Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01326

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  06  26  210/МА2024/01326

 

 

 

 

У.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01811 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч У.Угийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, цалин хөлс 1,611,378 төгрөг, алданги 805,689 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.У, түүний өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. У.У нь С ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хүний хөгжлийн хэлтсийн менежерээр, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, захиргааны албаны захирлын албан тушаалд ажилласан.

С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-636 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тушаалыг танилцуулсан. С ХХК нь Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, захиргааны алба татан буугдсан, ажлын байр хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар зааснаар орон тоо бодитой хасагдаагүй болно. С ХХК-ийн бүтцээс нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр бодитой байхгүй болсон буюу С ХХК-д уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Хүний нөөц, захиргааны албаны зөвхөн нэршил өөрчлөгдөж Хүний нөөц, хууль эрх зүйн алба нэртэй болсон. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй.

1.2. Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдээгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. "С " ХХК-д хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулаагүй учир Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 110 тоот тэмдэглэл/шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1.3. Мэдэгдэлд шийдвэр гарах хүртэл хугацаанд ажил үүрэг гүйцэтгэх шаардлагагүй , энэ хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу олгоно гэсэн боловч уг цалин хөлс, олговрыг олгоогүй. Иймд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл мэдэгдлийн хугацааны цалин хөлс олговор 3,832,551 төгрөг олгохоос 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2,221,173 төгрөг олгосон, үлдсэн 1,611,378 төгрөгийг өнөөдрийг хүртэл олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан олгоогүй цалин хөлсний алданги 50 хувь буюу 805,689 төгрөг нийт 2,417,067 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. С ХХК нь У.Уг Хүний хөгжлийн хэлтсийн менежерийн албан тушаалд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр томилж, хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн. С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21/03 тоот тогтоолоор 2021 оны бүтэц зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталж, Үйл ажиллагааны газрын бүтцэд Хүний нөөц, захиргааны алба, Хууль эрх зүйн алба гэсэн 2 албыг шинээр байгуулсан ба Хүний нөөц, захиргааны албаны захирлын албан тушаалд Гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б-87 тоот тушаалаар У.Уг томилсон.

С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/17 тоот тогтоолоор 2022 оны бүтэц зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталж, Үйл ажиллагааны газрын бүтцэд байсан Хүний нөөц, захиргааны алба, Хууль эрх зүйн албыг нэгтгэж Хүний нөөц, хууль эрх зүйн албыг шинээр байгуулсан. Үүнтэй холбоотойгоор Хүний нөөц, захиргааны албаны захирал болон Хууль, эрх зүйн албаны захирлын албан тушаалууд хасагдсан. С ХХК-ийн Үйл ажиллагааны газрын Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирлаар хууль эрх зүйн боловсрол эзэмшсэн, хуульчийн гэрчилгээ авсан ажилтанг сонгон авах шаардлага тавигдаж, тус албан тушаалд хуучин Хууль эрх зүйн албаны захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан Ө.Ж г томилж, нэхэмжлэгч У.Уг ажлаас чөлөөлсөн.

2.2. С ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.16-д Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн зохион байгуулалт, нийт орон тоог батлах эрхтэй, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 6.1-т ажил олгогчийн удирдлага зохион байгуулалтын бүтцийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс батлах ба баталсан бүтцийн дагуу цуцлах асуудлыг гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Иймээс ажил олгогчийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр У.Уд мэдэгдэл хүргүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан" үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, мөн хуулийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах хүртэл хугацаанд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, энэ хугацаанд үндсэн цалинг хэвээр олгох талаар тайлбарласан. У.У нь тус мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан талаар мэдэгдэлд тэмдэглэл үлдэж гарын үсэг зурсан болно. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т заасан үүргээ бүрэн биелүүлсэн. С ХХК нь нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасан хугацааны олговор болох 4,055,507 төгрөгийг олгосон.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас 1,611,378 төгрөгийн олговрыг гаргуулж нэхэмжлэгч У.Уд олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, алданги 805,689 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53,624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 40,732 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Хүний нөөцийн хэлтсийн менежерээр ажиллаж байгаад Хүний нөөц, захиргааны албаны захирлаар ажилласан. Гэтэл Хүний нөөц, захиргааны албаны захирлын орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хүний нөөц, захиргааны албаны ажил үүрэг 3 хуваагдсан. Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирлын ажлын байрны тодорхойлолтын 2/3 хэсэг нь У.Угийн ажиллаж байсан ажил үүрэг юм. 1/3 хэсэг нь Хүний нөөц, хууль эрх зүйн албаны дор Талант хөгжүүлэлтийн хэлтэс гэж шинээр бий болсон хэлтсийн чиг үүрэг тэр чигтээ нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг байдаг. Аж ахуйн хэсэг нь Худалдан авалтын газарт шилжсэн зэргээр ажил үүрэг 3 хуваагдсан. Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирлаар Ө.Ж г томилдог. Шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан Талант хөгжүүлэлтийн хэлтсийн менежерийн албан тушаалд ажилтан сонгон шалгаруулж, томилоогүй гэх тайлбарыг шүүх анхаарч үзээгүй.

4.2. С ХХК-ийн гүйцэтгэх захирлын орон тоо, чиг үүрэг баталсан тушаалуудыг шүүх харьцуулан дүгнээгүй. Өөрөөр хэлбэл С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/30 тоот тушаалаар баталсан Хүний нөөц, захиргааны албаны чиг үүргийн 1, 2 дугаар чиг үүргийг гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/141 тоот тушаалаар баталсан Хүний нөөц, хууль эрх зүйн албаны 1, 2 дугаар чиг үүрэгтэй харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг тэр чигтээ Хүний нөөц, хууль эрх зүйн албаны чиг үүрэгт шилжиж орсон буюу ажил үүрэг хэвээр байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажил үүрэг одоо болтол С ХХК-д байгаа. Мөн ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан дүгнээгүй. Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирлын ажлын байрны тодорхойлолтод 3/4 хэсэг нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг байсныг тогтоогоогүй. Эдгээр ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан дүгнэхэд орон тоо бодитоор хасагдаагүй нь нотлогдоно.

4.3. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт зааснаар мэдэгдэл хүргүүлсэн үйл баримтыг бодитой дүгнээгүй. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Монгол шуудангаар мэдэгдлийг хүлээж аваад, гарын үсгээ зурсан. Гэтэл шүүх Б.А , П.Э нарын мэйл хаягт үзлэг хийж мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэйлээр хүргүүлсэн гэж үзсэн. Харин У.Угийн ***mn гэх ажлын шугамаар ашиглаж байсан мэйлд үзлэг хийгдээгүй бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ашиглах боломжгүй болж, мэйл хаягийг хаасан үйл баримт байдаг учир үзлэгийн тэмдэглэлээр цахим шууданг хүлээж авсан гэж үзэх үндэслэлгүй. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт зааснаар мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй гэж тайлбарладаг. Гэвч уг заалтад заасан олговрыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэл олгоогүй, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нөхөн олгосон. Мэдэгдлийг хүлээж авч, гарын үсэг зурж баталгаажуулсан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс тоолж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөөгүй болохыг шүүх дүгнэх ёстой байсан. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Захирлуудын зөвлөлийн хуралд У.Уг оролцуулаагүй, Ажилтан сонгон шалгаруулах, ажилд авах журмын 7 дугаар зүйлийн 7.6.1, 7.4, 7.5-д заасны дагуу дотоод мэдээллийн системээр зар түгээгээд ажлын байранд өрсөлдөх боломжтой хүмүүсийн өргөдлийг аваад Захирлуудын зөвлөлөөр хуралдах ёстой байсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сард хөлдөө гэмтэл авч 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл өвчтэй байсан. Захирлуудын зөвлөлийн хурал дээрх журамд заасны дагуу явагдаагүй болохыг шүүх дүгнээгүй. Нэхэмжлэгчийн албан тушаал 3 хуваагдсан буюу 3 ажлын байр шинээр бий болсон нь орон тоо харин ч нэмэгдсэн үйл баримт байх тул орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч У.У нь Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирлаар эгүүлэн томилуулах гэх үндэслэл зааж маргасан атлаа давж заалдах гомдолдоо Талант хөгжүүлэлтийн хэлтсийн менежер ажлын байр шинээр бий болсон, тухайн үед ажилтан сонгон шалгаруулж томилоогүй байсан тул У.Уг томилох ёстой мэтээр маргаж байгаа нь үндэслэлгүй. Хэргийн материалд Хүний нөөц, захиргааны албаны захирал У.Угийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт, Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Ж гийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ажлын байрны тодорхойлолт тус тус авагдсан бөгөөд шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Шинээр батлагдсан Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирлын ажлын байрны тодорхойлолт 6 хэсэгтэй, 1 хэсэг нь нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байрд хамаарна. Бусад талант менежментийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, хяналт тавих, хууль эрх зүйн хянан нийцүүлэх хүрээнд үйл ажиллагааг удирдах хяналт тавих, чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах, мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг ханган ажиллах зэрэг үндсэндээ 80 ба түүнээс дээш хувиар ажил үүргийн ялгаатай бөгөөд Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирлын ажлын байрны тодорхойлолтод Захиргаа, аж ахуйн шинжтэй ажил үүрэг огт тусгагдаагүй. Мөн Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирлын ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагыг бизнесийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, хууль эрх зүйн мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, дунд түвшний удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх гэж тусгасан. Шинээр байгуулагдсан албаны захирлыг хэрхэн томилсон болохыг С ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харагддаг.

5.2. Хэрэгт С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдэл" гэх албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг анхан шатны шүүх үнэн, зөв эргэлзээгүй талаас үнэлсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан 45 хоногийн өмнө мэдэгдэх, мөн бичгээр гарын үсэг зуруулах ёстой мэтээр тайлбарлаж, хүчингүй болсон хуулийн тайлбарыг үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд ажил олгогчоос ажлын байр хасагдсан үндэслэлээр У.Утой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч У.У нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, цалин хөлс 1,611,378 төгрөг, алданги 805,689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ орон тоо бодитой хасагдаагүй, Хүний нөөц, захиргааны албаны зөвхөн нэршил өөрчлөгдөж Хүний нөөц, хууль эрх зүйн алба нэртэй болсон гэж тодорхойлсон байна. Нэхэмжлэгч нь шүүхээс юу хүсэж байгаагаа шаардлага гэж томъёолж, улмаар түүний шаардлага ямар бодит нөхцөлд үндэслэгдсэн, ямар учир шалтгаантай болохыг үндэслэл-д тодорхойлдог. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд, түүний эгүүлэн тогтоолгохыг хүссэн ажлын байр нь урьд эрхэлж байсан Хүний нөөц, захиргааны албаны захирлын албан тушаал бус, харин ажлын байрны чиг үүрэг хадгалагдаж байгаа албан тушаал байх бөгөөд хариуцагч байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22/17 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн ямар албан тушаал, ажлын байр болох нь тодорхой бус байна.

Шүүх шаардлага нь тодорхой бус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нөхцөлд зохигч, төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулах боломжтой. Гэвч нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулаагүй атлаа нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан чиг үүрэг бүхэлдээ Хүний нөөц, хууль эрх зүйн алба руу шилжээгүй байх тул урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангах үндэслэлтэй.

 

4. Түүнчлэн хариуцагч талын гаргасан хэргийн 1 дэх хавтасны 24-132 дахь талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуулбарлав тэмдэгтэй баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагад нийцээгүй байгааг шүүх анхаараагүй байна. Нотлох баримт хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах боломжтой ба шүүх уг ажиллагааг хийлгүйгээр тухайн баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Тус хуулийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

5. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01811 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА