Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/0311

 

 

О.О-ын нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын

дарга М.Майжаргалд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Л.Атарцэцэг

Г.Банзрагч

Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, удаан жилийн нэмэгдэл зэргийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх”

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 111/ШШ2018/0008 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0245 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нарыг оролцуулж,

Хариуцагч М.Майжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 111/ШШ2018/0008 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар “О.О-ыг ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.О-ыг урьд эрхэлж байсан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох нийт ажлын 93 хоног буюу хуанлийн 4 сар 8 хоногийн цалин 3157722 төгрөгийг Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт үүрэг болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0245 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 111/ШШ2018/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол    

3. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 111/ШШ2018/0008 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 221/МА2018/0245 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1, 123.2.2-ийг үндэслэн доорхи гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 221/МА2018/0245 тоот магадлал шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.

5. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан нээлттэй явагдах ёстой шүүх хуралдааныг хаалттай хэлэлцэж буй асуудал нь хуулийг зөрчсөн үйлдэл юм. Шүүгчийн туслахын хууль зөрчсөн буруутай үйлдлийг хаалттай хэлэлцэх нь хуульд зааснаар нууцлах ёсгүй болно.

6. Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн талаар заасан бөгөөд О.О-ын хийсэн хэргийн материалд хуурамч баримт бүрдүүлж хийх, шүүх хуралдаанд оролцох ёсгүй хүнийг оруулах зэрэг үйлдэл нь байгууллагын дотоод журам болон эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартыг зөрчсөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр ноцтой зөрчил байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд аль аль нь захиргааны актын үндэслэл бүхий болохыг нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хохирол шаарддаггүй онцлогтой гэмт хэрэг юм. Бид гэмт хэрэг хийсэн этгээдийг цагдаад шилжүүлэлгүйгээр ажлаас нь халсан байхад “... өөрөөр хэлбэл тухайн зөрчилд ногдуулсан шийтгэл нь хүндэдсэн байна” гэж гэмт хэрэг хийсэн хүнийг хамгаалж буй нь хуулийг буруугаар тайлбарлаж шүүхэд, шүүгчийн туслахад байж болшгүй алдааг илтэд хамгаалсан шударга бус дүгнэлт юм.

7. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг зөрчин нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримттай хэн ч маргахгүй учир гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дахь заалтыг зөрчсөн. Мөн шүүх хурал тасралтгүй явагдах зарчим зөрчиж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг зөрчсөн буюу хурлыг түр завсарлуулсан хэрэг маргааны үзлэг хийж байгаа нь шүүх нотлох баримт цуглуулах, шүүх хуралдааны бэлтгэл хангах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-ийг зөрчсөн гэж үзэхээр байна.

8. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх эдгээр хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа, зөрчил дээр дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн байх тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 111/ШШ2018/0008 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 221/МА2018/0245 тоот магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

10. Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тушаалаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.2.8, 9.6, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2009 оны 31 дүгээр захирамжаар батлагдсан “Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 4.1.1-т заасныг үндэслэн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах О.О-ыг “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт”-ыг зөрчин удаа дараа алдаа, зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халжээ.

11. Дээрх тушаалын үндэслэлийг эс зөвшөөрч  нэхэмжлэгчээс “Төрийн албаны тухай хуульд ажлаас халах, ажлаас чөлөөлөх тухай ойлголтыг тус тусад нь хуульчилсан байдаг...эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартын аль хэсгийг зөрчсөн зөрчил гаргасан талаар шалгаж тогтоогоогүй, миний бие урьд өмнө нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй...” гэж, хариуцагч “О.О нь шүүгчийн захирамжаар даалгасан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хэд хэдэн зөрчил гаргасан байх нь эрүүгийн хэргийн хавтаст хэрэг, эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем, шүүхэд хөтлөгдөх бүртгэлийн дэвтэр зэргээс шалгахад албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь нотлогдож байсан” гэж тус тус маргасан байна.

12. Маргаан бүхий захиргааны актын гол үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар заасан бөгөөд хуулийн энэ хэсэгт заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг”, харин мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д засан “... албан үүргээ биелүүлээгүй...” гэснийг хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй” гэж тус тус ойлгоно.

13. Тухайн тохиолдолд хариуцагчаас О.О-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн эсэхийг үр дүнгийн гэрээгээр дүгнээгүй, маргаан бүхий захиргааны актад дурдсан алдаа, зөрчлийг сахилгын шийтгэлд хамааруулж байгаа бол зөрчил тус бүрийг шалган тогтоосон эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүдийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

14. Хариуцагчийн “...О.О-ын хийсэн хэргийн материалд хуурамч баримт бүрдүүлж хийх, шүүх хуралдаанд оролцох ёсгүй хүнийг оролцуулах зэрэг үйлдэл нь ...эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартыг зөрчсөн...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дахь заалтыг зөрчсөн” гэсэн гомдлыг давж заалдах журмаар гаргаж, давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул тухайн үйл баримтыг хяналтын шатны шүүх дахин үнэлэх шаардлагагүй болно.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Хэргийн нотлох баримт, үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шүүх хуралдааныг бүрэн, эсхүл түүний зарим ажиллагааг хаалттай явуулж болно” гэж заасан бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар хуралдааныг хаалттай явуулах нөхцөл үүсээгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг нээлттэй явуулсан болох нь тус хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож  байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын удиртгал хэсэгт “хаалттай хянан хэлэлцсэн” гэж бичсэн нь бичиглэлийн алдаа боловч энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

16. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 111/ШШ2018/0008 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0245 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН