Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

улсын яллагч П.Бямбасүрэн,

иргэдийн төлөөлөгч Ю.Амгаланбаатар,

            шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                         

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Худанц шарайд овогт Д.Бад холбогдох эрүүгийн 1909002930183 дугаартай 185/2019/0361/Э хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Хохирогч Ш.Баттогтохын хувьд БНХАУ-ын Хөх хот руу эмчилгээнд явж байгаа тул өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийлгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан болно.             

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө Өмнөговь аймагт нүүрсний тээвэрт хувиараа жолоочийн ажил хийдэг байсан гэх, ам бүл 7, Худанц шарайд овогт Д.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 01 дүгээр сарын 16-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 52 тоотод оршин суудаг иргэн Г.Даваасүрэнгийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хар өнгийн бариултай эвхэгддэг хутгийг зэвсэг болгон хэрэглэж хохирогч Ш.Баттогтохын хэвлийн хөндий, зүүн шанаанд 2 удаагийн үйлдлээр зүсэж эрүүл мэндэд нь хэвлий хөндий рүү нэвтэрч ходоод гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн шанаанд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Баттогтох /хх-ийн 38-42, 45/, гэрч Б.Өлзийдаш /хх-ийн 102-103/, гэрч Б.Туяа /хх-ийн 105/, яллагдагчаар Д.Б /хх-ийн 126-127/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 7-8/, хохирогчид оёдол тавьсан байдлыг харуулсан гэрэл зураг /хх-ийн 31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2020 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47/, Цэргийн төв эмнэлгийн 000967 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 52-64/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 792 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 613 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-75/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 790 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 793 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 615 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 89-90/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 791 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-95/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 616 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-100/,  шүүгдэгч Д.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 131-132/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Д.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2019.01.15-наас 16-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд оршин суух иргэн Г.Даваасүрэнгийн гэрт бусадтай архидан согтуурч байх үедээ хохирогч Шаравдоржийн Баттогтохтой гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцлоо гэх шалтгаанаар үг сөрөн маргалдаж улмаар түүний хэвлийн хөндий, зүүн шанаа тус газарт нь 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:     

 

Хохирогч Ш.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өлзийдаш Б бид гурав машинд суугаад Даваасүрэнгийнд очсон. Даваасүрэн гэртээ ганцаараа байсан бөгөөд хоол хийж, мах чанасан, хоолоо идээд байж байтал Даваасүрэнгийн эхнэр, дараа нь Өлзийдашийн эхнэр Бын эхнэр хоёр хамт ирсэн. Тэгээд бөөндөө юм ярьж, архиа уугаад Өлзийдаш Даваасүрэнгийн гэрт үлдээд бусад хүмүүс Шинэ зам дээр байх нэг караокед орсон. 00-д бие засчихаад буцаад өрөөндөө ортол Б эхнэртэйгээ маргалдаж эхнэр нь уйлчихсан сууж байсан. Чи эхнэрээ зодож, цохиж болохгүй гэж хэлэхэд Б чамд хамаагүй бид хоёрын асуудал гэсэн. Тэгэхээр нь би Быг боль гээд хацар руу нь нэг удаа алгадсан, бүгдээрээ гараад Даваасүрэнгийн гэрт буцаад очицгоосон. Өлзийдашийн эсрэг талд суугаад хоорондоо юм ярьж байтал Б Өлзийдашийн хажууд суусан. Тухайн үед Б ширээний цаанаас гэнэт босож ирээд намайг сандал дээрээ сууж байхад миний гэдэс руу хатгах шиг болсон, гэдсээ гараараа дараад, юу болчихов гээд тонгойгоод гэдсээ харахад цус болчихсон, хутгалуулчихлаа шүү дээ гэж хэлэхэд Б миний зүүн талын хөмсөгний хажуу талд бас хутгалсан. Бтай маргалдаагүй байхад намайг гэнэдүүлж, нэг биш хоёр удаа гол эрхтэнд хутгалсан болохоор гомдолтой байна. Хохирлоо төлүүлж авмаар байна...Сэтгэл санааны хохиролд 20 000 000 /хорин сая төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42, 45/,

 

Гэрч Б.Өлзийдашийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Даваасүрэнгийн гэрт цугларсан юм. Тэгээд ууж идээд байтал Бүүвэй гэдэг найз эхнэртэйгээ маргалдсан юм шиг байсан. Хажуугаас нь мөн найз Баттогтох шаардлага тавьж боль гэж хэлсний төлөө хутгалсан юм шиг байсан.. хутгалчихлаа гэж бол хараагүй, Б босож очоод ширээний цаанаас хоёр удаа цохих шиг болсон. Тэгтэл хутгалчихсан байсан. Уг хутга нь өөрт нь байсан байх барьчихсан байхад нь харахад хар хүрэн иштэй хутга байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/, 

 

Гэрч Б.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Даваасүрэнгийн байшинд орсон чинь Даваасүрэн, Б, Эрдэнэтуяа, Нямжаргал, Баттогтох, манай нөхөр, Өлзийдаш нар байсан. Бөөнөөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Удалгүй гэрээс гараад караоке ороод бүгдээрээ хэсэг дуулж сууж байгаад караокеноос rapaaд Эрдэнэтуяа, Нямжаргал, Баттогтох, Даваасүрэн бид тав такси бариад Даваасүрэнгийн гэрт очиход манай нөхөр Өлзийдаш унтаж байсан. Бид хэд ширээгээ тойрч суугаад цай ууцгаагаад байж байхад Б нь Баттогтох руу босож ирээд баруун гараараа нэг удаа цохисон. Баттогтохын цээжнээс цус гарч байсан ба бид нар цусыг нь нойлын цаасаар дараад байж байсан чинь манай хэд түргэн дуудъя гэж хэлээд түргэн дуудсан. Тухайн үед Б, Баттогтохыг гэмтээсэн нь үнэн. Миний харснаар бол Баттогтох нь Бад эсэргүүцэл үзүүлж амжаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 105/,  

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн:...Би  энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа...ар гэрт эхнэр, 2 ой 6 сартайгаас 22 хүртэлх насны 5 хүүхэд үлдэж байна. Би гэр бүлийнхээ амьжиргааг дааж авч явдаг ганц хүн юм. Иймд олон жилийн ял эдлэх нь надад болон ар гэрт маань хүнд хэцүү байна гэх мэдүүлэг        

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №2020 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Ш.Баттогтохын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоод гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн шанаанд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ч.Эрдэмболор /хх-ийн 47/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №792 тоот шинжээчийн дүгнэлтэд:  

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

ДНХ-ийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Гантуяа /хх-ийн 69-70/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №613 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутга дээрээс гарын мөр илрээгүй. Цаашид харьцуулан шинжлэх боломжгүй.

Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Золзаяа /хх-ийн 74-75/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №790 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цаасанд шингээсэн улаан хүрэн өнгийн толбо ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ.

2. Цагаан өнгийн цаасанд шингээсэн улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн.

3. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. 

4. Шүүх шинжилгээний хүрээлэнд “эзэнгүй хэргүүдийн болон сэжигтэй этгээдүүдийн ДХН сан” гэж байхгүй тул тогтоолд дурдагдсан 4 дугаартай асуултанд хариулах боломжгүй.

ДНХ-ийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Гантуяа /хх-ийн 79-80/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №793 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн зузаан ноосон цамцан дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.

ДНХ-ийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Гантуяа /хх-ийн 85/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №615 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн саарал цамцанд 30 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинэ зүсэгдэлт гарсан байна.

Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.Солонго /хх-ийн 89-90/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №791 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн фудболк дээр цус илэрсэн.

2. Хөх өнгийн фудболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

3. ШШҮХ-ийн ДНХ-ийн цахим сан бүрдээгүй тул тогтоолд дурдсан 4 дугаартай асуултанд хариулах боломжгүй.

ДНХ-ийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Гантуяа /хх-ийн 94-95/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №616 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хагас ханцуйтай цэнхэр өнгийн цамцанд 34мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлт байна.

Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Тамираа /хх-ийн 99-100/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн  гэр бүл, ахуйн хүрээнд эхнэртээ бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж  харьцдаг харьцаа, бусадтай харилцах харилцааны чадвар, хүлээлт дутсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь шууд нөлөөлсөн байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэсэн амлалт өгсөн зэргийг харгалзан шүүхээс Д.Бад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан  хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.         

 

Энэ хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Ш.Баттогтох нь баримтаар мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ, мэс засал, сувилгаанд гарсан 2.703.119 төгрөгний, шүүхийн шатанд эмчилгээний зардалд гарсан 142.750 төгрөгний, эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хэрэг болох өдөр хохирогчийн өмсөж явсан, одоо өмсөж хэрэглэх бололцоогүй болсон  хувцасны үнэ 230.000 төгрөгний нийт 3.075.869 /гурван сая далан таван мянга найман зуун жаран ес/ төгрөгний баримт ирүүлснээс шүүгдэгч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөг, шүүхийн шатанд 3.680.000 төгрөг, нийт 4.680.000 /дөрвөн сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг төлж барагдуулсан байх тул хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэв.

 

Харин мөрдөгч Б.Гантулгын зүгээс хохирогч Ш.Баттогтохын эмчилгээний зардалд зарцуулсан тооцоо /хх-ийн 19-20х/-г хийхдээ нийт 4.680.078 төгрөг болсон гэж 1.604.209 төгрөгөөр илүү тооцсон байна.

 

Гэхдээ шүүгдэгчийн зүгээс хохирогчид одоогоор гарсан эмчилгээний зардалд дээр дурдсанаар 4.680.000 төгрөгийг төлж барагдуулсан нь мөрдөгчийн тооцоотой дүйж байх ба үүнийг шүүгдэгч сэтгэл санааны хохиролд нь тооцсон гэх тайлбарыг шүүхэд өгч байна.

 

Хохирогч Ш.Баттогтохын зүгээс сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөг нэхэмжилснийг одоогоор Монгол улсад энэ төрлийн хохирлыг шийдвэрлэх эрхзүйн орчин дутмаг тул хэлэлцэхгүй орхиж, харин цаашид гарах эмчилгээ, хохирол төлбөртэй холбоотой зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэхээр бол нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг хохирогчид нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт урьдчилан  7 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулах тооцох нь зүйтэй.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цус мэт зүйл, дундуураа эвхэгддэг хар өнгийн хутга, саарал өнгөтэй цамц, цэнхэр өнгийн фудболк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний холбогдолтой бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.