Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 183/2022/04921/И |
Дугаар | 210/МА2024/01286 |
Огноо | 2024-06-21 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/01286
2024 06 21 210/МА2024/01286
С.Чы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч С.Чы нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.Мд холбогдох
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Г.М нь П.М.Г ХХК-ийн эрхлэн гаргадаг Пийк.мн сайтаар дамжуулан мөн өөрийн цахим хуудсаараа 2019-2022 он хүртэл С.Ч оюуны хулгай хийж академич цол хүртсэн гэх агуулгаар пост оруулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр С.Чы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг удаа дараа түгээсээр ирсэн.
Тухайлбал Пийк.мн сайтаар дамжуулан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С.Ч оюуны хулгай хийж академич цол хүртсэн гэх гарчиг бүхий ярилцлагыг өгсөн. Тус ярилцлагын өгүүлбэр бүр нь олон нийтийг төөрөгдүүлсэн, илт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг нийтэлсэн. Тус ярилцлагад ...Эрдмийн дээд хэргэм академич битий хэл энгийн хүмүүс ч нэг нэгэнтэйгээ ингэж харьцдаггүй. Ялангуяа С.Ч өөрөөсөө насаар дүү эмэгтэйчүүд рүү их дайрсан байдаг. Мөн тэдний оюуны бүтээлийг ч илүү их хулгайлсан. Гэвч ахмад улс руу довтолдоггүй гэсэн үг биш шүү. Олон нэр хүндтэй ахмад эрдэмтдийг үхэх дөхсөн, үхэх болоогүй юу гэх мэтээс өгсүүлэн олон нийтийн мэдээллийн сайтаар хэлж болохгүй үгээр харааж зүхсэн нь бүгд баримттай бий. Бид эрдмийн ертөнцийг ямар нэгэн албан тушаалтны дарамт шахалтгүй, хэн ч өөрийн хүссэнээр эрх чөлөөтэй ажилладаг, эрдмийн бүтээлээ туурвидаг газар байлгахын төлөө л тэмцэж байгаа. Чин шударга хөдөлмөр үнэлэгддэг байх, худал хуурмагийг үзэн яддаг байх нь нийт хүн төрөлхтөний үнэт зүйл билээ гэсэн. Харамсалтай нь энэхүү сайтыг эх сурвалжаа болгон тус ярилцлагыг бусад сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд байнга цацдаг түгээдэг болсон.
2022 оны 09 дүгээр сарын Үнэн сонинд Г.М хэдий чинээ эсэргүүцнэ, төдий чинээ үнэн гэх гарчигтайгаар ...Тухайлбал, Шинжлэх ухааны академич цолыг хууран мэхлэх замаар буюу бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж бичиж байж авсан С.Ч гэгч хүний жишээ байна гэх эхлэлтэй ярилцлагыг өгсөн. Энэ ярилцлагыг өгсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх мэдээллээ удаа дараа, тогтмол цацах болсон ба өөрийн фэйсбүүк дэх М.Г гэх хаягаараа дамжуулан илт үндэслэлгүй, гутаан доромжилсон шинжтэй, нэр төрд халдсан мэдээллийг тогтмол нийтэлдэг.
1.2. Дээрх мэдээлэл нь хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн агуулгагүй бөгөөд хувь этгээд рүү илт чиглэсэн гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан байна.
Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.М худал мэдээлэл тараасан бүх арга, хэлбэрээр нэхэмжлэгч С.Чы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ, нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг Г.Мд даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Г.М нь С.Чтай ямар нэгэн хувийн өс хонзон, хувийн харилцаа байхгүй. С.Чы оюуны хулгайн үйлдлийг эсэргүүцдэг шалтгаан нь түүхийн салбар Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой. Түүх өвийн салбарт оюуны өмчийн хулгай гарвал монголчууд түүхээ бичиж чадахаа болино. Бие биеэсээ хуулбарлах, албан тушаалтнууд номыг ивээн тэтгэх замаар өөрийн нэрийг бүтээлд оруулдаг. Ийм байдлаар оюуны өмчийн хулгай хийвэл энэ салбарт боловсон хүчин гарч ирэхгүй, өрсөлдөөн байхгүй болно. С.Ч бусдын бүтээлийг өөрийн зохиол мэт мэдүүлж шинжлэх ухааны академич цол авсныг эсэргүүцэж байгаа. Мөн уг шинжлэх ухааны академич цол авснаараа сар бүр 800,000 төгрөгийн тэтгэмж авдаг. Түүнчлэн шинжлэх ухааны академич цол хэргэм тухайн салбартаа нэр хүндтэй цол хэргэм байдаг. Соёлын сайдыг томилогдоход профессорууд, Монгол Улсын их сургуулийн багш нар оюуны хулгай хийдэг хүн яаж Соёлын яамыг тэргүүлэх вэ, үүнийг эсэргүүцэж байна гэж эсэргүүцлээ илэрхийлж хандсан байдаг.
Нэхэмжлэгч оюуны өмчийн хулгай хийсэн бол тэдгээр хүмүүс гомдлоо гаргах байсан гэж тайлбарлах боловч Оюуны өмчийн газарт хандахад тухайн гомдлыг оюуны өмчийн хулгайн бүтээлийн эзэд өөрсдөө гаргах ёстой гэх тайлбарыг өгч байсан. Гэтэл 66 номын зохиогч нарын ихэнх нь нас барчихсан байгаа. Нас барснаас гадна тэдгээр хүмүүсийн хүүхдүүд нь оюуны өмчийн өв залгамжлалыг аваагүй учраас оюуны өмчийн хулгайд холбогдуулж гомдол гаргах эрхгүй.
2.2. С.Чы шинжлэх ухааны академич цол горилохдоо гаргаж өгсөн жагсаалтыг харахад нэгэн сэдэвт бүтээлийн шаардлага хангасан 2-3 бүтээл байдаг, харин өөрийнх нь биш гучин хэдэн ном байгаа. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны академич цол хүртэх эрдэм шинжилгээний судлаач мөн эсэх нь тодорхойгүй. Гэтэл С.Ч тухайн материалыг бүрдүүлж өгөхдөө зальжин аргаар уйгаржин бичгээс монгол хэл рүү хөрвүүлэв гээд бичсэн байдаг, мөн нэгэн сэдэвт бүтээл гэдэг нь монгол хэлээр байна гэж тодорхойлсон. Шинжлэх ухааны академич цол горилоход нэг бүтээлд олон цаг зарцуулж, шинэлэг шинэ ном гаргаснаар шинээр бичсэн номд хамааруулдаг. Гэтэл С.Ч архивын каталог гэх мэт бүтээлүүдийг гаргаж өгөхдөө нэгэн сэдэвт болон хамтран бичсэн номнууд гэж бичсэн байгаа. Зохиогч, редакторласан гэж ангилж байгааг эрх чөлөөний асуудал гэж тайлбарлаад байна. Номны ангилалд зохиогч нь шинээр бүтээл туурвисан байх ёстой. Гэтэл тухайн бүтээлүүд редакторласан болон зохиолыг эмхэтгэсэн, хянасан байдлаар бүтээлийн жагсаалтад орсон байдаг. С.Чы Шар тууж болон Хотгойдын түүх зэрэг ном бичсэнийг үгүйсгэхгүй байгаа. Шинжлэх ухааны академич цолыг авахдаа хамтран бичсэн буюу нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа өөрийн бичсэн номоо яагаад дурдалгүй бусад хүмүүсийн бүтээлийг өөрөө бичсэн мэтээр мэдүүлсэн нь төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн үйлдэл. Хэрэв энэ шалгуураар шинжлэх ухааны академич цолыг авдаг бол энэ цолыг авах хэмжээний нэгэн сэдэвт бүтээл гаргасан багш нар олон байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Чы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, ...С.Ч оюуны хулгай хийж академич цол хүртсэн... гэх малгай гарчиг бүхий мэдээллийг нийтэлсэн Үнэн сонин, М.Г гэх өөрийн фэйсбүүк хаяг, www.arslan.mn сайт, www.vnen.mn сайт, www.isee.mn сайт, www.polit.mn сайт, www.24tsag.mn, www.urug.mn сайт, www,ikon.mn, www.news.mn, www.eguur.mn сайт, www.livetv.mn сайтуудад тараасан хэлбэрээр дамжуулан няцаалт хийхийг хариуцагч Г.Мд даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Чы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мэс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Чд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1. Хариуцагчийн гаргасан 3 хүсэлтийг хангаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй. Г.М нь С.Чы талаар өөрөө эхэлж аливаа мэдээлэл тараагаагүй бөгөөд мэдээллийн цахим сайтуудад гарсан мэдээллийг шэйрлэж аваад өөрийн сэтгэгдлийг бичсэн. Хариуцагч нь тухайн сайтуудын анх гаргасан мэдээллийг нэг бүрчлэн хэвлэж нотлох баримтаар өгсөн, цахим орчинд байгаа эх сурвалжуудтай мэдээллийн талаар үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүйд гомдолтой. Анх мэдээллийг хэн тараасан, хариуцагч ямар сэтгэгдэл бичсэнийг тогтоогоогүй. Мэдээллийн эх сурвалж болох хувь хүн, мэдээллийн байгууллага С.Чы оюуны өмчийн хулгайн талаар анх мэдээлэл гаргасан эх сурвалжийг баталгаажуулах боломж олгоогүй. Хариуцагчийн зүгээс С.Чы бусдын оюуны өмчийн бүтээлийг өөрийн бүтээл гэж бүтээлийн жагсаалтад дурдсаныг шинжээч томилж дүгнэлт гаргуулахыг хүссэн. Шүүхээс эдгээр хүсэлтийг хангаагүй учир зохигчийн эрхийг ноцтой зөрчигдсөн.
4.2. Нэхэмжлэгч нь ОХУ-ын эрдэмтэн Т.И.Юсуповагийн бүтээлийг ашиглах эрх, зохиогчийн нэрийг дурдахгүй байх эрх зэргээ нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй байхад шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Гэрч Г.Б, Д.А нар зохиогч хэн байх, редактор ямар үүрэг гүйцэтгэх, зохиогч хэн эсэх талаар тодорхой мэдүүлэг өгсөн байхад шүүхээс энэ мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй, мөн гэрчээр Н.А , Д.И нарыг асуулгах хүсэлт гаргахад хангаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч архивын баримтын эмхэтгэлийг өөрийн нэрээр хэвлүүлж өөрөө зохиосон мэт болгодог. Хэрвээ шинжээч томилсон бол эдгээр байдал бүрэн тогтоогдох боломжтой байсан. Оюуны хулгай хийснийг нотлох боломжоор хангаагүй учир хариуцагч хүн гүтгэсэн болж байна. Нийт 41 номонд шүүхээс үзлэг хийсэн, үүнээс зөвхөн 2 номонд зохиолч С.Ч гэж бичигдсэн, 39 номонд эмхэтгэсэн, хянасан, орчуулсан, редактор С.Ч гэж маш тодорхой тэмдэглэсэн байхад тухайн баримтыг үнэлээгүй шийдвэр гаргасан.
4.3. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй байдлаар гарсан гэж үзэж байна. Тогтоох хэсгийн нэгд хариуцагч Г.М ...С.Чы оюуны хулгай хийж академич цол хүртсэн гэх малгай гарчиг бүхий мэдээллийг нийтэлсэн Үнэн сонин, М.Г гэх өөрийн фэйсбүүк хаяг, тараасан хэлбэрээр дамжуулан няцаалт хийлгэхийг даалгасан. С.Чы оюуны өмчийн хулгайн талаар зөвхөн Г.М төдийгүй Монгол Улсын түүхийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн бүх л эрдэмтэн, судлаачид эсэргүүцэж бичиж, шүүмжилж ярьдаг нь нийтэд ил болсон үйл баримт юм. С.Чы талаарх мэдээллийг анх тараасан www.arslan.mn, www.vnen.mn, www.isee.mn, www.polit.mn, www.24tsag.mn, www.urug.mn, www.ikon.nm, www.news.mn, www.eguur.mn, www.livetv.mn сайтуудад Г.М мэдээлэл, ярилцлага өгч байгаагүй. Харин эдгээр сайтад байгаа мэдээллийг хуулбарлаж аваад өөрийн сэтгэгдэл шүүмжлэлийг бичсэн болно. Тухайн сайтуудын боловсруулан гаргасан мэдээллийн өмнөөс Г.М хариуцлага хүлээж залруулан нийтлэх боломжгүй. Эдгээр сайт хариуцагчид тийм боломж олгохгүй юм.
Нэхэмжлэгч нь тухайн сайтуудтай холбоотой бие даасан нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн хувьд бие даасан шүүхийн шийдвэр гаргаж хэрэгжүүлэх боломжтой юм.
Шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэхийн тулд гаргасан цахим сайтуудад үзлэг хийлгэх, шинжээч томилуулах, гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй орхигдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч тал шинжээч томилуулах хүсэлтийг 2 удаа гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Учир нь Шинжлэх ухааны академи ажлаа зөв хийсэн эсэхийг нотлуулна гэж тайлбарладаг. Гэвч уг байгууллага тусдаа журамтай, тусгай мэдлэгээр тогтоогддог зүйл биш гэдэг үндэслэлээр шүүхээс ажиллагаа хийхгүй гэж үзсэн. Мөн энэ маргааны онцлог нь мэдээлэл тараасан этгээд нь өөрөө нотлох үүргийг хүлээнэ гэж хуульд заасан. Оюуны хулгай хийсэн гэдгийг нотлуулахын тулд шинжээч томилуулна гэж тайлбарладаг. Гэтэл оюуны хулгай хийсэн эсэх мэдээллийг цацсан бөгөөд хууль тогтоомжоор хэн нэгний нэр төрд халдаж байгаа тохиолдолд эх сурвалжтай, үндэслэл бүхий баталгаатай мэдээллийг цацна гэдэг байдлаар хүний нэр төрийн хамгаалсан. Хариуцагч мэдээллээ цацчихаад нотлох чиг үүргээ шүүхээр хийлгэх гээд хүсэлт гаргасан нь үндэслэлгүй.
5.2. Процессын дагуу анхан шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй энэ асуудлыг шийдвэрлээд эцсийн шийдвэр гаргасан. Шийдвэр гарсан асуудлын хүрээнд давж заалдах журам зөрчөөд дахин гомдол гаргасан асуудал харагдаж байна. Үзлэг хийлгэх хүсэлт хангаагүй гэх боловч бүх хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Тухайлбал 3 гэрч асуулгах тухай хариуцагчийн хүсэлтээс 2 гэрчийг оролцуулаад 1 гэрч ирэх боломжгүй, Монгол Улсад байхгүй байсан учраас өөрөө татгалзсан. Анхан шатны шүүхэд хариуцагч тал 3 удаа төлөөлөгч, өмгөөлөгчөө солиод бүх хүсэлтүүдийг хангах байдлаар жилийн хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулсан. Гомдолд хэд хэдэн хүсэлт гаргасныг хангаагүй гэх үндэслэлийг дурдсан. Тухайн хүсэлт бүрд захирамж гардаг бөгөөд уг захирамж нь гомдол гаргах эрхгүй, эцсийн шийдвэр болоод дууссан. Түүнчлэн гомдол гаргах процессыг ашиглаад бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэх маягаар тухай бүр асуудлыг шийдвэрлээд явсан. Эдгээр ажиллагаа нь хуулийн дагуу үнэн зөв хийгдсэн.
5.3. Гомдолд нэг сэдэвт, хамтарсан, редакторласан гэх агуулгыг дурдсан. Маргааны гол зүйл нь нэхэмжлэгч нь жагсаалтаа хийхдээ толгойг нь нэг сэдэвт, хамтарсан, редакторласан гэж нийтэд нь товьёоглож бичсэнийг буруу гэдэг байдлаар шүүмжилдэг. Хариуцагч нь нэг сэдэвт гэдгийг нэг тусад нь, редакторласан гэдгийг нэг тусад нь бичихгүйгээр бөөнд нь бичсэн буюу хамтарсан бүтээлийг нэг сэдэвт болгосон гэдэг байдлаар асуудал үүсгэсэн. Энэ нь шинжлэх ухааны академич цол авахтай холбоотой том процесс юм. Тухайн хүний мэдээллийг нийтэд дэлгээд 30 хоногийн хугацаанд нээлттэй байдаг. Хариуцагч тал яг юуг оюуны хулгай гэж тайлбарлаад байгаагаа өнөөдрийг хүртэл тодорхойлоогүй, хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй, бүтэн 4 жилийн хугацаанд С.Чы нэр төрд халдаж, Шинжлэх ухааны академийн үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн, хэрэгт хийлгэсэн үзлэгээр Монгол Улсын Шинжлэх ухааны академи ийм байж болохгүй гэдэг байдлаар америкийн эрдэмтэн олон улсын хэмжээнд ярилцлага өгсөн нь авагдсан. Энэ байдлаас үзэхэд худал мэдээлэл хол тархаад нэг хүний нэр хүндээс гадна Монгол Улсын шинжлэх ухааны ноён оргил болсон академийн үйл ажиллагааг хэн нэгний мэдээллээс болоод гадаад улсын түүхч шүүмжилсэн.
Иймд дээрх үндэслэлээр оюуны хулгай гэдгийг тогтоогоогүй атлаа оюуны хулгай хийсэн гэх мэдээлэл цацсан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Г.Мд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Г.М нь П.М.Г ХХК-ийн эрхлэн гаргадаг Пийк.мн сайтаар дамжуулж, мөн өөрийн цахим хуудсаар 2019-2022 онд С.Ч оюуны хулгай хийж академич цол хүртсэн гэх агуулгаар пост оруулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр С.Чы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг удаа дараа түгээсээр ирсэн гэж тайлбарлажээ.
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийн бичсэн гэх 2022 оны 01 дүгээр сарын 08, 08 дугаар сарын 11, 31, 09 дүгээр сарын 07, 14, 20-ны өдрүүдийн фэйсбүүкийн нийтлэлүүдийн агуулгыг нэхэмжлэлдээ тусгаж, тэдгээрийн хуулбарыг шүүхэд гаргасан ба уг нийтлэлүүдэд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШТ2023/00206 дугаар тогтоолоор хангаж, үзлэгийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хийжээ.
Үзлэгийн тэмдэглэлд хариуцагчийн М.Г гэсэн фэйсбүүк хаягт хэргийн 55, 57-59, 61-63, 65-67, 69, 70, 72, 74-78, 80, 81 дэх талд авагдсан постууд байхгүй, хариуцагч нь уг постуудыг бичсэн талаар санахгүй, мэдэхгүй гэсэн тайлбар өгсөн, 71 дэх талд авагдсан пост бичигдсэн, 73 дахь талд авагдсан постын агуулга өөрчлөгдсөн, хариуцагч 60, 64, 68, 79 дэх талд авагдсан постуудыг маргахгүй гэсэн тул судлаагүй гэж тусгасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан ба нэхэмжлэлд дурдагдсан 2022 оны 01 дүгээр сарын 08, 08 дугаар сарын 11, 31, 09 дүгээр сарын 07, 14, 20-ны өдрүүдийн фэйсбүүкийн нийтлэлүүд шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдоогүй байна. Иймээс нотлох баримтын шаардлага хангаагүй тухайн нийтлэлүүдийг үнэлэх боломжгүй.
3.2. Хэрэгт Үнэн сонины 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 036 (24517) дугаар эх хувиар хавсаргагдсан байх ба уг сонины 4 дэх нүүрэнд Г.М: Хэдий чинээ эсэргүүцнэ, төдий чинээ үнэн гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгджээ.
а. Нэхэмжлэгч нь уг ярилцлагын ...Тухайлбал, ШУА-ийн академич цолыг хууран мэхлэх замаар буюу бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж бичиж байж авсан С.Ч гэгч хүний жишээ байна... гэсэн хэсгийг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон байна.
б. Тус ярилцлагын зорилгыг Монголын утга зохиол, шинжлэх ухааны салбарт зохиогчийн эрхийн зөрчил газар авсан, үүнийг таслан зогсоох үүднээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э магистр, докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн, судлаачдыг плагиаризмын шалгалтад оруулах тухай мэдэгдсэнтэй холбоотойгоор эрдэмтэн, судлаачдын төлөөлөл МУИС-ийн Антропологи, археологийн тэнхмийн ахлах багш, доктор (Ph.D) Г.М ямар байр суурьтай байгаа талаар ярилцахаар тодорхойлсон байх бөгөөд Г.М нь С.Ч бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж бичсэн гэх байдлыг өөрийн хэвлүүлсэн нэгэн сэдэвт бүтээлийн дүгнэлт хэсэгт С.П 1968 онд хэлсэн санааг өөрийн болгож хуулбарласан, түүхч Л.Дэндэвийн Монголын товч түүх бүтээлийг монгол бичгээс кирилл үсэгт хөрвүүлснээ өөрийн нэгэн сэдэвт бүтээл гэж зарлаж хэвлүүлсэн гэж тайлбарлаж, мөн уг асуудлаар гаргасан түүний өргөдөлд Шинжлэх ухааны академи Монгол Улсад бүтээлийн жагсаалт хийх тогтсон дүрэм байхгүй тул С.Ч нь өөрийнхөөрөө бүтээлийн жагсаалтаа хийж, тэр нь хүмүүст буруу ойлголт төрүүлсөн байна гэх хариуг бичгээр өгсөн, Оюуны өмчийн газар оюуны өмчийн эрх нь зөрчигдсөн хүн өөрөө гомдол гаргах ёстой гэсэн хариу өгсөн талаар ярьжээ.
в. Хэрэгт хавсаргагдсан Доктор (Sc.D), профессор, С.Ч эрдэм шинжилгээний бүтээлийн танилцуулга-ын 25 дахь талд Эрдэм шинжилгээний бүтээлийн цэс, Нэгэн сэдэвт болон хамтран бичсэн ном гэсэн хэсгийн 5 дугаарт С.Ч. Л.Дэндэвийн Монголын товч түүх Монгол бичгээс хөрвүүлж, оршил, тайлбар, нэрсийн хэлхээ хийсэн. - Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал. Боть 29. УБ., 2006. 213-233 талд гэрэл зурагтай. 15.5 х.х. гэж тусгагдсан байна. Мөн шүүхэд гаргасан хариуцагчийн тайлбарт дээрх танилцуулгад орсон Хотогойдын түүх бүтээлд судлаач С.П 1968 онд хэвлүүлсэн Хотгойдын угсаа гарал ба түүхийн асуудалд (XVI-XIX) бүтээлээс цөөнгүй баримт, дүгнэлт, жишээг ямар нэгэн эшлэл зүүлтгүйгээр, өөрийн дүгнэлт мэт хуулсан талаар дурдаж С.Чы номын 4 дэх талд бичигдсэн дүгнэлтийг С.П номын 23 дахь талд бичигдсэнтэй харьцуулан тайлбарлаж, эдгээр 2 номын холбогдох хэсгийг нотариатаар гэрчлүүлж хэрэгт хавсаргуулжээ. (хэргийн 2 дахь хавтас 39-43, 84-85 дахь тал)
г. Анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр шинжлэх ухааны академич цол горилсон бүтээлийн жагсаалтад дурдсан 31 ширхэг ном, 1-10 хүртэлх боть зургийн цомог, мөн А5 хэмжээтэй 1 ном зэрэгт үзлэг хийсэн байх ба үүнд зохиолч С.Чы Хотогойдын түүх ном багтжээ. (хэргийн 2 дахь хавтас 154 дэх тал)
Дээр дурдсаныг харьцуулж үзвэл, тус ярилцлагад дурдагдсан асуудлаар хариуцагч Г.М судлаачийн хувиар байр сууриа илэрхийлсэн, тухайн асуудалд шүүмжлэлтэй хандсан гэж үзэхээр байх бөгөөд өөрийн зүгээс үндэслэл тодорхойлж, тодорхой баримтууд заасан, тэдгээр нь хэрэгт авагдсан тул бодит байдалд нийцээгүй мэдээлэл гэж дүгнэх үндэслэлгүй байна.
3.3. Түүнчлэн хэргийн баримтаар хариуцагч нь ** unen.mn, ****, **.mn, **.mn, **.nm, news.mn, **.mn, **.mn сайтуудад мэдээлэл тараасан байдал тогтоогдоогүй.
Анхан шатны шүүх хариуцагч Г.М нэхэмжлэгч С.Чыг оюуны өмч, зохиогчийн эрхийг ноцтой зөрчиж, хууран мэхэлж, оюуны өмчийг хулгайлж, шинжлэх ухааны академич цолыг авсан, уг мэдээлэл нь бодит байдалд нийцсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа боловч түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй, уг агуулга бүхий мэдээллийг нийтэд түгээж нийтэлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна.
4. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд дээр дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгч С.Чы нэр төр, ажил хэргийн нэр хүнд, алдар хүндийг гутаасан буюу бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. Шүүх хариуцагч талын гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, мөн Д.И , Н.А , Ж.У нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэсэн байна. Мөн хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн огноотой вэбсайтуудад үзлэг хийлгэх тухай хүсэлт авагдсан байх боловч хариуцагч тал 2024 оны 02 дугаар сарын 22, 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаануудад уг хүсэлтээ дэмжиж тайлбарлаагүй, харин гэрчээс мэдүүлэг авахуулах, 41 ширхэг хэвлэмэл номонд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүх хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй болно.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/01271 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Мд холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч С.Чы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА