Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01322

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  06  26  210/МА2024/01322

 

 

 

 

Б.Л гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/02260 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Л гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 12,686,227 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сайнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.Л нь Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** байрны * дугаар давхрын *** хаягт байрлах орон сууцны өмчлөгч юм.

2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22.30 цагаас эхлэн дээд 4 дүгээр давхрын ** тоотын гал тогооноос манай гал тогоо, том өрөө, хойд, урд 2 жижиг өрөө, коридор, 2 агуулах, угаалгын өрөө ба бие засах өрөөг бүхэлд нь хамарсан ус алдалт болж, цахилгааны монтаж норж гэмтсэн. Үүний улмаас бүх өрөөний таазны эмульс их хэмжээгээр урсан шарлаж, бүх ханын цаас нэвт норж, бүх өрөөний герман паркетан шал дэвтэж, товойн хөөж гарч ирсэн. Мөн гал тогооны польш тавилга, том өрөөний диван, тавилга, урд өрөөний шинэ хийлгэсэн шкаф тавилгууд норсон.

Тухайн үед тэр даруйд сантехникч дуудахад **ын гал тогооны аваарын усны хаалт ажиллахгүй эвдэрхий байсан тул подвал дахь усны шугамыг бүхэлд нь хаасан. Орон сууцны конторын гаргасан техникийн дүгнэлтээр **ын гал тогооны өрөөний хэрэгцээний усны вентилийн гэмтлээс ус алдсан болохыг тогтоосон. **ын алдсан ус *** тоотын 1 давхар руу орсон. Үүнээс манай *** хамгийн ихээр хохирсон. Урьд нь ч уг айл 60 хоногийн дотор 4 удаа гэх мэтээр нийт 10 гаруй удаа их бага хэмжээгээр янз бүрийн шалтгаанаар ус алдаж байсан ба тэр болгонд манайх энэ айлаас нөхөн төлбөр огт авч байгаагүй ба харин сантехникийн бүрэн бүтэн байдлаа хангах, хариуцлагатай оршин суухыг хүсдэг байв. Гэсэн хэдий ч сантехникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүйн улмаас энэ удаад 2022 оны 10 дугаар сард 30,000,000 төгрөгөөр хийсэн иж бүрэн засварыг гэмтээж үр дүнгүй болгосон. Дахин энэ хэмжээний мөнгө гаргаж их засвар хийх боломжгүй тул ** айлаас засварт шаардлагатай 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 12,686,227 төгрөг болгож багассан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

А ХХК нь Баянгол дүүрэг, *** хороо, *** хороолол, ** байрны ** орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр компанийн ажилтан Э.Р.С тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 100,000,000 төгрөгөөр худалдан авч өгсөн ба уг байранд эхнэр Э.Б , 3 хүүхдийн хамт амьдарсан. 2020 оны 06 дугаар сард Э.Р.С нь гэмт хэрэгт холбогдон шалгагдсан тул манай компанийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, түүнээс уг орон сууцыг эргүүлэн шилжүүлэн авсан. Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/03330 дугаар шийдвэрээр Э.Б- хууль бус эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагт Э.Б эс орон сууцыг хүлээн авч, тэмдэглэл үйлдсэн. Орон сууцыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу бусдад худалдан борлуулсан.

Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ус алдсан талаар 9917037***тай иргэнээс компанид хандаж мэдэгдсэн. Тухайн **ын доод талын орон сууцын өмчлөгчид гэм хор учирсанд харамсаж байгаа ч энэ талаар бид мэдээгүй, мэдэх боломжгүй, ус алдах үйл явцыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ямар ч боломжгүй байсан тул гэм хор арилгуулах асуудлыг манай компани хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, Э.Б- хууль бус үйлдлийн улмаас орон сууцыг ашиглах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан хугацаанд үүссэн аливаа гэм хор учруулсан асуудлыг Э.Б хариуцах үүрэгтэй болно.

Иймд Иргэний хуулийн 1*** зүйлийн 13.3, 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчид холбогдуулан гаргасан гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Хэргийн материалтай танилцаж, шүүх хурлын процесс явцыг ажиглаад хэрэг явдал болсон 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ** байрны **ын өмчлөгч нь А ХХК байсан тул иргэн Б.Л д учирсан хохирлыг хариуцах нь зөв гэж үзэж байна. А ХХК өөрийн өмчлөлийн байрандаа хэнийг оршин суулгаж байсан, тэр хүмүүстэй хуулийн ямар асуудалтай байсан нь Б.Л гийн өмч хөрөнгийн хохирлоос тусдаа, хамааралгүй тул гарсан хохирлыг барагдуулах нь зөв гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-аас 12,686,227 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Л гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас 217,929 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л д олгож шийдвэрлэжээ.

 

  5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ус алдсан цаг хугацаа болох 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар ** орон сууцны бодит эзэмшил нь өмчлөгч "А " ХХК-д ямар нэгэн байдлаар шилжээгүй, харин эзэмшигч иргэн Э.Б- бүрэн эзэмшилд байсан талаарх бичгийн нотлох баримтуудыг зөв дүгнэсэн, улмаар өмчлөгч А ХХК нь тухайн өмчлөлийн орон сууцаа Э.Б- хууль бус эзэмшлээс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр буюу ус алдсан хэрэг явдал аль хэдийнээ өнгөрч, ус алдалтын акт нэгэнт гарсны дараах цаг хугацаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын оролцоотойгоор албадан чөлөөлүүлж авсан болохыг бодит байдалд нийцүүлэн дүгнэсэн. Уг үйл баримтаар нэхэмжлэгч Б.Л нь гэм хорын хохирлыг хариуцан арилгуулахаар хариуцагчаар нэр заасан хуулийн этгээд А ХХК нь Иргэний хуульд заасан гэм хорыг арилгах үүрэг үүсэх үндэслэл буюу санаатай эсхүл илт хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй, тухайн үед уг хариуцлагыг хүлээж байсан этгээд нь иргэн Э.Б байсан болох нь нотлогддог.

5.2. Гэтэл анхан шатны шүүх гэм хорыг хариуцан арилгахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн сууц өмчлөгчийн хуулиар хүлээсэн үүргийн талаарх нийтлэг зохицуулалт, тэдгээрийн дотор 13.2.5-д "гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах", 13.2.6-д "сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх" гэж заасан зохицуулалтыг гэм хор арилгах тухай нарийвчилсан зохицуулалтыг баримтлалгүйгээр хэрэглэж гэм буруутай эсэхээс үл хамааран, гэм буруугийн талаар ямар ч үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүйгээр хариуцагч "А " ХХК-ийг нэхэмжлэгч Б.Л гийн орон сууцанд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй" хэмээн дээрх мөнгөн дүнг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй шийдэл болсон гэж үзэж байна.

Иргэний хуулийн *** зүйлийн 3.3 дахь хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн... заалтыг хэрэглэнэ" гэж зааснаар гэм хорыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагад сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжоос илүүтэй гэм хорыг арилгах үүрэгтэй холбоотой иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэх шаардлагатай байсан. Гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаар Иргэний хуулийн тусгайлсан зохицуулалтад дараах онцлогтой заалтууд байгааг анхан шатны шүүх хуулийг хэрэглэхдээ бүрэн баримтлаагүй болох нь үндэслэх хэсэгт өгөгдсөн дүгнэлтээс харагдаж байна. Тухайлбал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй", мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт "Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Энэ хүрээнд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.6-д зааснаар буюу Э.Б эс гэм хорын нөхөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардаж, энэхүү гэм хор арилгах үүргийг гүйцэтгээгүй бол өмчлөгч хариуцахаар хуульд заажээ. Гэтэл гэм хорыг арилгах талаарх энэхүү хуулийн нарийн тодорхой зохицуулалтыг баримтлалгүй хэргийг шийдсэнд гомдолтой байна.

5.3. Ус алдалтын шалтгаан болсон "ф15 бинтел" нь дундын шугам эсхүл өмчлөгчийн хариуцах шугамын бүрдэл хэсэг эсэх үйл баримтыг нягтлан тодруулаагүй. Ус алдалттай холбоотой цугларсан баримтуудад дурдагдаж буй "ф15 бинтел" нь өмчлөгчийн хариуцах шугам эсхүл дундын өмчлөлийн шугамын аль болохыг нэхэмжлэгч, хариуцагч, шинжээч зэрэг аль ч оролцогч тогтоогоогүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, өмчлөгчийн хариуцах хэсэг болох талаар үндэслэл болгох нотлох баримт байхгүй байхад хариуцагчийг шууд буруутгасан дүгнэлт өгсөн.

Учир нь Иргэний хуульд орон сууцны дундын өмчлөлийн зүйл болон дангаар өмчлөх зүйлтэй холбоотойгоор хүлээх хариуцлагыг харилцан ялгаатай зохицуулсан байна. Тухайлбал Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт "Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд энэ хуулийн 142 дугаар зүйлд заасан талбай, түүнчлэн дундаа буюу дангаар өмчлөгч өөр этгээдийн эрхийг зөрчихөөргүй, эсхүл барилгын гадаад төрх байдлыг алдуулахгүйгээр өөрчилж, тусгаарлаж, нэмж сайжруулж болох түүний бүрдэл хэсэг хамаарна", 146.2 дахь хэсэгт "Дангаар өмчлөх талбайд байрлаж байгаа боловч барилгын бат бэх чанар, аюулгүй байдлыг хангахад шаардагдах тэр хэсэг, мөн өмчлөгчдийн дундын ашиглалтад байгаа байгууламж болон бусад төхөөрөмж дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болохгүй, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт "Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө", 147.2 дахь хэсэгт "Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг нийтлэг зардлыг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана", 147.3 дахь хэсэгт "Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээш бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд гаргана" гэж заажээ.

Үүнээс үзэхэд ус алдалт гарсан "ф15 бинтел" нь өмчлөгчийн дангаар өмчлөх зүйлд хамаарах эсэх, эсхүл хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйл эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүйгээр хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломжгүй гэж ойлгогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 12,686,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.1. Хэргийн баримтаар гэм хорын хохирол учрах үед Баянгол дүүрэг, *** хороо, *** хороолол ** байрны *** давхрын *** орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Л , мөн уг байрны 4 дүгээр давхрын ** орон сууцны өмчлөгч нь хариуцагч А ХХК байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна.

3.2. 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ** орон сууцнаас ус алдаж *** орон сууцны гал тогооны өрөө, том өрөө, коридор, урд, хойд жижиг өрөө, ариун цэврийн өрөөний хана, тааз, шал, цахилгаан монтаж усанд норж гэмтсэн үйл баримт Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 11-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2308 дугаар Орон сууцанд ус алдуулсан үзлэгийн мэдээ баримтаар нотлогдсоныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Уг баримтад ** орон сууцны гал тогооны өрөөний хэрэгцээний усны ф15 вентилийн гэмтлээс ус алдсан талаар дүгнэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч уг асуудлаар маргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул хариуцагч ф15 вентиль өмчлөгчийн дангаар өмчлөх зүйлд хамаарах эсэх, эсхүл хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйл эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй юм.

3.3. Мөн нэхэмжлэгч нь орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирлыг нийт 12,686,227 төгрөгөөр тооцсон ба шинжээч Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлт, Альфа уно ХХК-ийн үнийн санал баримт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 11-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2308 дугаар Орон сууцанд ус алдуулсан үзлэгийн мэдээ, гэрч Б.М ын мэдүүлэг зэрэг баримтад үндэслэн шүүх уг тооцоог үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ. Хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

4. Нэхэмжлэгч Б.Л нь А ХХК-ийг ** орон сууцны өмчлөгчийн хувиар хариуцагчаар татсан байх бөгөөд ус алдах үед ** орон сууцыг эзэмшиж байсан Э.Б гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй гэж хариуцагч маргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй боловч барилга байгууламж ашиглах явцад учирсан гэм хорыг тухайн барилгын өмчлөгч хариуцах талаар Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт зохицуулсан. Өөрөөр хэлбэл барилга байгууламжийн өмчлөгч нь барилгыг зохих ёсоор арчилж хамгаалах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй буюу ** орон сууцны гал тогооны өрөөний хэрэгцээний усны ф15 вентилийн гэмтлийн улмаас ус алдаж нэхэмжлэгчид гэм хор учруулсан тул нэхэмжлэгч нь өмчлөгчийг сонгож түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

5. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас гэм хорын хохиролд 12,686,227 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. Мөн шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар харгалзан шийдвэрлэсэн нь зөв болжээ. Харин талуудын маргаанд Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсгийг баримтлах нь оновчтой байх тул хууль хэрэглээний холбогдох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/02260 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 497 дугаар зүйлийн 497.1 гэснийг 500 дугаар зүйлийн 500.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 217,929 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА