| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0140/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 159
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон Эрдэнэбаярын Э.Э-д холбогдох эрүүгийн 1918000000100 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Э-, 1989 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ам бүл 3, өвөө, эхийн хамт оршин суух, СХДүүргийн Нэгдсэн эмнэлэгт эм олгогч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.Э-гийн өгсөн: Дархан-Уул аймгийн 13 дугаар багт байрлах Альфа тауны 3 дугаар байрны 1 давхрын 70 тоотод С- гэдэг хүний эзэмшлийн байрыг 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл эмийн сан ажиллуулах зорилготой түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан. Эмийн сан ажиллуулах зөвшөөрлөө О- гэдэг таньдаг багшаараа хөөцөлдүүлж авах гэж хүлээгээд бүтэхгүй байхаар нь Б.Б-д чи миний нэр байдаг эмийн санг ажиллуулах зориулалттай байрыг надаас 2019 оны 9 дүгээр сар хүртэл 600 000 төгрөгөөр түрээслэчих, одоохондоо зөвшөөрөл гаргуулж аваагүй. Зөвшөөрлийг нь О- багшаас авчих гэж худлаа хэлсэн. Тэгээд би Б.Б-гаас 6 500 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын дундуур Хаан банкны дансаараа шилжүүлж авсан. Тэгээд би тэр мөнгөөр Солонгос улсын виз гаргуулахад зарцуулсан. Гэвч виз бүтээгүй. Надад мөнгөний хэрэг байсан учраас худлаа ярьж Б.Б-гаас мөнгө авсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Б.Б-гийн өгсөн: Надтай цуг Анагаах ухааны коллежид 3 жил сурсан Э.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр над дээр ирээд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багт байрлах Альфа таунд Эмийн сан ажиллуулах зориулалттай байрыг түрээслэх санал тавьсан. Тэгэхээр нь би Эмийн сангийн чинь тусгай зөвшөөрөл нь гарсан юм уу гэж асуухад гараагүй байгаа. Тусгай зөвшөөрлийн хурал нь 12 дугаар сард болдог тэр үеэр бүтнэ найдвартай гарна гэж хэлсэн. Тэгэхээр нь за тэгвэл О- багш гурвуулаа уулзъя гэсэн чинь чи уулзаад хэрэггүй ээ дараа нь уулзъя гэж хэлсэн. Би Э.Э-гаас энэ байр хэний нэр дээр байдаг юм гэж асуухад миний нэр дээр шилжээгүй байгаа Ганбаатар гэдэг хүнээс хувь лизингээр авсан гэж хэлсэн. Тэгээд Э.Э-тай тохиролцоод тэр байрыг түрээслэхээр болоод 2018 оны 11 дүгээр сарын 12-нд Э.Э-гийн Хаан банкны данс руу М- гэдэг эгчээр дамжуулж 6 000 000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд үлдэгдэл 500 000 төгрөгийг Э.Э-гийн найзынх нь дүү болон А- гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөө Э.Э-д түрээсийн гэрээ байгуулъя гэсэн чинь би өнөөдөр амжихгүй хотод ажилтай байна, чи надад итгэхгүй байгаа юмуу гэсэн. Тэгээд би тэр байранд 2018 оны 12 дугаар сар хүртэл Эмийн сан ажиллуулах зөвшөөрөлгүй алдаг оног ажилласан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын дундуур нөгөө тусгай зөвшөөрөл чинь юу болж байна бүтэхгүй бол больё гэж Э.Э-д хэлсэн чинь О- багш тусгай зөвшөөрөл олгох комиссын гишүүн учраас асуудалгүй гарна гэж хэлсэн. Тэгээд байж байтал 2018 оны 12 дугаар сарын сүүлээр С- гэдэг хүн Эмийн сангийн байранд орж ирээд Э.Э- хаана байна байрны түрээсийн мөнгөө авмаар байна. Би энэ байрыг Э.Э-д 400 000 төгрөгөөр түрээслэдэг гэж хэлсэн. Тэгээд би Э.Э-д залилуулснаа мэдээд энэ байр чинь чинийх биш юм байна гэж хэлсэн чинь наад С-гэдэг эгч чинь нарийн ширийн асуудлыг мэдэхгүй ээ наад байрны чинь ус, дулааны мөнгө Ганбаатар гэдэг хүний нэр дээр бичигддэг гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 11-12/,
Гэрч Х.О-ын өгсөн: Э.Э- анх надаас 2018 оны 6 дугаар сард Эмийн сан ажиллуулах тусгай зөвшөөрлөө зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Аймгийн тусгай зөвшөөрлийн нарийн бичгийн дарга А- асуухад наадах чинь хууль бус асуудал шүү тусгай зөвшөөрөл зардаггүй юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э.Э-д 2018 оны 9 дүгээр сард зарж болдоггүй юм байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 14-15/,
Гэрч Д.С-ын өгсөн: Би Э.Э-тай 2018 оны 3 дугаар сард Эмийн санд эмийн санч ажиллуулах зар өгсний дагуу Улаанбаатар хотод надтай ирж уулзсан. Тэгээд 2-3 дахь удаагийн уулзалтан дээр манай байгууллагын эмийн санг ажиллуулах зөвшөөрөл гарахгүй удаад байсан тул Э.Э- уг эмийн санг өөрөө түрээсэлж ажиллуулах хүсэлт тавиад 2018 оны 6 дугаар сард гэрээ байгуулж эмийн сангаа Э.Э-д түрээсэлсэн. Ямар нэг урьдчилгаа, барьцаа авахгүй зөвхөн гэрээ байгуулж сар сараар түрээсийн төлбөрөө авч байсан. Уг байрны хууль ёсны эзэмшигч нь Альфа констраншний ерөнхий захирал О.Ганбаяр бөгөөд үл хөдлөхийн гэрчилгээ нь түүний нэр дээр байдаг гэх мэдүүлэг /хх 22/,
Гэрч С.А- өгсөн: Б.Б-тай ганц хоёр удаа уулзаж байсан. Би Б.Б- эгчээс 2018 оны 10, 11 дүгээр сарын үер өөрийн Хаан банкны 5117077931 тоот дансаараа 500 000 төгрөг авсан. Э.Э- эгч Б.Б- эгчээс авах ёстой мөнгөнөөсөө суутгаж авч өгсөн. Би тэр мөнгөө байрны төлбөрт төлсөн гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч Д.М- өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр миний төрсөн дүү болох С.Б.Б- надад Э.Э- Альфа туанд байрлах зөвшөөрөлтэй Эмийн сангаа 1 жилийн хугацаагаар түрээслүүлнэ гэнээ. 6 000 000 төгрөг зээлээч бид хоёр үхэр малаа зараад хоёр гурван сая төгрөгтэй болчихлоо. Нийт 8 000 000 төгрөгөөр түрээслэх юм байна гэж хэлсэн. Тэгээд би хоёр дүүдээ туслах гээд Б.Б-гийн өгсөн Хаан банкны данс руу 6 000 000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх19/,
Д.М- харилцагчийн дансны хуулга /хх 8/, шүүгдэгч, хохирогч нарын төлбөр барагдуулсан талаарх эвлэрлийн гэрээ /хх 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр Анагаах ухааны коллежид хамт суралцаж байсан Б.Б-д Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багт байрлах Альфа таунд Эмийн сан ажиллуулах зориулалттай ч үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй обьектыг тусгай зөвшөөрөл нь удахгүй гарна гэж хуурч түрээсийн төлбөр гэх 6 500 000 төгрөгийн шилжүүлэн авсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Э.Э- нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1918000000100 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Э-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Э.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 1918000000100 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э- нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ