Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0677

 

Д.Ж-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 122/ШШ2019/0030 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Ж-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 122/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр: ”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг баримтлан Д.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Төлөөлөгч огцруулах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

        Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хурал дээр Д.Ж-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байсан. Шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлж хэлж өгсөн ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлаж чадаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар эхлээд шийдвэр гарч байж дараа нь тогтоол гарна” гэж хэлснийг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж үзэхгүй байна.

        Нэхэмжлэлийн шаардпагаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрхэд шүүгч халдаж, түүний шаардлагыг өөрөө тодорхойлон хэлж өгч, түүнийгээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлсон мэтээр шийдвэрт бичсэн нь шүүгч хэргийг хараат бусаар шийдвэрлэх, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим зөрчигдсөн гэж үзэж байна.

        Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч Д.Ж-аас “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Төлөөлөгчийг огцруулах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралтаар тус сумын 1 дүгээр багт олонхийн санал авсан Д.Ж-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож бүрэн эрхийг хүлээн зөвшөөрчээ.

        Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/156 дугаар шийтгэх тогтоолоор Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг үндэслэн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдаанаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөгүй асуудал болох “Хурлын төлөөлөгч Д.Ж-ыг огцруулах тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

        Учир нь хэрэгт авагдсан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/430 дугаар албан бичгээс үзвэл нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гардан авсан шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр давж заалдах гомдол гаргасан, улмаар хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлснээс үзвэл тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болж байх үед Хурлын төлөөлөгч Д.Ж-ыг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байжээ.

        Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

        Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэгчээс “захиргааны ямар акт шийдвэрийг хүчингүй болгуулах, зөрчигдсөн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээхээр захиргааны хэргийн шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан”-ыг тодруулах үүрэгтэй.

        Анхан шатны шүүх энэ үүргийн хүрээнд шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсныг “нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх өөрөө тодорхойлсон” гэж үзэхгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 122/ШШ2019/0030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                                                          С.МӨНХЖАРГАЛ

                                        ШҮҮГЧ                                                                          О.НОМУУЛИН

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР