Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 86

 

Ч.Чинзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2016/00247 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын  Жаргалан багт оршин суух, Тоос овогт Чойжилсүрэнгийн Чинзоригийн нэхэмжлэлтэй,  Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Чинзориг, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун,    Б.Батсүх,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт   бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Ч.Чинзориг намайг Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн захирлын 2015 оны 12 сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар   биеийн тамирын багшийн ажлаас чөлөөлсөн. Энэ тушаал нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Ч.Чинзориг намайг  ажлаас халахдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн байна. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Мөн урд өмнө нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Иймд Ч.Чинзориг намайг урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт   бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан юм” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Багш Ч.Чинзориг нь 2015 оны 12 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд манай хамт олон малчин эцэг эхчүүдийн зөвлөгөөн хийхээр бүх багш сургууль дээр бэлтгэл ажлаа хангаж байхад Ч.Чинзориг нь согтуу гутал хувцас нь шороо болсон байдалтай гаднаас орж ирэхэд нь захирлын зүгээс шаардлага тавихад үг сөрж би согтуу юм алга, юун сүртэй юм гэсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 19, 20 өдрүүдэд Чинзориг нь согтуугаар сургуулийн сургалт хүмүүжлийн ажилд оролцсоноос гадна өрөөндөө архи уусан нь нотлогдож байна. Иймээс би сургуулийн дотоод журам, багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Ч.Чинзориг багшийн энэ үйлдэл нь анх удаа биш удаа дараа давтагдаж арга хэмжээ авч байсан ба өөрөө ч олон удаа амлалт бичиж  өгч байсан ” гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2016/00247 дугаар шийдвэрээр: “1. .Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ч.Чинзоригийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн  7 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт  бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчийн   давж заалдах гомдлын агуулга: “ Анхан шатны шүүхээс Ч.Чинзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт цугларсан баримтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сургалт хүмүүжлийн ажилд согтуу оролцож ноцтой зөрчил гаргасан зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь дараах баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д зааснаар Сахилгын нэг зөрчилд сахилгын шимтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй мөн 131 дүгээр зүйлийн 131.4-д Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Ч.Чинзоригийг ажлаас халсан тушаалын үндэслэл нь хэт нэг талыг барьсан өөрийн хувийн үзэл бодлоор асуудалд хандсан үндэслэлгүй тушаал гаргасан.

Ч.Чинзоригийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн   талаар зөвхөн захирал Ц.Алтантунгалаг тушаалдаа дурдсан болохоос  яг согтуу буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  талаарх баримт, хамт архи уусан гэх гэрч байхгүй байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзэлгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 247 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ч.Чинзоригийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж,  дэвтэрт   бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгаж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны  шүүх тулуудын дунд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитой, тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй,  Хөдөлмөрийн  тухай хуулийг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

  Ч.Чинзориг нь  Ховд аймгийн  Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуульд холбогдуулж   ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах  тухай     гомдлыг шүүхэд  гаргажээ.

Шүүх гомдлын шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.  

  Ажил олгогч нь ажилтаныг Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн  захиралын 2015 оны  12 дугаар сарын 22‑ны өдрийн   Б/67 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн гэрээний 4.2.7, 5.1.2 дахь заалт, Багшийн ёс зүйн  дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.6, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүлийн 4.3.15 дахь заалтуудыг тус тус үндэслэн ажлын хариуцлага алдсан, сургуулийн орчинд архи,согтууруулах ундаа хэрэглэсэн, сургалт хүмүүлийн үйл ажиллагаанд согтуу оролцсон зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалжээ.

Харин ажилтан нь  ажлын хариуцлага алдаагүй, сургуулийн орчин тойронд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй,сургалт хүмүүжлийн ямар нэгэн үйл ажиллагаанд согтуу оролцоогүй намайг гүтгэж байна гэж маргажээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль, багшийн ёс зүйн  дүрэм, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдийг нэрлэн зааж  ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх үндэслэлүүдийг  нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгыг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...”бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх бөгөөд зөрчил тус бүр нь тогтоогдсон байхыг шаардлагатай байдаг.  Мөн “ноцтой зөрчил” гэдгийг   ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц, сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтаны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл эс үйлдэл байна гэж ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг   нэрлэн зааж хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаарддаг юм.            Хэрэгт талуудын хооронд байгуулсан хөдөлөмөрийн гэрээ авагдаагүй байх тул ажил олгогчийг  ажилтантай   биеийн тамирын багшийн ажил, албан тушаалд түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна.

Иймээс ажил олгогчийг  ажилтантай  “сахилгын зөрчлийг давтан гаргасан, ноцтой зөрчил” гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцсон гэж тодорхойлох үндэслэлгүй юм. 

 

 Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар   сургуулийн захиралын  2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар гомдол гаргагч   Ч.Чинзоригийг биеийн тамирын багшийн ажлаас ажил ологчийн санаачилгаар чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заалтыг зөрчсөн байх тул түүнийг  Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар  сургуулийн  биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 Нэхэмжлэгч Ч.Чинзориг  2015 оны 12 дугаар сарын 22-наас 2016 оны 5 дугаар  сарын 23-ны өдөр хүртэл 5 сар ажилгүй байжээ. Түүнд энэ хугацаанд олгох ажилгүй байсан  хугацааны  нөхөх олговорын хэмжээг нийгмийн даатгалын дэвтэрт   хийсэн 2015 оны 10,11,12 дугаар саруудын цалингийн  бичилтийг үндэслэн тооцвол   нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 677266 төгрөг байх бөгөөд олговрын нийт хэмжээ  /677266 х5 /= 3.386.330   төгрөгийг  ажил олгогчийн санхүүгээс  гаргуулж Ч.Чинзоригт олгох нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-т заасны дагуу Ч.Чинзоригт  олгох   3.386.330     төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг  ажил огогчид   үүрэг болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан  Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар д сургуулийн санхүүгээс 139331 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгч нь  давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2016/00247 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Чинзоригийг тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт  3386330 төгрөгийг Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн санхүүгээс гаргуулж  Ч.Чинзоригт олгож, ажилтан Ч.Чинзоригийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан сургуулийн санхүүгээс 139331 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.НЯМБАЯР

 

            ШҮҮГЧИД                                                     С.ӨМИРБЕК

 

                                                                                    Н.ТУЯА