Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

   2019        04          30                                  2019/ШЦТ/340

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

  шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Гүнрэгжавын Энхбаатарт холбогдох эрүүгийн 1911006470358 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Гүнрэгжавын Энхбаатар, 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамжны 530 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 48 дугаар гудамжны 11 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЮ83122373.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15 дугаар гудамжны 55 тоотод иргэн Ю.Эрдэнэсүрэнг хутгалж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ю.Эрдэнэсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Оюунгэрэлийн гэрт Оюунгэрэл, Мөнхтуяа, эхнэр Өлзийбаяр, Энхбаатар, Түвшинжаргал нар хамт байх үед бид нар архи уусан. Өдөр нь Энхбаатар бид хоёр шоронгийн талаар ярьж маргалдаж байсан. Тэгж байгаад маргаанаа дуусгаж үргэлжлүүлэн архиа уусан. Оюунгэрэл, эхнэр, Энхбаатар 3 архинд дэлгүүр явсан. Ирэхдээ нэг шил 0.75 литрийн архи авч ирсэн бөгөөд ирсний дараа манай эхнэр надад хэлэхдээ Энхбаатарыг наад нэг балай юм чинь чамайг надаас салгаж надтай сууна гээд балай юм яриад байна гэсэн. Тэгэхээр нь би Энхбаатарт хандаж чи юун балай юм яриад байгаа юм гэж хэлсэн чинь надтай нэг их зүйл яриагүй. Хэсэг хугацааны дараа Энхбаатар Түвшинжаргал нар гараад явахаар нь би бодохдоо дэлгүүр рүү архинд явж байна гэж бодсон. Тэр үед нэлээн согтоод байсан болохоор Оюунгэрэл болон эхнэр хоёрын хажуугаар орон дээр унтсан. Оюунгэрэл, эхнэр хоёр бас орон дээр унтаж байсан юм. Унтаж байтал гэнэт миний зүүн гар руу цохиод авах шиг болоод би сэрсэн. Сэрэх үед Энхбаатар миний дээр дарчихсан гартаа хутга барьчихсан байсан сэрсний дараа дахин миний гар руу дахин хутгалахаар нь би яаж байгаа пиуны вэ гэж хэлсэн чинь хажуугаас эхнэр сэрээд Энхбаатарын гараас хутгыг нь булааж авсан...” гэжээ /хх-16-17/.

Гэрч Д.Өлзийбаяр мэдүүлэхдээ: “...Тухайн үед би архи уучихсан байсан бөгөөд ядраад Оюунгэрэлийн гэрийн баруун талд угаалгын машины орчим шар өнгийн усны саван дээр суугаад унтаж байтал хэн нэгэн нь сэрээрэй танай нөхрийг хутгалчихлаа гэхээр нь сэрээд хартал манай нөхөр Эрдэнэсүрэн хойморт байсан намхан орны зүүн урд буланг толгойгоороо дэрлээд газар хагас хэвтэж байсан. Яг хажууд нь Энхбаатар зурагтын хажууд гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд би нөхрөө хартал зүүн гарын бугалга орчмоос доошоо цус урсаж гарч байхаар нь би Энхбаатарын гараас хутгыг нь булааж авсан. Уг хутгыг дараа нь би гадаа гарч гэрийн дээд талд нэг тоосгон дээр тавьсан..., ...уг асуудал болохоос өмнө өдөр нь архи авахаар дэлгүүр рүү Энхбаатар, Оюунгэрэл бид гурав архинд явж байх үед Энхбаатар намайг авч сууна гэх мэтээр янз бүрийн зүйл яриад байсан бөгөөд буцаж орж ирээд энэ талаар би нөхөртөө хэлснээс болж Энхбаатар Эрдэнэсүрэн нар жаахан маргалдсан. Тэр үед нэг их сүртэй зүйл болоогүй...” гэжээ /хх-28-29/.

Гэрч Л.Оюунгэрэл мэдүүлэхдээ: “...би согтоод унтаж байгаад хүмүүс шуугилдаад байхаар нь сэрсэн чинь Эрдэнэсүрэнгийн ханцуй нь цус болчихсон хажууд нь Энхбаатар урд талд нь зогсож байсан. Тэгэхээр нь би Энхбаатарыг чи яаж байгаа юм бэ гэтэл Энхбаатар харин тиймээ одоо яанаа гээд байсан. Тэгээд Мөнхтуяа түргэн дуудах гэтэл Эрдэнэсүрэн Энхбаатарт хандаж битгий түргэн дууд, би чамайг яг өөр шигээ болгоноо гээд байсан. ...Энхбаатар өөрөө л надад би хутгалчихлаа гэж байсан түүнээс биш яг хутгалж байхыг нь хараагүй...” гэжээ /хх 33-34/.

Гэрч Б.Мөнхтуяа мэдүүлэхдээ: “...би бие засахаар гэрээс нь гараад жорлон орчхоод буцаад гэрт ортол гэрийн хойморт байдаг орон дээр цаагуур нь Оюунгэрэл цаашаа хараад унтаж байсан. Уг орны наагуур нь Өлзий нөхрийн хамт суучихсан нөхөр нь зүүн гараа доошоо унжуулчихсан гараас нь доошоо цус урсаж байгаа харагдсан. Энхбаатар тэр хоёрын хажуухан талд орны баруун урд булан дээр сууж байсан. Оюунгэрэлийн бага хүү нь орон дээр сууж байсан. Тэгэхээр нь би цус хараад сандраад шууд гарч цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн...” гэжээ /хх-36-37/.

Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...буцаж гэртээ ороод Эрдэнэсүрэнд замд болсон ярианы талаар хэлсэн бөгөөд үүнээс болж Эрдэнэсүрэн надад уурлаж маргалдаж байгаад бид хоёр салсан. Тэгээд согтсоноосоо болоод ухаан балартаж байгаад сэрсэн чинь би хойморт байх орны урд хутга бариад зогсож байсан. Эрдэнэсүрэн миний урд талд хойморт байх орон дээр зүүн гарын орчмоос нь цус гараад сууж байсан. Гэтэл араас Өлзийбаяр зууралдаж байгаад надаас хутга булааж авсан санагдаж байна. Тэгээд би хүн алчихлаа гэж айсандаа болоод бүрэн ухаан орсон бөгөөд Эрдэнэсүрэнгийн цусыг нь тогтоох гэж оролдож, эмнэлгийн түргэн тусламжийг тосож авч ирж Эрдэнэсүрэнг эмнэлэг рүү явуулсан…, ...Эрдэнэсүрэнгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр зэргийн хохирол бүхий гэмтлийг учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэжээ /хх 75-76/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №2555 дугаар дүгнэлтэд: 

“1. Ю.Эрдэнэсүрэнгийн биед зүүн гарын шууны мэдрэл тасарсан, зүүн мөрний олон тооны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлтээс шалтгаална.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэжээ /хх-70/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-77/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15 дугаар гудамжны 55 тоотод иргэн Ю.Эрдэнэсүрэнг хутгалж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №2555 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүх шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Ю.Эрдэнэсүрэн нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт “...Г.Э нь миний хохирол, нэхэмжлэлийг бүрэн барагдуулсан. Миний биеийн байдал хэвийн болсон. Гомдол саналгүй байгааг минь харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Г.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

 Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 см урттай, ажлын хэсгийн урт 13.5 см хар өнгийн бариултай нэг ширхэг хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утгах болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Гүнрэгжавын Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 см урттай, ажлын хэсгийн урт 13.5 см хар өнгийн бариултай нэг ширхэг хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН