Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 157

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Б.Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн 1918000000151 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Н-, 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч Б.Б.Н-ийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед хамт ажилладаг хүмүүстэйгээ 2 шил 0.75, 2 шил 0.5 литртэй архи хувааж уусан. Тэгээд 20 цагийн үед О.Ц-, Г- гээд О.Ц-гийн таньдаг эгчтэй хамт 3-уулаа Өүшин бааранд орсон. Бааранд ороод ганц хоёр пиво уусан. Тэгээд тэр бааранд бүжиглэж байгаад О.Ц- нөгөө эгчтэйгээ намайг хардаад, таньдаг хүмүүс байхаар нь очоод ганц хоёр татаад эргээд иртэл О.Ц-тай маргаан болсон. Тэгээд баарнаас гараад Халамжийн тэнд явж байсан чинь О.Ц- намайг очиж хувцасаа ав, авахгүй бол шатаалаа гээд маргалдаж байгаад би О.Ц-гийн нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэгсэн чинь О.Ц- уйлаад нэг эрэгтэй хүнтэй одоо очлоо гэж ярьснаа надад цагдаа дуудлаа шүү гэхээр нь дууд гэж хэлээд утсыг нь аваад мушгиад хугалсан гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

           

           Хохирогч О.О.Ц-гийн өгсөн:  Би Б.Н- гэдэг хүнтэй хамтран амьдраад 1 сар ч болоогүй байна. Хүүхэд байхаасаа л Б.Н-тэй нэг байранд байдаг болохоор нэгнийгээ мэддэг байсан. 2019 оны 3 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь Б.Н- манай ажил дээр ирээд манай найз Г-ийн хамт Өүшин бааранд орж ганц ганц пиво уусан. Тэгээд бүжиглэж байгаад Б.Н- Г-ийн толгой дээр үнсэхээр нь чи яагаад цуг явж байгаа хүний толгой дээр үнсдэг юм гээд жоохон маргалдсан. Тэгээд баарнаас гараад бид хоёр гэр рүүгээ явж байхдаа маргалдаад Б.Н-ийг чи ингээд гэрээс хувцсаа аваад яв гэж хэлсэн. Тэгтэл утас дуугарахаар нь Г-тэй яриад би энийг явуулчихаад яваад очьё гэсэн чинь Б.Н- чи намайг явуулчихаад хэнтэй явалдах гээд байгаа юм гээд миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудна гээд гар утсаа гаргаад иртэл миний утсыг аваад хугалчихсан. Цагдаад өгөх юм бол гарч ирээд чамайг ална гэж хэлсэн. Тэгээд Б.Н- бид хоёр гэрт очоод би хүүхдийнхээ утсаар цагдаад дуудлага өгсөн. Миний гар утас Sky Vega загварын утас байсан. 2 жилийн өмнө Ихэр могой худалдааны төвөөс 140 000 төгрөгөөр худалдаж авч байсан.Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна гэх  мэдүүлэг /хх 4-5, 9/,

 

       Гэрч Д.Г-ийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 16-ны орой 19 цагийн үед Олон улс худалдааны төв дээр О.Ц-гийн лангуун дээр очсон чинь Б.Н- тэр хоёр байсан. Тэгээд бид гурав хуучин Дарханд байдаг Өүшин бааранд ороод нэг шил пиво авсан. Тэгсэн чинь тэр хоёр орж гараад байхаар нь надад сонин санагдаад би гараад явчихсан. Намайг байхад тэр  хоёрын хооронд юу ч болоогүй гэх мэдүүлэг /хх 10/,

 

      Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 261 дүгээр шинжээчийн дүгнэлт:

"1.О.О.Ц-гийн биед тархи доргилт, зүүн завжны шарх, нүүрний цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.О.О.Ц-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх 13/,

 Sky Vega загварын утасны зах зээлийн үнийг 80 000 төгрөгөөр тогтоосон Капитал зууч ХХК-ний 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлан /хх 18/, шүүгдэгч Б.Б.Н-ийн урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б.Н- нь согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 16-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч О.О.Ц-г хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн завжны шарх, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

   Шүүгдэгч Б.Б.Н- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б.Б.Н- нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 1918000000151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б.Н-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б.Н-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр  150 000 /нэг зуун тавь/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Б.Н- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Эрүүгийн 1918000000151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б.Н- нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ