Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 102/2023/04976/И |
Дугаар | 210/МА2024/01313 |
Огноо | 2024-06-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/01313
2024 06 24 210/МА2024/01313
С.М ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/02189 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч С.М ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Зд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Зд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн.
Хариуцагч Б.З нь өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөхгүй, холбогдох хаяг дээрээ байхгүй байсан. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хариуцагч Б.Згийн гэрийн хаягийг тодруулсны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд хариуцагч Б.Згаас зээл 15,000,000 төрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С.М , Б.Н нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ хийсэн. Хамтран зээлдэгчээр Б.З нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойно гарын үсэг зурсан. Энэ нь гэрээний балны өнгөнөөс ч харагдана. Зээлийг Б.Н төлөхгүй байсан бол Б.Згаас зээлийн төлбөр, хүү, алдангийг нэхэмжлэх боломжтой байсан.
2022 оны 01 дүгээр сард анх шүүхэд хандсан нь анхнаасаа алдангийг өсгөх гэсэн санаа байсан. Б.З зээлийн гэрээнд өгсөн гэрийн хаягтаа одоог хүртэл амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл Б.Нтай асуудал нь даамжраад ирэхээр хамтран зээлдэгч Б.З руу хандаж байна. Б.З, Б.Н нар гэр бүлийн хүмүүс байсан, одоо бол гэрлэлтээ цуцлуулсан. Б.Н нь энэ асуудал компани шилжүүлээд шийдсэн, ямар нэгэн маргаан байхгүй. Харин хэд хэдэн удаа авсан зээлийн асуудал яригдаад байгаа гэдэг тайлбар өгдөг. Харин Б.Нг гэрчээр оролцуулахаар болсон боловч хаяг нь олдохгүй байгаа учир өөр байдлаар нотлоход хүндрэл үүсээд байна.
Иймд зээлийн төлбөрийг бүрэн төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Удахгүй төлөгдөөд дуусчих боломжтой гэхээр нь зээлийн гэрээнд сүүлд нь гарын үсэг зурсан. Тухайн зээлийн гэрээ нь 10 хувийн хүүтэй буюу хэт өндөр хүүтэй байгаа. Энэ нь нийтээр тогтоосон зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, мөн хүчээр гарын үсэг зуруулсан.
Иймд тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь үндэслэлтэй байгаа учир зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
Сэтгэцийн ямар нэг асуудалгүй л бол ямар гэрээнд гарын үсэг зурж байгаагаа ойлгох ухамсартай хүн гэж харж байгаа. Гэтэл одоо ингээд хүчээр гарын үсэг зуруулсан юм шиг яриад байна. Мөн энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл байхгүй. Тухайн үед Б.З, Б.Н нар нь гэр бүлийн харилцаатай байсан. Тэгэхээр гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан уу, хувийн хэрэгцээндээ зарцуулсан уу гэдэг нь бидэнд хамааралгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Згаас 16,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М т олгож, үлдсэн 10,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Згаас 240,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М т олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зааснаар хариуцагч Б.Зд холбогдох алдангитай холбоотой хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь түүний нөхөр болон Б.З нарын хамт амьдарч байсан хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ байхгүй гэж буцаасан шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2662 дугаар захирамжаар эрэн сурвалжлагдаж байж олдсон. Хариуцагч Б.З нь санаатайгаар төлбөр төлөхөөс зайлсхийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зугтаж алга болсон, эрэн сурвалжлагдаж байж олдсон, мөн анхан шатны шүүх хуралдааныг янз бүрийн шалтаг тоочин 4 удаа хойшлуулж цаг хугацаагаар намайг хохироосон. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш бүтэн 5 жил болж байхад гэрээгээр хүлээсэн алдангийг тооцохгүй намайг хохироож байх тул давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Б.Н үндсэн зээлдэгч, Б.З хамтран зээлдэгчээр тус зээлийн гэрээний харилцаанд оролцсон. Б.Нгийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөгийн хүү төлж, үүнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг тус тус С.М аас зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан байхад үндсэн зээлдэгч Б.Нгаас зээлийн төлбөр нэхэмжлээгүй байж дахин 2 удаагийн зээл олгосон. 2019 оны 10 дугаар сард компанийн нэр шилжүүлж авсан нь Д.Н зүгээс зээлийн төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан гэж гэр бүлийн харилцаагаа дуусгахдаа Б.Зд хэлсэн. Үүнээс хойш Б.Зд зээлийн төлбөрөө төл гэдэг байдлаар ямар нэгэн нэхэмжлэл ирж байгаагүй. Б.Згийн оршин суугаа хаяг зээлийн гэрээнд дурдагдсан. Энэ хугацаанд С.М шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байснаа хөөн хэлэлцэх хугацаа дуусах үед Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, сүүлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа нь үүрэг гүйцэтгүүлэгч тухайн үүрэг шаардах эрхээ үүрэг гүйцэтгэгчээс хамааралгүйгээр гүйцэтгэж чадаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс алдсан хугацааны алданги нэхэмжилсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч өөрийн буруутай үйлдлээс болж шаардах эрхээ алдсан.
Иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу анз авах эрхээ алдсан гэж анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. С.М болон Б.Н, Б.З нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч С.М нь 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй шилжүүлэх, зээлдэгч Б.Н, хамтран зээлдэгч Б.З нар нь зээлийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
Зээлийн гэрээнд зээлдэгчээр Б.Нг, хамтран зээлдэгчээр Б.Зг тус тус тодорхойлж, зээлдэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг тусгасан байх тул тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.
Хариуцагч нь ноцтой төөрөгдлийн нөхцөл үүсгэж хамтран зээлдэгчээр гэрээнд сүүлд нөхөн гарын үсэг зуруулсан, зээлийн гэрээний нөхцөлийг ойлгоогүй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүйг шүүх зөв дүгнэжээ. Түүнчлэн зээлийн гэрээнд хүүг 10 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасантай нийцсэн тул хүүгийн хэмжээ хэт өндөр үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийг зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.
4. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба зээлдүүлэгч С.М нь зээл 15,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Нгийн дансанд шилжүүлсэн үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.
5. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч болох хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.
Хариуцагч нь Б.Н энэ асуудал компани шилжүүлээд шийдсэн, ямар нэгэн маргаан байхгүй гэж тайлбарласан гэж маргасан байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан Б.Н, С.М нарын байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Цэхц гранд констракшн ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт зэргийг үндэслэн уг тайлбар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.
Хариуцагч нь нэг сарын хүү 1,500,000 төгрөгийг төлсөн тухай тайлбар гаргасныг нэхэмжлэгч маргаагүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.
6. Зээлийн гэрээний 5 дахь заалтад талууд алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.
Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги хуримтлагдахад хариуцагч буруугүй гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч С.М нь Б.З, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2022/02662 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүчин төгөлдөр тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 28з 2-3/5398 дугаар албан бичигт шүүхийн шийдвэрийн дагуу Б.Зг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоосон талаар тусгасан байх тул нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг буруу тодорхойлж нэхэмжлэл гаргасны үр дагаврыг хариуцагч хариуцахгүй, нэхэмжлэгч Б.Згийн бүртгэлтэй хаягийн дагуу шаардлага гаргасан гэдгээ нотлоогүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
Түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан нь дээрх хариуцагчийн хаяг тодорхой эсэх нөхцөл байдалд хамааралгүй тул уг зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 16,500,000 төгрөгийн 50 хувь болох 8,250,000 төгрөгөөр алдангийг тооцох нь зүйтэй.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрт маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг баримталсан тул хасах, алдангитай холбоотой зохицуулалт болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлаагүйг нэмж тусгах, түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулгыг тусгаагүйг залруулах шаардлагатай тул тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулж, мөн хариуцагчаас алдангид 8,250,000 төгрөгийг нэмж гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/02189 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Згаас 24,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,250,000 төгрөгт холбогдох хэсгийг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.М т холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Б.Згийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад ...240,450 гэснийг 281,700 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 142,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА