Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01314

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  06  24  210/МА2024/01314

 

 

 

Ч.З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/01788 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.З ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Д ХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай байгууллага 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б.Д ХК-тай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээг цахимаар байгуулсан бөгөөд гэрээний дагуу даатгалын хураамжаа төлсөн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй.

1.2. Гэрээний зүйл болох манай байгууллагын өмчлөлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явсан жолооч 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Э.Т.Т ХК-ийн уурхайн ачилтын бүс буюу тусгай хамгаалалттай гаалийн хяналтын бүсэд ухрах үйлдэл хийхдээ Х.Ө.З ХХК-ийн өмчлөлийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан. Энэ талаар хариуцагч Б.Д ХК-ийн төлөөлөгч болон сумын цагдаад мэдэгдсэн бөгөөд уг осолд манай жолооч А.А буруутай болох нь тогтоогдож 100,000 төгрөгөөр торгуулж, 5 оноо хасуулсан. Мөн энэ талаар Э.Т.Т ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэсэн тайланд тусгагдсан.

1.3. Бид даатгалын байгууллагад хандаж, тэдний үнэлгээ хийлгэх зөвлөгөөний дагуу Х.Ө.З ХХК-ийн өмчлөлийн, *** улсын дугаартай нүүрс тээврийн автомашины эвдрэл, хохирлыг тогтоолгохоор үнэлгээ хийлгэхэд 33,990,000 төгрөг болсон бөгөөд уг мөнгийг бид тухайн байгууллагад шилжүүлсэн. Харин Б.Д ХК-аас манай байгууллагад хариу өгөхдөө ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шалгуулах үүргээ биелүүлээгүй гэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан юм. Улмаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахад даатгалын тохиолдол үүссэн учир нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэ гэсэн хариу өгсөн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл даатгалын нөхөн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд даатгалын гэрээнд заасан эрсдэл бий болсон, даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж байгаа учир 33,990,000 төгрөгийг шаардсан юм. Харин бид шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнд заасан нэг удаагийн нөхөн төлбөрийн хэмжээгээр буюу 10,000,000 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай байгууллага нэхэмжлэгч байгууллагатай 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг байгуулсан талаар маргаангүй. Харин даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж маргаж байна. Тодруулбал нэхэмжлэгч байгууллага нь 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр болсон ослын талаар Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай байгууллагад мэдэгдсэн бөгөөд энэ нь нэн даруй гэдэг ойлголтод хамаарахгүй. Мөн нэхэмжлэгч байгууллагын жолооч буруутай гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоосон баримтгүй, харин жолооч нь даатгалын байгууллагаар асуудлаа шийдүүлнэ гээд хаагдсан болох нь баримтаар харагдаж байна.

2.2. Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар С ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 10 сая төгрөг хүртэл хэмжээгээр даатгалын нөхөн төлбөр авах боломжтой. Харин Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон C, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна, 10.2 дахь хэсэгт зааснаар 33,000 төгрөгийн даатгалын суурь хураамжийг төлнө гэжээ. Гэтэл даатгуулагч нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 11.1 болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журамд заасны дагуу 179,010 төгрөгийн хураамж төлж хариуцлагаа даатгуулсан байх боловч жолооч нь мэргэшсэн жолоочийн хариуцлагын даатгал хийлгээгүй байсан байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт зааснаар даатгалын тохиолдол бүрт нөхөн төлбөрийг даатгуулагч тус бүрийн төлсөн даатгалын хураамжийн харьцаагаар даатгагч тус бүр хариуцан төлнө. Жолооч нь даатгалын суурь хураамж болох 179,010 төгрөг, мэргэшсэн жолоочийн даатгалын хураамж болох 33,000 төгрөг, нийт 212,010 төгрөгийн хураамж төлж даатгуулсан байх ёстой ч мэргэшсэн жолоочийн даатгалд даатгуулаагүй байна. Уг 212,010 төгрөгийг 179,010 төгрөгт хувь тэнцүүлэхэд 84,43 хувь болох ба энэ нь даатгуулагчийн манайхаас нэхэмжлэх боломжит дээд хувь хэмжээ юм.

Иймээс жолооч мэргэшсэн жолоочийн даатгалгүй байсан тул Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан 10,000,000 төгрөгийн 84,43 хувь болох 8,443,000 төгрөг байх боломжтой байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар хариуцагч Б.Д ХК-иас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.З ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.З ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 327,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Д ХК-иас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.З ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

  4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1. Даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолоход Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 10 дугаар зүйлийн 10.2, 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт заасан заалтуудыг зайлшгүй хэрэглэх ёстой байсан.

Тодруулбал Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт заасны дагуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал даатгуулах этгээдүүд нь тээврийн хэрэгслийн өмчлөгч болон С, D ангиллын мэргэшсэн жолооч байх бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн өмчлөгч-ийн төлөх даатгалын хураамж нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан Даатгалын суурь хураамж тооцоолох итгэлцүүр болон болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 211 дугаартай Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам-д заасан хэмжээтэй байх бол мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан С, D ангиллын мэргэшсэн жолоочийн төлөх даатгалын хураамж нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 33,000 төгрөг байна.

Улмаар Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Ч.З ХХК нь дээрх итгэлцүүрийн дагуу 179,010 төгрөгийн хураамжийг төлж Б.Д ХК-тай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан байх боловч мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заасан этгээд болох тухайн С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч А.А нь уг даатгалд даатгуулаагүй байсан. Тэрээр даатгуулаагүй байх үедээ осол гаргасан болох нь Жолоочийн даатгалын мэдээллийн сангийн тайлангаас харагддаг. Уг мэдээллийн сан бол Жолоочийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд хуульчилсан сан бөгөөд аливаа жолооч болон тээврийн хэрэгслийн өмчлөгч нь даатгалд хамрагдсан байсан эсэх, олгогдсон нөхөн төлбөр зэрэг жолоочийн даатгалтай холбоотой бүхий л мэдээллийг агуулдаг албан ёсны мэдээллийн сан юм. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4 дэх хэсэгт заасны дагуу уг цахим сангийн мэдээлэл нь нийтэд нээлттэй, хүртээмжтэй байдаг.

4.2. Гэвч үүнтэй холбоотой нотлох баримтууд нь дараах шалтгаанаар хэрэгт авагдаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэж заасны дагуу уг нотлох баримт бол Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний үүрэгт нөхөн төлбөр нэхэмжилж буй даатгуулагч буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримт юм. Мөн мэргэшсэн жолооч А.А нь Б.Д ХК-тай мэргэшсэн жолоочийн даатгалын гэрээ байгуулаагүй байсан тул уг нөхцөл байдалтай холбоотой гаргаж өгөх баримт манайд байгаагүй болно. Хэрэв уг жолооч нь өөр ямарваа нэг даатгалын компанид 33,000 төгрөгийн хураамж төлж, хариуцлагаа даатгуулсан байсан бол даатгалын гэрээ, гэрээний баталгаа зэргээ шүүхэд гаргаж өгөх ёстой байсан боловч хавтаст хэрэгт үүнтэй холбоотой нотлох баримтууд байдаггүй.

4.3. Тухайн жолооч нь 33,000 төгрөгийн суурь хураамж төлж, хариуцлагаа даатгуулсан эсэхийг тодруулах зорилгоор шүүх хуралдаан эхлэхийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Жолоочийн даатгалын цахим мэдээллийн санд үзлэг хийлгэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн боловч шүүгч хүсэлтийг хангаагүйн улмаас хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлж чадаагүй.

Иймд хэрэгт жолооч А.А ийг жолоочийн даатгалд даатгуулсан гэдгийг нотлох даатгалын гэрээ, гэрээний баталгаа зэрэг баримтууд авагдаагүй, нэхэмжлэгч тал үүнийгээ нотолж чадаагүй, уг зайшгүй шаардлагатай нотлох баримтыг Жолоочийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан Мэдээллийн цахим санд үзлэг хийлгэж, тогтоолгох хүсэлтийг шүүгч хүлээж аваагүй зэргийг харгалзан үзэхэд жолоочийг жолоочийн даатгалд даатгуулаагүй байсан гэж үзэх үндэслэлтэй байсан. Гэвч нотлох баримт байхгүй байхад жолоочийн даатгалд даатгуулаагүй байсан жолоочийг даатгалтай байсан мэтээр хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхээс алдаатай дүгнэлт хийсэн. Учир нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт Энэ хуулийн 5.1-д заасан даатгуулагчийн тээврийн хэрэгслийг мөн хуулийн 5.3-т заасан даатгуулагч жолоодож байх үед үүссэн даатгалын тохиолдол бүрд нөхөн төлбөрийг даатгуулагч тус бүрийн төлсөн даатгалын хураамжийн харьцаагаар даатгагч тус бүр хариуцан төлнө" гэж заасан. Гэтэл уг хуулийн 5.1 дэх хэсэгт заасан "тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу нэхэмжлэгч, даатгуулагч Ч.З ХХК нь даатгалын суурь хураамж болох 179,010 төгрөгийг, 5.3 дахь хэсэгт заасан жолооч А.А нь 33,000 төгрөгийг, талууд нийт 212,010 төгрөгийн хураамжийг төлж даатгуулсан байх ёстой байсан ч жолооч А.А нь жолоочийн даатгалд даатгуулаагүй байсан байна. Уг төлөх ёстой байсан 212,010 төгрөгийн хураамжаас зөвхөн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн төлөх хэсэг буюу 179,010 төгрөгийн хураамж л Б.Д ХК-д төлөгдсөн.

Иймд нөхөн төлбөрийг олгохдоо даатгуулагч тус бүрийн төлсөн хураамжийн харьцаагаар хувь тэнцүүлэн даатгалын компани тус бүр хариуцах ёстой юм. Тээврийн хэрэгслийн өмчлөгч Ч.З ХХК-ийн Б.Д ХК-д төлсөн хураамж бол нийт хураамж 212,010 төгрөгийн 84.43 хувь байх тул хариуцагч буюу Б.Д ХК нь нийт олгох нөхөн төлбөрийн 84.43 хувь буюу 8,443,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байсан.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1,557,000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ч.З ХХК нь хариуцагч Б.Д ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Ч.З ХХК, Б.Д ХК-иудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгуулагч Ч.З ХХК нь өөрийн өмчлөлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцох үеийн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлын эрсдэлийг даатгуулах, даатгалын хураамжид 179,010 төгрөг төлөх, даатгагч Б.Д ХК нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоосон ба талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, мөн гэрээ хүчин төгөлдөр байна.

4. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр даатгуулагч Ч.З ХХК-ийн жолооч А.А нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Э.Т.Т ХК-ийн уурхайн ачилтын бүс буюу тусгай хамгаалалттай гаалийн хяналтын бүсэд тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Хаппи өлзийт зам ХХК-ийн өмчлөлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

Жолооч А.А т 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3100043230014034 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан 3амын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг шүүх зөв тогтоожээ.

Түүнчлэн ослын улмаас бусдын эд хөрөнгө буюу гуравдагч этгээд Хаппи өлзийт зам ХХК-ийн өмчлөлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 33,990,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна.

5.1. Тус тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тусгагдсанаар бүх жин 36,179 кг тул Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлд тодорхойлсон механикжсан тээврийн хэрэгслийн ангиллын дагуу C ангилалд хамаарч байна.

Мөн жолооч А.А нь В, С, СЕ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь түүний жолоочийн үнэмлэхээр тогтоогдсон.

5.2. Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар жолоочийн даатгалд заавал даатгуулахын зэрэгцээ "С", "D" ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулахаар мөн хуулийн 5.3 дахь хэсэгт зохицуулсан, энэ нөхцөлд даатгуулагч 33,000 төгрөгийн даатгалын суурь хураамж төлөхөөр мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заажээ.

5.3. Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Даатгуулагч батлагдсан маягтын дагуу даатгагчид мэдүүлэг бөглөж өгнө гэж заасан ба Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 212 дугаар тогтоолоор батлагдсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягтыг талууд үйлдэж баталгаажуулсан байна.

Маягтын 4 дүгээр зүйлд даатгалын хураамжийг тусгасан ба суурь хураамж 42,500 төгрөг, үүнээс 9 итгэлцүүрээр тооцож хураамжийн дүнг 179,010 төгрөг гэж тодорхойлжээ. Уг хэсэгт "Мэргэшсэн болон С, D ангиллын жолоочийн даатгалыг хийлгэх үү: ТИЙМ/ҮГҮЙ" гэсэн нөхцөл байх ба ТИЙМ эсхүл ҮГҮЙ гэсний аль нэгийг сонгосон тэмдэглэгээ хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл даатгалын гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарах бөгөөд даатгагч нь "С" ангиллын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гадна уг тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч заавал даатгуулах үүрэгтэй талаар даатгуулагчид тайлбарлаж, баталгаажуулсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

5.4. Иймээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан гэрээнд заасан даатгалын хураамж төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэх ба тээврийн хэрэгслийн жолооч даатгалын хураамж 33,000 төгрөг төлөөгүй учир нөхөн төлбөрийг нэхэмжлэгчийн төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хариуцна гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт Энэ хуулийн 5.1-д заасан даатгуулагчийн тээврийн хэрэгслийг мөн хуулийн 5.3-т заасан даатгуулагч жолоодож байх үед үүссэн даатгалын тохиолдол бүрд нөхөн төлбөрийг даатгуулагч тус бүрийн төлсөн даатгалын хураамжийн харьцаагаар даатгагч тус бүр хариуцан төлнө гэж заасан нь даатгагч нь даатгуулагчид тухайн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч заавал даатгуулах үүрэгтэй талаар тайлбарлаж, улмаар даатгуулагч уг даатгалыг хийлгэхээс татгалзсанаа Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягтад ҮГҮЙ гэсэн тэмдэглэгээг хийж баталгаажуулсан нөхцөлд хэрэгжих үндэслэлтэй болно.

7. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрт 10,000,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан хохирогчид нөхөн төлбөр олгох зохицуулалтад үндэслэн тодорхойлсон нь буруу тул давж заалдах шатны шүүхээс залруулж, холбогдох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/01788 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.-т гэснийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 39,862 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА