гурванбаян хаягт байрлах үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай 25 газрыг нийт 4,598,290,320 төгрөгөөр үнэлсэн. Х.Ү.Т ХХК нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянгол дүүрэг, *** xopoo, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүчний гудамж **тоотод байрлах, ***талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягийн ** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, нэгж талбарын *** дугаартай, *** талбайтай, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар, барьцааны гэрээний хавсралтад заасан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, КВТА-Т пүү 5 ширхэг, MCSA120-120 маркийн олон үрийн ялгагч 2 ширхэг, KFSI78/24 маркийн фильтер 4 ширхэг, KZKI1330 маркийн гинжит 6 ширхэг, КВЕА315-140 маркийн норий 12 ширхэг, KHVA150 маркийн шнек 14 ширхэг, TCS1100/150 маркийн сеператор 3 ширхэг, TKMD-80 маркийн чулуу ялгагч 1 ширхэг,сТТКА63/200/ маркийн хос триер 1 ширхэг, TTRA 5010 R маркийн хос триер 1 ширхэг, TTRA 520 L маркийн хос триер 1 ширхэг, DVSI/100 маркийн хальслагч машин 2 ширхэг, ТОСА 30 маркийн авто чийглэгч 1 ширхэг, TCTS 350 маркийн холигч 2 ширхэг, КВТА-Т 120 маркийн затвор 20 ширхэг, DAVS24*250*100 маркийн тээрэмдэх машин 12 ширхэг, DRAK828 424 маркийн шигших машин шигших машин 2 ширхэг, TTRA 8020R-L маркийн хийсгэн шигшигч 1 ширхэг, DRMA 55 өндөр даралтын сэнс 4 ширхэг, КТМА 31 маркийн нам даралтын сэнс 4 ширхэг, DKFS 4010 маркийн хивэгний машин 6 ширхэг эд хөрөнгүүдийг нийт 36,042,305,000 төгрөгөөр үнэлсэн.
А.Б ХХК, Х.Ү.Т ХХК-уудын хийсэн хөрөнгийн үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн байна.
1.3. А.Б ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 8 дугаар хуудсанд Хэнтий аймгийн хэмжээнд сүүлийн 2 жилд газрын цахим биржээр худалдсан ижил төрлийн газрын эрхийн дуудлага худалдааны 10 ширхэг үнийн мэдээлэл, Сэлэнгэ, Дорнод аймгуудад худалдахад бэлэн байгаа ижил төрлийн газрын зарласан үнийг судалж, дундаж үнийг тооцоолж үнэлсэн гэх боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 дахь хэсэгт заасан Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл зэргийг хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргаагүй, судалгааг үнэн бодит зах зээлийн мэдээлэл цуглуулан хийсэн эсэх нь тодорхойгүй.
Иймд А.Б ХХК, Х.Ү.Т ХХК-уудын үнэлгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү.
1.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байхад анхны албадан дуудлага худалдаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсан.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хууль зөрчин явагдсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3280 дугаар шийдвэрээр Э.И ХХК-аас 31,972,680,401.15 төгрөгийг гаргуулж М.У.Х.Б ХХК-д олгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.
2.2. Баянгол дүүрэг, *** хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүчний гудамж **тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, ***талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, нэгж талбарын *** дугаартай, 8092 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаартай барьцааны гэрээний хавсралтад заасан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, КВТА-Т пүү 5 ширхэг, MCSA120-120 маркийн олон үрийн ялгагч 2 ширхэг, KFSI78/24 маркийн фильтер 4 ширхэг, KZKI1330 маркийн гинжит 6 ширхэг, КВЕА315-140 маркийн норий 12 ширхэг, KHVA150 маркийн шнек 14 ширхэг, TCSI100/150 маркийн сеператор 3 ширхэг, TKMD-80 маркийн чулуу ялгагч 1 ширхэг, TTRA63/200/ маркийн хостриер 1 ширхэг, TTRA5010 R маркийн хостриер 1 ширхэг, TTRA 520 L маркийн хос триер 1 ширхэг, DVSI/100 маркийн хальслагч машин 2 ширхэг, ТОСА 30 маркийн авто чийглэгч 1 ширхэг, TCTS 350 маркийн холигч 2 ширхэг, КВТА-Т 120 маркийн затвор 20 ширхэг, DAVS24*250*100 маркийн тээрэмдэх машин 12 ширхэг, DRAK828 424 маркийн шигших машин 2 ширхэг, TTRA 8020R-L маркийн хийсгэн шигшигч 1 ширхэг, DRMA 55 өндөр даралтын сэнс 4 ширхэг, КТМА 31 маркийн нам даралтын сэнс 4 ширхэг, DKFS 4010 маркийн хивэгний машин 6 ширхэг, Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, *** Гурванбаянд байрлах, нэгж талбарын 2314003049, 2314003031, 2314003044, 2314003042, 2314003029, 2314003034, 2314003038, 2314003046, 2314003055, 2314003041, 2314003040, 2314003051, 2314003047, 2314003052, 2314003056, 2314003032, 2314003039, 2314003043, 2314003028, 2314003057, 2314003035, 2314003030, 2314003050, 2314003053, 2314003045 дугаартай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай нийт 25 ширхэг эзэмших эрхтэй газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан.
2.3. Төлбөр төлөгч, авагч талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан Э.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.4. Анхны албадан дуудлага худалдаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болох талаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1, 12/2 дугаар тогтоолууд, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4-182/21663, 4-182/21664, 4-182/21665, 4-182/21666 дугаар мэдэгдлүүдээр тус тус талуудад мэдэгдэж албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирүүлээгүй.
Хоёрдахь албадан дуудлага худалдаа 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болох талаар 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/23, 13/24 дугаар тогтоолууд, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-182/24232, 4-182/24233, 4- 182/24230, 4-182/24231 дугаар мэдэгдлүүдээр тус тус талуудад мэдэгдэхэд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2/1755 дугаар албан бичгээр төлбөр авагч М.У.Х.Б ХХК-аас албадан дуудлага худалдааг 21 хоногоор хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370685/09 дугаар тогтоол гарган талуудад танилцуулж хоёрдахь албадан дуудлага худалдааг 21 хоногоор хойшлуулсан.
2.5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр М.У.Х.Б ХХК, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Э.И ХХК тус тус хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/Ш32022/21493 дугаартай гарсан боловч захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 68 дугаар зүйлд заасны дагуу анхны албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан байх тул Э.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж А.Б ХХК үнэлгээ хийсэн. Үнэлгээний тайлангаар 4 тэрбум гаруй төгрөгийн зах зээлийн үнэлгээ гаргасан. Манай компани нь нэхэмжлэгч компанитай 2018, 2019 онд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тохиролцож байсан. Үл хөдлөх эд хөрөнгийг хямд үнэлсэн зүйл байхгүй. Хэнтий аймгийн хэмжээнд сүүлийн 2 жилд худалдсан ижил төрлийн газрын үнийг судалж жишиг болсон дундаж үнийг тогтоосон. Уг тайлан олон улсын үнэлгээний стандартад нийцсэн шаардлага, шалгуураар шалгасан. Х.Ү.Т ХХК-ийн хийсэн судалгаанууд мөн байгаа.
3.2. Үнэлгээний тайлангуудыг хийсэн шинжээч нар бүгд тусгай зөвшөөрөлтэй, олон улсын стандартад нийцсэн судалгаа шинжилгээ хийсэн. Тухайн маргаан 3 шатны шүүхээр хэлэлцүүлэгдээд тоног төхөөрөмжтэй холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Ижил төстэй тоног төхөөрөмж Монголд байхгүй гэх үндэслэлээр валютын ханшны зөрүүгээр өндөр үнийн дүн гарсан гэх шийдвэр гарсан. Үүнийг нэхэмжлэгч буруу талаас нь яриад байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд зааснаар явагдсан. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч үнэлгээний тайлантай танилцаж гарын үсэг зурж, тэмдэглэл үйлдсэн. Үүнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах байсан боловч 4 хоног хэтрүүлж 11 сарын 15-ны өдөр нэхэмжлэл өгсөн. Нэхэмжлэгч талаас үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар Э.И ХХК-ийн үнэлгээ хүчингүй болгох гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч Э.И ХХК-ийн эзэмших эрхтэй 25 газрыг 4,598,290,320 төгрөгөөр үнэлсэн А.Б ХХК-ийн үнэлгээ, улсын бүртгэлийн *** дугаартай, Э.И ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн *** хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүчний гудамж **тоот хаягт байрлах, ***талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ** дугаартай, ** тоот хаягт байрлах, *** талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, нэгж талбарын *** дугаартай, *** талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгийг 36,042,305,000 төгрөгөөр үнэлсэн Х.Ү.Т ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчин явагдсан болохыг тогтоолгохыг хүссэн Э.И ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж Э.И ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Төлбөр авагч Хөгжлийн банк нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Ү.Т ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлангийн Алапала брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 3 шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буюу үнэлгээг хүчингүй болгосон.
Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа зарлах тухай зард Баянгол дүүргийн *** хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж **тоотод байрлах ***талбайтай агуулах, ** тоотод байрлах *** талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, 8092 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхийн газрын хамт ... гэж гурилын үйлдвэрийг газар болон агуулах, оффисын барилгын хамт цогцолбороор нь зарахаар байршуулсан.
Дээрх дуудлага худалдааны зард дурдагдсан цогцолбороор нь үнэлсэн үнэлгээний зарим хэсгийг дээрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байхад хүчингүй үнэлгээг үндэслэн явуулсан анхны дуудлага худалдаа өөрөө хүчингүй болох үндэслэлтэй болно.
5.2. Түүнчлэн нэхэмжлэгч Э.И ХХК 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхны дуудлага худалдааг явуулж байгаа нь шүүхэд мэдүүлэх, зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэх эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл болно. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Шүүхэд иргэний хэрэг үүсээд хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан байх үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр албадан дуудлага худалдаа явуулахыг зогсоох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарах боломжтой байсан. Үүнийг ахлах шийдвэр гүйцэтгэгч мэдсээр байж гаргаагүй хууль зөрчиж анхны дуудлага худалдааг явуулсан. Манай компанийн зүгээс ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч хүлээж аваагүй.
Иймд дээрх үндэслэлээр анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1, 12/2 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхээс Э.И ХХК нь хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн үндэслэлээ ... гүйцэтгэх захирал солигдсон боловч Н.Ш.Ш.Г.Г шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн, захирал солигдсон нь Л.Б , Х.Б нарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдоно, тухай үед Х.Б компанийн тамга тэмдгийг авч явсан тул 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/002 тоот шийдвэрээр түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргаж, хүндэтгэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж сэргээж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх 6 сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоохоор хуульчилсан тул гүйцэтгэх захирал солигдсон, тухайн үед Х.Б компанийн тамга тэмдгийг авч явсан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 4 хоногоор хэтрүүлсэн Э.И ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон шүүхийн шийдвэрийн 2 дугаар хэсэг буюу үнэлгээг хүчингүй болгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
7.1. Нэхэмжлэгч Э.И ХХК нь үнэлгээний тайлангуудыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч танилцсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу 7 хоногийн хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гомдол гаргах ёстой байсан. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас хугацаа хоцроож 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргасан. Дээрх 4 хоногийн хугацаа хэтэрсэн талаарх тайлбар баримтын хамт хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жилийн дараа шүүхэд гаргаж өгсөн. Дээрх баримтуудаар гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй Л.Б 2022 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдрийн хооронд Хөвсгөл аймагт томилолтоор явсан, үргэлжлүүлэн 10 хоног ээлжийн амралтаа авсан, харин Х.Байгальмаа 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалаар 2022 оны 11 дүгээр сарын 07-18-ны өдрийн хугацаанд илүү цагийг биеэр амрахаар болсон байдаг. Дээрх баримтууд нь нэг талын нотлох баримт бөгөөд аливаа өөр хөндлөнгийн баримтаар нотлогдоогүй, 100 хувь үнэн гэж үзэхэд эргэлзээтэй баримтууд болно.
Мөн дээрх асуудлууд нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Учир нь хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан, онцгой нөхцөл байдал үүссэн зэргээр хуульд тайлбарласан байдаг. Гагцхүү гол шинж нь өөрөөс нь үл хамаарах шинжтэй нөхцөл байдлуудыг ойлгодог. Бидний зүгээс Л.Б ийг нэхэмжлэгч компанийг хууль ёсоор төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэж байгаа тул Л.Б ийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан яригдах ёстой. Гэтэл томилолтоор явсан, 10 хоног ээлжийн амралт авсан үйлдэл нь шүүхэд гомдол гаргах хугацаа хоцрооход хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Тогтсон жишгийн дагуу аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс эрх бүхий албан тушаалтнууд өөрийн эрхийг итгэмжлэлээр өөр бусад этгээдэд олгон үлдээж томилолт, эсхүл амралтаа авдаг. Дээрх жишгийн дагуу Л.Б нь өөрийн эрхийг итгэмжлэлээр үлдээж болох байсан. Мөн дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн зүгээс няцаагаад байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн тайлбар, баримтыг хариуцагч няцаагаагүй тул хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн гэж үзэж хугацааг сэргээж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл үйл баримтын талаар маргаагүй гэж үзэн асуудлыг шууд дүгнэн шийдвэрлэсэн нь алдаатай байна. Хариуцагч болон гуравдагч этгээдийн хувьд дээрх хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар хангалттай маргаж мэтгэлцэж эсрэг байр сууриа илэрхийлсэн. Шаардлага хангахгүй нотлох баримтад үндэслэн, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл үүсээгүй байхад хугацаа сэргээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Улмаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7.2. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулиар үнэлгээг заавал 3 хандлагаар хийх ёстой гэсэн зүйл заалт байхгүй. Тухайн хөрөнгийн онцлог, шинж байдал, зах зээлд олдож буй мэдээллээс хамаарч аль хандлагын аргаар үнэлэх нь шинжээчийн эрхийн асуудал. Үнэлгээний олон улсын стандартад заасны дагуу тухайн хөрөнгө үнэлгээчин 1 хандлагын аргыг гагцхүү үнэн зөв гэж үзэж байгаа тохиолдолд ганцхан хандлагын аргаар үнэлэхийг ч хүлээн зөвшөөрдөг. Х.Ү.Т ХХК нь зах зээлийн болон өртгийн хандлагаар хөрөнгүүдийг үнэлсэн. Орлогын хандлагаар хөрөнгө үнэлэх тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө нь ямар нэг байдлаар тогтмол орлого олох боломжтой байх ёстой байдаг. Гэтэл Өсөг гурилын үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулж байгаагүй, 2019 онд нээлт хийж хэсэг ажиллаад зогссон байдалтай. Тогтмол орлого байхгүй, орлогын талаарх мэдээлэл байхгүй, зогсонги тул орлогын хандлагаар угаас үнэлэх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчээс дээрх агуулгаар гомдол гаргаагүй бөгөөд шүүх үнэлгээний тайланг хянахдаа гомдолд дурдсан асуудлаар хуульд нийцсэн эсэхийг л хянах үүрэгтэй. Хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол ямар хуулийг яаж зөрчиж байгаа талаар үндэслэлээ тодорхой дурдах шаардлагатай.
7.3. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайланд тусгах зүйлсийн талаар дурдсан байх бөгөөд тус зүйлийн 9.3.8-т хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний түүний үндэслэлийг дурдсан байх талаар заажээ. Харьцуулсан газрын талаарх байршил, үнийн талаарх мэдээлэл нь ашигласан баримт, мэдээлэлд багтах бөгөөд тус хуулийн 9.3-т заасны дагуу үнэлгээний тайланд тусгахад л болно. Өөрөөр хэлбэл эх сурвалжийг зааж өгөөд эсхүл линк тавиад холбогдох мэдээллүүдийг оруулж өгөх боломжтой. Үнэлгээний тайланд нэг бүрчлэн оруулахад хүндрэлтэй, хэт олон мэдээллийг нэгтгээд линк хэлбэрээр оруулах боломжтой. Ихэнх үнэлгээний тайлангууд харьцуулсан хөрөнгүүдийг Unegui.mn сайтын линк тавьж хаанаас ямар хөрөнгөтэй харьцуулсан болохыг линкээр орж харьцуулдаг болсон. Гэтэл холбогдох эх сурвалжаа тайландаа зааж өгөөд байхад шүүхээс газрын байршил, мэдээллийг оруулаагүй байна гэдэг нь хуулийг хэт явцуу утгаар тайлбарлаж ашигласан хэрэг байна. Угтаа шүүх дээрх газруудын дундаж үнэ 114 төгрөг байна уу үгүй юу гэдэгт анхаарал хандуулах ёстой атал энэ мэдээллээ тайланд тусгасан эсэх дээр анхаарлаа хандуулж хэт явцуу утгаар тайлбарлан хэргийг шийдвэрлэжээ.
7.4. Шүүгч шийдвэрээ танилцуулахдаа шинжээч хуулийн этгээдэд ашиг сонирхлын зөрчил үүссэн байх тул буюу өмнө Х.Ү.Т ХХК нь хөрөнгийг үнэлсэн байна. Иймд хөндлөнгийн шинжээчээр өөр компанийг оролцуулах ёстой гэх үндэслэлээр үнэлгээний тайланг хүчингүй болголоо гэж тайлбарласан. Гэтэл шүүхийн шийдвэрт тусгахдаа сая дурдсан үндэслэлийг хасаж, огт дурдаагүй үндэслэл болох орлогын хандлагаар үнэлээгүй тухай дурджээ. Үнэлгээний тайлан нь 2010 оны буюу хуучин хуулийн үйлчлэлд хамаарах тул гагцхүү шинжээч хувь хүнээрээ шинжээчээр томилогдож, хувь хүнээрээ шинжилгээгээ хийж, тайлангаа гаргадаг, үнэлгээний тайлангийнхаа үр дагавар, хариуцлагыг хувь шинжээчийнхээ хувьд үүрдэг. Хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл бүхий шинжээч нарын бизнесийн орчин, өөрсдийнх нь зохион байгуулалтын асуудал болно. Шинжээч нь тухайн хөрөнгийг өмнө хэдэн удаа үнэлсэн, хэний захиалгаар үнэлсэн эсэхээс үл шалтгаалан хуульд заасан хүрээнд үнэлгээ тус бүртээ хөндлөнгийн, хараат бусаар үнэлгээг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Иймд хуульч, өмгөөлөгч мэт өмнө үнэлсэн үндэслэлээр аливаа ашиг сонирхол яригдах нь зохимжгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Э.И ХХК нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчиж явагдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.У.Х.Б ХХК нь хариуцагчийн тайлбарыг дэмжсэн байр суурь илэрхийлсэн байна.
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаар шийдвэрээр Э.И ХХК-аас 31,971,680,401 төгрөгийг гаргуулж М.У.Х.Б ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4. Н.Ш.Ш.Г.Г нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2022/06646 дугаар захирамж, 102/ГХ2022/00601 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн явуулжээ.
4.1. Барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянгол дүүрэг, *** хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүчний гудамж **тоотод байрлах, ***талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, дээрх хаягийн ** тоотод байрлах, конторын зориулалттай, *** талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, нэгж талбарын *** дугаартай, 8092 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар, мөн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, түүнчлэн Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, *** Гурванбаянд байрлах, нэгж талбарын 2314003049, 2314003031, 2314003044, 2314003042, 2314003029, 2314003034, 2314003038, 2314003046, 2314003055, 2314003041, 2314003040, 2314003051, 2314003047, 2314003052, 2314003056, 2314003032, 2314003039, 2314003043, 2314003028, 2314003057, 2314003035, 2314003030, 2314003050, 2314003053, 2314003045 дугааруудтай, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай 25 эзэмших эрхтэй газрыг тус тус битүүмжилж, хураасан ба эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна.
4.2. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч, төлбөр авагч нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/333 дугаар тогтоолоор үнэлгээчин Ч.Жамъянг, 10/334 дугаар тогтоолоор үнэлгээчин Г.Б тус тус шинжээчээр томилсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.
4.3. Шинжээч Х.Ү.Т ХХК-ийн үнэлгээчин Г.Б нь Баянгол дүүргийн *** xopooнд байршилтай дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх, мөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийт 36,042,305,000 төгрөгөөр, А.Б ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамъян нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байршилтай 25 газрыг нийт 4,598,290,320 төгрөгөөр тус тус үнэлжээ.
а. Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн байх боловч анхан шатны шүүх түүний гаргасан холбогдох баримтыг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаантайд тооцож, уг хугацааг сэргээсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт Энэ хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн нь тогтоогдсон бол дээд шатны байгууллага, албан тушаалтан гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэж болно гэж заасныг зөрчөөгүй байна.
б. Х.Ү.Т ХХК-ийн үнэлгээчин Г.Б үнэлгээний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн хэсэг нь төлбөр авагч М.У.Х.Б ХХК-ийн нэхэмжлэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/00611 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2023/01023 тоот магадлалаар хүчингүй болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон атлаа нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгоогүй нь буруу байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
в. Түүнчлэн тус үнэлгээний бусад хэсэг буюу Баянгол дүүргийн *** хороонд байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нийт 12,544,275,000 төгрөгөөр үнэлсэн нь 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Тодруулбал уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан бөгөөд шинжээч нь зах зээлийн хандлагын болон өртгийн хандлагын аргуудыг хослуулан хэрэглэж үүнээс зах зээлийн хандлагын аргад илүү ач холбогдол өгсөн талаар тодорхой тайлбарласан байх бөгөөд уг 2 аргын зэрэгцээ орлогын хандлагын аргыг заавал хэрэглэх талаар хуульд зохицуулаагүй байна. Үүнээс гадна нэхэмжлэгч нь шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна.
Иймд анхан шатны шүүх үнэлгээнд орлогын аргыг хэрэглээгүй үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь 2020 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул энэ талаар гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
г. Харин А.Б ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамъянгийн үнэлгээний тайланд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, *** Гурванбаянд байршилтай 25 газрыг зах зээлийн жиших үнийн аргаар үнэлэхдээ нэгж талбарын жишиг үнэлгээ 114 төгрөг, мөн тохируулах итгэлцүүр буюу нийгмийн, эдийн засгийн болон байгаль, экологийн гэсэн хүчин зүйлийг харгалзсан гэжээ. Мөн Хэнтий аймгийн хэмжээнд сүүлийн 2 жил газрын цахим биржээр худалдаалагдсан ижил төрлийн газрын эрхийн дуудлага худалдааны 10 ширхэг үнийн мэдээлэл, Сэлэнгэ, Дорнод аймгуудад худалдахад бэлэн байгаа ижил төрлийн газрын зарласан үнийг судалж жинлэсэн дундаж 114 төгрөг гэх боловч холбогдох мэдээлэл хавсаргагдаагүй байна. Иймээс анхан шатны шүүх уг үнэлгээг 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Тодруулбал шүүх хариуцагчид холбогдуулан гаргасан тус үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн байна.
5. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1, 12/2 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудаар дээрх барьцаа үл хөдлөх эд хөрөнгө, газрын дуудлага худалдааг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явуулахаар шийдвэрлэжээ. Уг тогтоолын талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4-182/21663, 4-182/21664, 4-182/21665, 4-182/21666 дугаар мэдэгдлүүдээр тус тус мэдэгдсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргах, улмаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан ба нэхэмжлэгч нь уг журмын дагуу тухай бүр эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн талаар хэрэгт баримт авагдаагүй байна.
Иймээс нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байхад анхны албадан дуудлага худалдаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсан гэх үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дээрх 2 тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын гомдол гаргах эрхийн талаар дүгнээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Х.Ү.Т ХХК-ийн үнэлгээний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үнэлгээний бусад хэсэг буюу Баянгол дүүргийн *** хороонд байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нийт 12,544,275,000 төгрөгөөр үнэлсэн хэсэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/01723 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Э.И ХХК-ийн эзэмших эрхтэй 25 газрыг 4,598,290,320 төгрөгөөр үнэлсэн А.Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдох, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн Х.Ү.Т ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.И ХХК-ийн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянгол дүүрэг, *** хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүчний гудамж **тоотод байрлах, ***талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ** дугаартай, дээрх хаягийн ** тоотод байрлах, *** талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, нэгж талбарын *** дугаартай, 8092 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрыг нийт 12,544,275,000 төгрөгөөр үнэлсэн Х.Ү.Т ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.16-т зааснаар хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тус тус улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА