Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

 

    2019      04          30                                   2019/ШЦТ/338

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Б.М, /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овгийн Батаагийн Мэндбаярт холбогдох эрүүгийн 1911008410321 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бэсүд овогтой Батаагийн Мэндбаяр, 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 100 айлд вакум цонхны үйлдвэрт ажилладаг, ам бүл 3 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо К104-52 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богинын задгайд түр оршин суудаг гэх,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар ПО72091535.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Яргайтын богины задгайд байрлах гэртээ хохирогч П.Мөнхзул руу аяга шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би мөрдөн байцаалтын шатанд бүгдийг ярьж, мэдүүлсэн. Одоо нэмж ярих зүйлгүй. Гэхдээ би буруу зүйл хийснээ маш сайн ойлгож байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч П.Мөнхзул мэдүүлэхдээ: “...Ганчимэгийн төрсөн өдөр байсан болохоор эхнэр бид хоёрыг очиход ...юм ярьцгааж архи пиво уусан мөн хөзрөөр тоглож сууцгаасан. Архи пиво дуусчихаар нь Мэндбаяр бид хоёр дахин архинд явсан. 0,75 литрийн Соёрхол архи авсан бөгөөд уг архиа хөзөр тоглонгоо ууж дуусгасан. Тэгээд унтаж амрахаар болсон би эхнэрийн хамт зочны өрөөний газраар дэргэд мөн Мэндбаярын ажлын залуу эхнэрийн хамт хэвтсэн. Тэгтэл Мэндбаяр нь дахиж архи ууя гээд нэг хүн рүү утсаар яриад архи захиад байсан. Мэндбаярын дүү гэх залуу орж ирсэн бөгөөд 0.75 литрийн Улаанбаатар архи оруулж өгчхөөд явсан. Тэгтэл Мэндбаяр архи авчруулчихлаа бос гэсээр байгаад намайг босгосон. Би ширээний дэргэд очоод сандал дээр суугаад авсан архийг нь задлаад дөнгөж хундагалж байтал гаднаас Мэндбаярын хүргэн Баяраа орж ирсэн. Баяраа бага зэрэг халамцуу байсан Мэндбаяр түүнийг хараад уурласан. Хүргэн Баяраа орж ирээд ширээнд суухад нь Мэндбаяр Чи муу одоо доромжлоод байна уу гэж хэлэхэд би "одоо хөгшөөн согтуу байгаа юм чинь болно өглөө болохгүй юу даа" гэж хэлсэн чинь Мэндбаяр босож ирээд "чамд ямар хамаатай юм бэ" гэж хэлээд алгадаад унагаасан. Болормаа босож ирээд чамд наад асуудал чинь ямар хамаатай юм бэ унтъя гээд намайг татаад оронд оруулсан. Би хэвтээд байж байтал Мэндбаяр нь хүргэн Баяраагаа зодоод гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгтэл Мэндбаярын дагавар охин болох Пагма нь хадам аавыгаа манайхаас зайл гэж орилсон бөгөөд би толгойгоо өндийлгөөд бостол над руу пивоны шилэн аяга шидчихсэн. Уг бакал аяга миний духан дундуур оносон бөгөөд духан дээр хагарсан...” гэжээ /хх-11-14/.

Гэрч Н.Болормаа мэдүүлэхдээ: “...Мэндбаяр гал тогооны ширээн дээр байсан цайны аягыг аваад нөхөр лүү шидсэн, шидсэн аяга нь яг манай нөхрийн духанд оносон бөгөөд оногдсоны улмаас язарч цус гарч эхэлсэн...” гэжээ /хх-15-16/.

Гэрч Х.Гантүлхүүр мэдүүлэхдээ: “...Нэг сэрээд 05 цаг 29 минутын үед би сэрсэн бөгөөд их унтаагүй байсан. Гаднаас хүн орж ирэх шиг болохоор нь харсан чинь Мэндбаяр ахын хүргэн Баяраа гэх залуу согтуу байдалтай орж ирээд ширээ рүү очиж Мэндбаяр ах, Мөнхзул ах нартай хамт суусан, Мэндбаяр, Мөнхзул ах нар сүүлд ирсэн архиа уух гээд сууж байсан юм байна лээ. Мэндбаяр ах хүргэн Баярааг гар согтуу ирлээ гэж гэрээсээ хөөсөн чинь гарахгүй байхаар нь Мэндбаяр ах босоод хүргэнээ босгоод зодоод гаргасан. Хэрхэн биеийн аль хэсэгт яаж зодсон талаар би хараагүй ээ, тэгж байхад л Мөнхзул ах чи яагаад намайг алгадчих ваа гэж хэлэхийг сонссон. Тэгсэн чинь Болормаа эгч босоод Мөнхзул ахыг унт гэж хэлээд ор руу нь оруулаад хэвтүүлсэн. Мөнхзул ах унталгүй, толгойгоо өндийлгөөд нэг юм яриад байсан, би юу ярьсныг бол мэдэхгүй байна. Нойрмоглоод юу яриад байгааг нь сайн сонсож чадаагүй. Би хэвтээд байж байхад цагаан өнгийн аяга Мөнхзул ахын духыг онож хагарсан. Тэгэхэд Мөнхзул ахын духнаас нь цус гоожоод явсан ба дуу чимээтэй болж эхэлсэн бөгөөд манай хүү айгаад уйлахаар нь би хүүгээ дагуулаад 00-н өрөө рүү орчихсон. Араас нь Пагма орж ирээд бид гурав 00-ын өрөөнд зогссон. Дуу чимээ багасаад гарахад Мэндбаяр ах цонхны дэргэд ширээний хажууд сандал дээр сууж байсан, харин Мөнхзул ах болохоор ширээний нөгөө талд сандал дээр цусаа тогтоохоор алчуураар дараад сууж байсан. Дэргэд нь Болормаа эгч зогсож байсан...” гэжээ /хх-19-20/.

Гэрч Х.Ганчимэг мэдүүлэхдээ: “...Би унтаж байтал том өрөөнд нэлээн чимээ шуугиан болоод хүмүүсийн дуу чангараад ирэхэд нь би өрөөнөөс гартал Мэндбаяр нэлээн ууртай байдалтай харагдсан. Мэндбаяраас юу болсон талаар асуухад хүргэн гаднаас согтуу орж ирээд, барилцаж аваад гаргалаа гэж хэлсэн. Би Мэндбаярыг унтъя гэж хэлээд өрөө лүгээ аваад орсон. Өрөөнд байж байтал нөгөө өрөөнөөс охин Пагма уйлах шиг дуу гарсан бөгөөд Мэндбаяр сонсчхоод чи нөхрөө өмөөрлөө гэж хэлээд өрөөнөөс гарсан. Пагма, Мэндбаяр хоёрын дундуур бага зэргийн гэр бүлийн маргаан болсон. Би дагаж араас нь гараад ширээний дэргэд очоод зогстол Мөнхзул толгой, цээж хэсгээрээ өндийж босож ирээд чимээгүй бай гэж хэлэх шиг болсон чинь Мэндбаяр ширээн дээр байсан кофены том аягыг аваад Мөнхзул руу шидсэн чинь дух хэсэгт нь оноод гүн ярчихсан. Мөнхзулын духнаас цус гарсан...” гэжээ /хх-23-24/.

Гэрч Г.Пагма мэдүүлэхдээ: “...хойд аав Мэндбаяр нь миний нөхөр Баярсүрэнг газар хэвтүүлчихсэн, нэг удаа өшиглөж байсан. Нөхрийг маань гэрээс хөөгөөд байхаар нь би дундуур нь ороод дийлэхгүй байсан. Манай нөхөр өөрөө гараад явчихсан, хаашаа явсныг нь би мэдээгүй ээ. Би өөрийнхөө өрөөндөө ороод уйлаад суутал Мэндбаяр гарч ирээд хэн уйлаад байгаа юм бэ гэхэд ээж хэн ч уйлаагүй байна гэхэд нь Мэндбаяр охин чинь уйлаад байна, нөхрийгөө өмөөрөөд гэхээр нь би хэн өмөөрсөн юм бэ та өөрөө явсан хойно нь араас нь хараад байгаа биздээ гэж хэлсэн чинь над руу салаавч гаргасан. Тэгэхэд нь Мөнхзул ах чи юундаа охин руу салаавч гаргаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Мэндбаяр ууж байсан устай том кофены аягаа Мөнхзул ах руу шууд шидчихсэн. Тэгээд бүгдээрээ л хүн алчихлаа гэж хэлэхээр нь би босоод харсан чинь Мөнхзул ахын духны хэсгээс цус их хэмжээгээр гарч харагдсан, би айгаад Гантүлхүүр эгч хүүхдээ дагуулаад 00-н өрөө орсон...” гэжээ /хх-25-26/.  

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №3177 дугаар  дүгнэлтэд: 

“1. П.Мөнхзулын биед духанд шарх, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. П.Мөнхзулын духанд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба хүзүү, зүүн өвдөгт зулгаралт хэвлийд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” /хх-28/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна. 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Яргайтын богины задгайд байрлах гэртээ хохирогч П.Мөнхзул руу аяга шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч П.Мөнхзулын “…Тэгтэл Мэндбаярын дагавар охин болох Пагма нь хадам аавыгаа манайхаас зайл гэж орилсон бөгөөд би толгойгоо өндийлгөөд бостол над руу пивоны шилэн аяга шидчихсэн. Уг бакал аяга миний духан дундуур оносон бөгөөд духан дээр хагарсан...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №3177 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хуульд заасан торгох ял шийтгэв. 

Шүүх шүүгдэгч Б.Мт ял шийтгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч П.Мөнхзул нь эмчилгээний зардалд баримтаар нийт 619.395  төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.М нь 140.000 төгрөг хохиролд өгсөн байна. Иймд үлдэх 479.395 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч П.Мөнхзулд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овгийн Батаагийн Мэндбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Маас нийт 479.395 төгрөгийг гаргуулан хохирогч П.Мөнхзул /РД: ЗЮ82010413/-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН