Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01347

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  07  01  210/МА2024/01347

 

 

А.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01588 дугаар шийдвэртэй

А.С нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 дугаар шийдвэрээр *** ХХК, А.С нараас 241,631,911 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, Хан-Уул дүүрэг, *** хороо, Жаргалантын *** гудамж, *** хаягт байршилтай, *** талбайтай хувийн сууц, *** талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. 2022 оны 10 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж үнэлгээ хийлгүүлсэн Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ш22-44 тоот дүгнэлтэд дээрх эд хөрөнгийг 36,680,255 төгрөгөөр үнэлсэн байна. Тус эд хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр 80,000,000 төгрөг, үүнээс гадна Нийслэлийн хот төлөвлөлтийн компанитай 80,000,000 төгрөг буюу 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар сольж авахаар тохиролцсон тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 дугаар шийдвэрээр *** ХХК, А.С нараас 241,631,911 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, Хан-Уул дүүрэг, *** хороо, Жаргалантын *** гудамж, *** хаягт байршилтай, *** талбайтай хувийн сууц, *** талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. НШШГГ нь гүйцэтгэх хуудсыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч нар төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, *** хороо, Жаргалантын *** гудамж, 564 тоот хаягт байршилтай, *** талбайтай хувийн сууц, *** талбайтай газрыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар актаар битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар тогтоолоор хураан авсан.

2.3. Иргэний хуулийн 17*** зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарын хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд *** ХХК 70,000,000 төгрөгөөр үнэлсэн, А.С, Д.Б , З.Д нар шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул шинжээчээр Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Тийг томилсон, шинжээч нь барьцаа хөрөнгийг 36,680,255 төгрөгөөр үнэлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч А.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

2022 оны 10 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилж үнэлгээ хийлгүүлсэн шинжээч Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ш22-44 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулж, шүүхээр дахин үнэлгээ хийлгүүлэх боломжтой. Үнэлгээчин үнэлгээ хийхдээ надад мэдэгдээгүй. Гаднаас нь зургийг нь аваад явчихсан, үнэлгээ хийлгэхэд өөрөө байлцах хүсэлтийг минь хүлээн аваагүй. Миний энэ хөрөнгөө зах зээлийн үнэлгээгээр 80,000,000 төгрөгт хүрч байгаа. Тэнд байгаа газрууд бүгд газарт орсон. Миний эд хөрөнгийг үнэхээр үнэгүйдүүлж байгаад гомдолтой, миний ард миний гэр бүл үр хүүхдийн эрх ашиг хохирч байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх итгэмжлэгдсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч А.С нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

3. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 дугаар шийдвэрээр *** ХХК, А.С нараас 241,631,911 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

4. НШШГГ нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үүсгэжээ.

4.1. Мөн барьцааны зүйл болох А.С өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006905 дугаартай, Хан-Уул дүүрэг, *** хороо, Жаргалантын *** гудамж, *** хаягт байршилтай, *** талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** талбайтай газраар газрыг тус тус шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар тогтоолоор хураан авсан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. Уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.2. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг *** ХХК 70,000,000 төгрөгөөр үнэлсэн, А.С, Д.Б , З.Дариймаа нар шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 9/27*** тогтоолоор үнэлгээчин Ц.Тийг шинжээчээр томилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх ажиллагаа нь хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 17*** зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5. Шинжээч дээрх хувийн сууц, газрыг нийт 36,680,255 төгрөгөөр үнэлсэн ба шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний талаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-137/18673 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчид мэдэгджээ.

5.1. Шинжээчийн дүгнэлтэд үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлж тусган, өртгийн хандлагын аргаар 11,144,669 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар 36,680,255 төгрөгөөр тус тус үнэлж, зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн нь бодит байдлыг илүү тусгасан гэж дүгнэжээ.

5.2. Дээрх үнэлгээний тайлан нь 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

5.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 80,000,000 төгрөг, Нийслэлийн хот төлөвлөлт хариуцсан байгууллагаас 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар сольж авахаар тохиролцсон гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6. Хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.С нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн байна. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16*** зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16*** зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЗОЛЗАЯА